Jump to content

Тулга

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Тулга- Ил задгай гал түлж, дээр нь тогоо тавих хэрэгсэлийг тулга гэнэ. Тулга нь гал голомтын хамгийн эрхэм хэрэглэл тул өрх өсгөж, сум сунгах үйл хамгийн томоохон байр эзлэх ба томсгон хэрэглэх уламжлалтай. Мөн халуун төмөрлөгийн урлалд ч тулга, дөрвөлж, хайч, шилээвэр, хусуур, хутгуур зэрэг нь бүгд нэгэн иж бүрдэл болж хэрэглэгдэнэ. Тулга нь анх гурван хөлтэй, нэг цагирагтай байсан бол нийгэм, төмөрлөгийн урлалын хөгжлөөс хамаарч гурван цагирагтай, гурван хөлтэй болж улам боловсронгуй болсоор дөрвөн хөл, зургаан хөл, олон цагирагтай, казахтай, шигшрэгтэй төмөр тулга бий болжээ.

Тулгын гурван чулууг эзэн, эзэгтэй, боол буюу хаан, хатан, боол хэмээн нэрлэдэг. Гурван хөлнийх нь баруун тал нь хаан, зүүн тал нь хатан, адгийн хөлийг боол тулга гэх бөгөөд боол тулгыг ачлагын тэмээний толгой руу харуулахыг цээрлэнэ. Тулгыг ачаалахдаа ачааны голд ямааны арьс, мод тавьж ачаалдаг заншилтай.

Тулгыг галд тэсвэртэй төмөрлөг ган төмөр, ширэм зэргээр хийнэ. Мөн махан төмрөөр хийх нь эдэлгээ урттай, бат бөх болдог ажээ. Тулга нь хөл, хүрээ, тотгоноос бүрдэнэ. Тулганд тогоо тавих хэсгийг "тотго" гэнэ, тулга нь 1-6 хүрээтэй байх ба тулганы хүрээ, хөл хоёрын хоорондох зайг “цонх” гэж нэрлэнэ.

Цонхоор гал шилээх бөгөөд галыг сэргээж засах хэрэгсэлийг “шилээвэр” гэнэ. Тулгыг гоёмсог угалзтай бадам, алхан хээ, долоон эрдэнэ, найман тахил зэргээр хээлэн чимэглэдэг байна.

Үгний утга, жишээ

[засварлах | кодоор засварлах]

Жишээ: - Өртөөчин нэг хүн тулган дотор аргалын гал асаав. Ж.Дамдин. Үймээний жил., Бухаш тулга (тогоотой тулга), голомтын тулга (гал голомтыг бадраадаг тулга), сагсаг тулга (дөрвөн хөлтэй, тотгондоо хонины толгойн дүрстэй, хагас угалзтай дөрвөн казахтай тулга), шалдан тулга (гурван хөлтэй, ганц казахтай тулга), тулга тавих (а. Монголчуудын эртнээс нааш хэрэглэж ирсэн ил зуух тавих; б. Тулах юм тавих), тулга тулах (а. Гэрт ил зуух тавих; б. Голомт болох, өв болох - Үнэхээр улсын тулга тулсан газар миний хийморь, ухаан бодлыг сэргээж өгсөн хэрэг. С.Эрдэнэ. Дөрвийн бодол), тулгын чулуу (тулга болгон тавьсан гурван ширхэг чулуу) - Хөө тортогт тас харлаж, далан долоон нөхөөс болсон жижигхэн майхнуудаа босгож, тулгын гурван чулууг үүгээр түүгээр гүйн явж төдөлгүй олоод тогоогоо тавив. Ш.Нацагдорж. Мандхай цэцэн хатан., тулгын казах (төмөр тулганы бүслүүр, чулуун тулганы дундах гурван хавтгай чулуу), тулгын тотго (төмөр тулганы дөрөв хөлийн дээр байдаг тогооны ёроол тулдаг навчин төмөр), чулуун тулга (чулуугаар хийсэн тулга), ган тулга (гангаар хийсэн тулга), тулга зуух [хоршоо] (гал түлэх хэрэгсэл) - Олон гэрийн тулга зуухны асаасан хиншүү үнэртэнэ. Замлин Сэнчиний намтар оршив.,

-тулгын чулуу тавих (а. Тулганы ивээс дөрвөн хавтгай чулуу; б. Юмны эх үүсвэр, үндсийг нь тавих) - Харин албан газар нь баазынхаа тулгын чулууг тавилцсан ахмад ажилчныхаа ойг үнэхээр хөлтэй тэмдэглэжээ. Д.Мягмар. Бууршгүй сэтгэлийн илч.,

-тулга тойрсон (аар саар, ойр зуурын, гэр зуур) - Сэтгэл минь хэчнээн их үймэрч, тулга тойрсон бодлоос ухаан санаа минь ангижирна. Л.Чойжилсүрэн. Унтаршгүй гэрэл.,

-тулга болох (голомт болох) - Ажилчин болоод л бүх юм өөдөлсөн. Үнэхээр улсын тулга тулсан газар миний хийморь, ухаан бодлыг сэргээж өгсөн хэрэг. С.Эрдэнэ. Дөрвийн бодол., *тулга тойрсон яриа (ойр зуурын дэл сул яриа, авгай хүүхнүүдийн яриа),

-тулга тулах (өрх тусгаарлах, айл гэр болох),

-тулгаа үдээрээр үдэх (тохиромжгүй үйлдэл хийх гэсэн санаа), тулга бага боловч тогоогоо даана, морь туранхай боловч эмээлээ даана [зүйр цэцэн үг] (хэтэрхий басах хэрэггүй гэсэн санаа), тулга тойрсон муу сайн үгийг тулам тулмаар цутгана, тулгарч уулзах бол тугалган жад шиг шантарна [зүйр цэцэн үг] (аман дээр баатар боловч ажил дээрээ арчаагүй гэсэн санаа);