Jump to content

Удирдлагын Академи

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэргэдэх Удирдлагын Академи-н анхны шав тавигдсан түүхэн замнал нь 1924 оны IY сарын 5-нд Халхын дөрвөн аймаг, шавиас зарлан дуудаж ирүүлсэн 18-30 насны 60 залуучуудаас бүрэлдсэн “Нам, улсын Түр сургууль ”-ийг байгуулснаар эхэлсэн юм. Энэхүү түр сургуулийг байнгын болгох асуудлыг шийдвэрлэж 1925 оны IY сарын 28-нд Богд хааны зуны Хайстай ордон буюу одоогийн Удирдлагын Академи байрлаж буй газарт МАХН-ын төв хорооны дэргэдэх “Намын төв сургууль“-ийн нээлт баяр ёслолын байдалтай эхэлж төр, засгийн удирдагчид оролцжээ. Анхдугаар Төв сургуульд Монгол улсын аймаг, хошууд болон Тагна Урианхай, Баргаас хүрэлцэн ирсэн 130 залуус суралцсан байна.

Намын төв сургууль сургалтын үйл ажиллагаагаа явуулсан эхний 16 жилийн дотор 17 удаагийн төгсөлт хийж, орчин цагийн боловсролтой нам, улс, олон нийт, аж ахуй, соёлын байгууллагын удирдах ажлын мэдлэг, дадлагатай 1309 боловсон хүчин бэлтгэжээ. Тус сургуульд Хятад, Өвөрмонгол, Төвөд, Тува зэрэг улсын хүсэлтээр тэдэнд шаардлагатай нилээд тооны мэргэжлийн боловсон хүчин бэлтгэн өгч байсан байна.

1941 оны долдугаар сарын 24-ний өдрийн МАХН-ын ТХ-ны Тэргүүлэгчдийн 37 дугаар хуралдааны тогтоолоор Намын төв сургуулийг өөрчилж МАХН-ын Төв Хорооны дэргэдэх Намын шинэ хүчний дээд сургууль байгуулжээ. Ийнхүү монголд дээд боловсролын тогтолцооны үндэс суурь тавигдсан байна.

1947 онд хуралдсан Намын XI их хурлын заалтыг үндэс болгон тус сургуулийг жинхэнэ дээд сургуулийн зэрэгт хүргэх бэлтгэлийг хангахаар гурван сарын бэлтгэл ангийг 2 жилийн болгож, төгсөгчдийн ерөнхий боловсрол, онол улс төрийн бэлтгэлийг хангах нөхцлийг бүрдүүлж эхлэв.

1952 оны XII сард тус сургуулийн хичээл хүмүүжлийн ажилд гарсан өөрчлөлтийг нэгтгэн дүгнээд тус сургуулийн хоёдугаар ангиас эхлэн жил тутам төв орон нутагт нам, улсын ажлыг дадлага хийлгэхийг чухалд үзэж, хэрэгжүүлэх болсон ба тус сургууль эдүгээ бүрэн бус дээд сургуулийн эрхтэй явагдаж ирснийг бүрэн дээд сургуулийн түвшинд нэгэнт хүрсэн гэж үзээд 1953 оны төгсөгчдөөс бүрэн дээд сургуулийн диплом олгож эхэлжээ. Энэ өөрчлөлттэй холбогдуулан орон тооны багш нарын эгнээ чанаржиж, биеэ дааж эрдэм шинжилгээний ажил хийх чадвар, мэдлэг өссөнийг харгалзан “эрдмийн зөвлөл” байгуулж дүрмээ баталжээ.

1947 онд хуралдсан Намын XI их хурлын заалтын дагуу Намын Дээд Сургууль -ийн бүрэн дээд сургууль болсон үеэсээ эхлэн үндсэн 4 жилийн сургалттай ангийн зэрэгцээ казак анги, гэрээр суралцах факультет, эчнээ дунд, дээд ангиудыг нээн ажиллуулж дунд шатны ажилтан бэлтгэх 2 жилийн салбар, 1963 оноос дээд боловсролтой төрөл бүрийн мэргэжилтнийг дахин мэргэшүүлэх 2 жилийн анги, 1971 оноос нэгдлийн дарга нарыг бэлтгэх курс, МҮЭ ба МХЗЭ-ийн ажилтан, дипломат, сэтгүүлч, хуулийн ажилтан, нийгмийн ухааны багш нарыг бэлтгэх 1-2 жилийн сургалт бүхий ангиудыг тус тус нээн олон мянган мэргэжилтэн бэлтгэж төгсгөсөн байна. Мөн удирдах ажилтны 1 сар, 45 хоногийн курсуудыг 1969 оноос 1990 он хүртэл тасралтгүй явуулж иржээ.

НДС төгсөгчдөөс олон арван алдартнууд тодорсны заримыг нь дурдвал гучаад оны үеийн МАХН-ын Төв Хорооны бүх нарийн бичгийн дарга нар, МАХН-ын Төв Хорооны дарга Д.Дамба, ОУ-ын энх тайвны Лениний шагналт Ж.Самбуу, улсын баатар Г.Цэнд, Л.Дандар, С.Төмөрбаатар, ХААН, САА-н алдарт дарга нар, хөдөлмөрийн баатар Г.Лодойхүү, Н.Намжил, Б.Дашням, У.Доржпалам, Д.Даваасамбуу, Ж.Гомбосүрэн, ардын зураач Ү.Ядамсүрэн, ардын жүжигчин С.Гэндэн, төрийн шагналт зохиолч С.Удвал зэрэг олныг нэрлэж болно.

Тус сугуулийн багшлах бүрэлдэхүүний дотроос Н.Жагварал, Б.Ширэндэв, Д.Төмөр-Очир, Н.Сэр-Оджав, Ч.Жүгдэр нарын нэрд гарсан эрдэмтэд төрөн гарчээ.

НДС-ийг нам, улсын удирдах боловсон хүчин бэлтгэх үйлсэд оруулсан гавъяаг нь үнэлж 1974 оны 12 сарын 10-нд 50 жилийн ойгоор нь Сүхбаатарын одонгоор шагнасан байна. Нийгмийн гүн гүнзгий шаардлагад нийцүүлэн 1990 онд НДС-ийг Улс төрийн дээд сургууль болгон өөрчлөөд 1992 онд УБХ-ын дэргэдэх Төр, нийгмийн судлалын академи болгон өөрчлөн зохион байгуулжээ.

1994 онд УИХ, Засгийн газрын шийдвэрээр Удирдлагын хөгжлийн институт, Төр, нийгмийн судлалын Академи, Төрийн бодлого, нийгмийн асуудал судлах төв гэсэн төр, засгийн харъяаны сургалт, эрдэм шинжилгээний гурван байгууллагыг өөрчлөн зохион байгуулж Засгийн газрын сургалт, эрдэм шинжилгээний байгууллага болох Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институтийг байгуулсан бөгөөд 1999 онд Удирдлагын Академи болгон өөрчилсөн.

Монгол улсын Засгийн газрын 2012 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 44 дүгээр тогтоолоор Төрийн бодлогыг хэрэгжүүлэх талаар төр, захиргааны байгууллагуудад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, нийтийн албан хаагчдыг сургах, давтан сургах, нийтийн албаны хүний нөөцийн менежментийг боловсронгуй болгох талаар судалгаа, шинжилгээ хийх, сургалт зохион байгуулах үүрэг бүхий Удирдлагын академийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэргэд байгуулсан.