Рашаан хад
Рашаан хад нь Хэнтий аймгийн Батширээт сумын нутаг Биндэр уулын зүүн урд байрлана.
Рашаан хадны дурсгалт газрыг анхлан Х.Пэрлээ олж илрүүлэн судалгааны эргэлтэд оруулжээ. Тус сууринд чулуун зэвсгийн малтлагыг анх 1974 онд Х.Пэрлээ хийж улмаар МЗТСХЭ-ийн анги 1980, 1981 онд бага хэмжээний туршилтын малтлага хийсэн. 2011-2014 онд Монгол-Солонгосын хамтарсан чулуун зэвсгийн судалгааны анги тус сууринд ажиллаж малтлага судалгааны ажлыг гүйцэтгэсэн бөгөөд он цагийн хамаарлын асуудлыг нарийн тогтоосон. Рашаан хадны суурин нь палеолитын дээд шатны эхнээс мезолит, неолитын үе хүртэлх олон соёлт давхарга бүхий томоохон суурин юм. Дээд палеолитын үеэс эхлэн дундад эртний үе хүртэлх олон мянган эд өлгийн зүйл малтлагаар илэрсэн байдаг. 2011-2014 онд хийсэн малтлага судалгааны дүнд он цагийн хамаарлын асуудлыг нарийн тогтоосон байна. Тухайн жилүүдэд хийсэн малтлага судалгааны дүнд 7800 орчим чулуун зэвсгийн дурсгал илрүүлэн олсон.
Чулуун зэвсгийн дурсгалаас гадна Рашаан хадны цохио хаднаа палеолитын үеэс дундад эртний үе хүртлэх хугацаанд холбогдох хадны зураг, тамга тэмдэг, олон хэвийн бичээс сийлээстэй байхаас гадна энгэр, ээвэр газраар булш, тахилгын байгууламж зэрэг археологийн дурсгал нэн элбэг.
Рашаан хадны палеолитын хадны зураг
[засварлах | кодоор засварлах]Рашаан хаднаа түүхийн өөр өөр үед хамаарах хэдэн зуун тамга тэмдэг, хүн амьтны дүрс зураг нь байдаг бөгөөд хуучин чулуун зэвсгийн үед ч хамаарах зургууд бий. Рашаан хадны палеолитын үеийн зураг түүхийн хожуу үед холбогдох бусад зургаас дүрсэлсэн амьтан, дүрслэлийн арга барилаараа өвөрмөц юм. Үүнд, арслан заан, савгат хирс хожуу үеийн зургуудаас хэмжээгээрээ том төдийгүй, амьтдын дүрсний гадаад хүрээг харьцангуй өргөн гарган дүрсэлж, түүний ерөнхий төрхийг гаргахыг хичээснээс бус, түүнийг нарийн уртай, байгаа байдлыг яг хуулбарлан гаргахыг эрмэлзээгүй байдал ажиглагдаж байна.
Рашаан хадны палеолитын сууринд хийсэн малтлагаас илэрсэн ясны дээжинд хийсэн он цаг тогтоох шинжилгээгээр 35630 ±180, 41340-40353, 35070±180, 40905-39436 жилийн өмнөх үед холбогдох нь тогтоогдсон.