Санжийн Чойвон

С.Чойвон тэргүүтэй Монголын дугуйчид Бээжин хотод орж ирлээ. Cанжийн Чойвон багш Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын харьяат хүн юм. Хүний амьдрал баялаг эрээнтэй бараантай хорвоод амь зууж арга эвээ олж чадсан нь гайхалтай. Учир нь юу вэ гэвэл 1923 онд Буриадын Бичүүрийн районы Харлан тосгонд Санжийн 3-р хүү болон мэндэлжээ. Дээрээ 2 эгчтэй эцэг эхээс 3лаа юм байна. Чойвон хүүг 5 6 орчим настай байх үед нь садангийн эмэгтэй Алтанбулаг руу дагуулж дархан Балдангийнд очих боллоо. Энэ хүн Харлан Алтанбулаг хоёрын хооронд байнга явдаг байжээ. Балдан гуайнд ирээд 2 хонож байтал гэнэт хил хааж буутай цэргүүд зогсож явуулсангүй. Сталин Чойбалсан нарын нууц тушаалаар хилийн зурвас тогтоож их хэлмэгдүүлэлт эхэллээ. Төдхөн Балдан дархан болон эгчийг нь До яамныхан барьж аваад явлаа. Сураг чимээ алдарчээ. Хүний газар гүний хошуунд хүн танихгүй бага балчир Чойвон хүүд хүндээр тусах нь ойлгомжтой. Уг айлдаа нэргүй зарц болж мал маллах болон ойр зуур зарагдсаар 10-аад нас хүрч байтал ардын сургуульд хүүхэд бүртгэж сургуульд орлоо. Ажилсаг цовоо Чойвон хүү хичээлдээ мэрийж суралцсаар сурлага сайтай улс эх оронд хэрэг болох хүн болгоно гээд удалгүй үлгэр жишээ 1-р арван жилийн сургуулийн сурагч болж Улаанбаатар хотноо уригдаж иржээ. Дайны хүнд жилүүд үргэлжилсээр Монгол улсын их сургуулийн 2 дахь удаагийн элсэлтээр 8-р анги төгссөн Чойвон хүү оюутан боллоо. Удалгүй залуучуудын эвлэлийн идэвхтэн гишүүн болж ажил үүрэг ч ундарч ур чадвараа олон түмэндээ харуулсаар идэвхи зүтгэлтэй ухуулагч залуу Чойвон маршал жанжин Чойбалсангийн хараанд өртөж өрөөнд нь шууд ордог фото зурагчин болсон гэж байгаа. Мөн намын төв хороонд зааварлагч шинэ хүчний дээд сургууль буюу намын дээд сургуульд багш хийсээр 1968 онд Дархан хотын 3-р арван жилийн сургуульд тоо физикийн багшаар олон жил ажиллажээ. 1981 оны 2-р сарын 22-ний ням гаригийн спортын мэдээ сонинд “Аялалаар эхэлсэн алдар” тэмдэглэлээс 1944 онд МАХН-ний 23 жилийн ойг угтаж цанын уртын аялал хийх санаачлалыг Б.Жигмэддорж ардын биеийн тамирыг сайжруулах төв зөвлөлийн дарга байхдаа гаргаж УБ- Төв- Булган- Хөвсгөл- Хатгал -Ханх-УБ гэсэн чиглэл 2160 км аялал хийхээр болов. Аялалыг нийслэлийн хөдөлмөрчид туг далбаа лоозон барьж жагсаад хотоос гартал нь Ю.Цэдэнбал дарга өөрийн биеэр үдэн гаргаж өгчээ. Аялалд оёдолын үйлдвэрийн нэгдэлийн арга зүйч Гунгаа теннисний дасгалжуулагч багш Чойвон циркчин Дорж Жигмэддорж нар маршрут ёсоор аялалаа дуусгаж иржээ. Очсон газар бүрт нь малчид хөдөлмөрчид сайхан угтан авч хүндэтгэн дайлж тамирчид хариуд нь биеийн тамирын ач тусын тухай ярьж дуу дуулж, бүжиг хийж, мондалин хөгжим тоглож, гар болон шүдээрээ гийр өргө,ж цанаар цас овоолж байгаад харайх цанаар явуут бай буудах зэрэг үзүүлбэр үзүүлж байжээ. Мөн 1953 онд УБ-Бээжин дугуйн аялалын Монголын багийн бүрэлдэхүүнд орж аялалдаа амжилттай явж залуугийн эд хаваар алдар нэрээ дуурсгаж явах үедээ ширээний теннис гэдэг гайхамшигтай спортыг Монгол улсдаа анх удаа авчирч сурталчилж дэлгэрүүлсэн гавьяатай хүн билээ. Энэ хүний туулсан амьдрал замналыг сонирхон судлаж та бүхэндээ толилуулж яав ч энгийн биш хүн, бид бас азтай, энэ хүнтэй учирч чаджээ гэж бодож байна. Эд насандаа номтой их нөхөрлөж Серенгети сөнөх учиргүй гэдэг номыг орос хэлнээс, ширээний теннисний гарын авлага сурах бичгийг Бандихүүтэй хамтарч хятад хэлнээс орчуулж байлаа. Ширээний теннис сонирхогчдын анхны тэмцээн Монголд 1955 онд голын цэнгэлдэх хүрээлэнгийн хашаан дахь модон байшингийн саравчинд явагдаж эрэгтэйчүүдэд С.Чойвон, эмэгтэйчүүдэд Д.Эрдэнэсанаа нар тэргүүн байранд шалгарч анхны аваргууд болж байжээ. Ширээний теннис сонирхогчдын анхдугаар хурлыг 1959 оны 10-р сард хуралдуулж ширээний теннисний спортын үндэсний холбоог байгуулж холбооны даргаар С.Чойвон холбооны нарийн бичгийн даргаар Д.Бандихүү нарыг тус тус сонгож бүлгэмийг төв секц хэмээн нэрлэжээ. 1961 оны ДАШТ-ийн үеэр хуралдсан ДШТХ-ний чуулганаас Монголын ширээний теннисний холбооны анхны ерөнхийлөгч С.Чойвонг ДШТХ хянан шалгах хорооны гишүүнээр сонгосон нь тухайн үедээ спортын түүхэнд шинэ үйл явдал болж Монгол улсын өөр спортын төрлөөс олон улсын спортын байгууллагын сонгуульд оролцож сонгогдож байгаагүй байна. Улсын багш маань Монголын цанын холбоо болон Дугуйн холбооны анхдагчдын нэг юм. Улсын багш маань амьд сэрүүн байсан бол өдгөө 94 настай байх байжээ. Үүнээс улбаалж нэгэн бодол төрснөө та бүгдэдээ хэлье. Монголын ширээний теннисчид бид 2023 онд буюу 6 жилийн дараа С.Чойвон багшийн 100 жилийн ойг өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлэхэд мэдээж та бүхэн дэмжиж хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна. Анхаарал тавьсан та бүхэндээ баярлалаа.