Төр

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

ТӨР (англиар:state) – нийгмийн нийтлэг эрх ашгийг хамгаалж, нийтлэг үйлчлэх шийдвэрийг гаргагч, албадлага, хүч хэрэглэх онцгой эрх бүхий засаглалын аппараттай, хууль ёс, уламжлал, зан заншлын дагуу олгогдсон эрх нь тухайн нутаг дэвсгэрийн хязгаарт гадны ямар ч хүчнээс үл хамааран заавал хэрэгжих хүчинтэй, нийгмийн өөрөө өөрийгөө зохион байгуулах илэрхийлэл болсон улс төр-нийгмийн институт юм. Төрийн үүсэл гарлын талаар онол, үзэл баримтлалуудад шашны онол; эцгийн эрхт ёсны; эзлэлтийн буюу хүчирхийллийн; нийгмийн гэрээний онол; түүхэн материализмын; хүн ам зүйн; антропологийн; сэтгэлзүйн; усжуулалтын зэрэг онол, үзэл баримтлалууд байна. Төрийн онцлог шинж чанар:

1. Төр зайлшгүй шинжтэй. Ямарч хүн нийгмийн ямарч бүлэг төрд заавал харьяалагдана. Төр байх нь иргэнтэй байна. Иргэн байх нь төр байхын илрэл.

2. Төр түгээмэл шинжтэй. Тухайн орны хил хязгаар, нутаг дэвсгэр дээр оршин суугаа бүх хүмүүсийг захирах зохицуулах эрхийг эдлэнэ.

3. Төр албадлагын онцгой хэлбэр. Улс орны бүх байг-даас төр албан ёсоор албадлага хэрэглэх эрхтэй. Иймээс албадлагын тусгай аппараттай.

4. Төр нь бие даасан, бүрэн эрхт тусгаар байгууллага.

Төрийн салшгүй шинж чанар: газар нутаг, хүн ам, нийтлэг засаглал. Төрийн нийтлэг үүрэг:

  • Тухайн улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хангах үүрэг хүлээнэ
  • Төр өөрийн батласан хууль эрхзүйн хэм хэмжээнд болон түүгээр дэмжигдсэн ёс суртахууны хэм хэмжээнд тулгуурлан нийгмийн хэв ёсыг сахин хамгаалах үүрэгтэй
  • Улс орны ирээдүйн зорилгыг дэвшүүлж, хөгжлийг хангах үүрэгтэй
  • Төр иргэдийнхээ ашиг сонирхол, эрх ашгийг хүлээн авч хэрэгжүүлэх үүрэгтэй
  • Бусад улс оронтой хамтын ажиллагаагаа хөгжүүлж бэхжүүлэх үүрэгтэй.

Төрийг улс төрийн дэглэмээр нь ардчилсан, авторитар, тоталитар гэж ангилна.