Jump to content

Сонины бичлэгийн төрөл, зүйл (ном)

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Сонины бичлэгийн төрөл, зүйл” ном (УБ. 1994. 9.7 х.х.).

Доктор Л.Норовсүрэнгийн бичсэн эл бүтээл нь сонины бичлэгийн төрөл, зүйлийн талаар бичигдсэн анхны сурах бичиг бөгөөд урьд хэвлэгдэн гарч байсан товхимол, гарын авлагуудаас бичлэгийн төрөл, зүйлийг онолын үүднээс судалж, практик жишээ баримтын үндсэн дээр тайлбарлаж, арга зүйн шинжтэй зөвлөмжүүдийг агуулснаараа онцлогтой юм.

Уг бүтээлд бичлэгийн төрөл зүйлийн тухай ойлголт, бичлэгийн төрлүүдийн нийтлэг болон ялгаатай талууд, ангилал, бичлэгийн хамгийн шуурхай зүйл болох мэдээнээс эхлээд уран нийтлэл хүртэлх мэдээлсэн, шинжлэлт, нийтлэл-уран сайхны 17 бичлэгийн төрөл, зүйлийг авч үзжээ. Сэтгүүл зүйн онолын үндсэн категорийн нэг болох бичлэгийн төрөл зүйл буюу жанрын тухай онол, практик, арга зүйн тодорхой мэдлэг эзэмших нь сонин хэвлэлийн ажилтнууд, идэвхтэн бичигчдэд зарчмын чухал ач холбогдолтой юм. Учир нь бичлэгийн төрөл, зүйл аливаа нийтлэлийн агуулга хэлбэрийн нэгдлийг хангаж, сэтгүүлчийн ур чадварын шалгуур болохын хамт нийтлэл, нэвтрүүлгийн үр нөлөө, үр ашгийг дээшлүүлэхэд нөлөөлдөг гол хүчин зүйл болдог. Тиймээс бичлэгийн төрөл зүйлийн талаар тодорхой мэдлэг, чадвартай болох нь хэвлэл мэдээллийн ажилтнуудын өмнө тулгарч буй чухал зорилтын нэг бөгөөд энэ асуудлыг зохих хэмжээгээр шийдвэрлэхэд энэ бүтээлийн зорилго оршино.

Зохиогч энэхүү сурах бичгийг бэлтгэхдээ Орос болон бусад орны сонины бичлэгийн төрөл, зүйлийн онол, манай сонин хэвлэлд бичлэгийн төрөл зүйлийг хөгжүүлж ирсэн туршлагын аль алиныг анхаарч үзсэний дээр жишээ баримтыг авахдаа монголын ахмад болон авьяаслаг залуу сэтгүүлчдийн бичсэн зүйлд аль болохоор тулгуурлахыг хичээсэн байна. Судлаач урьд өмнө судалгааны эргэлтэнд ороогүй олон баримт мэдээллийг ашиглаж, зарим бичлэгийн төрөл, зүйлд нэн шинэлэг байдлаар хандаж, урьдын дүгнэлт, үзэл баримтлалыг шинэ санаагаар баяжуулсан байна. Номыг доктор Т.Баасансүрэн, Ц.Мөнхжаргал нар редакторлажээ.

1990-ээд оны дунд үеэс манай сэтгүүл зүй судлаачид бичлэгийн төрөл, зүйлийн асуудалд ихээхэн анхаардаг болж, сүүлийн жилүүдэд хэд хэдэн бүтээл хэвлэгдэн гарлаа. Тэдний дотор Л.Норовсүрэнгийн “Монголын тогтмол хэвлэлийн бичлэгийн төрөл, зүйл” (УБ. 1996. 9,8 х.х.) нэг сэдэвт зохиол, Ч.Чойсамбын “Сонины мэдээллийн бичлэгийн төрөл, зүйл” (УБ. 2001, 9 х.х.) сурах бичиг, “Монгол сонины мэдээ” (УБ. 2000, 10 х.х.) нэг сэдэвт зохиол, М.Зулькафиль, Л.Норовсүрэн нарын “Ярилцлага” (УБ. 2003. 8 х.х.) гарын авлага чухал байр эзэлдэг.