Улаан нүдэн
Ерөнхий шинж
[засварлах | кодоор засварлах]Нүдний солонгон бүрхүүл улаан өнгөтэй байдаг нь улаан нүдэн загасны гол ялгарах шинж болдог. Сэлүүрүүд нь улаан. Биеийн өндөр уртын 29-30%-тай тэнцүү. Нурууны сэлүүр хэвлийн сэлүүрийн бараг харалдаа эхэлнэ. Хайрс том эсвэл дунд зэрэг. Хажуугийн шугам хэвлий тийш бага зэрэг муруйсан ба биеийн төгсгөл хүртэл үргэлжилнэ. Ам бараг тэгш, дээд эрүү доод эрүүг бага зэрэг давсан. Бие гүйцсэн том загасны биеийн хэлбэр нь харьцангуй өндөр, өргөн. Бие мөнгөлөг хөх, хэвлий цагаан. Заламгайн өргөс богино, 11-15. Залигуур араа нэг эгнээ 6-5 эсвэл 5-5 (ховор 6-6) шүдтэй.
Биологийн онцлог
[засварлах | кодоор засварлах]Биеийн урт 49 см, жин 2.1 кг хүрнэ. 3-4 насандаа бие гүйцэж үржилд орно. 5 сарын сүүлч 6 сарын эхээр нуурын гүехэн устай булан тохойн усны ургамал бүхий хэсэг, голын адаг орчмын гүехэн хэсгийн ургамалд түрсээ шахна. Атуу 65,00-31,400 дунджаар 19,900 ширхэг түрс гаргана. Түрсний голч 1.0 мм. Түрс нь наалдамхай чанартай. Замаг, усны ургамал, хөвөгч амьтад, усны ёроолын шавьжийн авгалдайгаар хоoллоно. Өөрөө махан идэшт цурхай, алгана загасны үндсэн тэжээл болдог. Агнуурын ач холбогдолтой. Өгий нуурын загас агнуурт 40-80%-ийг эзэлдэг.
Улаан нүдэн загас нь дасан зохицох чадвар сайтай, ямар ч төрлийн цэнгэг ус тэр дундаа жижиг цөөрөм, томоохон гол, нууруудад тархан амьдарна. Ихэвчлэн усны ургамал элбэгтэй гүехэн хэсгээр тархана.