Jump to content

Ройтерс агентлаг

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Ройтерс агентлаг (англи. Reuters [ˈrɔɪtəz]) -19-р зууны дунд үеэс дэлхийн хамгийн том олон улсын болон санхүүгийн мэдээллийн агентлагуудын нэг юм.

2008 оны 4-р сард Ройтерс агентлагийг Thomson Компани худалдаж авсан. Үүний дараа нь Thomson Reuters гэж нэрлэгддэг болсон юм.

Ройтерс агентлагийг 1851 онд германы сэтгүүлч Пол Жулиус Ройтер үүсгэн байгуулсан бөгөөд тэрээр Лондонд тус агентлагийн анхны оффисыг нээж хөрөнгийн зах зээлийн мэдээг Парис руу шинэ телеграф сувгаар дамжуулж байжээ. Өмнө нь тэрээр Аахен, Брюссель хоёрын хооронд хөрөнгийн биржийн тайлан мэдээг шувуугаар буюу тусгайлан сургасан тагтаагаар хүргэдэг байжээ.

Удалгүй The Reuters Telegram компани байгуулагдсан. Шинэ компанийн мэдээллийн тайлангуудыг арилжааны мэдээнд үндэслэн гаргадаг байсан.

Тус агентлаг нь сэдвүүдийг хамрах хүрээгээ тэлж, удалгүй хамгийн үр дүнтэй бөгөөд нэр хүндтэй мэдээ нэгтгэн хүргэгч болсон. Үүнд Ройтерс агентлаг Абрахам Линкольныг хөнөөсөн тухай мэдээг хамгийн түрүүнд мэдээлсэн юм. Одоогоор мэдээний чиглэлээр мэргэшсэн бараг бүх томоохон хэвлэлүүд Ройтерс агентлагаас мэдээллийг захиалж авдаг байна.

Тус агентлаг нь 91 улсад 14000 гаруй ажилтантай бөгөөд тэдгээрийн 2300 нь сэтгүүлч, гэрэл зургийн сэтгүүлч, видео зураглаач юм. Ройтерс агентлаг дэлхий даяар нийт 197 салбарт товчоотой.

Тус агентлаг нь үндсэн орлогоо мэдээллийн чанартай материал борлуулснаас бус харин зах зээлийн салбарт ажиллаж буй мэргэжилтнүүдэд зах зээлийн хамгийн чухал мэдээлэл, санхүүгийн болон түүхий эдийн зах зээлийн талаархи аналитик тайлангуудыг боловсруулж өгч авдаг байна.