Jump to content

Пэйнтбол

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Пэйнтбол
Пэйнтбол тоглогчдын хамгийн их тоглодог төрөл Вүүдсбол

Пэйнтбол (Англи: Paintball) нь тоглогчид багуудад хуваагдаж буугаар байлддаг тоглоомын зарчмаар нэг нэгнээ будагтай сумаар агнаж тоглодог тоглоом юм. Пэйнтболын сум нь хоргүй, био задралд ордог, усанд уусдаг полимерээр хийгдсэн, нимгэн зөөлөн уутанцарт байдаг. Пэйнтболоор янз бүрийн тулааны спортын тэмцээнүүд зохиогддог. Пэйнтболыг мөн цэргийн хүчин, хууль сахиулах, цэргийн болон аюулгүй байдлын байгууллагуудад цэргийн бэлтгэл болгон ашигладаг. Тоглоомын талбайг тоглогчид байгалийн болон хиймэл байгууламж ашиглан тактикийн хамгаалалт болгон ашиглаж болно. Пэйнтбол тоглоомын төрөл нь эсрэг багийн тугийг эзлэн авах, дайсныг устгах, сумаа дуустал, мөн тодорхой цэг болон нутаг дэвсгэрийг хамгаалах эсвэл тоглоомын талбайд нуусан объектуудыг илрүүлэх гэх мэт байдлаар тоглож болно. Тоглоомын төрлөөс хамааран тоглоом хэдэн секунд, цаг хүртэл үргэлжилдэг, зарим тохиолдолд хэдэн өдөр үргэлжилж болдог. Пэйнтбол тоглоомын хууль ёсны байдал улс орон, бүс нутагт харилцан адилгүй байдаг. Пэйнтболыг зөвшөөрөгдсөн улс оронд тоглогчид хамгаалах маск зүүх шаардлагатай бөгөөд тоглоомын дүрмийг чанд мөрдөх болдог. Зарим тохиолдолд маск зүүхгүй байж болно.

Пэйнтболын хэрэгсэл нь тоглоомын хэлбэр, даалгавар, мөн тоглогч хэрэгсэлд хэр мөнгө зарцуулах сонирхолтой байгаагаас хамаараад өөр өөр байж болно. Гэхдээ үндсэн гурван тоноглолыг тоглогч бүр ашигладаг. Тэдгээр нь:

Пэйнтболын буу

Энэ бол үндсэн хэрэгсэл. Пэйнтболын буу нь түүнийг будгаар цэнэглэж байх цэнэглэгчтэй байна. Сүүлийн үеийн буунуудад шахсан хий эсхүл CO2 канистер хэрэглэдэг болсон. Үүнээс өмнө, түгжигддэг пэйнтболын буунуудад нэг удаагийн мөнгөн капсул ашигладаг байсан ба тэдгээр нь үрлэн сумтай бууныхтай төстэй байжээ. Харин 1980-аад оны сүүлээр бууг боловсронгуй болгож агаарын даралт ашигладаг, хагас автомат ажиллагаатай болгожээ. Түүнээс хойш нэг удаад буудах тоо нэмэгдэж, нүүрстөрөгчийн давхар исэл (CO2)-ийн савыг 9-өөс 20 унци болгон томруулсан, мөн шахсан хий болон азотын хэмжээг 13-аас 88ci болгож нэмэгдүүлсэн, түүнчлэн даралтыг 5000PSI болгосон. Гэхдээ CO2 шингэн ашиглах нь бууны дотоод мэдрэмтгий эд ангийг гэмтээдэг тул зарим үед шахсан хий ашиглаж байх нь зүйтэй.

Пэйнтбол

Буунд хэрэглэдэг сумыг хэлнэ. Пэйнтбол нь бөмбөлөг хэлбэртэй желатин капсул бөгөөд дотроо гол төлөв полиэтилийн гликол, мөн бусад хоргүй, усанд уусдаг будагч бодис агуулсан. Пэйнтболын чанар нь бөмбөгийн бүрхүүлийн бат бөх, бөмбөлгийн дугуй хэлбэр, мөн дүүргэгчийн зузаан зэргээс хамаарах ба чанар сайтай бөмбөгүүдийн хэлбэр төгс бөөрөнхий, бүрхүүл нь хүрэх төдийд задрахаар нимгэн, мөн тоглоомын явцад нууж, арчих аргагүй тод өнгөтэй байдаг. Хамгийн өндөр зэрэглэлийн пэйнтболд эрдэнэшишийн цардуул болон төмөр шиг ширхэг агуулсан байдаг тул ямар ч өнгийн гадаргуу дээр тусахад гялтганасан өнгө үлдээдэг бөгөөд арчиж арилгахад хүнд байдаг. Өдгөө хэрэглэгдэж буй бараг бүх пэйнтбол нь гаднын нөлөөгөөр задардаг бөмбөлгүүд ажээ. Пэйнтболыг хийхэд ашигладаг орц, найрлага нь хүнсний зэрэглэлийн бодисууд бөгөөд тоглогчид болон байгаль орчинд ямар ч хор нөлөөгүй ажээ. Үйлдвэрлэгчид болон дистрибьюторууд уламжлалт тосон суурьтай будаг, шахсан CO2 хийнээс татгалзаж, усан суурьтай уусмал болон шахсан хий ашигласан илүү “байгаль орчинд ээлтэй” болгох хүчин чармайлтуудыг авч хэрэгжүүлж байна. Пэйнтболын стандарт хэмжээ нь 0.68” буюу 68 калибр хэмжээтэй байна.

Маск болон нүдний шил

Тоглогчид талбайд тоглох үед аюулгүй байдал, хамгаалалтын үүднээс маскийг заавал хэрэглэх ёстой байдаг. Тоглогчид анхлан лаборатори болон мужааны цехэд ашигладагтай төстэй хамгаалалтын нүдний шил зүүдэг байжээ. Одоо хэрэглэж байгаа шилнүүд нь нүд, ам, чих, хамрын нүхийг бүрэн хаасан хатуу хүрээтэй ажээ. Маск нь мөн хоолойг хамгаалах үүрэгтэй. Сүүлийн үеийн маскууд хуучны загваруудтай харьцуулахад овор багатай болсон.

Тэмцээнд оролцогчид, мэргэжлийн тоглогчдын гол төлөв хэрэглэдэг бусад тоноглолууд:

Сумны хайрцаг

Энэ нь пэйнтболын сумыг хадгалах таглаатай хуванцар сав юм. 100 ба 140 гэсэн хэмжээтэй байдгаас 140-г нь тэмцээнд голцуу хэрэглэдэг.

Зүлгүүр

Хэрэглээнээс хамаарч будагтай бөмбөг тоглогчийн буунд байхдаа задарч хагарч болно. Энэ үед пэйнтболын сум бууны дотор хэсэг, нэн ялангуяа торхтой хэсгийг нэлэнхүйд нь будаг болгох тул бууны овоо харааг бууруулдаг. Завсарлагын үеэр арчихад зориулсан энэхүү хэрэгсэл нь богино хугацаанд цэвэрлэх, үр дүнтэй, хадгалах зай бага шаарддаг зэрэг давуу талтай.

Пэйнтболын цамц болон өмд

Тэмцээнд оролцогчид тоглогчийг хөдлөхөд саадгүй, тэднийг пэйнтболын цохилт болон бусад чулуу, хатуу гадаргууд биеэ гэмтээхээс хамгаалсан тусгай хувцас өмсдөг. Дотор талбайд, цохилт маш ойроос тусах нөхцөлд тоглож байгаа үед хатуу гадаргатай хуяг өмсөж, арьсыг хөхөрч, сорви үүсэхээс сэргийлнэ.

Тохой болон өвдөгний хамгаалалт

Гадаа талбайд тоглоход ихэвчлэн хэрэглэдэг. Пэйнтболд зориулсан өвдөг, тохойн хамгаалалтыг гол төлөв тоглогчийн өмдний дотор талд зөөлөн хөөсөн материалаар хийсэн байдаг.

Бээлий

Пэйнтбол нь гар, хурууны үе болон хурууг хүчтэй өвтгөж, түр хугацаанд хөдөлгөх аргагүй болгож болно. Түүнчлэн, гадна талбайд тоглоход тоглогчид элгээрээ хэвтэх, мөлхөх зэрэг үйлдэл ихээр хийж гараа шалбалах явдал гардаг. Хамгаалалттай бээлий нь гараа гэмтээх эрсдэлийг багасгана.

Тамирчны хамгаалагч

Бусад спортод ч мөн адил хурдтай хөдөлж буй биетийн учруулж болох нөлөөнөөс хамгаалах зорилгоор тоглогчид биеийн эмзэг хэсгийг хамгаалах хамгаалалтыг өмсдөг. Эрчүүд нь хөлбөмбөг, хоккей, сагсан бөмбөгт ашигладагтай төстэй хатуу аяга хэлбэрийн хамгаалалт зүүдэг, бол эмэгтэйчүүд цээжний хамгаалалт эсхүл хатуу гадаргатай хөхөвч өмсдөг.

Бусад будагтай зэвсгүүд

Ихэвчлэн зохиомжит тоглолтод хэрэглэдэг, харин тэмцээнд зөвшөөрдөггүй бусад төрлийн будаг гаргадаг тоноглолууд байдаг. Тухайлбал, будгаар дүүргэсэн гранат, будагтай шидэгч г.м.

Тээврийн хэрэгсэл

Мөн л тэмцээнд бус, зохиомжит тоглолтод түгээмэл хэрэглэдэг дөрвөн дугуйт, түрдэг тэрэг г.м “зэвсэглэсэн тээврийн хэрэгслүүд” байдаг бөгөөд тоглогчид түүнийг цохилтоос хамгаалах, талбайг тойрохдоо ашиглана. Эдгээр тээврийн хэрэгслийг будгаар цэнэглэдэг зэвсгүүдээр тоноглосон байна.

Пэйнтболлн дүрэм

[засварлах | кодоор засварлах]

Пэйнтболыг ихэвчлэн тоглоом эхлэхээс өмнө гаргасан журам, хувилбараар явуулах ба түүнд тодорхой хязгаар гэж байхгүй. Гэхдээ хамгийн түгээмэл мөрдөгддөг дүрэм бол тоглогчид буудуулж, будганд оногдохгүйгээр даалгаврыг гүйцэтгэх байдаг. Цохилтын тоог зохицуулах олон янзын дүрэм байдаг. Сум оноод задраагүй байсан ч тооцох эсхүл сум оноод будаг заавал тарсан байвал тооцох г.м. Суманд оногдож, тоглоомоос хасагсдан тоглогчид талбайг орхих ёстой. Ингэснээр эсрэг тал оноо авч болно. Гэхдээ тоглоомын дүрмийг анх хэрхэн тохирсноос хамаарч тоглогч үргэлжлүүлэн тоглоомд оролцох эсхүл тоглоомоос бүр мөсөн хасагдаж болно.

Тоглоомын даалгаврыг түүүнийг эхлэхээс өмнө тодорхойлно. Жишээлбэл тугийг эзлэн авах эсхүл эсрэг талын тоглогчдыг бүгдийг тоглоомоос гаргах байж болно. Пэйнтбол маш олон төрөл байдаг. Түүний нэг төрөл Вүүдсбол (Woodsball) нь байгальд, маш том хэмжээний талбайд тоглохыг хэлнэ. Харин Спийдбол (Speedball) нь арай багавтар талбайд, 2 минутаас, зарим үед 20 минут хүртэлх маш богино хугацаанд тоглодог төрөл. Өөр нэг төрөл нь зохиомжит пэйнтбол юм. Тоглогчид түүхэн сэдэвт эсхүл зохиомол талбай бэлдэж тоглоно.

Вүүдсбол төрөл пэйнтболын түүхэнд нилээд хожуу гарч ирсэн ойлголт бөгөөд анхандаа ой модон дунд эсхүл байгальд тоглохыг ийнхүү нэрлэж байжээ. Гэвч саяхнаас хиймэл талбай бус байгальд тоглох бүхий л хэлбэрийг Вүүдсбол гэх болсон. Ихэвчлэн хүмүүс байгальд тоглодог. Вүүдсболыг зохиомжит пэйнтболын төрөлтэй андуурч болохгүй. Учир нь тус хоёр төрөл тактик, хэмжээ болон дүрмийн хувьд ялгаатай юм.

Вүүдсболд олон тоглогчтой томоохон хэмжээний багууд хэд хэдэн даалгавар гүйцэтгэж өрсөлддөгөөрөө онцлогтой. Том хэмжээний вүүдсбол тэмцээнийг Big Game эсхүл “Зохиомжит тэмцээн” гэх зэргээр нэрлэдэг. Хамгийн өргөн цар хүрээтэй болдог тэмцээнүүдээс дурдвал Нью-Йоркийн Корамд болдог Cousin’s Big Game, Мичиганы Пинкнигийн гадна зохиогддог Hell Survivor’s Monster Game, Пенсилванид болдог Invasion of Normandy зэрэг 3500-4000 орчим тоглогч оролцсон хоёр өдрийн турш үргэлжилдэг, жил тутам зохиогддог тэмцээнүүд байна. Big Game-ийн бас нэг хэлбэр нь тоглогчид томоохон хэмжээний объект, тухайлбал комплекс эсхүл том байшин руу дайрч, эзэлдэг “Дайраад, эзэл” хэлбэр юм.

Спийдбол нь хамгаалалт болох, нуувч болох зорилгоор хийлдэг даавуун “бункер”-ээр дүүргэсэн задгай талбайд тоглодог тоглоом. Тэдгээр объектуудыг хурдан хийлж, бас хийг хялбар гардаг тул тэмцээний үеэр талбайд зөөхөд амар байдаг. Спийдбол тоглоомыг анх тэгш бус ой модтой талбайгаас илүү аюулгүй талбайг тоглогчдод бэлдэх үүднээс гаргажээ. Спийдбол тоглоомын явцад вүүдсболыг бодвол харьцангуй олон сум зарцуулдаг, мөн богино хугацаанд хурдтай өрнөж, дуусдаг.

Хамгийн анх спийдболын тоглоомын талбайг хүмүүс өөрсдөө гараараа хийсэн бункерээр тохижуулж байв. Тоглоомын явцыг хурдасгахын тулд талбайн эзэд хар өнгөтэй бохирын хоолойг газарт бэхэлж, шинэ төрлийн hyperball тоглоомыг гаргажээ. Пэйнтболд томоохон ахиц авчирсан дараагийн нэг зүйл нь airball-ийг санаачилсан явдал байв. Тоглогчид нэг ижил талбайд ахин дахин тоглохоос уйдаж эхэлсэн учир хийгээр дүүргэсэн уян хатан, өндөр PVC даавуун бункеруудыг зохион бүтээжээ. Эдгээрийг зөөхөд хялбар тул талбай дахь байршлыг олон янзаар өөрчлөх боломжтой болсон юм. Талбайн зохион байгуулалтыг хоёр талд яг толины тусгал шиг ижил байхаар хийдэг тул аль нэг багт давуу тал олгодоггүй. Мөн аварга том бункерыг талбайн төвд байршуулах явдал түгээмэл болжээ. Пэйнтболд гарсан сүүлийн үеийн нэг дэвшил нь талбайд хиймэл зүлэг ашиглах болсон явдал юм. Энэ нь талбайг сэргээн засах ажлыг хялбаршуулсан.

Тоглоомын дүрмийг хэрэгжүүлэх

[засварлах | кодоор засварлах]

Дүрэмтэй тоглоомыг тоглогчдын аюулгүй байдлыг хангаж, тоглоомын дүрмийг хэрэгжүүлэх шүүгч хянана. Хэрэв тоглогч будаг болсон бол тэднийг талбайгаас гаргана. Гэхдээ тоглогчид нэр төрөө эрхэмлэх байдлаа хадгалж, хэрэв өөрийнх нь сум хагарсан бол хасагдана гэж үзнэ. Зөвхөн толгой болон их бие хэмээн тодорхой биеийн хэсгийг онцолж, оносон тохиолдолд хасагдахаар тоглоомын дүрэмд өөрчлөлт оруулж болно. Аюулгүй байдлыг хангах, тоглоомыг шударга явуулах, хууран мэхлэх байдлыг зогсоох үүднээс, мөн тоглох газраас хамаарч тодорхой дүрэм журмуудыг хэрэгжүүлэх нь зүйтэй.

Маск зүүх

Хэдийгээр тоглоом явагдаагүй байсан ч тоглогчид тоглоомын талбайд байгаа үед бүгд маск зүүх дүрмийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Үүнийг илүү тодорхой болгох, талбайн тодорхой хэсэгт байгаа хүмүүс, тодруулбал тоглогч, үзэгч ялгаагүй бүгд маск зүүх эсхүл бүх тоглогчийн буунд баррелийг түгжих түгжээ байх эсхүл бууг хийн үүсвэрээс нь салгах, ингэснээр санамсаргүй сум тавигдаж нүдийг гэмтээхээс хамгаална. Зарим талбайд тоглогчдыг аль болох өрсөлдөгчийнхөө нүүр рүү онилохгүй байхыг зөвлөдөг. Учир нь масканд ойн цацарсан будаг амьсгалах нүхээр нэвтэрч нүдийг загатнуулах, мөн хэт ойроос маск руу буудах үед зөв хийгээгүй линзийг унагах, толгой, хүзүү болон нүүрний хамгаалалтгүй хэсэгт онож гэмтээх зэрэг эрсдэлтэй.

Хоорондын зай хамгийн багадаа хэд байх

Онилогдсон үед, сум ирж байгаа зайнаас хамаарч, буудуулсны дараа бие шууд хөхөрнө. Зарим үед сорви үлдэх эсхүл цус гоожих тохиолдол гардаг. Пэйнтболын суманд оногдсоноос үүдэх зовууриас болж зарим нээлттэй тэмцээний үеэр тоглогч өрсөлдөгчдөө заасан зайнаас дотогш ойртсон үед буудаж болохгүй байх дүрмийг хэрэгжүүлдэг бөгөөд ийнхүү хамгийн бага зайг 4,5м г.м.-ээр тогтоодог. Мөн зарим газарт үүний оронд “бууж өгөх дүрэм”-ийг хэрэгжүүлдэг. Жишээ нь тоглогч өрсөлдөгчдөө ойртсон бол түүнийг буудахаас өмнө бууж өгөх боломжийг олгох ёстой ажээ. Ингэснээр тэмцээний үеэрх гэмтэл, маргааныг бууруулдаг хэдий ч томоохон хэмжээний тэмцээнд уг дүрмийг ховорхон хэрэглэдэг. Дайрч байгаа тоглогч тэр даруй буудалгүй, тээнэгэлзэх тул түүнд ашиггүй байдлыг бий болгодог. Тоглогчийг маш ойр зайнаас буудах тохиолдол тоглогч бункерын ард нуугдсан өрсөлдөгч рүү зогсолтгүй галлахын хамтаар бункер руу ойртон урагшилж байгаад буудах үед гарна.

Онолт

Хэрэв пэйнтболын сум оролцогчийн бие эсхүл тоноглолд гүн, дөрвөлжин хэмжээтэй мөр үлдээсэн бол оногдсонд тооцно. Зарим тоглоомд оносон тоог тоолдоггүй байхад, заримд нь хөл, гар дээр хэд хэдэн оносон байхыг шаарддаг. Ихэнх мэргэжлийн тэмцээнд тоглогчийн бие болон түүний хэрэглэж буй тоноглол дээр оносныг тооцож тоолдог. Хэрэв пэйнтболын сум тоглогчийн бие дээр бус, зэргэлдээх гадаргуу дээр тусаж будаг үсэрсэн бол үүнийг тооцохгүй, учир нь будаг тоглогч дээр гүн мөр үлдээсэн байх ёстой.

Хэт олон буудах

Тоглогч буудуулж тоглоомоос гарчихаад байхад түүн рүү удаа дараалан буудахыг зөвшөөрдөггүй. Мөн тоглогч түүнийг хасагдсаныг мэдсэн хэр нь үргэлжлүүлэн буудахыг “хэт олон буудсанд” тооцох бөгөөд энэ нь өрсөлдөгчид аюултай гэмтэл учруулж болзошгүй байдаг.

Шүрших

Шүрших гэдэг нь тоглогч хэд хэдэн удаа хурдтай буудаж эсхүл галлах хязгаарыг давуулан буудсаны дараа цахилгаан буунуудад ажиглагддаг бөгөөд буу гохыг дарахаас ч хурдтайгаар буудаж эхлэхийг хэлнэ. Хурдтай шүршиж буудахыг пэйнтболын дийлэнх тэмцээнд хориглодог бөгөөд хязгаар тогтоосон байдаг. Зарим томоохон хэмжээний тэмцээнд тодорхой хязгаар заан зөвшөөрсөн байдаг.

Арчих

Тоглогч өөрөө будгаа арчиж хуурах оролдлого гаргаж, оногдоогүй мэт жүжиглэн, тоглоомд үлдэхийг санаархдаг. Хэрэв энэ нь баригдвал “арчигчдыг” тоглоомоос хасах бөгөөд олон дахин давтагдвал талбайгаас бүр гаргаж ч болно. Томоохон хэмжээний тэмцээнд арчиж байгаад баригдсан тоглогчийн багт нэмэлт шийтгэл ногдуулж, тухайн баригдсан тоглогчийг түүний ойр байгаа хоёр тоглогчийн хамтаар тэмцээнээс хасах арга хэмжээ авдаг.

Биед хүрэхгүй байх

Үндсэндээ тоглогчдыг бие биедээ хүрэхийг хориглодог. Тухайлбал хоорондоо мөргөлдөх, биеэрээ хаах, ялангуяа зангидсан гар, хөл, хамгаалалтын хэрэгсэл ашиглан дайрах, буугаараа нэгнийгээ цохихыг хориглоно. Нударгаар зодолдох нь тулаанд оролцогчдод аюултай байгаад зогсохгүй талбай дээр эсхүл гадна байгаа бүх хүнд аюултай. Шүүгч ийм зодооныг нэн даруй зогсоож, оролцсон тоглогчийг тоглоомд оролцох эрхийг хасна.

Тоглогчийн стратеги талбайд тавьсан бункер эсхүл багийн тоглогчдийн тооноос хамаарч ялгаатай байна. Жишээ нь Airball эсхүл Hyperball ашигласан талбайд явагдах тэмцээнд талбайн захад буй хийлдэг бункер руу ухасхийн очиж, нөгөө багт “ойртох” стратегийг баримтална. Гэхдээ тоглогчдын тооноос хамаарч өөр тактик хэрэглэнэ. Хэрэв багууд 15-7 тоглогчтой бол хэсэг нь ард үлдээд, нөгөө хэсэг нь “хориглох гал нээнэ”. Хэрэв багууд 6-1 тоглогчтой бол талбайн нөгөө зах руу давших нь ялалтад хүрэхэд тустай байж болно.

Тоглоомын талбай

[засварлах | кодоор засварлах]

Пэйнтболыг олон нийтийн газарт төлбөртэйгөөр үзүүлэх байдлаар эсхүл хувийн өмчийн газартаа ч тоглож болно. Талбай нь байгалийн эсхүл хиймэл байж болох ба ой мод эсхүл хотын орчин мэтээр сэдэвжүүлсэн байж болно. Түүхийн сэдэв сонгосон байх нь олон. Спийдбол болон тэмцээний зориулалттай жижгэвтэр талбайд олон тооны хийлдэг бункер байршуулсан байдаг ба ийм талбайд гэмтэл бэртэл учрах нь бага байдаг. Хийлдэг саад ашиглаж эхлэхээс өмнө талбайд фанер, банз гэх мэт хатуу барилгын материал, тэр бүү хэл бетон болон хуванцар бохирын хоолой зэрэг ашигладаг байсан. Хуванцар хоолойг тулгуур модонд уяж ашиглах нь түгээмэл болсон. Талбай дахь ийм саадын байршлыг өөрчлөхөд хялбар байдаг. Амралт чөлөө цагаа өнгөрөөх пэйнтболын талбайд бат бөх байдал, шинэлэг байдлыг харгалзан эдгээр хуучны материалуудыг гол төлөв ашигладаг. Бусад талбайд модон эсхүл хуванцар саадыг түлхүү ашиглаж байна. Олон нийтэд зориулсан пэйнтболын талбайд ариун цэврийн өрөө, хээрийн хоол идэх хэсэг, хувцасны шүүгээ, тоног төхөөрөмжийн түрээс, хий дүүргэх үйлчилгээ болон хоолны үйлчилгээ үзүүлдэг. Зарим оронд тодорхой аюулгүйн болон даатгалын стандартыг багтаасан пэйнтболын спортын журам гэж байдаг бөгөөд оролцогчдод аюулгүй байдлыг хангаж тоглоход нь заавар, зөвлөгөө өгөх тусгай ажилтан хүртэл гаргасан байдаг.

Зарим талбайд (BYOP) гэж заасан байдаг нь тоглогчдыг дурын дэлгүүрээс өөрөө будгаа худалдан авч, түүнийгээ талбайд хэрэглэж болохыг зөвшөөрснийг илтгэнэ. Гэвч дийлэнх талбайд FPO гэж заасан байдаг. Энэ нь зөвхөн тухайн талбайгаас будаг авч хэрэглэхийг шаардсан гэсэн үг. Энэ нь ашиг олох гэхээсээ илүүтэй аюулгүй байдал талаасаа зөв зүйтэй юм. Учир нь чанар муу эсхүл буруу хадгалсан будаг нь бууг гацаах, тоглогчийн биед гэмтэл учруулах үр нөлөөтэй. Пэйнтболын будаг нь хүнсний будаг агуулсан байдаг ба зарим сумны найрлагад илүү тод харагдуулах зорилгоор төмөрлөг ширхэг болон эрдэнэ шишийн цардуул агуулагдсан байдаг. Гэвч эдгээр нь бүгд усан сан болон цэвэршүүлэх байгууламжид асуудал үүсгэж болно. Иймд пэйнтболын талбайг цэвэрлэсэн ус бохирын байгууламжид орж байх ёстой.

Хамгийн анхны зохион байгуулалттай явагдсан пэйнтболын тэмцээнийг 1981 онд Нью-Хэмпширт Чарльз Гэйнэс болон Боб Гарнси хэсэг нөхдийн хамтаар явуулж байсан хэмээн тэмдэглэгдэн үлджээ. Түүнээс жил орчмын дараа Нью-Хэмпширийн Суттонд анхны пэйнтболын талбай нээгджээ (эзэн нь Боб Гарнси байсан). 1983 онд анхны Үндэсний аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдсан бөгөөд ялсан багт 14,000 ам.долларын мөнгөн шагнал өгч байжээ. 2010 оноос, пэйнтболын лиг оролцсон томоохон хэмжээний тэмцээнүүд зохиогдох болсон.

Спийдболын лиг нь Спийдболын тоглогчдын хоорондоо өрсөлдөх тогтсон дүрэмтэй тэмцээний зохион байгуулалт. Лигүүд нь бүс нутгийн, үндэсний эсхүл олон улсын гэсэн янз бүрийн хэмжээтэй байх бөгөөд зохион байгуулалттай тэмцээнийг мэргэжлийн, хагас мэргэжлийн болон сонирхогчдын багуудын дунд зохион явуулдаг. Заримдаа тэмцээн нь мөнгөн шагналтай байна. Британийн анхны лиг нь 1989 онд Гэри Морхалл, Ричард Харт болон Дерек Вилдермат нарын байгуулсан Британийн Пэйнтболын Лиг юм. 2010 оны байдлаар, томоохон хэмжээний лигд АНУ-ын NPPL, PSP болон NSL, Азид Пэйнтболын Азийн Лиг, баруун Европт Millennium Series, Зүүн Европт Centurio series, АНУ болон Канадад Үндэсний коллежийн пэйнтболын холбоо зэрэг орж байна.

Тэмцээний хэлбэр

[засварлах | кодоор засварлах]

Пэйнтболын арга хэмжээний хэлбэр болон хугацааг түүнийг зохион байгуулж байгаа лиг тодорхойлох бөгөөд тоглоомын дүрмийг ч мөн гаргадаг. Тухайлбал нэг баг хэдэн гишүүнтэй байх, ямар тоноглол хэрэгсэл ашиглаж болохыг тогтооно. Тэмцээний явцад явагдах тоглолтын тоог ч тоглох багийн тооноос хамаарч тогтооно.

Тоглолтыг шүүгч шүүх бөгөөд түүний шийдвэр эцсийнх байна. Тэмцээний дүрмийг лиг тодорхойлох хэдий ч тоглолтын үеэр тоглогчид хоорондоо төхөөрөмж ашиглан харилцах, мөн талбайн саадыг өөрчлөн байршуулах зэргийг ерөнхийдөө хориглодог. Эсрэгээрээ зугаацах үүднээс хийж буй энгийн тоглоом нь илүү хатуу дүрэмтэй байдаг ба дүрмийг зөрчвөл тоглогч эсхүл бүр багийг торгох нь бий.

Пэйнтболын тэмцээнийг анх ой модонд явуулдаг байсан ч спийдбол 1990-ээд оноос стандарт өрсөлдөөний хэлбэр болжээ. Бункер гэх мэт хиймэл хиймэл саад ашигладаг жижиг хэмжээний талбай нь аль аль багт тохируулан зарим саадыг авч болдгоороо давуутай бол вүүдсболын талбайд ингэх аргагүй. Саяхнхаас газарт бэхэлсэн хийлдэг бункер бүхий талбай нь ихэнх тэмцээнийг явуулдаг стандарт хэлбэр болсон бөгөөд зөөлөн саад нь гэмтэл бэртлийг бууруулдаг байна. Мөн хийлдэг бункерыг хийг нь гаргаад багахан талбайд хадгалж болох учир түр хэрэглэх талбай бэлдэхэд хялбар болгосны зэрэгцээ хөрсөнд үзүүлэх нөлөө ч бага юм.

Мэргэжлийн пэйнтболын баг нь нэг эсхүл түүнээс илүү спонсороос санхүүгийн, тоног төхөөрөмжийн болон бусад хэлбэрийн туслалцаа авч, хариуд нь сурталчилгааг явуулж тоглодог багийг хэлнэ. Мэргэжлийн багууд нь спонсороос хамаараад өөр өөр нэртэй байна.

Өнгөрсөн хугацаанд, хууль бус бүлэглэл болон террористууд пэйнтболыг дараах тохиолдлуудад тактикийн сургалт хийхэд ашиглаж байсан хэмээн буруутгаж байжээ.

2010 оны 6 сард Мухамед Махмуд Алесса болон Карлос “Омар” Эдвардо Алмонте гэгч хоёр эрийг Сомалитай холбоотой хэмээн баривчилсан бөгөөд тэднийг АНУ-аас гадна хүмүүсийг алах, зэрэмдэглэх болон хулгайлах ажиллагаа болон алан хядах ажиллагаанд оролцсон хэмээн буруутгажээ. Тэдний эсрэг мэдүүлсэн гомдлын дагуу тэд Нью-Жерсигийн Вест Милфордод пэйнтболын талбайд сургуулилт хийдэг байжээ.

Үүний зэрэгцээ 2003-04 оны хооронд Виржиниа Жихад Сүлжээнд байсан хэргээр буруутгагдсан 11 эр Виржиниагийн Спотсилваниа Каунтид пэйнтболын сургуулилт хийдэг байсан бөгөөд яллагчдын үзсэнээр тэд жихад ажиллагаанд бэлтгэн тулааны ур чадвараа хөгжүүлэх, тактикийн үйл ажиллагаа явуулах бэлтгэлээ тэнд хийж байсан ажээ. 2006 онд, Виржиниа Жихад Сүлжээний Али Асад Чандиад Пакистаны террорист байгууллага болон Лашкар-и-Тайбад дэмжлэг үзүүлж байсан үндэслэлээр 15 жил шоронд хорих ял оноожээ. Тэрээр АНУ-аас Пакистан руу 50,000 пэйнтбол ачуулахад тусалж байсан ажээ. 2006 оны Торонтод болсон террорист хэрэгт сэжиглэгдсэн этгээдүүд дайралтаа пэйнтболын талбайд бэлддэг байжээ. 2007 онд Нью-Жерсийн Форт Дикст байрлаж байсан Америк цэргүүдийг алах зорилготой дайралтад оролцсон этгээдүүд пэйнтболын талбайд бэлтгэл хийдэг байжээ.

Аюулгүй ажиллагааны статистик

[засварлах | кодоор засварлах]

Пэйнтбол тоглогчдын гэмтэж бэртэх эрсдэл нь жилд 100,000 тоглогч тутамд 45 гэмтэл бэртэл байдаг ажээ. Миннесотагийн Пэйнтболын Нийгэмлэгийн хийсэн судалгаагаар пэйнтболыг харьцангуй аюулгүй спорт гэж үзсэн бөгөөд жилд 100,000 тоглогч тутамд 20 бэртэл гэмтэл байдаг.

2003 оны судалгаагаар 1992 оны 4 сараас 2002 оны 3 сарын хооронд Порто Жоа Эмнэлгийн нүдний тасагт спортоос үүдэн нүдэндээ гэмтэл авсан 24 өвчтөний зөвхөн 5 нь л пэйнтбол тоглох үед нүдэндээ гэмтэл авсан байжээ.

Түүнлчэн Бостон дахь Массачусетсын Нүд, чихний эмнэлгийн нэг жилийн хугацаанд явуулсан судалгаагаар хамгийн их нүдэнд гэмтэл учруулдаг спортод сагсан бөмбөг, бэйсбол, хоккей болон бадминтон багтжээ. Өөр нэг судалгаагаар пэйнтболоос авсан нүдний гэмтэл нь маск гэх мэт хамгаалалтын төхөөрөмж хэрэглээгүй, эсхүл тоглогч өөрөө тайлсан тохиолдолд авсан гэмтэл байгааг тогтоожээ. Хамгаалалтын хэрэгслийг зохих ёсоор зүүгээгүй тохиолдолд нүдний гэмтэл авсан байсан бөгөөд тухайн гэмтэл нь ихэнхдээ хараагүй болгох үр нөлөөтэй байжээ. Аюулгүй байдлын үүндээс дийлэнх пэйнтболын талбайд маск зүүх дүрмийг хэрэгжүүлдэг.

2007 онд Канадад пэйнтбол тоглож байсан 11 насны хүү маскаа авсан байсан үедээ мөн ижил талбайд тоглож байсан насанд хүрсэн тоглогчийн сум яг нүдэнд нь онож ноцтой гэмтэл авсан тохиолдолд болсон бөгөөд үүнээс үүдэн пэйнтбол тоглох насны доод хязгаарыг 16 хэмээн тогтоожээ. Австралид, пэйнтбол тоглож байсан 39 насны эр цээжиндээ буудуулаад зүрхний шигдээс болж нас барсан нь нэлээд шүүмжлэл дагуулж байв.

Түүнчлэн, пэйнтболын бууг зориулалтын тоглох талбайгаас гадна авч явах, ашиглах нь асуудал үүсгэж байжээ. 1998 онд АНУ-д 14 настай Жорел Линн Травис мөхөөлдөсний мухлагийн хажууд зогсож байгаад пэйнтболын буугаар нүдэндээ буудуулжээ. 2001 онд Аляскын Анчоразад арьс өнгөөр ялгаварлагчид Аляскын уугуул иргэд рүү пэйнтболын буу ашиглан дайрч байжээ. 2007 онд Канадын Оттавад Эшли Рүүс автобус хүлээн зогсож байгаад пэйнтболын буугаар буудуулан, хараагүй болсон тохиолдол гарч байв.

Буэнос-Аэрос мужийн парламентаас пэйнтболыг хүчирхийллийг сурталчилсан зохисгүй тоглоом гэж үзэж байв. 14.492 тоот хуулиар (2012 оны 12 сар) түүний хэрэглээг ийн зохицуулжээ: 16 наснаас доош хүүхэд тоглохыг хатуу хориглосон ба 16-18 насны хүүхдүүд зөвхөн эцэг, эх эсхүл харгалзах хүний хамтаар тоглохыг зөвшөөрсөн. Анхлан, 21-ээс доош насныханд бүрэн хориглохоор хэлэлцэж байжээ. Хуулиар оноох ял шийтгэлийг ч мөн тогтоосон бөгөөд 30 хоног албадан хөдөлмөр эрхлүүлэх эсхүл бусад шийтгэл ногдуулахаар заажээ.

Австралид муж бүрд пэйнтболыг цагдаагийнхан хяналтандаа авсан байдаг бөгөөд муж бүрд тавигдах насны доод хязгаарлалт өөр өөр байдаг. 18-аас доош насны тоглогчид эцэг эхийн зөвшөөрөлтэйгээр тоглож болдог. Өмнөд Австрали болон Баруун Австралид насны доод хязгаарыг 12 гэж тогтоосон бол Квинслэндэд 15, Шинэ Өмнөд Уэльс болон Австралийн нийслэлийн нутаг дэвсгэрт 16, Викториа мужид 18 хэмээн тус тус тогтоожээ. 1996 онд болсон Порт Артурын аллагаас хойш Тасманиад пэйнтболыг хориглосон.

Австралид пэйнтболын буу хувьдаа эзэмшихийн тулд (Тасманиа болон Хойд нутаг дэвсгэрээс гадна) пэйнтболын буу ашиглахад зориулсан галт зэвсэг эзэмших эрх авах ёстой. Автсралийн Хойд нутаг дэвсгэрт С ангиллын галт зэвсэг болон хувьдаа буу эзэмших нь хууль бусад тооцогддог. Баруун Австралид пэйнтболын буу нь Е ангиллын бусад буу зэвсэг гэдэгт багтдаг. Шинэ Өмнөд Уэльс, Викториа, Өмнөд Австрали, Австралийн нийслэлийн нутаг дэвсгэр болон Квинслэндэд пэйнтболын бууг А ангиллын галт зэвсэгт багтаадаг бөгөөд эзэмших, хадгалахад зөвшөөрөл авах шаардлагатай.

Пэйнтболын үйл ажиллагаа эрхлэгчид буу хадгалах, аюулгүй ажиллагаан сургалт, талбайн хэмжээн талаарх хууль журмыг дагах ёстой бөгөөд хувиараа пэйнтболын буу эзэмшигчид хадгалалтын талаарх мужийн хуулийн дагуу буу эзэмшинэ. Пэйнтболын бууг үндсэндээ Австралид галт зэвсэгт тооцдог.

Австралийн нэг адил, Бүгд Найрамдах Кипр улсад пэйнтбол нь цагдаагийн хяналтад байдаг бөгөөд бүх пэйнтболын бууг бүртгүүлж, гэрчилгээ авах ёстой байдаг. Харин пэйнтболын талбай нь тодорхой стандартын шаардлагын хангасан байхыг шаарддаг бөгөөд пэйнтболын талбай ажиллуулах зөвшөөрөл авахын тулд цагдаагаар хяналт, шалгалт хийлгэнэ. Хувьдаа пэйнтболын буу худалдан авах явц маш нарийн түвэгтэй бөгөөд худалдан авагч цэргийн алба хаасан, ял шийтгэл эдэлж байгаагүй байхын зэрэгцээ насанд хүрсэн этгээд байна.

Пэйнтбол тоглохыг зөвшөөрөх насны доод хязгаар нь 14 бөгөөд эцэг эхийн зөвшөөрлийг авсан байна. Мөн 16-18 насныхан ч адил эцэг, эхийн зөвшөөрлийг авдаг. Мөн бүх тоглогч хамгаалалтын маск, хүзүү болон цээжний хамгаалалтын өмсөх ёстой. Пэйнтболын бууны сумны хурд нэг секунд дэх фрэйм 290-аас хэтрэхгүй, буудлагын хурд хамгийн дээд тал нь 12бит/с байна.

Германд пэйнтболыг 18-аас доош насныханд хориглосон. Пэйнтболын бууг галт зэвсэгт тооцдог ч лиценз, зөвшөөрөл шаарддаггүй. Тэдгээрийг худалдан авах, ашиглахыг насанд хүрэгчдэд хуулиар зөвшөөрсөн. 2009 оны 5 сард Виннендоны дунд сургуульд болсон буудалцааны дараагаар Германы хууль тогтоогчид хүчирхийллийг дэмжсэн хэмээн пэйнтбол зэрэг тоглоомыг хориглохоо мэдэгдсэн ч, хэдэн өдрийн дараа төлөвлөгөөг хүчингүй болгожээ. Германд гадна талбайд тоглодог пэйнтболын газруудад нүүрээ нуусан хувцас өмсөх эсхүл бодит буу шиг харагддаг пэйнтболын буу ашиглахыг хориглосон.

Пэйнтболыг Ирландад амралт чөлөөт цагаа өнгөрөөх тоглоом хэмээн хүлээн зөвшөөрсөн бөгөөд тодорхой зохицуулах журам байдаггүй. Хойд Ирландад пэйнтболын бууг галт зэвсгийн ангилалд багтаасан бөгөөд ийм буу эзэмшигчид нь Хойд Ирландын Цагдаагийн албанаас зөвшөөрөл авах ёстой байдаг. Мөн пэйнтбол тоглох насны доод хязгаарыг 16 хэмээн тогтоосон.

Шинэ Зеландын хуулиар пэйнтболын бууг хийн буу гэж ангилсан бөгөөд 18-аас дээш насныхан тоглох болон пэйнтболын буу эзэмшихийг зөвшөөрсөн (Харин 16-18 насныхан галт зэвсгийн зөвшөөрөл авах шаардлагатай). 2012 оны Гал зэвсгийн тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр, автомат ажиллагаатай пэйнтболын бууг худалдан авах, ашиглахыг хуулиар зөвшөөрсөн. Цэргийн бууг дууриалгасан хувилбарт импортын зөвшөөрөл шаарддаг.

Нэгдсэн Вант Улсын Пэйнтболын Спортын Холбоо (UKPSF) бол Их Британийн хараат бус, ашгийн төлөө бус пэйнтболын байгууллага юм. Тус байгууллага нь Их Британид зохиогдох пэйнтболын арга хэмжээний аюулгүй байдал, чанарыг хангадаг хараат бус байгууллага юм. UKPSF-ийн магадлал итгэмжлэл нь тус байгууллагын эрүүл ахуй, аюулгүй байдалд тавигдах үндсэн шаардлагыг хангуулах зорилготой.

Их Британийн пэйнтболын буунд холбогдох хуульд үүнийг хүний биед гэмтэл учруулахаасаа илүүтэй сум нь задардаг тул Хийн зэвсэг хэмээн ангилсан. Тухайн буу нь секундэд 300 фут-ээс дээш хурдтай (91м/с) галладаггүй л бол эзэмшигч зөвшөөрөл авах шаардлагатай байдаг. Зөвхөн зөвшөөрөгдсөн пэйнтболыг хэрэглэх бөгөөд буу нь бүрэн автомат байна. Пэйнтболын буу эзэмших насны доод хязгаар 17 байх бөгөөд клуб, галерей эсхүл хувийн өмчийг онилох зэргийг хориглосон. Пэйнтболын бууг олон нийтийн газарт авч явахыг мөн хориглосон. Пэйнтбол тоглох насны доод хязгаарыг 10 хэмээн тогтоосон авч хүч багатай бууг түүнээс бага насныхан ашиглан тоглож болох ажээ.

АНУ-ын найман мужид пэйнтболын буунд хамаарах тодорхой хууль журам гаргасан байдаг. Пенсилваниад, пэйнтболын бууг тээвэрлэхэд тусгай шаардлага тавих бөгөөд пэйнтбол тоглох үед ашиглахаас бусад үед ашиглах болон эд хөрөнгөд хохирол учруулахаар ашиглахыг хориглоно. Нью-Хэмпшир болон Род-Айлэндэд пэйнтболын буу эзэмших насны доод хязгаар 18 ажээ. Иллинойст эзэмшигч нь 12 наснаас дээш байх бөгөөд түүнийг зөвхөн хувийн байр эсхүл онилох хүрээг хязгаарласан орчинд аюулгүй ашиглахыг зөвшөөрсөн.

Виржиниа муж бол пэйнтболын бууны талаар захирамж гаргасан хоёр мужийн нэг бөгөөд зөвхөн орон нутгийн удирдлагууд зөвшөөрөл олгодог. Делаварт зөвхөн Вилмингтонд, гэхдээ ферм дээр тоглохыг зөвшөөрчээ. Флорида болон Техаст засаг захиргааны газраас зөвшөөрөл олгохоор заасан. Үндсэндээ бүх хууль тогтоомжид, пэйнтболын бууг зориулалтын бус байдлаар эсхүл зориулалтын талбайн гадна ашиглах нь олон түмний амгалан тайван байдлыг алдагдуулсан, эмх замбараагүй байдал үүсгэсэн, гэмт хэргийн санаа агуулсан эсхүл хүндрүүлэх шалтгаан бүхий танхайрал зэрэг үндэслэлээр эрүүгийн хариуцлага ногдуулахад хүргэж болзошгүй юм.

Дэлхий дахинд пэйнтболл

[засварлах | кодоор засварлах]

Хатуу чанд хууль тогтоомжтой ч, пэйнтбол өрсөлдөөнт спорт гэдэг утгаар нэлээд хөгжиж байгаа бөгөөд улс даяар хэд хэдэн лиг, тэмцээн зохион байгуулагддаг. Муж бүрд пэйнтболын талбай байх бөгөөд пэйнтболын буу эзэмшихийг хуулиар зөвшөөрсөн.

Ийстерн Тауншип болон Лаурентианст хэд хэдэн пэйнтболын талбай нээгдсэн. Анхандаа эдгээр талбай нь мод, хуучин хаймар болон торхоор тохижуулсан маш энгийн бүтэцтэй задгай талбайнууд байжээ. Харри Кругер 1980-аад оноос хойш Албертад “Тугийг булаах” гэж алдаршсан пэйнтболын талбайг ажиллуулж байгаа юм. 1995 онд Ланаудиерийн бүс нутагт Алфонзе-Родригезэд “Бигфүүт Пэйнтбол” төв нээгджээ. Хэдхэн жилийн дараагаар л Кэбэкт пэйнтбол эрчимтэй хөгжсөн байна. 2013 онд пэйнтбол Канадад хүчээ авч Канадын дийлэнх том хотуудад пэйнтболын дотор тоглох байгууламжууд олноор баригдсан бөгөөд хөдөө орон нутгаар ч мөн задгай талбайнууд олноор бий болжээ.

Кипр 10 орчим талбай байдгаар хамгийн алдартай нь Никозиад байдаг Lapatsa Paintball Ranch, Пафост байдаг DNA-Paintball, Лимасолд байдаг Paintball Cyprus тус тус багтана. Бүгд Найрамдах Кипр улс нь CRL, CSL зэрэг лигүүдтэй. Лиг бүр нь сар болгон тэмцээн зохион байгуулдаг нэг улирлын үргэлжлэх хугацаа ихэвчлэн 7-9 сар байдаг.

Данид пэйнтболын спорт нэлээд хөгжсөн. Данид гадна болон дотор тоглодог нийт 25 пэйнтболын талбай байдаг. Төв Европт хамгийн томдоо ордог дотор тоглодог пэйнтболын төв Копенхаген хотод байдаг.

2005 онд TPCI (The Paintball Co.) Азийн бүс нутагт пэйнтболын спортыг хөгжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэдэг PALS (Пэйнтболын Азийн Лиг)-тэй хамтарч энэхүү спортыг Энэтхэг улсад нэвтрүүлэх ажлын хүрээнд Харяана мужийн Гургаонд Дамдама нуурын эрэгт пэйнтболлын паркиыг байгуулжээ.

Энэтхэгт, тус спортыг хөгжүүлэхэд гарах зардлыг танах, Энэтхэгийн хатуу ширүүн уур амьсгалд тохируулах үүднээс 2005 оноос хойш шинэлэг арга хэмжээнүүдийг авсан. Тус спортыг сурталчлах зорилгоор PALS болон TPCI хамтран 2007 онд Энэтхэгийн Спортын байгууллагатай хамтран ажиллаж, хөдөлмөр эрхлээгүй залуусыг сургасан бөгөөд өдгөө Энэтхэг 200 гаруй пэйнтболын талбайтай болжээ. Өнөөдөр Энэтхэг улс пэйнтбол болон бусад түүний бусад тоноглолуудыг үйлдвэрлээд зогсохгүй, дэлхий дахинд экспортлох мэргэжлийн пэйнтболын бууг угсарч байна. 2007 оноос хойш, TPCI жил бүр Энэтхэгийн засгийн газар болон бусад үйлдвэр, аж ахуй нэгжүүдийн дэмжлэгтэйгээр үндэсний лигийн тэмцээнийг зохион явуулж байна. Энэтхэгийн хоёр дахь лиг болох Үндэсний Пэйнтболын Лиг нь 2010 онд пэйнтболын спортыг Өмнөд Энэтхэгт сурталчлах зорилготой TPCI-ын удирдах ажилтнуудын нэгний санаачлагаар байгуулагдсан. Энэтхэгийн Спортын Газар нь тус спортыг зохицуулах стандарт дүрэм гаргаж байгаа ажээ. Гэвч хэд хэдэн бүтэлгүй тохиолдол бүртгэгдсэний дотор хуурамч, чанар муутай тоног төхөөрөмж ашигласан, Олон улсын чанарын стандартуудыг дордуулсан хэргүүд гарчээ. NPCI, PALS нар Энэтхэгийн Спортын Газартай зөвшөөрөлгүй пэйнтболын паркуудыг зохицуулах, бүрэн хэмжээний Сургалт, Гэрчилгээжүүлэлт болон Аудитын ажиллагааг авч хэрэгжүүлэх ажлыг хэлэлцэж байгаа ажээ.

Шинэ Дели болон Банглор зэрэг IT компаниуд олноор байдаг газруудад пэйнтболыг байгууллагын сургалтын хэрэгсэл болгон ашиглаж байна.

Иранд пэйнтбол мөн түгээмэл спорт. Бараг хот бүрд нэг эсхүл хэд хэдэн пэйнтболын талбай байдаг бөгөөд муж бүрд үндэсний лигт тоглодог баг байдаг. Иран өөрөө үндэсний багтай.

Ливаны Хезболла зэвсэгт бүлэг пэйнтболыг сургуулилалт хийх зорилгоор ашигладаг.

Өмнөд Африкт 1980-аад оны сүүл үеэс хойш пэйнтболын спортыг хөгжүүлсэн. Пэйнтболд хамаарах цорын ганц гэгдэх эрх зүйн зохицуулалт нь пэйнтболын бууг олон нийтийн газарт хориглосон явдал юм. Пэйнтболын буу эзэмшихэд зөвшөөрөл шаарддаггүй бөгөөд насны хязгаар ч тогтоогоогүй. Гэхдээ “Аюултай зэвсгийн тухай акт”-ыг хэрэгжүүлэх тухай асуудал энэ байдлыг өөрчилж магадгүй байгаа ажээ.

Өмнөд Африкт тус спорт нэвтэрсэн цагаасаа хойш тогтвортой хөгжиж байгаа ажээ. Бушбол (Bushball) нь улс даяар тархсан хамгийн түгээмэл төрөл хэдий ч сүүлийн жилүүдэд спийдбол хурдацтай өсөж байгаа. Өмнөд Африкийн Пэйнтболын Лиг 2002 онд байгуулагдсан. 2013 онд Өмнөд Африк Францын Парист болсон анхны Пэйнтболын Дэлхийн Цомын тэмцээнд багаа оролцуулжээ. Өмнөд Африкийн баг дэлхийд албан ёсоор 13 дугаарт бичигддэг.

The Tippmann Challenge, D-Day болон Navy Festival SWAT Challenge зэрэг алдартай тэмцээнүүдэд улс орон даяар зуу зуун тоглогчид оролцдог.

Хамгийн анхны олон нийтэд зориулсан пэйнтболын тоглолтыг 2013 онд Swartkop Airshow-ийн үеэр Өмнөд Африкт зохион байгуулжээ. 80 гаруй пэйнтболын тоглогч зэвсгийн наймаачид террористуудын эсрэг дайралтын үзүүлбэр үзүүлэхэд оролцжээ.

Одоогийн байдлаар Өмнөд Африкт үндэсний спийдболын хамгийн том лиг нь 500 гаруй гишүүнтэй SARPL (Өмнөд Африкын Бүсийн Пэйнтболлын Лиг) ажээ. Тус лиг нь жилд үндэсний болон бүс нутгийн чанартай 31 арга хэмжээнд оролцдог.

Пэйнтбол Малайзад маш түгээмэл спорт. Малайз пэйнтболын тоглогчдын хэмжээгээр Азид тэргүүлдэг. Пэйнтболын Азийн Лиг (PALS)-ийн төв байр нийслэл Куала-Лампур хотын орчим Петалинг Жаяа хэмээх газарт байрладаг. Тэд улсдаа болон Азийн бүс нутагт тэмцээн, арга хэмжээ зохион байгуулдаг.

PALS-ийн зохион байгуулдаг тэмцээнээс гадна, Малайзын Үндэсний Пэйнтболын Лиг (MY-NPL), Малайзын Супер Долоо (Malaysian Super Sevens Series), Дэлхийн Пэйнтбол Тоглогчдын Лиг (WPPL), Малайзын Үнэмлэхүй Вүүдболын Лиг (UWL Malaysia) болон Тактикnaн Пэйнтболын Аварга шалгаруулах (TPC) тэмцээнүүд байдаг. Дэлхийн Пэйнтболын Цомын Азийн Тэмцээн жил бүр Ланкави арал дээр зохион байгуулагддаг.

Олон улсын зохиомжит пэйнтболын тэмцээн (ISPG) зэрэг жил тутам зохиогддог хэд хэдэн вүүдсболын болон зохиомжит пэйнтболын томоохон тэмцээнүүд явагддаг ба Paintball Warfare Group Malaysia (P.W.G-Malaysia)-аас зохион явуулдаг тэмцээн мөн багтдаг. Улс орон даяар бараг бүх томоохон хотуудад пэйнтболын талбай байдаг бөгөөд дийлэнх нь Кланг хөндийн бүс нутагт төвлөрсөн байдаг. 2013 оны 12 сард, Малайзын Эзэн Хааны Цагдаагийн Газраас пэйнтболын бууг эзэмшихэд зөвшөөрөл шаардах болсныг мэдэгдсэн байна. Пэйнтболын зарим байгууллагууд үүнийг “томоохон цохилт” болно гэж байхад, нөгөө хэсэг нь энэ мэдэгдэл пэйнтболын спортод огтхон ч нөлөөлөхгүй гэж үзэж байгаа ажээ.