Jump to content

Паавангийн Дамдин

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Илжгэн овогт Паавангийн Дамдин (1931 онд Увс аймгийн Өндөр-Хангай суманд төрсөн- 2018 оны 11-р сарын 27-нд нас барсан)- Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн гишүүн, БНМАУ-ын Аж Үйлдвэрийн сайд (1960-1968).

Тэрээр эцэг, эхийн асрамжинд хурга, ишигтэй хөөцөлдөн өсөн торниж, эцэгтээ дарх хийхэд нь тусалж дагасаар гарын дүйтэй болсны сацуу нагац өвөг эцгээрээ монгол бичиг заалган уншиж, бичиж сурсан байна.

1943 онд нутагтаа бичиг үсэгт суралцах шат дараалсан бүлгэмийг дүүргэж хос бичигтэн болсон 12 настай хүү Дамдин сумынхаа шинэ үсгийн багш болж, бусдыг сургах ажилд дайчлагдан магтагдаж явжээ.

Тэрбээр 1946 онд Улаанбаатар хотод ирж, сургууль соёлын мөр хөөцөлдөж Санхүү, эдийн засгийн техиникумд элсэн орж 1950 онд төгссөн байна.

1949 онд МАХН-д элссэн байна.

1950-1952 онд МАХН-ын Төв Хорооны санхүүгийн хэлтэст данс хөтлөгч, нягтлан бодогчоор ажилласан.

1952-1958 онд ЗХУ-д Эдийн засгийн дээд сургууль төгсөж эдийн засагч мэргэжилтэй болсон.

1958-1960 онд БНМАУ-ын Улсын Төлөвлөгөөний комисст мэргэжилтэн, хэлтсийн даргааар ажилласан байна.

1960-1968 онд БНМАУ-ын Аж үйлдвэрийн яамны сайдаар томилогдон ажилласан байна.

1968 оноос БНМАУ-ын Хөнгөн, хүнсний үйлвэрийн яамны сайдаар ажилласан.

1979 онд МАХН-ын Төв Хорооны Нарийн бичгийн даргаар сонгогдож, Монгол Улсын Аж үйлдвэр, барилгын салбарыг хариуцаж тэдгээрийн хөгжил дэвшлийн бодлого, стратегийг тодорхойлон хэрэгжүүлэх үйлсэд 1990-ээд он хүртэл хүчин зүтгэж, Монгол Улсыг аж үйлдвэржүүлэх болон барилгажуулах бодлогыг боловсруулан хэрэгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан байна.

П.Дамдинг МАХН-ын зургаан удаагийн Их хурлаас Намын Төв Хорооны гишүүн, 1987-1990 онд МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны гишүүнээр, Ардын Их Хурлын сонгуулиар Их Хурлын депутатаар 9 удаа сонгогдож байжээ.

Паавангийн Дамдин 2018 оны 11-р сарын 27-нд Улаанбаатар хотод нас барсан.

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, "Алтан гадас", Сүхбаатарын одонгоор шагнаж, Монгол Улсын Аж үйлдвэрийн гавъяат ажилтан, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээсэн байна.

Шинжлэх Ухаан Технологийн Их сургууль түүнд “Хүндэт доктор” цол олгосон.