Jump to content

Оросын сүүлчийн хааныг цаазалсан түүх

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Николай II гэр бүлийнхээ хамт 3-р сарын 8-ны өдөр цэргүүдтэйгээ салах ёс гүйцэтгээд Могилевоос Царское Селог зорьжээ. Большевикууд хаан болон түүний гэр бүл Царское Селод тав хоног гэрийн хорионд байлгасан гэдэг. Тав хоногийн дараа хааныг гэр бүлийнх нь хамт нууцаар Тюменьд аваачиж тусгайлан бэлтгэсэн байшинд оруулсан байна. Тэднийг 337 цэрэг, долоо офицер дагалдан явсан гэдэг. 1918 оны долдугаар сард Ардын Комиссаруудын зөвлөл, засгийн эрхийг барьж байсан большевикууд Уралын цэргийн комиссар Голощёкинд II Николай Хааныгг гэр бүлийнх нь хамт устгах даалгавар өгсөн байдаг. Үүнийг Зиновьев, Свердлов, Ленин гээд бүгд дэмжсэний үндсэн дээр гүйцэтгэжээ. Тэд энэ хэргээ нуухын тулд “Албан ёсоор тэд нүүлгэн шилжүүлэх явцад амь үрэгдсэнд тооцох болно" гэсэн байдаг.

1918 оны долдугаар сарын 18-нд хааны гэр бүлийнхэн 22.30 цагт унтахаар хэвтэцгээсэн байна. Гэтэл 23.30 цагийн үед харгалзагч Николай Романовынхныг сэрээж цагаантны цэргүүд /хааны талынхан/ ойртож ирээд байгаа тул аюулгүй газар очих хэрэгтэй хэмээн бүгдийг нь босгосон байна. Хааныг хатан Александра Фёдоровна, гүнж Ольга, Татьяна, Мария, Анастасия, хунтайж Алексей болон хоёр зарц, эмчийнх нь хамт хонгилын өрөө рүү орохыг тушаажээ. II Николай Хаан бие нь муу байсан хүүгээ тэврэн /Алексей хунтайж хорионд орсноос хойш хүндээр өвдсөн/ доошоо буужээ.

Тэднийг хонгилын өрөөнд оруулж ирээд эхний эгнээнд хааны гэр бүл, ард нь гурван зарцыг нь зогсоожээ. Ганцхан хатан л бие муутай хүүгээ тэврэн сандалд суужээ. Тэднийг хонгилын өрөө рүү оронгуут хаалгыг нь хааж Уралын Зөвлөлөөс гаргасан буудан хороох тогтоолыг чанга гэгчийн уншиж дуусангуут гал нээсэн гэдэг. Буудахын өмнө гадаа хүн байгаа эсэхийг, буун дуун гадаа сонсогдох эсэхийг харгалзагч нар шалгаж үзэхээ ч тэд мартаагүй гэдэг.

Эхлээд II Николай суманд өртжээ. Хааныг унахад эхнэр, гүнж Ольга нар ухасхийхэд цэргүүд гал нээсэн байна. Бүгд унасны дараа утаанд юу ч харагдахгүй байсан тул хаалгыг нээж дахин бүгдийг нь нэг нэг удаа буудсан гэдэг. Цогцоснуудыг дамнуурга дээр тавьж нэг нэгээр гаргаж байхад охидын нэг нь амьд байсан бөгөөд дуугарчээ. Харин ханхүү газар унахгүй сандал дээрээ суусан чигээрээ нэлээд удсан тул толгой, цээж рүү нь дахин буудаж байж цааш нь харуулсан байна. Цогцсуудыг машин дээр ачиж байхад зарим нь амьд байсан тул винтов бууны жадаар хэд хэдэн удаа дүрж байж цааш нь харуулжээ. Копятки тосгоны ойролцоо орших ус дүүрсэн хуучин алтны уурхай руу цогцсуудыг хаяж дээрээс нь гар бөмбөг хийж дэлбэлж ул мөрийг нь арилгажээ. Ингээд зогссонгүй хэд хоногийн дараа Ермаков тэр газар нь дахин очиж цогцсуудыг гаргаж ирээд керосин асгаж шатаагаад, хүхрийн хүчлээр түлсэн байна.

II Николай хааныг гэр бүлийнх нь хамт буудсаны маргааш нь хатан Александра Федоровнагийн дүү, гүнж Елизавета, хунтайж Сергей Михайлович болон түүний гурван хүү, хунтайж Константин нарыг Алапаевскт буудан хороожээ. Ийнхүү Оросын хаан Николай II буюу Романовынхныг устгасан юм. Хаантан болон түүний гэр бүлийн цогцосыг 1991 онд олжээ. Эрдэмтэд цогцсуудад шинжилгээ хийгээд Николай хааны гэр бүлийнхэн мөн болохыг тогтоосон юм. 1987 онд Сагтпетербург хотын Пентропалсвскийн цогчин дуган дахь Оросын хаадын бунханд хүндэтгэлтэйгээр залжээ. Үүнээс хоёр жилийн дараа 2-р Николай, түүний гэр бүлийг үнэн алдартныг шашны дэг жаягаар Гэгээнтнээр өргөмжилжээ. Энэхүү хүндэтгэлийн учир утга нь хэлмэгдэн зовж шаналж, шударга бусаар амь алдаж нэр хүнд нь гутаагдсан нэр төр , гавьяаг нь өндөр өргөх юм байна. 2008 оны 10 сард Николай II-ыг Орос улс гэм буруугүй хэмээн цагаатгажээ.