Социал демократ
Социал-демократ номлол, түүний субъектийн түүхэн хөгжлийн явцад ихээхэн хувьсан өөрчлөгдөж иржээ. Энэ номлол нь онолын уг сурвалжийн хувьд марксизмтай холбоотой. XIX зууны эцэс, XX эхэн үеэс социал-демократуудын зарим хэсэг нь марксизмд шүүмжлэлтэй хандах болжээ. Тухайлбал, германы социал-демократ Эдуард Бернштайн 1899 онд хэвлүүлсэн “Социализмын асуудлууд ба социал-демократын зорилт” номондоо энэ байр суурийг нэлээд тодорхой илэрхийлсэн юм. Тэрээр К.Марксын өртгийн онол, ангийн тэмцлийн тухай сургаал, коммунист нийгэм-эдийн засгийн зохион байгууллын тухай марксист үндэслэлүүд нь хөгжилтэй орнуудад бий болж буй бодит үйл явцтай зөрчилдөж , хэрэгжих чадваргүйгээ харууллаа гэж өгүүлжээ. Энэ үзэл санааны үндсэн дээр коммунист хөдөлгөөнөөс салсан хэсэг Э.Бернштайн, К.Каутский, Р.Гильфердинг нарын үзэл баримтлалыг хүлээн зөвшөөрч социал-демократ урсгалд нэгджээ. Дэлхийн II дайнаас хойшхи үеийн социал-демократын хөгжил, хувьсал нь нэн нарийн төвөгтэй, зөрчилтэй аж. Социал-демократ номлолын хувьслыг гурван томоохон үед хувааж үздэг байна. 1950-1960-аад оныг хамрах нэгдүгээр үед социал-демократ намууд мөрийн хөтөлбөрийн баримт бичгүүдээ боловсруулжээ. Энэ үед социал-демократ намууд /СДН/ нэгдмэл ганц үзэл суртлын үндсээс татгалзаж , нийгэмд болж буй бүхий л үйл явдлыг жолоодож болно гэж үзэн холимог эдийн засгийн механизмыг ашиглах замаар эдийн засгийг хөгжүүлэх чиг бодлого баримтлах болжээ. 1951 онд Майн дахь Франкфуртэд (ХБНГУ) болсон Социнтернийг зохион байгуулах их хурлаас баталсан Тунхагт: социализм гагцхүү ардчилсан нийгэмд байх бөгөөд ардчилал нь нийгмийн амьдралын бүх хүрээг болон олон улсын харилцааг бас хамрах ёстой гэж заажээ. Энэ тунхагт нэгдмэл үзэл сурталтай байх шаардлагагүй гэдгийг онцолсон байна. Энэхүү прагматик шинжтэй бодлого нь ялангуяа социал-демократын зүүн жигүүрийнхний зүгээс хүчтэй эсэргүүцэлтэй тулгарчээ. Үүний улмаас 60-аад оны сүүлчээс социал-демократ хөдөлгөөний дотор өргөн шүүмжлэл явагдаж онол, улс төрийн үйл ажиллагааны хоёрдугаар үе эхэлжээ. Зүүний төлөөлөгчид нийгмийг бүхэлд нь чанарын илүү түвшинд хүргэж , капитализмын хүрээнээс халин гаргах, шинэчлэлийн зорилго нь социализмын чиг баримжаатай байх нь чухал гэж үзжээ. Онолын энэ эрэл хайгуул янз бүрийн намын хөтөлбөрт тусгалаа олсон байна. Социал-демократ улс төрийн номлолын өөрчлөлтийн гуравдугаар үе 1980-аад оны хоёрдугаар хагасаас эхлээд эдүгээ үргэлжилж байна гэж үздэг. 1989 онд Стокгольм хотноо хуралдсан Социнтерний ээлжит томоохон их хурал чухал үүрэг гүйцэтгэжээ. Их хурлын баримт бичгээс үзэхэд социал-демократ хөдөлгөөний уламжлалт үнэт зүйлсийг хүндэтгэхийн зэрэгцээ, олон улсын харилцаа, нийгмийн дэвшлийн олон асуудлуудаар номлолоо нэлээд хянан үзэх болсон нь харагддаг. Социал-демократ хөдөлгөөний үзэл суртал, улс төрийн номлол бол ардчилсан социализм юм . Ардчилсан социализмыг нийгмийг өөрчлөх урт удаан хугацааны үйл явц , эдүгээ болон ирээдүйн нийгмийн нөхцөлд явуулах, үйл ажиллагааны зарчим хэмээн үздэг байна. Ардчилсан социализмын тухай тогтсон нэг ойлголт байдаггүй, мөн түүнд хүрэх тодорхой цаг хугацаа ч тогтоодоггүй. Ардчилсан социалист нийгмийг шинэ төлөв байдалд хүргэх нийгмийн өөрчлөлт , шинэчлэлийн тасралтгүй үргэлжлэх үйл явц юм гэж ардчилсан социализмын үзэл санааг ойлгодог байна. Ардчилсан социализм яаж бүрэлдэх вэ? (Социнтерний гол баримт бичгүүдээс үзэхэд) Үе шат: • Улс төрийн ардчиллыг хэрэгжүүлэх • Эдийн засгийн ардчиллыг бий болгох • Чинээлэг амьжиргаа тогтоох явдал ажээ . Эдгээр тус бүрийн агуулгыг авч үзье.
Улс төрийн ардчилал:Үүнд , юуны өмнө олон намын системтэй байх, сөрөг үйл ажиллагаа явуулах эрх чөлөөг хангах, засгийн эрхэнд байгаа намууд халагдаж солигдох боломж зэргийг багтааж ойлгодог. Дарангуйллын аливаа хэлбэр, нэг намын засаглал улс төрийн ардчилалтай үл нийцнэ гэж үздэг. Үүнээс гадна хүний эрх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө , үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөний бие даасан байдал, эрх зүйт төрийн тухай ойлголт улс төрийн ардчиллын бүрэлдэхүүн хэсэг хэмээн үздэг нь агуулгын хувьд улс төрийн бусад ойлголттой ойролцоо юм. .
Эдийн засгийн ардчилал : Үүнд өрнөдөд тогтсон аж ахуйн бүхий л механизмыг ашиглах, ардчилсан зарчмуудыг нэвтрүүлэхийг ойлгодог. Энэхүү баримтлалыг Э. Бернштейн, 1920- иод оны үед К. Реннер, Ф. Нафтали нар боловсруулж иржээ. Эдийн засгийн ардчилал нь макро болон микро түвшинг хамрах ёстой. Микро түвшинд хувийн болон улсын үйлдвэрийг удирдахад хөдөлмөрчдийн оролцоог нэмэгдүүлэх зэрэг зорилтууд хамаарна. Энэ бүгд нь социал түншлэлийн зарчимд тулгуурласан нийгмийн тухай ойлголтыг гаргаж ирсэн билээ. Эдийн засгийн ардчиллыг ажил үүргийн үүднээс авч үзвэл аж ахуйн үйл ажиллагааны ихэнх хүрээнд үйлдвэрлэлийн зөвлөлүүдээс тавих хяналтыг бий болгох ёстой гэж үзнэ. Хөдөлмөрчин хүнийг эдийн засгийн хүрээнд шийдвэр гаргахад оролцуулдаг болсноор эдийн засгийн ардчилал нь зах зээлийн аж ахуйн нэгэн альтернатив болно гэж дүгнэдэг байна.
Чинээлэг амьжиргаа бүхий улс: Энэ ойлголтоор орчин үеийн нийгмийн социал институтын цогцыг илэрхийлнэ. Энд төрөөс эдийн засгийн хүрээ, нийгмийн бодлого, ангиудын харилцааг зохицуулж, амьжиргаа, хүн амын давхаргын нийгмийн болон материаллаг хангамжийг дээшлүүлэх тухай яригддаг байна. Төрийн үйл ажиллагаа юуны түрүүнд нийгмийн социал хүрээнд хамаатай гэж үздэг. Үүнд нийгмийн хангамж , баталгаа, орон сууц, эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр хамгаалал, соёлын бодлого зэрэг орно. Эдийн засгийн хүрээнд төрийн зүгээс оролцох явдлыг зарим талаар багасгах боломжтой гэж үзэх боловч , нийгмийн үндсэн асуудлыг шийдвэрлэхэд төрийн оролцоог чухлаар үздэг байна.
Социал ардчилал: Үүнийг ардчилсан социализмын нэг хувилбар гэж ихэвчлэн ойлгодог. Нийгмийн бүх хүрээг ардчилсан байх энэ үе шат нь нийгмийн өөрчлөлтийн дээд шат юм гэж үздэг. Уг баримтлалын төвд бие хүний үндсэн эрх , эрх чөлөөг эргэлт буцалтгүй хангасан байх тухай асуудлыг тавьдаг байна. Үүгээрээ, тухайлбал консерватив үзлээс ялгагдана гэж социал – демократууд үздэг. Эцэст нь тэмдэглэхэд , социал- демократууд капиталист нийгмийг ардчилсан социализм болгон хувьсгах үндсэн арга нь реформ, шинэчлэл юм гэж үздэг. Нийгмийг өөрчлөх чухам энэ хэлбэр, аргыг түүхийн үүднээс тууштай баримталж олон талаас нь боловсруулж ирснээрээ социал – демократууд нь улс төрийн бусад чиглэлүүдийн реформыг үзэх үзлээс ялгагдана.