Jump to content

Ренчиндоржийн Ганбат

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Рэнцэндоржийн Ганбат (1955-2018) нь Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн цолтой, хөгжмийн зохиолч хүн байв.

Р.Ганбат 1955 оны 2 сарын 18-нд Улаанбаатар хотноо цэргийн болоод иргэний нисэгч Рэнцэндорж, Монголын анхны стюардесс Цэрэнцоо нарын гэр бүлд мэндэлжээ. Түүний эцэг Рэнцэндорж нь Хөвсгөл аймгийн Ханх суманд 1919 онд төрсөн, Чонос овгийн хүн байсан бөгөөд дайны жилүүдэд сөнөөгч, бөмбөгдөгч онгоцны жолооч байж, командлалаас өгсөн олон үүрэг даалгаврыг амжилттай гүйцэтгэж явжээ. Монгол орон энхийн замд орсон жилүүдэд алдарт нисгэгч иргэний агаарын тээврийн салбарт шилжсэн юм. Тэрээр нийт 42 жил агаарын хөлөг жолоодсон, дэд хурандаа цолтой хүн байлаа. Ээж Цэрэнцоо нь 1930 онд Сэлэнгэ аймгийн Ерөө суманд төрсөн Хорь буриадын Батнай овгийн бүсгүй байв.

Хөгжмийн зохиолч, дэд хурандаа Ганбат Хөгжим бүжгийн дунд сургуулийн морин хуурын ангийг нэрт морин хуурч Жамьянгийн удирдлага дор суралцан 1973 онд төгсөж, морин хуурч мэргэжил эзэмшжээ. Тэрээр 1980 онд Улаанбаатар хотын харьяат Гомбын Баярмай хэмээх бүсгүйтэй гэрлэн Ундраа, Учрал хэмээх хоёр охины аав болжээ. Ганбат нь 1980-1986 онд Москва хотын П.И.Чайковскийн нэрэмжит хөгжмийн их сургуулийг "Цэргийн хөгжмийн удирдаач" мэргэжлээр суралцаж төгссөн. ЦДБЭЧ-т жирийн хөгжимчнөөс хөгжмийн удирдаач, уран сайхны удирдагч, ерөнхий найруулагч,дэд дарга болтлоо ажиллаж, чуулгынхаа урын санг цэрэг эх орон болон, ардын уламжлалт, сонгодог болон орчин үеийн сэдэвт олон арван бvтээлээрээ баяжуулан ирсэн байна. Ганбат 30 гаруй найрал хөгжмийг найруулж удирдан, сонсогч түмэндээ хүргэсэн юм. Түүний нийтийн болоод цэргийн дууны бүтээл болох "Насны ганцхан хань", "Баярын жагсаал", "Үдэлт", "Цогтын цэргүүд" "Дандар баатар" зэрэг дуу нь ард түмний дуртай дуу болон мөнхөрсөн билээ.