Тогтвортой хөгжлийн зорилтууд

Тогтвортой Хөгжлийн Зорилтууд (ТХЗ) нь олон улсын хөгжлийн талаар ирээдүйд биелүүлэхээр санал болгон дэвшүүлж буй багц зорилтууд юм. Энэ нь 2015 оны эцсээр дуусгавар болох Мянганы Хөгжлийн Зорилтуудыг орлох зорилготой. ТХЗ-ыг 2012 оны 6 дугаар сард Рио Де Жанеиро-д хуралдсан Тогтвортой Хөгжлийн талаарх НҮБ-ын Хурлаар анх удаа албан ёсоор хэлэлцсэн.

Нэгдсэн Үндэстний Ассамблейн Нээлттэй Ажлын Хэсэг Тогтвортой Хөгжлийн Зорилтуудын саналыг 2014 оны 7 дугаар сарын 19-нд Ассамблейд өргөн барьсан. Санал нь 17 зорилт, 169 асуудал бүхий тогтвортой хөгжлийн өргөн хүрээний асуудлуудыг агуулсан. Үүнд: Ядуурал, өлсгөлөнг арилгах, эрүүл мэнд боловсролыг сайжруулах, хотын хөгжлийг тогтвортой болгох, цаг уурын өөрчлөлттэй тэмцэх, далай тэнгис, ойг хамгаалах гэх мэт ажлууд багтсан. 2015 оноос хойшхи Тогтвортой Хөгжлийн зорилтууд нь Нээлттэй Ажлын Хэсгийн гаргасан санал дээр тулгуурлах болно хэмээн дурдсан Ерөнхий Нарийн Бичгийн Даргын тайланг НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2014 оны 12 дугаар сарын 4-нд хүлээн авсан.

2015 оноос хойшхи Хөгжлийн Хөтөлбөрийн тухай Засгийн Газар Хоорондын Хэлцэлүүд (IGN) 2015 оны 1 дүгээр сард эхлэн 2015 оны 8 дугаар сард дууссан. Хэлцэлүүдийн дараа 2015 оны 9 дүгээр сарын 25-наас 27-нд Нью-Йорк-д хуралдах НҮБ-ын Тогтвортой Хөгжлийн Дээд хэмжээний Чуулга уулзалтаар батлах төгсгөлийн баримт бичгийг боловсруулсан. Хөтөлбөрийн сэдэв нь Дэлхийг шинэчлэх нь: Тогтвортой Хөгжлийн Хөтөлбөр-2030

Дэвшүүлж буй зорилтууд[засварлах | кодоор засварлах]

2015 оны 8 дугаар сарын 2-ны өдөр дэлхийн 193 орон дараах 17 дэвшүүлсэн зорилтыг харилцан хүлээн зөвшөөрсөн.[засварлах | кодоор засварлах]

1. Орон бүрт ядуурлын бүх төрлийг арилгах
2. Өлсгөлөнг зогсоож, хүнсний аюулгүй байдал бий болгох, шим тэжээлийг сайжруулах, тогтвортой газар тариаланг дэмжих
3. Эрүүл амьдралыг баталгаажуулах, бүх насныхны сайн сайхан байдлыг дэмжих
4. Бүгдийг хамарсан, нийтлэг, чанартай боловсрол олгох бүх хүмүүсийн амьдралын турш сурах боломжийг дэмжих
5. Хүйсийн тэгш байдалд хүрэх, бүх эмэгтэйчүүд охидод эрх олгох
6. Усны болон ариутгалын хүртээмж, тогтвортой менежментээр бүгдийг хангах
7. Хямд, найдвартай, тогтвортой, орчин үеийн эрчим хүчний хүртээмжээр бүгдийг хангах
8. Байнгын, бүгдийг хамарсан тогтвортой эдийн засгийн өсөлт, бүрэн, бүтээлч хөдөлмөр эрхлэлт, боломжийн ажлаар нийтийг хангахыг дэмжих
9. Найдвартай дэд бүтцийг бий болгох, бүгдийг хамарсан тогтвортой үйлдвэржилтийг дэмжин шинэчлэлийг хөхиүлэх
10. Улс хоорондын болон дотоодын тэгш бус байдлыг бууруулах
11. Бүгдийг хамарсан, аюулгүй, найдвартай, тогтвортой хот, суурингуудыг бий болгох
12. Тогтвортой хэрэглээ ба үйлдвэрлэлийн хэв маягийг бий болгох
13. Цаг уурын өөрчлөлт болон түүний үр дагавартай яаралтай арга хэмжээ аван тэмцэх
14. Тогтвортой хөгжлийн төлөө тэнгис далайн нөөцийг хэвийн ашиглах, хадгалж хамгаалах
15. Дэлхийн экосистемийг хамгаалах, сэргээх болон тогтвортой хэрэглээг дэмжих, ойн зохицуулалтыг тогтворжуулах, цөлжилттэй тэмцэх, хөрсний доройтлыг зогсоон, эргүүлэн сэргээх, биологийн төрөл зүйлийн усталтыг зогсоох
16. Тогтвортой хөгжлийн төлөөх тайван, бүгдийг хамарсан нийгмийг дэмжих, шударга ёсыг бүгдэд хүртээмжтэй болгох, бүх түвшинд үр дүнтэй, хариуцлагатай, бүгдийг хамарсан тогтолцоог бий болгох
17. Хэрэгжилтийн арга замыг бэхжүүлэх болон тогтвортой хөгжлийн төлөөх олон улсын хамтын ажиллагааг сэргээх

2015 оны 8 дугаар сарын байдлаар эдгээр зорилтуудыг хангах 169 зорилт болон биелэлтийг харуулах 304 үзүүлэлтийг санал болгон дэвшүүлсэн болно.