Пантотены хүчил

Пантотены хүчил, хемикальцийн давс (D-pantothenic acid, hemicaltsium salt) нь ус, эфирт сайн уусдаг, спиртэд муу уусдаг, өндөр температурт тогтвор муутай, шүлтлэг орчинд амархан задардаг онцлогтой юм. Пантотены хүчлийн бие махбодод гүйцэтгэх биологийн үүрэг асар их юм. Тухайлбал бие махбодын дотор органик нэгдлүүдийг ацилжуулан идэвхжүүлж улмаар их хэмжээний энерги, дулааныг үүсгэнэ. Мөн дээд тосны хүчил, холестерин, стероид гормон, ацетил-холин зэргийг нийлэгжүүлэхэд оролцдог учраас пантотены хүчил нь биокатализатор болдог байна. Түүнчлэн бие махбодын доторх бичил биетнүүд, тухайлбал сүүн хүчлийн нян зэрэг нянгуудын амьдралын үйл ажиллагааг тэтгэж өгдөг бөгөөд ингэснээр хоол боловрсуулах замд буй ашигт нянгуудын үйл ажиллагааг хэвийн хэмжээнд барих, үүнээс улбаалан ходоод гэдэсний эмгэгээс бие махбодыг урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой юм.