Садик Хан
Садик Аман Хан (англи: Sadiq Aman Khan, урдү хэл. صادق امان خان; 1970 оны 10-р сарын 8-нд Их Британий Лондон хотод төрсөн) - Пакистан гаралтай Их Британийн Хөдөлмөрийн намын улс төрч, 2005 онд Парламентын танхимын гишүүн, намын социал-демократ жигүүрийн төлөөлөгч. Гордон Брауны Засгийн газрын Тээврийн сайд (2009–2010). 2016 оны 5-р сарын 9-нд анх Лондон хотын даргаар сонгогдож, 2021 онд улиран сонгогдож сүүлд 2024 оны 5-р сарын 5-нд 3 дахь удаагаа тус хотын даргаар сонгогдоод байна.
Садик Хан 2016 оны 5-р сарын 6-нд Консерватив намын Борис Жонсоны оронд Лондон хотын даргаар сонгогдсон байна. Их Британий үндэстний цөөнхөөс гаралтай Лондон хотын анхны дарга болсон. Хотын даргын хувьд тэрээр Лондон хотын нийтийн тээврийн үйлчилгээний үнийг хязгаарлах шинэчлэлийг эхлүүлж, Лондонгийн "Гатвик" нисэх онгоцны буудлын өргөтгөлийг дэмжиж, хотын төрөл бүрийн олон нийтийг нэгтгэхэд анхаарлаа хандуулсан. Садик Ханыг "Time" сэтгүүл дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 хүний жагсаалтад оруулсан байна.
Хувийн амьдрал
[засварлах | кодоор засварлах]Садик Ханы эцэг Аманулла Хан, эх Сехрон Хан. 1970 онд Садикийг төрөхөөс өмнөхөн (тэр тэдний найман хүүхдийн тав дахь нь байсан) тэд Пакистанаас Их Британи руу цагаачилсан (эцэг эх нь 1947 онд Энэтхэгийг хуваах үеэр Энэтхэгээс Пакистан руу цагаачилсан). Эцэг Аманулла Хан Лондонд 25 гаруй жил автобусны жолоочоор ажиллаж, үйлдвэрчний эвлэлийн гишүүн бөгөөд эх Сехрон оёдолчин байжээ. Садикын эцэг Хөдөлмөрийн намыг дэмжигч байсан. 1994 онд Садик Хан хуульч-өмгөөлөгч Саадия Ахмедтэй гэрлэжээ. Садик Хан Аниса (1999 онд төрсөн), Аммара (2001 онд төрсөн) гэсэн хоёр охинтой. Хөлбөмбөгийн "Ливерпүүл", крикетын "Суррей Каунтиг" (Surrey County Cricket Club) багийг дэмждэг байна.