Төв аймгийн музей
Appearance
Төв аймгийн мүзей -Монгол Улсын Төв аймгийн соёл, боловсролын байгууллага.
Тус мүзей БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчдийн даргын 1951 оны шийдвэрээр Орон нутаг судлах кабинет нэртэй байгуулагдсан. Тус кабинетыг БНМАУ-ын Соёлын Яамны Сайдын тушаалаар 1966 онд Орон нутаг судлах музей болгон өөрчлөн зохион байгуулж, 1991 оноос “Төв аймгийн музей” болж үйл ажиллагаагаа өргөжүүлэн Богд хан уулын өвөрт байрлах Манзушир “Байгалийн музей”, “Шашны музей” гэсэн 2 салбартайгаар үйл ажиллагаа явуулж байна. Музей нь жилдээ гадаад дотоодын 18000 орчим үзэгчдэд соёлын өвийг үзүүлж сурталчлан, танин мэдэхүйн мэдээлэл өгөн ажиллаж байна.
- Төв музей нь Төв аймгийн түүх, Байгалийн, Түүх ба шашны, Алдартны, Угсаатны, Гадаад харилцааны, Түр үзэсгэлэнгийн гэсэн танхимуудтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Монголын болон Төв аймгийн түүхийг харуулсан үзмэр, эд өлгийн зүйл, угсаатан, шашны үзмэрүүд, дэлхийд ховордсон “Улаан ном”-д бичигдсэн дархан цаазтай амьтад, тахийн унага, араатан амьтан, жигүүртэн шувуудын чихмэл, Төв аймгаас төрсөн соёл, урлаг, спорт, төр нийгмийн зүтгэлтнүүд, Төв аймгийн гадаад харилцаанд холбогдох үзмэр, үзүүллэгүүдээс үзэж сонирхож болно. Тус музейн үзмэрүүд дотор айрагны 7 литр багтаамжтай шанага, Хүннүгийн үеийн ваар, XIX зууны үеийн "Ганзай” торгон зээгт наамал зэрэг олон сонирхолтой үзмэрүүд байдаг бөгөөд мөн Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 227 дугаар тогтоолоор тус музейн “Өндөр гэгээний чогсом” бүтээлийг түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлээр баталсан үзмэр дэглэгдсэн байдаг.
- Байгалийн музей нь МАХН-ын Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дарга Ю.Цэдэнбал 1969 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Зуунмодны ам ба Манзуширын хийдийн туурьтай танилцаад хийдийн байдлыг харуулсан музей байгуулж, Зуунмодны амыг тохижуулах албан даалгавар өгсөн байна. Тэрхүү албан даалгаврыг хэрэгжүүлэхийн тулд музей байгуулах барилгын ажлыг 1970 - 1971 онд дуусгаж, Төв аймгийн Ардын Депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны шийдвэрээр 1973 онд байгалийн музейг ашиглалтад оруулсан. Тус музейн үндсэн үзүүллэгт БНМАУ-ын Соёлын гавьяат зүтгэлтэн, зураач, барималч Д.Шагдарсүрэнгийн урлан бүтээсэн байгалийн баялаг, мод, ургамал, элс чулуу болон ан амьтдын гаралтай зүйлсээр хийсэн олон үзмэр тавигдсанаас гадна сэтгүүлч, сурвалжлагч О.Сумьяагийн модны үндэс, ур, мөчир ашиглан хийсэн бүтээлүүд, Монгол улсын анчдын нийгэмлэгийн гишүүн, байгалийн түүхийн музейн мастер чихмэлчин Я.Цэвэл, Н.Долгорсүрэн нарын хийсэн хөхтөн болон туруутан амьтдын чихмэлүүд дэглэгдсэн нь одоо ч үнэ цэнээ алдаагүй үзэгч, үйлчлүүлэгсдийн сонирхон үздэг үзмэрүүдийн нэг болсоор байна. Мөн музейн гаднах талбайд МЭ 6-8-р зуунд холбогдох Түрэгийн үеийн яст мэлхий, 19-р зууны сүүл үед хамаарах чулуун пайз, газар тариалангийн үйлдвэрлэлд хэрэглэж байсан тээрмийн чулууг тавьж үзэгчдэд үзүүлж байна.
- Шашны музей нь дэлхий болон Монголын анхны дархан цаазат газар, дэлхийн шим мандлын нөөц газар болох Богд хан уулын өвөрт 200 гаруй жил оршин тогтносон Манзушир хийд нь 18-19 зууны эхэн үеийн түүх соёлын дурсгалт газар бөгөөд Монголын томоохон хийдүүдийн нэг байсан бөгөөд одоо хийдийн туурь нь үлдсэн. Манзушир хутагтын зуны өргөө “Сэрүүн лаврин”-гийн туурин дээр аймгийн музейн захиалгаар “Сэрүүн лаврин” шашны музейг 1991 онд бариулж, 1992 онд ашиглалтад оруулсан. Тус музейд Манзушир хийдийн 1920-оод оны гэрэл зургууд, бурхан шашны холбогдолтой үзмэрүүдийг дэглэн үзүүлсэн бөгөөд хийдийн туурь болон хаданд байрлах 18-19-р зууны үед бүтээгдсэн бурхдыг Монгол улсын Засгийн Газрын 1998, 2008 оны тогтоолоор улсын хамгаалалтад авсан соёлын өвийн чухал дурсгал бөгөөд эдгээрийг үзэж сонирхож болно.
Хаяг байршил: Төв аймаг, Зуунмод сум, Номт баг, Ж.Самбуугийн гудамж.
Википедиагийн чанарын стандартад нийцүүлэхийн тулд энэ өгүүллийг хянан тохиолдуулах хэрэгтэй байна. Энэ талаар хэлэлцүүлгийн хуудас дээр юм уу энэ тэмдгийг илүү нарийвчилсан тэмдгээр солино уу. |