Jump to content

Пеле

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Эдсон Арантис ду Насимэнту (порт. Edson Arantes do Nascimento; 1940 оны 10-р сарын 23-нд Минас-Жерайс мужийн Трес-Корасойнс жижиг хотод төрсөн— 2022 оны 12-р сарын 29-нд Сан-Паулу хотод нас барсан) буюу Пеле́ (порт. Pelé ) нэрээр илүү алдаршсан бразилийн хөл бөмбөгийн довтлогч болон хагас довтлогч тамирчин юм. «Сантос», «Нью-Йорк Космос» клубт тоглож байсан. Бразилийн шигшээ багийн бүрэлдэхүүнд 92 тоглолтонд оролцож 77 гол хийж байжээ.

Пеле, 1970 он

Пеле бол түүхэн дэх хамгийн алдартай хөлбөмбөгчин бөгөөд 1958, 1962, 1970 онуудад гурван удаа дэлхийн аварга болж байсан. Дөрвөн аварга шалгаруулах тэмцээнд 4 удаа оролцсон тамирчин. 1958 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шилдэг залуу тогологч, 1970 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шилдэг тоглогч болж байсан. 1973 онд Латин Америкийн шилдэг тоглогч.

XX зууны хамгийн амжилттай хөлбөмбөгчин гэж FIFA-гийн Хөлбөмбөгийн Комиссын гишүүд үзсэн; Олон улсын олимпын хорооны үзсэнээр ХХ зууны шилдэг тамирчин юм.

Тэрээр 1995—1998 онуудад Бразилийн Спортын сайдын албан тушаал хашсан.

Пеле айлын том хүүхэд болж төрсөн, доороо 2 эрэгтэй 2 эмэгтэй дүүтэй байжээ. Түүний эцэг, Дондиньо гэгддэг Жоао Рамос до Насимэнту нь өөрөө хуучин хөлбөмбөгчин байсан бөгөөд Эдсоны хүүгийн анхны хөлбөмбөгийн багш болж, түүнд спортын зарим нууцыг зааж өгсөн байдаг. Эх Селесте Арантис гэдэг байсан. Түүнд Америкийн зохион бүтээгч Томас Эдисоны нэрийг хайралсан байна.

Эдсон хүү 7 настайдаа орон нутгийн хүүхдийн багт тоглож эхэлсэн бөгөөд тэрээр маш гайхалтай, үр дүнтэй довтолгооны тоглолтоороо бусдаас ялгардаг байв. Нэг удаа тус багийг Бразилийн шигшээ багийн тоглогч асан Вальдемар де Брито дасгалжуулж байсан нь Пелегийн цаашдын хувь заяаг ихээхэн тодорхойлсон юм. Дасгалжуулагч түүнийг "Сантос" клубт (Сан Пауло муж) үзүүлэн шалгуулсан байна. Удалгүй 15 настай Пеле тус клубт элссэн бөгөөд хожим нь дэлхийд алдартай болох зам нь нээгдсэн гэдэг.

Идэр насандаа тэрээр "Sete de Setembro", "Canto do Rio", "São Paulinho", "Amériquinha" зэрэг хэд хэдэн сонирхогчийн багт тоглож байжээ. Пеле Сан Пауло мужийн залуучуудын аварга шалгаруулах хоёр тэмцээнд Бауру залуучуудын спортын клубыг (Вальдемар де Брито дасгалжуулагчтай) гаргаж чадсан байна. Өсвөр насандаа тэрээр "Radium" хэмээх хөлбөмбөгийн багт тоглож байсан. Пеле заалны хөл бөмбөг тоглож эхлэхэд Бауруд алдартай болсон байна. Пелегийн сүүлд хэлж байснаар футзал хэцүү байсан: футзал зүлгэн дээрх хөлбөмбөгөөс хамаагүй хурдан байсан бөгөөд талбай дээр хүн бүр ойрхон байсан тул тоглогчид илүү хурдан бодох, хөдлөх хэрэгтэй байжээ. Мөн 14 настай байхад нь футзал түүнийг насанд хүрэгчидтэй тоглох боломжийг олгосон гэдэг.

1956 онд дасгалжуулагч Вальдемар де Брито түүнийг "Сантос" клубт танилцуулж, клубын захиргаанд "энэ хүү манай гаригийн хамгийн шилдэг хөлбөмбөгчин болно" гэж хэлж байжээ. Пеле Сантос клубын дасгалжуулагч Луис Алонсо Перезийг гайхшруулж, 1956 оны 6-р сард багтай гэрээ байгуулжээ. 1956 оны 9-р сард, өөрөөр хэлбэл Пеле 16 нас хүрээгүй байхдаа клубын албан ёсны тоглолтонд (Сан Паулуугийн "Коринтианс" багийн эсрэг) анх талбайд орж, гоол оруулсан. Гэрээ байгуулснаас хойш 10 сарын дараа түүнийг Бразилийн шигшээ багт дуудсан юм.

1958 онд Шведэд болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Пеле Бразилийн шигшээ багт анхны тоглолт өмнөх тоглолтоосоо дутахааргүй гайхалтай болсон. ЗХУ-ын шигшээ багтай хийсэн тоглолтонд шинэ тоглогч багийн гарааны бүрэлдэхүүнд гарсан. Шөвгийн наймд Уэльсийн эсрэг хийсэн тоглолтод тэрээр шийдвэрлэх гоолыг оруулсан. Хагас шигшээд Францын багтай хийсэн тоглолтод тэрээр хет-трик хийж, шигшээ тоглолтод тэмцээний эзэн багийн хаалганд хоёр гоол оруулсан. 17 настай Пеле мэргэжилтнүүд, үзэгчид, өрсөлдөгчдөөс санал нэгтэйгээр хүлээн зөвшөөрч, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний түүхэн дэх хамгийн залуу аварга болсон. 1962 оны дэлхийн аваргад Бразилчууд түрүүлсэний дараа "Реал Мадрид", "Ювентус", "Манчестер Юнайтед" клубүүд Пелетэй гэрээ байгуулахыг хүсчээ. Гэсэн хэдий ч жилийн өмнө Бразилийн засгийн газар хөлбөмбөгчинг "Бразилийн үндэсний баялаг" гэж зарласан нь Пелег гадаадад тоглохоор явах боломжгүй болгосон юм.

1962, 1966 оны ДАШТ-д бэртлийн улмаас талбай дээр өөрийгөө бүрэн илэрхийлж чадаагүй. Пелегийн спортын намтарт дөрөв дэх буюу сүүлчийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болох 1970 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нь түүний хувьд болон нийт багийн хувьд том ялалт байсан бөгөөд энэ аварга шалгаруулах тэмцээнд олон мэргэжилтнүүд Бразилийн шигшээ багийн түүхэн дэх хамгийн хүчтэй бүрэлдэхүүн байсан гэж тооцдог. Жюль Римегийн цомыг гурав дахь удаагаа хүртсэн Бразилийн хөлбөмбөгчид үүнийг үүрд хадгалах эрхийг авч, Мексикт шигшээ баг нь ялалт байгуулсны дараа Пеле түүхэн дэх цорын ганц дэлхийн хөлбөмбөгийн гурван удаагийн аварга болжээ. Мексикт болсон Бразилийн шигшээ багийн ДАШТ-д оролцох бүх хугацаандаа 100 дахь гоолыг оруулсан нь Пеле байсан нь их том бэлгэдэл болжээ.

«Пеле: домог төрсөн түүх» (англи. Pelé: Birth of a Legend) -намтарчилсан кино.