Jump to content

Станислав Калужиньски

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Станислав Павел Калужиньски (пол. Stanisław Paweł Kałużyński, 1925 оны 8 дугаар сарын 6-нд Польшийн Колбушов мужийн Швиерцүв тосгонд төрж, 2007 оны 1 дүгээр сарын 6-нд Варшав хотод нас барсан) - Польшийн профессор, ш/у-ны доктор, монгол, алтай хэл судлаач, Төв Ази, Сибирийн соёлын судлаач, монгол судлаач эрдэмтэн, якут хэл судлаач. Монголын тухай мэдлэгийг түгээгч, 1970-2004 онд Польшийн "Дорно дахины эмхтгэл"-ийн редакцийн хорооны гишүүн, 1974-2005 онд "Дорно дахины судлаачдын бүтээлүүд" цувралын гишүүн. 150 шахам шинжлэх ухааны бүтээлийн зохиогч, Варшавын Их сургуулийн багш.

Дайны хооронд тэрбээр Тарнув хотод бага сургууль, хоёр ахлах сургуулийн хоёр анги төгссөн. Дэлхийн 2 дугаар дайны үед, 1943-1944 онд Нутгийн армитай /Армия Крайёва/ холбоотой байсан. Тэрээр 1946 онд ахлах сургуулийн дипломоо авч, Вроцлавын их сургуулийн Дорно дахины филологийн хүрээлэнд Ойрхи Дорнодын чиглэлээр суралцжээ.

1951 оны 1 дүгээр сараас Варшавын Их сургуулийн Дорно дахин судлалын хүрээлэнд Энэтхэгийн филологийн тэнхимд магистраар ажиллаж эхлэв.

1955 онд тэрбээр шинжлэх ухааны докторт нэр дэвшигч цол хүртсэн бөгөөд жилийн дараа Якутск, Ленинград, Москвад нэг жилийн хугацаатай дадлага хийжээ. ЗСБНХУ-д байсны үр дүн болох "Mongolische Elemente in der Jakutischen Sprache" бүтээл нь түүнд докторын зэрэг, дэд профессор цол хүртэх боломжийг олгосон юм.

1971 онд дэд профессор, 1979 онд жинхэнэ профессор цол хүртсэн, 1995 онд тэтгэвэртээ гарсан.

2006 он хүртэл Варшавын Их Сургуулийн Дорно дахин судлалын хүрээлэнгийн Турк судлал, Төв Азийн ард түмний тэнхимийн багш байсан.

1972 онд Польшийн нэгдсэн ажилчдын намд элссэн.

Тэрбээр 2006 онд Монгол Улсын Их Сургуулийн /МУИС/ "Хүндэт доктор" цол хүртэж, мөн Монголын ШУА-ийн хүндэт гишүүн болжээ.

Калужиньски Польшийн Шинжлэх Ухааны Академийн Дорно дахины шинжлэх ухааны хорооны гишүүн байсан бөгөөд 1971-1992 онд дэд даргаар ажиллаж байжээ.

Тэрбээр мөн Варшавын шинжлэх ухааны нийгэмлэг (Хэл шинжлэл, уран зохиолын түүхийн I тэнхим), Соцете Финно-Огриен, Социетас Урало-Алтайкийн нийгэмлэгийн гишүүн байсан.

Түүнийг 2007 оны 1 дүгээр сарын 19-нд Варшав хотын "Бродно" оршуулгын газарт эхнэр Анна Калужинька-тай хамт оршуулжээ. Оршуулгын ажиллагаанд Монгол Улсаас Бүгд найрамдах Польш Улсад суугаа Элчин сайд Т.Баасансүрэн, ЭСЯ-ны 3 дугаар нарийн бичгийн дарга А.Батсайхан, монгол иргэд, оюутны төлөөлөл хүндэтгэл үзүүлж оролцсон байна.

  • Dawni Mongołowie, PIW, Warszawa 1983.
  • Imperium mongolskie, Wydawnictwo Wiedza Powszechna {1970}
  • Klasyczny język mongolski, Wydawnictwo Akademickie Dialog, Warszawa
  • Tradycje i legendy ludów Mongolii, Wydawnictwo ISKRY, Warszawa 1978.
  • Tradycje i legendy ludów tureckich, Wydawnictwo Iskry, Warszawa 1977.
  • Tajna historia Mongołów: anonimowa kronika mongolska z XIII w. / przeł. z mong., wstępem i koment. opatrzył Stanisław Kałużyński ; oprac. graf. Andrzej Strumiłło. – Warszawa: Państwowy Instytut Wydawniczy, 1970