Төрийн тамганы хөшөө
Төрийн тамганы хөшөө -Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын төвд орших Төрийн ордны ар тал дахь цэцэрлэгт сүндэрлэсэн хөшөө юм.
Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүрээнд Их эзэн Чингис хааны хөшөө, Төрийн ёслол, хүндэтгэлийн өргөө цогцолборын бүрэлдхүүн хэсэг болгон “Монгол төрийн тамганы хөшөө”-г Төрийн ордны арын цэцэрлэгт босгосон юм. Энэхүү хөшөөний эх загварыг “Зураг урлал” компаний зураач Д.Наранжав зохиожээ. Монгол Төрийн тамгыг барын дүрстэй бариултайгаар бүтээсэн байна. Уг хөшөөний дөрвөн талд Их Монгол Улсын, Олноо өргөгдсөн Богд хаант Монгол улсын, 1924 онд баталсан Үндсэн хуулиар батлагдсан БНМАУ-ын, 1992 онд батлагдсан Үндсэн хуулиар тунхагласан Монгол улсын төрийн тамгыг байрлуулсан байна. Мөн тамганы хөшөөний суурь хэсэгт төрөө хүндэлж, сүслэн дээдлэж ирсэн монголын олон омгийн 168 тамгыг гантиг чулуун дээр цоолборлон бүтээсэн байдаг юм.