Тивийн хоёрдугаар конгресс (АНУ)
Тивийн хоёрдугаар конгресс (англи: The Second Continental Congress) 1775 оны 5-р сарын 10-наас 1781 оны 3-р сарын 1-ний хооронд Пенсильвани мужийн Филадельфи хот дахь Тусгаар тогтнолын танхимд болсон Их Британи дахь Америкийн 13 колони улсын төлөөлөгчийн хурал юм. 1774 онд болсон Тивийн анхны конгрессын үеэр дараагийн хоёр дахь тивийн их хурлыг хуралдуулах шийдвэрийг гаргасан юм. Энэхүү Тивийн хоёрдугаар конгрессын үйл ажиллагаанд америкийн бүх колониудын 65 төлөөлөгч оролцсон байна.
Тивийн хоёрдугаар Конгресс Америкийн хувьсгал болон дайны үед үндэсний Засгийн газрын үүргийг гүйцэтгэсэн. 1775 онд Конгресс Англид дайн зарлах тухай тунхаглал болон Георг хаанд өргөх бичиг гаргасан. 1776 онд Виржиниа мужийн төлөөлөгчдийн санаачилгаар Конгресс АНУ-ын Тусгаар тогтнолын тунхаглалыг боловсруулж батласан юм.
Тивийн хоёрдугаар конгрессын үйл ажиллагаа
[засварлах | кодоор засварлах]Тивийн анхдугаар конгресс 1774 оны 10-р сарын 26-нд ажлаа зогсоож, хэрэв тэр үед Англитай тохиролцоонд хүрээгүй бол 1775 оны 5-р сарын 10-нд дахин хуралдана гэж шийдсэн байна. 1775 оны 3, 4-р сард Английн парламент мөргөлдөөнийг энхийн замаар шийдвэрлэх төлөвлөгөөг хэлэлцсэн боловч Засгийн газар америк дахь эсэргүүцлийг хүчээр дарах шийдвэр аль хэдийн гаргасан байсан бөгөөд 1-р сарын 27-нд генерал Гэйж жагсаалын удирдагчдыг баривчлах тушаал өгчээ. Гэйж энэ захидлыг 4-р сарын эхээр хүлээн авч, колониудын зэвсэгийг хураах ажлыг тэр даруй эхлүүлсэн нь 4-р сарын 19-нд Лексингтон, Конкордод зэвсэгт мөргөлдөөнд хүргэв. Гурван долоо хоногийн дараа буюу 5-р сарын 10-нд Конгрессын гишүүд Филадельфи дахь одоогийн Тусгаар тогтнолын танхимд цугларсан байна. Зарим төлөөлөгчид (жишээлбэл, Жозеф Галлоуэй) хуралд оролцохоос татгалзсан боловч Конгрессын 65 төлөөлөгчийн дунд Англитай дайн хийхийг эсэргүүцэгчид байгаагүй. Дайн зайлшгүй гэдэгтэй бүгд санал нийлж байсан ч яг ямар арга хэлбэрээр дайн явуулах тал дээр санал зөрөлдөж байжээ.
Хурлын үр дүн
[засварлах | кодоор засварлах]1775 оны 6-р сарын 14-нд Конгресс тивийн арми байгуулах шийдвэр гаргаж, Жорж Вашингтоныг Америкийн цэргийн хүчний ерөнхий командлагчаар томилов.
1776 оны 5-р сарын 10-нд Конгресс Засгийн газаргүй колониуд өөрийн Засгийн газраа байгуулах ёстой гэсэн тогтоол гаргажээ.
1776 оны 5-р сарын 15-нд Конгресс Английн хаан ширээнд үнэнч байх тангаргаа цуцлах шийдвэр гаргажээ.
1776 оны 7-р сарын 4-нд Тусгаар тогтнолын тунхаглалд гарын үсэг зурсан нь Конгрессын үеэр боловсруулсан хамгийн чухал баримт бичиг болсон юм. Тусгаар тогтнолын тунхаглал нь колониудыг "Америкийн Нэгдсэн Улс" гэж нэрлэсэн анхны баримт бичиг болсон.
1777 оны 11-р сарын 15-нд АНУ-ын анхны Үндсэн хуулийн баримт бичиг болсон Холбооны дүрэм (англи. Articles of Confederation and Perpetual Union) гарсан байна.
1781 оны 3-р сарын 1-нд Холбооны дүрмийг соёрхон баталсан 13 мужаас сүүлчийнх нь болох Мэрилэндийн төлөөлөгчид Конгресст гарын үсэг зурж, дараа нь уг заалтууд хүчин төгөлдөр болсон. Холбооны дүрэм хүчин төгөлдөр болсноор Тивийн хоёрдугаар конгресс Холбооны конгресс (Congress of the Confederation) болон үргэлжилсэн байна.
Холбогдох ном зохиол
[засварлах | кодоор засварлах]- Ferling, John. A Leap in the Dark: The Struggle to Create the American Republic. — Oxford University Press, 2003. — 576 p. — ISBN 9780195184181.
- Henderson, H. James. Party Politics in the Continental Congress (англ.). — Rowman & Littlefield, 2002. — ISBN 0-8191-6525-5.
- Montross, Lynn. The Reluctant Rebels; the Story of the Continental Congress, 1774–1789 (англ.). — Barnes & Noble, 1970. — ISBN 0-389-03973-X.