Jump to content

Тугалхүүгийн Баасансүрэн

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Тугалхүүгийн Баасансүрэн -1950 онд Ховд аймгийн цэцэг суманд төрсөн. -Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор, профессор, зохиолч, сэтгүүлч, шүүмжлэгч.


Т.Баасансүрэнгийн сургуулийн сурагч болох мөрөөдөл нь тэр үед биелж эгчийгээ дагаж Улаанбаатарт ирж Төмөр замын 20 дугаар сургуульд анх оржээ. Тэндээ сурч байгаад удалгүй дөрөвдүгээр бага сургуульд шилжсэн байна. Шинэ сургуульдаа ороод удаагүй байхад багш нь түүний нэрийг Т.Баасансүрэн гэж буруу тэмдэглэжээ. Уг нь эцэг эхээс хайрласан нэр нь Т.Баасанцэрэн байсан ажээ.

Бага сургуулиа дүүргээд тэрээр арван жилийн 24 дүгээр сургуульд дэвшин шилжив. Ингээд л сургуулийн амьдрал эхэлж, Т.Баасансүрэн гэдэг хүн дөрөвдүгээр сургуулийн Пионерийн бүлгэмийн зөвлөлийн дарга хийж, үеийнхэн дундаа толгой цохиж эхэлсэн гэдэг. Т.Баасансүрэн бага ангийн сурагч байхдаа 1962 онд “Пионерийн үнэн” сонинд “Намар” хэмээх анхны шүлгээ хэвлүүлснээс хойш Монголын утга зохиол, сэтгүүл зүйд зүрх сэтгэлээ зориулан зүтгэж яваа зохиолч, сэтгүүлч. Тэрээр долдугаар ангид байхдаа “Анхны пионерийн бүрээн дуу” уран бүтээлийн номоо хэвлүүлсэн ажээ.

Аравдугаар ангиа төгсөхөд тус сургуулиас хоёр сурагч алтан медальтай төгссөний нэг нь Т.Баасансүрэн, нөгөө нь 50 гаруй жил хувь заяагаа холбосон гэргий Ц.Чагнаадорж юм байжээ.


1974 онд М.Ломоносовын нэрэмжит Москвагийн Их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн.

1974-1976 онд МАХН-ын "Үнэн" сонинд сурвалжлагчаар ажилласан. Д.Намдагсүрэнгийн удирдлага дор Монголын хувьсгалт хэвлэлийн түүхээр дагнаж мэргэшсэн нэрт нийтлэлч, доктор Г.Дэлэг, хэл бичгийн ухааны эрдэмтэн, яруу найрагч Н.Жамбалсүрэн, утга зохиолын шүүмжлэгч С.Жамсранжав,Чадраабалын Лодойдамбын нэрэмжит анхдагч шагналыг хүртсэн, Д.Нацагдоржийн шагналт, утга зохиол шүүмжлэгч, сэтгүүлч Бажуудайн Ганбат нартай хамт ажиллаж байжээ.

1976-1979 онд МАХН-ын Төв хорооны нарийн бичгийн даргын туслахаар ажиллаж байсан.

1979-1982 онд ЗХУ-ын КН-ын Төв хорооны дэргэдэх Нийгмийн ухааны академид сурч дэд докторын зэрэг хамгаалсан.

1982-1984 онд МАХН-ын Төв хорооны Үзэл суртлын хэлтсийн соёлын тасгийн эрхлэгчээр ажилласан.

1984-1987 онд Улсын Гэрэл зургийн газрын дарга.

1987-1990 онд Монголын сэтгүүлчдийн Холбооны орлогч дарга.

1990-1991 онд ХААИС-ийн МАХН-ын Хорооны дарга.

1991-1992 онд Монголын Хэвлэл мэдээллийн ажилтан ажилчдын ҮЭ-ийн холбооны дарга бөгөөд Улсын Гэрэл зургийн газрын дарга.

1992-1996 Монгол Улсын Их Хурлын Хэвлэл мэдэллийн албаны дарга.

1996-1996 онд МОНЦАМЭ мэдээллийн агентлагийн орлогч захирал.

1996 оны 8 дугаар сараас 2000 оны 9 дүгээр сар хүртэл МАХН-ын Удирдах зөвлөлийн ХЭГ-ын дарга, МАХН-ын Хэвлэл мэдээлэл, гадаад харилцааны хэлтсийн даргаар ажилласан байна.

2000 оны 9 дүгээр сараас 2004 оны МОНЦАМЭ агентлагийн захирал .

2002 оны 12 дугаар сараас 2006 оны 11 дүгээр сар хүртэл Монгол Улсаас БНПольш Улсад суугаа Элчин сайд. (Украйн, Эстони, Латви, Литв хавсран суугаа Элчин сайд).

2007-2008 онд Ерөнхий сайдын Хэвлэл мэдээлийн хэлтсийн дарга.

2009-2011 онд Монголын Сэтгүүлчдийн Холбооны (МСХ) Ерөнхийлөгч.

2012 оноос "ТВ-9" телевизийн захиралаар ажиллаж байна.

Тугалхүүгийн Баасансүрэн, “ХХ зууны эхэн үеийн Монголын чөлөөт хэвлэл”, УБ 2009

Тугалхүүгийн Баасансүрэн, “Алтай”: түүж,өгүүлэгүүд. УБ 2001.-Монгол Улсын төрийн шагналт зохиолч Сономын Удвал Т.Баасансүрэнгийн эл туужийг уншаад “Алтайгаа үнэхээр сайхан магтаж дуулсан байна” гэсэн байдаг.

1965 онд “Анхны пионерийн бүрээн дуу” уран нийтлэлийн номоо хэвлүүлсэн байна. “Монетон бөгж”, “Дэнгийн цагаан эрвээхэй”, “Тал” зэрэг зуу гаруй өгүүллэг, “Алтай”, “Нүдэн булаг”, “Өвгөн цохио” зэрэг уянгын арав гаруй тууж,  “Тэрбумтан”, “Уулс, үүлс, туульс” /I ба II дэвтэртэй/ хэмээх роман бичжээ. Түүний тууж, өгүүллэгүүд “Монголын уран зохиолын дээжис-108 боть”-ийн 71 ба 82 дугаар боть болж тус тус хэвлэгдсэн байна.

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Төрийн хошой шагналт, Дорнын их уран зохиолч Донровын Намдаг гуай түүний “Хар хорхой ба бөөн шоргоолж”, “Оросын цагаан хус”,  “Шинэ хүн”, “Талх” зэрэг өгүүллэгийг өндрөөр үнэлж “Хар хорхой ба бөөн шоргоолж” өгүүллэг чинь Хэвлэл утга зохиол хянах газрын давааг яаж давдаг бол гэж санаа зовинон хэлж байжээ.

Монголын хүүхдийн нэрт зохиолч Д.Содномдорж Т.Баасансүрэнгийн “Монетон бөгж” өгүүллэгийнх нь талаар “Утга зохиол, урлаг” сонинд тусгайлан шүүмж бичиж бүхэл бүтэн туужийн уянгын санааг ганцхан өгүүллэгт нэн чадмагаар зангидан багтааж чадсан нь гайхалтай гэсэн байдаг. Утга зохиолын нэрт шүүмжлэгч Х.Сампилдэндэв түүний “Ятуу намнагч”, “Хүлээсэн нь”, “Бутач”, “Хатиг”, “Туулай буюу баавгай”, “Дэлхий минь, өлгий минь”, “Амьдрал, тэмцлийн шивнээ”, “Хос гариг”, “Алтан загасны үлгэр” зэрэг өгүүллэгт анализ хийж өндрөөр үнэлсэн бол Оросын эрдэмтэн, утга зохиолын судлаач Л.Герасимович өөрийн судалгааны номондоо Т.Баасансүрэнгийн “Хүлээсэн нь”, “Өрхийн тэргүүлэгч”, “Нөхдийнхөө төлөө баярлаж явна”, “Төрсөн өдрийн бэлэг” өгүүллэг нь хүн, хүний амьдралын утга учир, учгийг нарийн чадмаг дүрсэлж үзүүлжээ хэмээн онцолж тэмдэглэсэн байна. Дал наяад оны өгүүллэгийн нэрт мастер Т.Баасансүрэн “Алтай”, “Өвгөн цохио”, “Нүдэн булаг” зэрэг арав гаруй уянгын тууж туурвижээ. Монгол орон зах зээлийн эдийн засагт шилжсэн үеийн сэдвээр “Нэг орцныхон” хэмээх сонирхолтой тууж бүтээсэн байна.

“Тэрбумтан” роман нь ерээд оны үеийн хамгийн эрэлт хэрэгцээтэй, уншигчдын сонирхол татсан роман бөгөөд хоёронтоо хэвлэгдэж, академич Цэндийн Дамдинсүрэнгийн төрсөн охин монгол судлаач, доктор профессор Анна Цендына орос хэл рүү хөрвүүлсэн байна. “Уулс, үүлс, туульс” романаа зохиолч Т.Баасансүрэн 2014 онд уншигчиддаа өргөн барьсан байна.

“Элчин сэтгүүлчийн тэмдэглэл”, “Сутай”, “Уул усны нутгаар” зураглал, “Шүдэнз зураад хаяхын адил асаад унтардаг амьдралын тухай эргэцүүлэл” эссе, “Тэнэгхэн монголчууд минь битгий мартаарай”, “Бузартсан гал тогоогоо цэвэрлэх юмсан”, “Тэсэрч дэлбэрэхэд бэлэн болсон Монгол орон” зэрэг асуудал дэвшүүлсэн өгүүлэл нийтлүүлсэн нь сэтгүүлзүйн шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан юм.

МУСГЗ Ц.Дашдондов “Монголд сэтгүүлзүй гэж байгаа бол тэр нь түүхтэй байх ёстой. Тэрхүү түүхийг бүтээгчдэд зориулсан хамгийн бат өндөр суваргыг Т.Баасансүрэн босгосон гэжээ.

“Монголын нууц товчоо” хөлгөн их судрын 12 дэвтрийн бичлэгийн 282 зүйлд задлан шинжлэл хийж үзээд бичлэгийн арга хэлбэр нь уран зохиолын гэхээсээ илүүтэйгээр нийтлэлийн өнгө төрхтэйг тогтоож, нийтлэл зүйн үнэн бодит байдал, товч тодорхойн зарчмыг уг бүтээлд хөдөлшгүй мөрдсөн байхын зэрэгцээ сэтгүүлзүйн бичлэгт хамааруулж болох мэдээ, сурвалжлага, сурвалжилсан тэмдэглэл, ярилцлага, дуртгал тэмдэглэл, тэдгээрийн шинж тэмдгийг өөртөө агуулсан бичлэгийн элементүүд байгааг баримтжуулан баталсан байна. Мөн “Монголын нууц товчоо”-ны үг хэллэг, дүр дүрслэлийг Монголд анх удаа нийтлэл зүйн үүднээс нягтлан задалж шинжилсэн нь сэтгүүлзүй, утга зохиолын судлаачдын анхаарлыг гойд татсан билээ. Энэ бол монголын сэтгүүлзүйн шинжлэлд зохиогчоос хэлсэн цоо шинэ үг болсон юм.

Түүний удирдаж буй TV-9 телевиз МСНЭ-ийн 2015 оны шилдгийн шилдэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр шалгарч “Гран при” шагнал авч байв.

Эхнэр Ц.Чагнаадорж, охин, хүү хоёртой.

Түүний том ах Монгол Улсын гавьяат барилгачин Тугалхүүгийн Мягмар болон Монгол Улсын төрийн соёрхолт, математикийн ухааны академич бөгөөд дунд ах нь МУИС-д насаараа багшилж буй сэхээтэн Т.Жанлав нар юм. Сутай хайрханы ар хормой, Цэцэг нуурын хөвөөнд төрсөн тэд эхээс 11-үүлээ боловч өдгөө 2020 оны байдлаар 5 нь амьд сэрүүн байгаа ажээ.