Сансрын телевиз
Сансрын телевиз буюу Хиймэл дагуулын телевиз нь дэлхийн тойрог замд байрласан харилцаа холбооны зориулалттай хиймэл дагуулаар дамжуулан телевизийн нэвтрүүлгүүдийг агаараар хүргэдэг нэгэн төрлийн үйлчилгээ юм. Нэвтрүүлгүүдийг нь хүлээж авахын тулд тавган антенн, тусгай хүлээн авагч хэрэгтэй байдаг. Энэ хүлээн авагч нь зурагттай холбодог, телевизорын дотор суулгасан, тооцоолуурт холбодог зориулсан USB портоор холбогч зэрэг байдлаар өргөн хэрэглэгддэг. Технологийн хувьд давуу талууд ихтэй хиймэл дагуулын телевизийн хэрэглээ дэлхийн ихэнх орнуудад ихэсч кабелийн болон агаарын өргөн нэвтрүүлгийн хэрэглээ буурсаар байна. Судлаачдын таамаглалаас үзэхэд дэлхийд 2014 он гэхэд 250 сая хиймэл дагуулын телевиз хэрэглэгчидтэй болох юм гэсэн тооцоо гарчээ.
Хиймэл дагуулын телевиз нь аналог болон тоон системээр дамжуулагддаг. Монгол улсад 2008 он хүртэл 4 сувгийг аналог системээр дамжуулдаг байсан бөгөөд энэ нь хөдөөний алслагдсан малчид хөдөлмөрчдийн мэдээлэл авах гол суваг байсан юм. 2008 онд Монгол улсын Засгийн газраас зарласан тендэрийн дагуу 10 сувгийг тоон системээр дамжуулах ажил эхлэсэн юм. Уг тендэрт ялалт байгуулсан ДДэшТВ ХХК нь 2009 оноос 18 суваг, 2011 оноос 50 суваг, 2013 оноос эхлэн 64 суваг дамжуулах болсон байна.
Түүх
[засварлах | кодоор засварлах]1962 оны 7 дугаар сард Америкийн корпораци АТТ зохион бүтээсэн мэдээлэл харилцааны Telеstar хиймэл дагуулыг хөөргөсөн нь сансрын телевизийн эринийг нээсэн юм. Үүний үр дүнд АНУ ба Европын хооронд шууд нэвтрүүлэг явуулах боломж бүрджээ. 1960-70-аад оны үед мэдээлэл харилцааны хиймэл дагуулыг сансарт байрлуулж, түүний ашиглалтыг хариуцах, шаардлагатай технологигүй орнуудын теле нэвтрүүлгийн байгууллагуудад сансрын холбооны сувгийг түрээсээр эзэмшүүлэх зорилгоор олон улсын сансрын холбооны байгууллагуудыг байгуулж эхэлжээ. Тэдний дотор АНУ-ын засгийн газартай хамтран ажилладаг «Comsat» корпорацийн хяналтан дор 106 орныг нэгтгэсэн Intelsat – олон улсын консорциум, 26 орны мэдээлэл харилцааны нэгжийг хамарсан Eutelsat - Европын сансрын холбооны байгууллага, мөн 1973 онд байгуулагдсан Зөвлөлтийн эвслийн 14 орныг хиймэл дагуулын харилцаагаар хангах зорилго бүхий Интерспутник томоохон байр эзэлдэг байсан. Мэдээлэл харилцааны хиймэл дагуулыг техникийн хувьд улам боловсронгуй болгож, 70-аад оны дунд үед Америкийн инженер Т.Хауард хиймэл дагуулаас теле нэвтрүүлэг хүлээж авах боломжтой авсаархан төхөөрөмж бүтээсний дараа хувь хүн тавган антенн ашиглан сансрын телевизийн хөтөлбөрийг үзэх боломж бүрдсэн юм. Наяад оны дунд үеэс тавган антеннаар тоноглогдсон авсаархан төхөөрөмжийн тусламжтайгаар сансрын телевизийн нэвтрүүлгийг үзэх өргөн боломж нээгдэж, хиймэл дагуулын телевизийг хүлээн авагчдын тоо эрчимтэй өсөх болжээ.
Технологи
[засварлах | кодоор засварлах]Дэлхийг тойрон эргэх хиймэл дагуулын үндсэн 3 тойрог зам байдаг.
1. GEO тойрог замд хамаарагдах хиймэл дагуулууд нь дэлхийг экваторын дагуу байрлах бөгөөд энэ зам нь дэлхийн төвөөс 42 162 км (26199 miles)-ийн радиуст оршдог. Энэ замд байгаа тухайн нэг хиймэл дагуул нь дэлхийн далайн түвшнээс ойролцоогор 35800 км –д, дэлхийн гадаргуутай харьцуулахад нэг л тогтмол байршилд оршино. Өөрөөр хэлбэл дагуул нь дэлхийг даган синхрон байдлаар эргэх бөгөөд хэрэв хэн нэг нь энэ орбит дээрх тодорхой хиймэл дагуулыг олж харж чадвал, түүнийг өдөр, шөнөөс үл хамааран үргэлж тэнгэрийн нэг л байрлалд олж харна гэсэн үг юм. Энэ орбит дээр байгаа тодорхой нэг дагуул нь дэлхийн гадаргуугын 40%-ийг “харж” (хамарч) чаддаг. Үүнийг заримдаа Clarke орбит ч гэж нэрлэдэг бөгөөд ихэнх телевиз, холбооны, мөн цаг уурын хиймэл дагуулууд энэ тойрог зам дээр байдаг.
2. LEO нь дэлхийд хамгийн ойрхон, далайн түвшнээс ойролцоогоор 2000 км орчмын өндөрт байдаг орбит юм. LEO нь дэлхийн гадаргын өндөр нарийвчлалтай зураг авахад тохиромжтой бөгөөд, дэлхийгээс ирж, буцах дохионы аялах хугацаа бусад орбитоо бодвол хамгийн бага байна.
3. MEO нь далайн түвшнээс 10000 км орчмын өндөрт, GEO болон LEO орбитын хооронд оршино. Энэ замд ихэвчлэн байршил тогтоох хиймэл дагуулуудыг гаргадаг.
Дээр дурьдсанчлан мэдээлэл холбоо харилцааны чиглэлд GEO буюу геостэйшинэри орбитд байрлах хиймэл дагуулуудыг ихэнхдээ хэрэглэдэг бөгөөд дамжуулалтын хувьд одоогоор Си (4–8 GHz), Кэй Ю (12–18 GHz), КА зэрэг зурвасыг /давтамжаараа ялгагддаг/ өргөнөөр ашигладаг. Си зурвасаар голчлон аналог сигналууд дамжуулагддаг бөгөөд хамрах хүрээ нь том байдаг. Кэй Ю зурвасаар тоон телевиз, интернэт, дата дамжуулалт өргөнөөр хэрэглэгдэж байна. Харин КА зурвас нь хамгийн шинэ технологи бөгөөд түүгээр өндөр хурдны интернэт дамжуулагдаж эхэлж байна.
Хиймэл дагуул нь дунджаар 32 хүртэлх Кэй Ю зурвасын транспондер, 24 хүртэлх Си зурвасын транспондер тээвэрлэдэг. Транспондер нь хүлээн авсан дохиог нь боловсруулж эргүүлээд дэлхий руу дамжуулах гол хэсэг юм.
Хиймэл дагуулаас ирсэн дохио жилдээ 2 удаа нарны нөлөөнд орж сарних үзэгдэл гардаг бөгөөд түүнийг нарны нөлөө буюу интерференц гэж нэрлэдэг. Энэ нь дэлхий, хиймэл дагуул хоёрын тойрог зам Нарны хөдлөгөөнтэй давцахыг хэлж байгаа бөгөөд голчлон газар зүйн байрлал, тавган антенний хэмжээ, түүний тохиргоо зэргээс хамаарч 7 хоногийн турш 5-10 минут дохио тасардаг.
Стандартууд
[засварлах | кодоор засварлах]Аналог дамжуулалт нь NTSC, PAL, SECAM зэрэг телевиз дамжуулалтын стандардаар цацагддаг байсан. Харин тоон телевизийн стандарт нь MPEG, DVB-S, DVBS-2 стандартуудаар хэрэглэгчдэд хүрдэг байна.
Төлбөрийн BISS, Conax, Digicipher, Irdeto, Cryptoworks, DG Crypt, Beta digital, SECA Mediaguard, Tongfang, Nagravision, PowerVu, Viaccess, Videocipher, VideoGuard зэрэг шийдлүүд байдаг бөгөөд түүгээр дамжуулан операторууд нь хэрэглэгчдийн мэдээлэл, төлбөр тооцоо, хандах эрхийг нээж хаадаг.
Монголын оператор болох ДДэшТВ ХХК нь АНУ-н Телстар-18/Апстар5 хиймэл дагуулыг түрээслэдэг бөгөөд хэрэглэгчиддээ Кэй Ю зурвасаар үйлчилгээ үзүүлж байгаа. Телстар 18 хиймэл дагуул анх 2004 онд зүүний хагасийн 138-р градуст хөөрсөн бөгөөд 14 жилийн настай юм.
Тоон дамжуулалтын давуу талууд
[засварлах | кодоор засварлах]Монголын өргөн тал нутагт Си зурвасаар телевизийг дамжуулдаг байсан үед дараах сул тал, дутагдлууд байсан юм.
- цөөн сувагтай
- нүүдэллэхэд хэцүү
- маш том антенн шаарддаг
- дохио амархан тасардаг
- хүлээн авагч нь хятад/гадаад хэлтэй
- ямар нэгэн нэмэлт үйлчилгээ авах боломжгүй
- хариуцсан эзэнгүй учраас хаягдмал, задгай зах зээл байсан юм.
Харин Монгол улс хиймэл дагуулын ТВ-н дамжуулалтын тоон технологид шилжсэнээр эдгээр дутагдлууд арилсан гэж үзэж болно. Өнөөдөр зөвхөн хөдөө, орон нутаг гэлгүй сум, аймгийн төв, Улаанбаатар хотод хиймэл дагуулын телевизийн хэрэглээ өдөр бүр өсөн нэмэгдсээр байна. Одоогоор ДДэшТВ ХХК-ны үйлчилгээгээр Full-HD буюу өндөр нягтралтай дуу дүрсний чанартай сувгийг дамжуулж эхэлсэн бөгөөд гадаад, дотоодын 60 гаруй сувгийг Ази тивд хаана ч үзэх боломж нээгдсэн юм. Түүнчлэн доорхи холбоосуудыг ашиглан үнэгүй бусад гадаадын сувгуудыг түгээмэл хэрэглэгддэг хүлээн авагчаар дамжуулан үнэгүй үзэх боломжтой юм.
Эх сурвалжууд
[засварлах | кодоор засварлах]- https://web.archive.org/web/20130521073852/http://www.incomnet.mn/mn/what-is-satelite/what-is-satelite
- http://www.lyngsat.com/Telstar-18.html
- http://space.skyrocket.de/doc_sdat/telstar-18.htm
- http://www.satbeams.com/satellites?id=2267
- http://www.ddishtv.mn/news/news-13.html
Бусад холбоос
[засварлах | кодоор засварлах]- Түүх
- Steve Birkill's History of C-Band and Early Satellite TV
- Mark Long's Russian Statsionar Satellite Systems
- Хиймэл дагуулууд, сувгуудийн тухай мэдээлэл
- Lyngemark Satellite Charts
- Worldwide satellite locations
- Upcoming Satellites
- SES fleet information and map* Arabsat
- SES guide to receiving Astra satellites
- SES guide to channels broadcasting on Astra satellites
- Linowsat PID-Lists and Videobitrate Charts
- Satellite and Digital Broadcasting
- Тооцоолол, бусад