Сахьяагийн Бямба
Сахьяагийн Бямба нь Монголын найруулагч, зураглаач. ВГИК буюу ОХУ-ын кино урлагийн сургуулийг домогт зураглаач Вадим Юсовын удирдлага дор кино зураглаач мэргэжлээр дүүргэсэн.
Нийслэлийн 10 жилийн 1-р дунд сургуулийн математик сургалттай тусгай ангийг төгсөж, Эрхүүгийн Их Сургуульд хэрэглээний математикчаар суралцаж байв. Монгол кино үйлдвэрт туслах зураглаач, операторын техникчээр ажиллаж байгаад 1990-1996 онд Бүх Оросын Кино Урлагийн Дээд Сургуулийн зураглаачийн ангид суралцан, мастер цолтойгоор төгссөн.
1996 оноос хойш гадаадын нэр хүндтэй олон уран бүтээлчидтэй хамтран, баримтат ба уран сайхны 20 гаруй кинонд зураглаач, найруулагч, зохиолч, гүйцэтгэх продюсерээр ажиллажээ. Түүний оролцон бүтээсэн "Нохойн орон", "Монголын дуу", "Алаг үрс", "Хадаг" зэрэг бүтээлүүд нь Венец, Канн, Амстердам, Торонто, Нион, Ямагата зэрэг олон улсын кино наадмуудад амжилттай оролцож, хэд хэдэн нэр хүндтэй шагнал хүртэж, Францын ARTE, Японы NHK зэрэг сувгуудаар гарч байв.
Түүний 2010 онд хийсэн "Хүсэл Шунал" баримтат уран сайхны кино Бусан, Тайвань, Дубай, Гётебург, Тайланд, Сан Франциско, Монтеррей, Ром, Минск болон Тел-Авивын Олон Улсын Кино Наадмуудад шилэгдэн оролцож, 2011 онд “Азиатика” Италийн Ром хотын Азийн Олон Улсын Кино Наадмын Шилдэг Баримтат Кино, Мексикийн Монтеррейн Олон Улсын Кино Наадмын Шилдэг Баримтат Кино, 2010 онд Үндэсний урлагийн дээд шагнал ”Гоо Марал”, Тайванийн Олон Улсын Кино Наадмын “Asia Vision” Гран При шагнал болон Пусаны Олон Улсын Кино наадмын Азийн Баримтат Киноны Холбооны шагналыг тус тус хүртэж байв.
Түүний бүтээсэн “Алсын Удирдлага” кино зохиол 2009 онд Нидерландын Вант Улсын Ханхүү Клаусын нэрэмжит тусгай шагнал, мөн Роттердамын Олон Улсын Кино Наадмын дэргэдэх Хуберт Балс Сангийн шагналыг тус тус хүртэж байсан. Харин энэ киноны дэлхийн нээлт 2014 оны 10-р сард БНСУ-ын Бусаны Олон Улсын Кино Наадам дээр болж, тэрээр улмаар энэ бүтээлээрээ тус наадмын Шинэ Давалгаа Тэргүүн байрын шагналыг хүртсэн болно.