Jump to content

Социалист сэтгүүл зүй

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Социалист сэтгүүл зүй (Социалистическая журналистика. Socialist journalism). Социалист сэтгүүл зүйн үүсэл нь нийгмийн санаа бодол болон хөдөлмөрчдийн эрх ашгийн төлөө тэмцэгч улс төрийн бүлэг, байгууллагуудын хөдөлгөөн эрс өөрчлөгдсөнтэй холбоотой бөгөөд зарим оронд феодализмын эсрэг тэмцэл өрнөж, хөрөнгөтний нийгмийн янз бүрийн ангиудын мөргөлдөөн, зөрчил ширүүссэн тэр үед идэвхжиж эхэлсэн юм. Энэ бол Герман, Орос зэрэг хөрөнгөтний ардчилсан хөдөлгөөний хөгжлийн үед социалист үзэл санааг сурталчилж, өөрсдийн тогтмол хэвлэлийг гаргаж байсан ажилчдын бие даасан хөдөлгөөн хүчтэй өрнөсөн орнуудад улам тод ажиглагдсан ажээ.

Германд 1848-1849 онд К.Марксын удирдлагаар Ф.Энгельс болон бусад социалист үзэл санааг дэмжигчдийн оролцоотойгоор “Рейний Шинэ сонин” хэвлэгдэн гарчээ. Орост XIX зууны хоёрдугаар хагаст хувьсгалт ардчилсан болон народник (тариачны хүй нэгдлийг сайшааж, ажилчин ангийг үгүйсгэдэг оросын жижиг хөрөнгөтний сэхээтний нийгэм-улс төрийн хөдөлгөөн) хөдөлгөөний хэвлэлд социалист үзэл санааг сурталчилж байв. Социал-демократ хөдөлгөөний хөгжлийг дагаад Баруун Европын бүх томоохон оронд социалист хэвлэл бий болсон юм. Гэхдээ “социалист үзэл суртлыг боловсруулах, социализмд шилжих замыг тодорхойлох янз бүрийн урсгалуудын хоорондох тэмцэл социалист хөдөлгөөнд хагарал үүсгэж, социал-демократ болон коммунист чиглэл бий болгоход хүргэжээ” (176.118).

Социал-демократ чиглэл

[засварлах | кодоор засварлах]

Социал-демократ чиглэл, түүний хэвлэл нь хөрөнгөтний нийгмийн “тоглоомын зарчмыг” хүлээн зөвшөөрч, аажим аажмаар өөрчлөн шинэчлэх аргаар социалист өөрчлөлтийн замд орохыг чухалчилж байжээ. Мэдэгдэхүйц үр дүнд хүрсэн социал демократ хөдөлгөөн ХХ зууны эцэст шинжлэх ухаан техникийн хувьсгалын нийгмийн үр дагаварыг биеэрээ амсаж, томоохон саад бэрхшээлүүдтэй тулгарч, өөрийнхөө нийгмийн бааз эрс багассан учраас үзэл суртал, улс төрийн бодлогыг эргэж харах, хянан шинэчлэх шаардлага гарчээ. Социал-демократ хөдөлгөөн ихэнх тохиолдолд өөрийнхөө эрх ашгийг хамгаалдаг өөрийн гэсэн ХМХ-гүй байсан боловч сонин хэвлэл, радио, телевизийн нэвтрүүлгийн байр суурь, чиг бодлогод томоохон нөлөө үзүүлсэн онцлогтой юм. Энэ хөдөлгөөний коммунист чиглэл нь Оросын социал-демократ ажилчны намын (ОСДАН) большевик хэсгийнхний дунд үүсч, ялангуяа эх орны нэгдүгээр дайны үед болон Оросын хоёрдугаар сарын хөрөнгөтний ардчилсан хувьсгалын дараа бий болсон социал-демократ хөдөлгөөний хямралын үед нэлээд эрчимтэй хөгжсөн юм. Түүний үйл ажиллагааг үзэл суртлын хувьд “Правда” (1912-1914 онд гарч байсан, мөн хоёрдугаар сарын хувьсгалын дараа дахин гаргаж эхэлсэн) тэргүүтэй коммунист (большевик) хэвлэл болон намын хороодын гаргаж байсан орон нутгийн намын төрөлжсөн хэвлэлүүд хангаж байв.

Октябрийн хувьсгалын дараа

[засварлах | кодоор засварлах]

Октябрийн хувьсгалын дараа Орост хөрөнгөтний бүх хэвлэл, дараа нь өөр социалист хөдөлгөөнүүдийн хэвлэлийг хаажээ. В.И.Ленин нас барсаны дараа намын удирдлагын сталинч хэсгийн эрс ширүүн чиг шугам сөрөг, эсрэг үзлийн аливаа илрэлтэй зөвхөн хэвлэл мэдээлэлд төдийгүй намын дотор ч хатуу тэмцэж, шууд нухчин дарж, догматик шинжтэй харгис ширүүн үзэл суртал дангаар ноёрхох болжээ. Олон нийтийн хэвлэл мэдээллийн бүх хэрэгсэлд бүхэлд нь хатуу хяналт тогтоосон юм. Ийм хатуу хяналтын орчинд үйл ажиллагаа явуулах болсон сэтгүүл зүй янз бүрийн хаалт, хязгаарлагдмал хүрээнд орж, түүнээс нийгмийн амьдралын бүх хүрээ салбарт намын бодлогыг хэрэгжүүлэхийг шаардах болжээ. Товчоор хэлбэл, ОНМХ намын үзэл суртлын зэвсгийн үүргийг гүйцэтгэх болов. Хэдийгээр ийм саад бэрхшээлтэй тулгарч байсан боловч сэтгүүл зүй ялангуяа улс төрийн асуудлуудыг бага хөнддөг салбаруудад уншигч олон түмний нийгмийн идэвхийг хөгжүүлэх, мэдлэг боловсролыг дээшлүүлэх, практик үйл ажиллагаанд татан оролцуулах талаар багагүй зүйл хийсэн. Зарим ХМХ, нийтлэл, нэвтрүүлэг, тусгай булан боолтод амьдралын бодит байдлыг үнэн зөв тусгаж, тулгамдсан олон чухал асуудлыг дэвшүүлэн тавьж, дутагдал, доголдол, гаж үзэгдлүүдийг хурцаар шүүмжилсэн нийтлэл цөөнгүй гарч байсан юм. Монголын нэрт сэтгүүлч, нийтлэлчдийн бүтээлүүд янз бүрийн хяналт, шахалт, шаардлагад өртөж байсан боловч нийгмийн ноцтой асуудлууд, гаж үзэгдлүүдийг үнэн зөвөөр тусгаж, олон түмний анхаарлыг хурц асуудал, сэдвүүдэд хандуулж байлаа.

1970-80-аад оны үед Л.Түдэв, Н.Иштавхай, Ш.Цэен-Ойдов, Н.Цэвэгмид, И.Дамбажав, Ц.Балдорж, Ц.Дашдондов, Ж.Барамсай, Х.Цэвлээ, Го.Жамц нарын нийгэм-эдийн засаг, соёл боловсрол, байгаль хамгааллын сэдвээр бичигдсан хурц нийтлэлүүдийг нэрлэж болно. ЗХУ-ын болон социалист нөхөрлөлийн орнуудын коммунист сэтгүүл зүй нэлээд ээдрээтэй замыг туулж өнгөрүүлсэн юм. Энэ чиглэлийн сэтгүүл зүй нь нэг талаар хүн төрөлхтний хүсэл мөрөөдөл, социализмын үзэл санаанд тулгуурлан ард түмнийг хуучин нийгмийн эсрэг, нийгмийн амьдралын янз бүрийн салбарт социалист бүтээн байгуулалтын төлөө хувьсгалт тэмцэлд уриалан дуудаж, нөгөө талаар аливаа зөв шударга, үзэл бодлыг мушгин гуйвуулж, түүнийг практикт бүтээлчээр хэрэгжүүлэхээс татгалзаж, тоталитар дэглэмийн нөхцөлд тухайн оронд болон хилийн чанадад сэтгүүл зүйн зарчмыг ноцтой зөрчсөн бөгөөд олон түмний итгэлийг алдаж, тэдний сэтгэл зүйгээр тоглож, удирдлагын “гарын үзүүрээр” хөдөлдөг өдөр тутмын дуулгавартай зэвсэг болон хувирсан юм. Нийгмийн хөгжил, түүний дотор сэтгүүл зүйн хүрээн дэх шилжилтийн үе 1985 оноос, өөрөөр хэлбэл, хэвлэл мэдээллийн цензур, үзэл суртлын хатуу хяналтыг устгах, ил тод байдлыг хөгжүүлэх, сэтгүүл зүйн үйл ажиллагааны эрх чөлөөг өргөтгөх, улс төр-үзэл суртлын хүрээнд олон ургальч үзэл нэвтрэх, амьдралд ардчилсан хэм хэмжээг сэргээхэд хүргэсэн ЗХУ-д (хуучин нэрээр) “өөрчлөн байгуулалтын” бодлогыг тунхагласны дараа жинхэнэ утгаараа эхэлсэн. Гэхдээ шилжилтийн үе зөвхөн манай орон болон хуучин социалист хамтын нөхөрлөлийн орнуудад хамаарагдах төдийгүй “хүйтэн дайнд” ялагдал хүлээсэн “коммунизмын сүйрэл”, хамгийн “шилдэг” нийгмийн тогтолцоо болох капитализмын ялалтыг илэрхийлсэн дэлхий дахины үйл явц юм.

1960-70-аад оны үед “дэлхий нийтийг хамарсан тулгамдсан асуудлууд” хэмээх нэрийн дор хүн төрөлхтөнд тулгарсан олон тооны аюул заналын эрс өсөлтөөр “шинэ соёл иргэншлийн” бүрэлдэн тогтох нийгэм-эдийн засгийн урьдач нөхцөл бүрэлдэж эхэлсэн ажээ. Орчин үед дэлхий ертөнц маш өргөн, тодорхой хэмжээгээр нэгдмэл “мэдээллийн орон зайг” эзэлж байна. Өөрийнхөө иргэдийг сөрөг хүчний мэдээллийн нөлөөллөөс хөндийрүүлэх, тухайн оронд гадаадын ХМХ-ийг нэвтрүүлэхийг хязгаарлахыг эрмэлздэг тоталитар дэглэмийн улс орон хүртэл олон улсын институтууд (юуны өмнө НҮБ), хүний эрхийн төлөө тэмцдэг байгууллагуудын үйл ажиллагааны болон газар сайгүй өрнөсөн ардчиллын үйл явцын үр дүнд “өөрөөр сэтгэгчдэд” чиглэгдсэн “мэдээллийн бодлогын” хязгаарлалтыг зөөлрүүлэхэд хүрч байна. Энэ үйл явц зайлшгүй болж байгаа өөр нэг шалтгаан нь орчин үеийн техник хэрэгсэл асар их хэмжээний нууц сонин хэвлэлийн ямар ч төвөггүй үйлдвэрлэж, радио, теле мэдээллийг цаг хугацаа, орон зайн хувьд хязгаарлах боломжгүй болсонтой холбоотой юм. Үүний үр дүнд ихэнх улс оронд “хаант засгийг мөрөөдөгчөөс анархист үзэлтэн хүртэл”, хамгийн “зүүний” үзэлтнээс хэт “барууны” үзэлтэн хүртэлх бүх хүчин олон нийтийн мэдээллийн үйл ажиллагаа явуулах нөхцөл боломж бүрдэж эхэлсэн. Гэхдээ зарим оронд коммунист чиглэлийн хэвлэлийг чөлөөтэй гаргаж, коммунистууд төр, засгийн ХМХ-ээр өөрсдийн үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлэх (төр, засгийн зарим сувгийн үйл ажиллагааг хянах) боломжтой болж байхад хуучин социалист орнуудад коммунистуудад олон нийтийн мэдээллийн үйл ажиллагаа явуулахад багагүй саад бэрхшээл учирч байгаа төдийгүй заримдаа тийм үйл ажиллагааг шууд хориглодог зэрэг сонин нөхцөл бүрдэж байна. Хэдийгээр ийм нөхцөл байдал оршиж байгаа боловч өнгөрсөн үетэй харьцуулахад шилжилтийн үеийн “мэдээллийн орон зай” улам нээлттэй болж, сэтгүүл зүйн үйл ажиллагааны эрх чөлөө, ил тод байдал өргөжиж, нийгмийн институтуудын үйл ажиллагааг нээлттэй болгох үйл явц идэвхжиж байгаа нь ОНМХ-ийн сувгуудаар дамжуулж буй мэдээллийн тоо, хэмжээ, багтаамж нь сайжирч, улам олон янз, сонирхолтой болоход нөлөөлж байна.

Хуучин социалист системд байсан орнуудын улс төрийн тавцанд үйл ажиллагаа явуулж буй янз бүрийн хүчнүүдийн, шинжлэх ухаан, соёл, боловсрол, спортын зэрэг байгууллагуудын болон чиглэл, сонирхлын хувьд өөр өөр иргэдийн эвсэл, холбоо, хувь хүний үзэл бодол, байр суурийг тусгасан, хүлээн авагчдын өргөн хүрээг хамарсан сонин хэвлэл гарч, радио, телевизийн суваг үйл ажиллагаа явуулж байна. Энэхүү ХМХ-үүдийн бодит байдлыг тусгаж буй хандлага, үйл ажиллагаанаас үзэхэд тийм ОНМХ-үүдэд хаант засгийн, шашны клерикаль, ардчилсан болон социалист сэтгүүл зүйн аль алины шинж чанар, онцлог илэрч байгааг төвөггүй ажиглаж болно.