Процедур хандалтат программчлал

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

Процедур хандалтат программчлал (Procedure oriented programming - POP) гэдэг нь, аливаа программыг өөр хоорондоо холбоотой хэд хэдэн бие даасан жижиг хэсгүүд болох дэд программуудаас тогтсон, нарийн эмх журамтай цогц мэтээр авч үздэг технологи болно. Дэд программ гэдэг нь тодорхой нэрээр нэрлэгдсэн хэсэг бүлэг үйлдэл юм. Ингэснээр аливаа том бодлого түүний зөвхөн тодорхой жижиг хэсгийг бодох үүрэгтэй олон дэд бодлогод хуваагддаг. Ө.х. ямар ч бодлогыг олон дэд бодлогод хувааж, тэдгээрийг алхам алхамаар шийдэх замаар зорилгодоо хүрэх зарчмыг хэрэгжүүлдэг ажээ.

Нэгэнт программ нь ингэж олон дэд программд хуваагддаг бол тухайн программыг ажиллуулж эхлэнэ гэдэг маань эдгээр дэд программуудын аль нэг нь бусдаасаа түрүүлж биелж эхлэнэ гэсэн үг. Ө.х. аль нэг дэд программ бусдаасаа давуу эрхтэй байх ёстой. Энэхүү давуу эрхтэй дэд программ хамгийн түрүүнд ажиллаж эхлээд, дараа нь бусад дэд программуудаа дуудан ажиллуулах ёстой. Түүнийг үндсэн программ (main program) хэмээн нэрийддэг. Тиймээс:

Процедур хандалтат программ = Үндсэн программ + Дэд программууд

гэж томъёолж болно.

Дэд программ нь бүтцийн хувьд процедур (procedure) эсвэл функц (function) гэсэн хэлбэртэй байна. Функц, процедур болгон өөрийн гэсэн оролт, гаралт буюу эхлэл, төгсгөлтэй байна. Тэдгээр нь хоорондоо оролт болон гаралтанд илгээгдсэн өгөгдлүүдээр холбогдоно. Түүнээс гадна функц хэлбэрийн дэд програм нь утгатай (хариутай) байна. Харин процедур төрлийн дэд программд ийм утга гэж байхгүй.

Дэд программыг гарал үүслийн хувьд стандарт ба хэрэглэгчийн гэж ангилдаг. Программчлалын хэлэнд урьдаас тодорхойлогдож, түүний хөрвүүлэгчийн бүрдэлд орсон байдаг дэд программыг стандарт дэд программ гэнэ. Байнга хийгдэж байдаг үйлдлүүдийг ингэж стандарт дэд программ болгодог. Ө.х. хэрэглэгч нь стандарт дэд программыг бэлнээр нь шууд ашиглана. Олон тооны стандарт дэд программууд нийлээд тухайн хэлний стандарт сан (standard library) гээчийг бүрдүүлнэ.