Jump to content

Пресс атташе

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Пресс-атташе (Франц: Press-attache). Энэ албан тушаалтныг манайд ихэнх тохиолдолд хэвлэлийн нарийн бичгийн дарга гэж нэрлэдэг. Байгууллага, түүний удирдагчид, хариуцлагатай албан тушаалтнууд, улс төрийн зүтгэлтнүүдийг ОНМХ-тэй холбож өгөх асуудлыг хариуцсан ажилтан. Гол төлөв практик ажлын туршлагатай сэтгүүлчдээс сонгон ажиллуулдаг. Пресс атташегийн ажлыг нэг хүн хариуцсан тохиолдолд тэрбээр хэвлэл мэдээллийн алба буюу пресс-центрийн эрх хэмжээнд хамаарагдах бүх ажил үүргийг ганцаараа гүйцэтгэдэг. Хэрэв тухайн байгууллагад хэвлэл мэдээллийн алба байгаа нөхцөлд пресс-аттеше түүний эрхлэгчийн ажлыг хавсран гүйцэтгэж, бусад ажилтны хамт хэтийн болон өдөр тутмын арга хэмжээг төлөвлөх, тухайн байгууллагын бусад нэгжүүдтэй хамтарч өдөр тутмын мэдээллийн урсгалыг зохицуулах ажлыг хариуцдаг. Зарим тохиолдолд байгууллагын үйл ажиллагааны талаарх нууц, онцгой чухал мэдээлэлд нэвтрэх эрх мэдэлтэй байдаг мөн удирдах ажилтны хамт ээдрээтэй, ноцтой нөхцөл байдлыг тайлбарлах онцгой эрх эдлэх болно. Пресс-атташе брифинг (briefing) болон ОНМХ-үүдтэй хамтран ажиллахад чиглэгдсэн бусад арга хэмжээг зохион явуулж, тэдний төлөөлөгчидтэй харилцаа холбоо тогтоож, байгууллагын удирдлагаас өгч буй мэдээлэлд субъектив шинж оруулахгүйгээр оновчтой дамжуулах боломжоор хангах зорилготой юм. Орчин үед пресс-атташегийн хоёр хэв маяг байдаг. Энэ нь “хөшигний цаана” байдаг ажилтан буюу мэдээллийг боловсруулж, материал бэлтгэн ОНМХ-тэй харилцаа холбоо тогтоодог пресс-атташе, “нийтэд ил” байдаг ажилтан буюу зарим улс төрчийн өмнөөс ОНМХ-д ханддаг, үг хэлж, мэдээлэл өгдөг (заримдаа улс төрчөөс ч илүү их ханддаг) пресс-атташе юм.