Пунцагнамжилын Балдандорж
П. Балдандорж нь1927 оны 2 дугаар сарын 27-нд Хөвсгөл аймгийн Бүрэнхан сум, Жалханз Хутагт Дамдинбазарын маарамбын дацангийн донир эмч, лүүжинч лам Бизьяагийн Дүгэрсүрэнгийн ууган хүү болон мэндэлжээ.
1943 оны 5-р сард Зураг урлалын газарт дагалдан зураачаар нэрт зураач О.Цэвэгжав, Д.Манибадар Д.Чойдог нарыг дагалдан сурч 1953 онд Улсын 1-р зэргийн мэргэжлийн зураач болж урлан бүтээхийн замд орсон байна.
1953 онд ЗХУ-ын Москва хотод Театр, Урлагийн Дээд сургуулийг /ГИТИС/ түргэвчилсэн сургалтаар, ЗХУ-ын Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин С.В Образцовын удирдлаганд хүүхэлдэйн жүжиг найруулах, зураг чимэглэл хийх арга ухаанд суралцаж монголын анхны мэргэжлийн хүүхэлдэйн театрын зураач, найруулагчийн мэргэжлээр төгссөн байна. П.Балдандорж өөрийн орны хүүхэлдэйн театрт нилээд жүжиг орчуулж найруулан тавьсан ба хүүхэлдэйг Оросын болоод өрнөдийн аргаар урлах аргад бусдыг сургасан.
1958 онд Румыны Бухарест хотноо болсон Дэлхийн хүүхэлдэйн театрын анхдугаар их наадамд театрынхаа хамт олныг 2 жүжигтэй бэлтгэн оролцож Олон Улсын Хүүхэлдэйчдийн Холбооны гишүүн Театр болгожээ.
1955-1959 онд УАДБЧ-д зураачаар томилогдон ажиллахдаа Багт бүжиг, санаачлан анх тайзан дээр тоглуулсан нь одоо уламжлал болжээ. 1959 оноос МУЭ-ийн хороонд хот чимэглэлийн зураачаар ажилласан байна.
1963-1972 онд БНСЧСУ-ын Прага хотод Урлаг, Үйлдвэрлэлийн Дээд Сургуулийн Хэрэгцээний Уран зургийн ангид суралцан төгсөж ирээд Дүрслэх урлагийн дунд сургуульд багшлахдаа Арьс ширэн ба вааран урлагийн ангийг шинээр нээж ажиллуулсан нь амжилттай болж олон арван уран бүтээлчдийг төрүүлсэн сурган хүмүүжүүлэгч билээ.
Зураач П.Балдандорж нь 1980 оноос МУЭХ-ны Гар урлалын үйлдвэрт урансайхны удирдагчаар томилогдон, сансарт монгол нисэгч аялах бэлэг дурсгалын зүйлсийг хийлгэж, өөрөө “Түүхт уулзалт” сэдвээр Ленин Сүхбаатар нарын уулзалтыг алтаар өнгөлсөн баримал хийсэн нь сансрын нисэгчдийн хамт сансарт хөөрөн Л.И. Брежнев, Ю.Цэдэнбал нарт бэлэглэгдсэн байна.
Зураач Балдандорж 1983 оноос 2009 он хүртэл МУИС-ийн Ардын Урлаг Судлалын Тэнхим, ДУДС болон Радио Телевизийн Дээд сургуульд тус тус багшилж олон зуун уран бүтээлчдийг урлах эрдэмд сургажээ. 1944 оноос гадаад, дотоодод байгуулагдсан дүрслэх урлагийн үзэсгэлэнгүүдэд оролцож Монголын зураач урчуудын болон бусад үзэсгэлэнгүүдийг ЗХУ, БНСЧСУ, БНБАУ, БНАГУ, БНЛАУ, БНСВУ, БНАСУ-д зохион байгуулалцаж чимэглэх ажлыг нь хийж өндөр үнэлэлтийг авч байлаа. Өөрийн бие даасан үзэсгэлэнг 10 гаруй удаа гадаад дотоодод гаргаж байлаа.
Академич зураач П.Балдандорж нь 1968 оны 7-р сарын 20-нд Монголын залуу уран бүтээлчдийн анхдугаар үзэсгэлэнг зохион байгуулж өөрийнхөө Чехэд сурч хийж бүтээсэн хориод зураг зохиомжийг бусад залуу уран бүтээлчдийн шинэлэг өвөрмөц дүрслэл, өнгө будгийн зохиомжтой бүтээлийн хамт дэлгэн олны хүртээл болгосноос болж “хөрөнгөтний урлаг сурталчлагч” хэмээгдэн шийтгүүлж явжээ.
Харин ардчилал шинэчлэлийн энэ үед “Шинэ урлагийг эхлүүлсэн зураач” П.Балдандорж- Монголын сэтгэлгээний урлагийн “Загалмайлсан эцэг” гэж зүй ёсоор тооцогдох болжээ.
Түүний бүтээлийн дотор “Төмөрчин” (1945 он), “Хавар” (1945 он), “Намар” (1946 он), “Байгаль” (1944 он), “Шөнийн байдал” (1944 он), “Саальчин” (1947 он), “Сартай шөнө” (1947 он), “Адуучин” (1948 он),”Төмөрчин” (1948 он), “Хөгжмийн зохиолч” (1950 он), “Адууны манаанд” (1950 он), “Хөвсгөл далай” “Бугуйлч” ”Буур Жамъян” “Б.Ринчений нэрэмжит шагналын медаль” “Эрдэнэтийн өрхийг татав” “Эрдэнэтийн жавхаа” зэрэг цуврал бүтээл нь монголын уран зурагт уран бүтээлийн сэдвийн хүрээг өргөжүүлж, дүрслэлийн арга ухааныг улам боловсронгуй болгож монументаль уран зураг, барилгын дотоод чимэглэлийн уран зургийн ур техникийг сайжруулсан бүтээл болсон гэж зүй ёсоор үнэлэгддэг.