Засаг захиргааны зохион байгуулалт
Монгол нутагт Монгол, Түрэг угсаатан ээлж дараалан бие биесээ халж ээлжлэн улс байгуулсаар ирсэн билээ. Ингэж улс байгуулсны дараагаа засаг захиргааны зохион байгуулалтыг хуулан авч хэрэглэж байсан.
Хүннү улсын засаг захиргаа
[засварлах | кодоор засварлах]Хүннү нар бол Монголчуудын эртний удам бөгөөд Төв Азийн түүхэнд гүн ул мөрөө үлдээсэн нүүдэлчин аймаг юм. Хүннү нар нь МЭӨ III зууны үед хүчирхэгжин мандаж, Төв Азийн эртний нүүдэлчин аймгуудын дундаас анх удаа өөрсдийн төр улсыг байгуулсан билээ. МЭӨ 209 оңд Хүннү аймгуудын зонхилогч Модун шаньюй гэгч Хүннүгийн 24 аймгийг нэгтгэн захирч, Хүннү улсыг үндэслэн байгуулжээ. Хүннүгийн төрийг барьж агсан хэсэг нь Монголчуудын өвөг учир тэдний байгуулсан төрийг Монголын нүүдэлчдийн анхны төр улс гэж үздэг. Хүннү улсын хаан Модуны өргөө нь Хангайн нуруу, Орхоны хөндийд байжээ. Модуны үед Хүннү улс ихэд хүчирхэгжин Төв Азийн нүүдэлчдийн эзэнт гүрний зиндаанд хүрч, Хятадын Хан улстай өрсөлдөн тэмцэлдэх болжээ. Модун шаньюйд ялагдсан Хан улсын хаан Гао-ди МЭӨ 198 онд Модунтай ургийн холбоо тогтоож, найрамдлын гэрээ байгуулж байв. Уг гэрээ ёсоор Хүннү гүрэн, Хан улс хоёр бие даасан, эн сацуу хоёр эзэнт гүрэн гэдгийг харилцан хүлээн зөвшөөрсөн ажээ.
Хүннүгийн нутаг дэвсгэр нь өмнө зүг Цагаан хэрмээс умар зүгт Байгал нуур, баруун зүгт Ил Тарвагатай, дорно зүгт Солонгос хүрч байв. Хүннү гүрэн нь дотоодын тэмцэл самуун болоод Хан улсын арга явуулга зэргээс болж, МӨ 53 онд 2 хэсэг болон хуваагдаад, улмаар МӨ 93 онд Сяньбид эзлэгдэн мөхсөн байна. Хүннүгийн нийгмийн бүтцэд сурвалжит язгууртны давхраа ноёлж байсан боловч ураг төрлийн байгуулал, овог аймгийн ахлагчдын нэр нөлөө бас хадгалагдсаар байжээ. Хүннү улс нь төв, зүүн, баруун гэсэн 3 хэсэгт хуваагдаж, аравтын зохион байгуулалттай байжээ. Улсын төв хэсгийг шаньюй өөрөө, зүүн, баруун гарыг хааны томилсон вангууд захирч байв. Вангуудад элдэв хэргэм зэрэг зүүсэн үе залгамжилсан зонхилогчид захирагдах бөгөөд тийм зонхилогч 24 байсан нь тус бүрдээ нэг түмэн морин цэрэгтэй байжээ. Түмний ноёд ажил хэргээ залгуулахын тулд аравт, зуут, мянгатын дарга нарыг томилдог ба тэдний дундаас үе залгамжлуулан ван, цэргийн томоохон дарга нарыг дэвшүүлдэг байжээ. Хүннүгийн төрийн байгууллын эл онцлог нь хожмын монгол, түрэг угсааны нүүдэлчин улсуудад уламжлагдан үлджээ.
Хүннүгийн аж ахуй, эдийн засгийн байгууллын үндэс нь бэлчээр ус, мал сүрэгт тулгуурласан нүүдлийн мал аж ахуй юм. Нүүдэлчин аймгууд тус бүр нүүдэллэн сэлгэх тусгай тогтоосон нутаг бэлчээртэй байжээ. Түүнээс гадна ан агнуур нь Хүннүгийн эдийн засагт багагүй үүрэгтэй байжээ. Хүннү улсад тариалан бас эрхэлж байжээ. Хүннү нар бөө мөргөлтэй байв. Тэнгэрийн хүү гэгддэг шаньюй өглөө наранд, үдэш саранд мөргөдөг байжээ. Мөн язгууртнууд нь жил бүрийн хавар, намарт шаньюйн ордонд цугларч, өвөг дээдэс, тэнгэр газартаа мөргөж, тахил өргөдөг байжээ. Хүннү нар Төв азийн нүүдэлчдийн утга соёлын хөгжилд оруулсан том хувь нэмэр бол бичиг үсэгтэй болсон явдал юм. Тэрхүү бичиг нь арамей нарын бичгийг өөрсдийн хэл ярианд тааруулан нэн эртний овог аймгийн тамга тэмдэгээр баяжуулсан байжээ. Өнөөгийн Монгол улсын нутаг нь Хүннү гүрний газар нутгийн цөм болж байсан тул хүннү нарын түүх, соёлын арвин баялаг дурсгал Монголд хадгалагдан үлджээ. Хүннүгийн эд өлгийн дурсгалын нэг онцлог бол хүн мал, араатан амьтны дүрсийг төрөл бүрийн арга барилаар, янз бүрийн эдээр дүрслэх явдал байв. Хүннүгийн соёл нь Монгол нутаг дахь урьд үеийн хүрэл, төмрийн үеийн соёлыг уламжлан урагш ахиулж, хойч үеийнхээ нүүдэлчдийн соёлд гүнзгий ул мөрөө үлдээсэн аж. Түүнчлэн Хүннүгийн түүх, соёлын дурсгалуудад хөрш зэргэлдээ нүүдэлчид болоод Хятад, Солонгос, Дундад Ази, Грек-Бактрийн суурьшмал иргэншилтэй өргөн харилцаж явсны ул мөр хадгалагдан үлдсэн байдаг. == Чингисийн цэргийн сургуулийн талбай == Чингис хаан монголын өндөрлөгийн олон аймаг ястныг нэгэтгэж, их монгол хаант улсыг байгуулсныхаа дараа, олон удаагийн аян дайн хийж, залгаагаар ялалтууд байгуулж байлаа. Чингис хаан цэргийн талаар ялалт байгууулсныхаа дараа, дараачийн стратегийн тухай бодож сэтгэж байжээ. Тэрээр өмнөд нутгийн бөгчим халуун улиралаас зайлахын тулд ус билчээр тэнцсэн, үзэсгэлэнт сайхан Хөлүн далайн эрэгд өөрийнхээ түшиц газраа байгуулсан байна. Чингис хаан бүх оюун ухаанаа цэрэг дасгалжуулах дээр тавьж, дараачийн алхамдаа бэлтгэл хийж байжээ. Уламжлал яриагаар бол Чингис хаан цэцэр майхан болон цэрэг дасгалжуулах талбайгаа өөрөө тушаал буулгаж хөлүн нуурын баруун эргийн тэгшхэн дэнжин дээр байгуулсан байлаа. дэнж нь гурван талаараа усаар хүрээлүүлж,зүүн талаараа бартаат уул хадыг түшиж байдаг юм байна. хөлүн нуурын дунд том гэгч чулуун багана байж, баруун талаар нь уудам саруул өн шимлэг малын билчээр байжээ. Энэ нутаг бол ерөөс нь дайны агтын байгалиас заяасан талбай бөгөөд цэрэг сургуулилах сайхан талбай болжээ. Чингис хааны их цэргийг дагаж явсан бомбо Чю Жи Чу Чингис хаанд бараа болон ар талаар нь нуурын ус цэлэлзэж, өмнө талаар нь тал үргэлжилсэн цэцэр майхныг дэргэд алсыг харан зогсч байхдаа, салхины аясаар дэрвэлзэх туг далбаа, тоогүй олон цэрэг морийг хараад хаан эзний гарамгай цэргийн эрдмийг өөрийн эрхгүй бишрэн бахархаж байсан байна. тэрээр энэ цэргийн бууцыг хараад, Чингис хаан эрхбиш хожим хойшид хүчирхэгжин мандаж, Жунюань орныг эзлэн, шинэ агуу төр бий болох нь гарцаагүй болоод байна хэмээн уулга алдаж байсан байна. Мэргэн ухаант эзэн хаан Чю Жи Чугийн эдгээр үгийг сонсоод сэтгэлдээ баярлах зовнох хослон байжээ. Чингис хаан даруу хичээнгүйгээр, бомботон та намайг хэтэрхий үнэлж байна. Чингис хаан хэдийгээр их монгол хаант улсыг байгуулсан боловч цэрэг дайчдын дунд оморхох сэтгэл бий болж эхэллээ гэж өгүүлсэн гэнэ.
Чю Жи Чу маш номхон мөхийн ёсолж, хаан эзэн та өчүүхан бомбо намайг ийнхүү хүндэтгэж миний саналыг асуусанд би тулуйлын ихээр омогшин баярлаж байна. мөхөс миний мөчидхөн ухаанаар төр улсыг байгуулахад амар, барихад хэцүү. Хэрвээ байлдан дагуулсан газар болгоны ардыг энэрэн тэтгэж, хууль дүрмийг чандлан дээдэлж, цэрэг дайчдын оморхох сэтэглийг тэвчүүлэх юм бол богд эзэн таны байгууулах улс хэрхэн монгол хаант улсаар тогтох ажээ гэж хэлсэн гэнэ.
Чингис хаан нэг өглөө эрт гэнэт цэргүүдийг хуяг дуулгаа орхиж, нуурын усанд биеэ угаа гэж зарилагдсан гэнэ. Гэтэл их жанжин шихихутаг харин зарилагийг зөрчин биеээ угаасангүй гэнэ. Шихихутаг хэдийгээр дайны явцад гарамгай гавъя зүргэл гаргасан боловч оморхон сагсуурснаас болж олон удаа цэргий дүрэм зөрчсөн гэнэ. Тэгээд чингис хаан их цэргийн өмнө түүнийг шийтгэж, цээрлэл болгосноос хойш цэргүүдийн оморхох сэтгэл арилан хожим хойшдын дайн байлдааны үед нэн их ялалт байгуулсан юм.
Сяньби улсын засаг захиргаа
[засварлах | кодоор засварлах]Хүннүгийн дараа монгол нутагт МӨ I зууны сүүлчээр эртний дунху нарын угсааны Сяньби нар ноёрхлоо тогтоожээ. Сяньби нь Хүннү гүрний бүрэлдэхүүнд багтаж явсан Төв Азийн нүүдэлчин монгол угсааны овог, аймгуудаас бүрдэж байжээ. МӨ 150-иад оны үед Сяньбийн цэргийн эрхтний хүү Таньшихуай Сяньби аймгуудыг нэгтгэн захирчээ. Улмаар хуучин Хүннү улсын газар нутгийг бараг бүгдийг эзэлж авчээ. Тэр цагаас хойш Хүннүгийн үлдэгдэл хүн ам болоод Сяньбийн төрөл угсааны Ухуань аймгийн хүн ам Сяньби нэрийн дор явах болж, Сяньбийн хүч чадал нь нэмэгдсэн байна. Сяньби улс Хүннүгийн адил өрнөд, дорнод, төв 3 хэсэг болж, нийт 12 зонхилогчид хуваагдан захирагдаж байжээ. МӨ III зууны дундуур Сяньби аймгийн холбоо задарч, хэдэн тусгаар аймаг болон салжээ. Тэдгээрээс Сяньбийн угсааны Муюн, Тоба зэрэг аймгууд одоогийн Өвөр Монгол, Хойд Хятадын нутагт өөрсдийн төр улсыг байгуулж, нэлээд хугацаанд оршин тогтносоор байжээ.
Сяньби улсын эдийн засгийн үндэс нь Хүннүгийн адил нүүдлийн мал аж ахуй байсан. Мөн сяньби нар ан гөрөө эрхэлж, олзны хятадуудаар тариа тариулдаг байсан аж. Сяньбийн нийгмийн байгуулалд овгийн байгууллын үлдэц багагүй байсан боловч тэдний дунд нийгмийн ялгарал гүнзгийрч, төр ёс, соёл иргэншлийн хөгжилд нь ихээхэн дэвшил гарч байв. Сяньби улс байгуулагдсаны дараа бичиг үсэг үүсч, утга соёл, эдийн боловсролын хөгжилд нь нэлээд ахиц гарсан байна. Сяньбийн бичиг үсэг нь Хүннүгийн адил модон дээр сийлж бичдэг эртний бичгийн нэг хэлбэр байжээ. Сяньби нар Хүннүгийн адилаар амьтдын нэрт 12 жилийн хуанли хэрэглэж байв. Мөн тэд дуу хөгжим, шүлэгт ихэд дуртай байж. Эртний зарим сяньби дууны үг нь хятад орчуулгаар бидний үед уламжлагдан ирсэн байдаг. Сяньби нар нь тэнгэр газар, онгон савдаг, өвөг дээдсээ шүтэн бишрэх бөө мөргөлтэй байв. Тэдний дунд бөө удган, мэргэч төлөгч нар ихээхэн нэр нөлөөтэй байжээ. Сяньби нар гэрлэхдээ, хүргэн нь хадмын гэрт 2 жил суух ёстой байв. Сяньби нарын оршуулгын ёслолын нэг онцлог бол нас барсан хүний сүнсийг харж сахиулахаар нохой дагуулж оршуулдаг байсан явдал юм. Сяньби нар нүүдэл хийх ба цэрэг мордох, баяр ёслолын үеэр гурвалсан морин тэрэг хэрэглэдэг байжээ. Сяньби улсын хааныг өргөмжлөхдөө хар эсгий дээр 7 хүн хааныг түшин суулгаж, өргөж залдаг байсан нь хожмын монголчуудын хаан өргөмжлөх заншилд уламжлагдан үлджээ.
Жужан улсын засаг захиргааны тогтолцоо
[засварлах | кодоор засварлах]Их говийн умард зүгт нутаглан байсан Жужан хэмээх нүүдэлчин аймгуудын тухай мэдээ анхан МЭ IV зууны үеэс түүхийн сурвалж бичигт тэмдэглэгдэх болжээ. Тэд анхлан Тоба-Вэй улсад харъяалагдаж /386-535 онуудад/ мал аж ахуй, агнуурын бүтээгдэхүүнээр алба хураалгаж байжээ. Тэднийг анхлан нэгтгэн төвхнүүлэгч нь Гюйлухой гэгч байв. Түүнийг залгамжлагчид тусгаар тогтнолынхоо төлөө Тобагийн хаадтай үргэлжлэн тэмцэлдсээр байжээ. Тэдний тэмцлийн үр дүнд Жужан аймгууд нэгэн улсын бүрэлдэхүүнд багтан орж, түүх сударт тэмдэглэгдсэн Жужан хэмээх нэр зүүжээ.
4-5-р зууны зааг үеэр Жужаны сурвалжтан нарын дотроос Шэлүнь товойн гарч, бусдаасаа давуу байдалтай болсон байна. Шэлүнь өөрийн тэрхүү хүч нөлөөгөө ашиглан, Их элсэн говиос хойш нутаглаж агсан Монгол, Уйгур, Түрэг угсааны олон аймгийг янз бүрийн аргаар өөрийн хараанд оруулж, хүчин чадлаа улам нэмэгдүүлсээр байв. Гэвч тэр 5-р зууныг хүртэл их говийн араар нутаглаж агсан уйгур угсааны Гаогюй нарыг бүрэн эзлэн эрхшээлдээ оруулж хараахан чадаагүй ажээ. Чухам тэднийг эзэлж чадах эсэх нь түүний улс төрийн үйл ажиллагаанд ихээхэн учир холбогдолтой байв. Тэр үед Гаогюй нар хэдийгээр Вэй улсын хараат агсан боловч Шэлүний Төв Азид нэр нөлөөгөө дээшлүүлэх бодлогодоо хүрэхэд нь сүрхий садаа тотгор болж байжээ. Иймд Шэлүнь Гаогюй нарыг бүр мөсөн эзлэн авах зорилгоор нэлээд бэлтгэл хийсний эцэст 402 онд тэднийг их хүчээр довтолжээ. Шэлүнь тэр удаагийн довтолгооноороо Гаогюй нарыг бут цохин эзэлсэн төдийгүй, өөр бусад аймгуудыг ч бас хураамжлан авч, газар нутгаа мэдэгдэхүйц өргөжүүлж чадсан байна. Энэ довтолгооныхоо дараагаар тэр тухайн үед баруун хойд Хятадын нэг хэсгийг ноёрхож агсан Тангудын Цян улстай найрсаг харилцаа тогтоон, Вэй улсын түрэмгийллийн эсрэг тэмцэлдээ түүнийг нэг өмөг түшиг болгох эх суурийг тавьжээ. Тийнхүү Шэлүнь хөрш жижиг улс, аймгуудыг довтлон цохиж, янз бүрийн аргаар өөрийн эрхшээлдээ оруулах, бас гадаад байдлаа бэхжүүлэхэд чиглэсэн зарим арга хэмжээ авсныхаа дараа өөрийгөө . "Жужан Дэудай хаган" хэмээн зарлаж, Жужан улсыг албан ёсоор байгуулж, хаан ширээнд нь сууснаа мэдэгдсэн байна.
Шэлүнь Жужан улсыг байгуулсан тэр үедээ урьд нь нүүдэлчдийн хэрэглэсээр ирсэн аравтын тогтолцоонд улс орноо оруулж цэрэг захиргааны шинжтэй шинэ хуулиудыг тогтоов. Түүний тогтоосон хуулиар, мянган хүн нэг хороо болж, өөртөө нэг тэргүүнтэй, зуун хүн нэг туг болж, өөртөө нэг даргатай байхаар болжээ. Мөн шинэ тогтоосон хуулийн дагуу дайсанд түрүүлэн довтлон орогсод нь олзны хүн ба эд зүйлүүдийг бусдаас урьтан авч байх, дайн тулааны үед айж ухрагчдын толгойг чулуугаар хага цохих буюу, шийдмээр дэлдэж алах журамтай болжээ. Тийнхүү улсаа аравтлан зохион байгуулсан нь нүүдэлчдийг нэгтгэн удирдаж, зохион байгуулах, төрийн захиргааг хэрэгжүүлэхэд тухайн үедээ тохиромжтой хэлбэр байв. Аравтын тогтолцоогоор зохион байгуулагдсан нүүдэлчид төрийн тусгаар тогтнол, газар нутаг, хөрөнгөө батлан хамгаалах, тэрчлэн аж ахуйгаа эрхлэн хөтлөх өргөн бололцоотой болдог байжээ. Нөгөө талаар, хүрээ, хот айл болж, нүүдэллэн аж төрдөг нүүдэлчдийг засаг захиргаа цэргийн зохион байгуулалтад оруулж өгдөг чухал хэлбэр нь аравтын тогтолцоо юм. Тийм ч учраас нүүдэлчид анх төр улс байгуулсан МЭӨ 3-р зуунаас МЭ 14-р зуун хүртэлх урт удаан хугацаанд аравтын тогтолцоог уламжлан хэрэглэсээр байв. Зарим судлаачид, аравтын тогтолцоо нь нүүдэлчин угсаатны захиргаа цэрэг, аж ахуйн үйл ажиллагаагаа явуулдаг зохион байгуулалтын түгээмэл хэлбэр юм хэмээн тодорхойлсон байна. Жужан нар нүүдэлчдийн уламжлалт төр ёсыг мэддэг байв.
Тэгээд ч Жужаны хаан эрх мэдэл үлэмж, түүний нэгдсэн захирлагыг хэрэгжүүлдэг бүхэл бүтэн төрийн тогтолцоо, тухайлбал, тодорхой зэрэг дэв, эхр үүрэг бүхий захиргаа-цэргийн эрэмбэ дараалсан албан тушаалтнууд ажилладаг байлаа. Хааныг дээд тэнгэрээс заяат төрсөн гэх үзэл Жужанд байсан бөгөөд тэд "Хатагтай", "Зөв", "Тэнгэрийн" гэх мэт өргөмжилсөн нэр хэрэглэж байв. Мөн түүнчлэн хаад нь "Ашиг амгалан", "Машид түвшин", "Машид тайван", "Мандан бадрах", "Мөнхөд энх" гэх зэрэг тусгай оны цол хэрэглэсэн нь хойш уламжлагдсан юм. Хаад нь төрийн дотоод, гадаад бодлогын бүх хэргийг үндсэнд нь дангаараа шийддэг онцгой эрхтэй байснаас гадна нэн шаардлагатай үед түшмэдийн зөвлөлгөөнөөр хэлэлцүүлэн шийдвэр гаргадаг байв. Бас хааны зарлигийн сонсож, тахилга тайлга хийдэг журамтай байв. Ер нь Жужан улсын үеэс улсын эзнийг "Хаган" (хаан), түүний гэргийг "Хагатун" (Хатан) хэмээн нэрлэх явдал нүүдэлчдийн дунд хэвшин тогтжээ. Жужаны эзэд нь хаган хэргэм зүүдэг болсон нь тэдний эрх нь урьдах үеийн нүүдэлчдийн эздийн хэрэглэж байсан Шаньюй, хан хэмээн цол хэргэмээс эрх захиргааны хувьд давуутайг илтгэхийг оролдсон хэрэг гэж судлаачид үздэг байна. Жужаны хаад тийнхүү урьдах нүүдэлчдийн удирдагчаас эрх хүчээрээ илүүтэй гэхээс гадна Жужан улсын нийгэм нь өмнөх Хүннү, Сяньби нарын нийгмийг бодвол, хөгжлийн хувьд нилээд урагшилж, давхраажилт нь нарийсч байсны бас нэг илэрхийлэл юм. Жужанаас эхлэн дараа дараагийн нүүдэлчдийн төр улсын тэргүүн нар нь хаан (хаган) цол хэрэглэдэг болсон байна. Жужанд хаан өргөмжлөх хийгээд төрийн зарим томоохон хэргийг язгууртны их хуралдайгаар шийдвэрлэдэг байсан бололтой. Жужаны эзэд, хаад нь дэүдай, гэжогай, гэмэнгай, чилян, чуло гэх зэрэг олон зүйл чимэг цол хэрэглэдэг байсан аж. Тиймэрхүү чимэг, цолыг Жужаны өмнөх нүүдэлчдын тэргүүн нар мөнхүү хэрэглэж байсангүй. Харин Жужан нараас уламжлан дараагийнх нь хэрэглэдэг болсон аж. Жужаны эзэн хаадын цол, чимэг зэргээс үзвэл, төрийн эрх баригчдынх нь сүр хүчин урьдах үеийн нүүдэлчдийнхээс нэмэгдэж ирсэн гэмээр байна. Жужаны хаад хаан ширээг үе улиран залгамжилдаг, хаан эцгийн орыг гол төлөв хүү нь залгадаг тогтсон ёстой байв.
Жужан улс оршин тогтносон 200 орчим жилийн хугацаанд нийтдээ 23 хан буюу хаан суусан аж. Гэхдээ зарим үед үе залгамжлах ёс алдагдах явдал гардаг, үүний улмаас язгууртнуудын дунд зөрчил дайсагнал үүсдэг байсныг хэлэх хэрэгтэй. Жужаны хаад нь төр улсын дээд эзэн мөн болохоор их эрх мэдэл, эд хөрөнгө, албат харааттай байсан юм. Жужан улсын хааны доор баруун, зүүн жигүүрийг захирах сайд Сылифа хэмээх тушаалтан байв. Хааны үр хүүхэд, ойр төрлийнхөн нь энэ албыг үе улиран хашдаг байсан бөгөөд тэднээс хаан өргөмжлөгдөх явдал ч байсан аж. Тухайлбал, 521 онд Брахман хаан өргөмжлөгдөх үедээ Сылифа цолтой байсныг сурвалжид тэмдэглэжээ. Тэрчлэн Жужаны төрийн түшмэлүүдийн дунд Мохэ, Сыцзинь, Дархан, Хоуцзинь гэх зэрэг томоохон тушаалтан байсан боловч тэдгээр нь чухам ямар алба хашиж агсан нь тодорхой бус байна. Юу боловч тэдгээр нь төр цэргийн шинж чанартай албан тушаалтан байсан бололтой. Амгай хааны үед Шичжун буюу ордны түшмэл, Хаунмэнь буюу хаалгач, Мишуцзянь буюу бичгийн түшмэл ажиллаж байсан мэдээ байдаг. Жужаны түмт, мянгат, зуут, аравтын ноёд, удирдагч нар бас тусгай цолтой байсны дээр үндсэн гол аймгаас бусад аймгийн толгойлогч ноёныг "Бешуай" гэдэг байжээ. Дээр дурдсанаас үзэхэд, Жужан улсын төрийн үйл хэргийг явуулахад захиргаа-цэргийн эрэмбэ дараалсан зэрэг дэв бүхий олон түшмэл ажиллаж, бас их хуралдай, түшмэдийн зөвлөлдөөн болж, төрийн дотоод, гадаад хэргийг шийдвэрлэдэг байжээ. Төрийн алба ажлыг хэрэгжүүлэхийн төлөө хүчин зүтгэл, эрхэлсэн ажил үйлсийн чухал байдлаар нь цол хэргэм олгодог байв. Жужан улсад нийгмийн давхраажилт явагдаж, хаан тэргүүтэй төр барих язгууртны бүлэг урьдах нүүдэлчдийнхээс мэдэгдэхүйц товойн, сүр хүч нь ч нэмэгдэж байсан аж. Нийгмийн дунд давхрааныхныг энгийн малчин аймгууд бүрдүүлж, гол үйлдвэрлэн бүтээгчид нь болж байв. Харин доод давхраанд боол зарц наг багтдаг байжээ. Тэд бусдыгаа бодоход ихээхэн цөөн бөгөөд гол төлөв янз бүрийн шалтгаанаар ядуурагсад, дайны олзныхон, харь аймгийн заримаас бүрдэнэ. Тэд Жужаны язгуурлаг давхрааныхны мал адгуулах, гэр зуурын ажилд явах, уран дархны ажил үйлдэх, тариа будаа тарих зэргийг хийдэг байжээ.
Жужаны нийгэмд эмэгтэйчүүд ч зохих нөлөөтэй байсан бололтой. Сурвалжийн зарим мэдээг үндэслэвэл, Жужаны төрийн хэрэгт эмэгтэйчүүд, хатад, гүнж нар оролцдог, тэднийг төрийн бодлогод ямар нэгэн хэмжээгээр ашигладаг байсан бололтой. Ялангуяа ураг барилдах замаар төрийн гадаад бодлогыг хэрэгжүүлэх, тэднээр дамжуулан бусад улс оронтой найрсаг харилцаа тогтоох явдал байжээ. Тоба-Вэй улсад очсон Жужаны хэд хэдэн гүнжүүд нь өөрийн зан заншлаа хатуу баримтладаг, шулуун шийдмэг байдалтай, угаасаа ухаалаг, зоримог дайчин, халин нисэж яваа элээг эвэр нумаар харван онож унагаж чаддаг, чанга шийдмэг зантай, хятадаар ярихыг зөвшөөрдөггүй байсан гэж судар түүхэнд тэмдэглэжээ. Жужан улс морьт цэрэгтэй байлаа. Тэгэхдээ хүнд, хөнгөн хоёр төрлийн морин цэрэгтэй байв. Монгол улсын Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутагт Цамбагарав уулын "Хар хад" гэдэг хананд сийлсэн хуягт морин цэргийн зураг нь Жужанд холбогдон гэж судлаачид үздэг байна. Сурвалжийн мэдээгээр 402 онд Тоба улсын цэрэг Сугуянь, Чуфу хоёр аймгийг довтлоход Шэлүнь тэдгээрийг хамгаалан байлдаад, Вэй улсын цэрэгт цохигдон, хуягтай морь 2000 гаруйг олзлуулж байсан ажээ. 520 онд Анагуй хаан өөрийн ах Шифагийн хэдэн түмэн морьт цэрэгт довтлуулан хөнгөн морин цэрэгтэй Вэй улсад зугтан очсон гэдэг. Жужаны цэргийн тоо чухам хэд хичнээн байсан нь тодорхойгүй. Зарим сурвалжид өгүүлснээр 439 онд Жужан нар Вэй улсын цэрэгтэй тулалдан ялагдаад цэргийн жанжин, дарга нар болон цэрэг 500-г алуулж, 10000 илүү хүнээ олзлуулсан байна. Мөн 479 оны 7-р сард Жужаны хотод тулж очоод буцаж байсан. 504 оны 10-р сард Нагай хаан 120 000 цэргийг 6 замаар хөдөлгөн Вэй улсыг довтолсон зэргээс үзэхэд Жужаны цэргийн тоо цөөнгүй байсан бололтой. Жужаны цэрэг эрс Хүннү маягийн нум сумаар голлон зэвсэглэхийн хамт төмөр илд, жад, чулуу шидэгч дүүгүүр зэргийг хэрэглэдэг байжээ.
Жужанд урдын нүүдэлчдийн төр ёсны уламжлалд тулгуурласан гадаад харилцааны тогтсон дэг байжээ. Хаан төр улсын дээд эзний хувьд гадаад харилцааны аливаа асуудлыг төвлөрүүлэн шийдвэрлэдэг. Чингэхдээ элч төлөөлөгч илгээх, бичиг захидал солилцох зэргээр цаг үеийн байдалд нийцүүлсэн бодлого үйл ажиллагаа явуулдаг байв. Мөн төрийн түшмэд нь ямар нэгэн ёсон бус алдлаа гаргахын үл зөвшөөрдөг, гаргасан тохиолдолд шийтгэл хүлээдэг байжээ. Жужан нар элчийг илгээхдээ, гол төлөв төрийн өндөр албаны нэр нөлөө бүхий, буурьтай, туршлагатай зүтгэлтнүүдийг шилж сонгон явуулдаг, тэд ч харь оронд очоод баримтлах хатуу тогтсон ёс журамтай байсан болотой. 486 оны 3-р сард Жужаны хаанаас элч Мутиг Вэй улсад зарсан аж. Вэй улсын хаан Сяовэнь түүнийг хянуур болгоомжтой, ёсорхог, элчийн ёс сайн мэддэг хүн, өөрийн улсдаа үнэнч хүн юм гэдгийг өөрийнхөө ордонд болсон зөвлөлгөөн дээр хэлж байснаас Жужаны гадаад харилцааны дэг ёс ямар нэг хэмжээгээр харагдана. Мөн Жужаны элчин нар хожмын Монголчуудтай адил гадаад улсад зорчихдоо, төр улсын төлөөлөгчийн итгэмжлэх тэмдэг "Гэрэгэ" хэрэглэдэг байлаа. Жужаны хаан 480, 481 онд Өмнөд Ци улсын хаанд захидал илгээн, Вэй улсыг хамтран довтлох санал тавьж байсан, 508 оны 7 сард Футу хаан Улюбаг элчээр илгээн, Шицзун хаанд захидал (Нот бичиг ), булган дах хүргүүлж байсан зэргээс үзэхэд тэд гадаад харилцаанд албан бичиг хэрэглэдэг байсан нь тодорхой юм. Тийнхүү томилогдсон Жужаны элч нар улсаа төлөөлөн, гэрээ хэлэлцээр ч хийдэг байлаа. Жишээлбэл, Жужаны нэгэн элч 479 онд Солонгос улстай нууц хэлэлцээр хийж, Дидоуганыг эзлэн хуваан авах тухай тохиролцож байжээ. Нөгөө талаар харийн элчийг хүндэтгэн хүлээн авах, ёс хүндэтгэл үзүүлэх тогтсон журамтай бөгөөд түүнийгээ мөрддөг байсан аж. 521 оны 2 сард Вэй улсын элчин Цзюй Жэнийг ёс хүндэтгэл алдсан хэмээн, Жужаны Поломынъ хаан зэмлэж байсан нь тэд дипломат ёс журамтай, түүнийгээ баримтладаг байсныг харуулна. 520 оны үед Тоба улсын Сяоцзун хаан Жужаны хаан Анагуйг хүлээн авахдаа, төрийн таван дэс бүхий түшмэл, хааны ургийнхан болоод өөрийн харьяат улсын элч төлөөлөгчдийг цөмийг зэрэг дэвээр нь болгоод, Анагуй хааны дүү, хоёр авгыг нь олон түшмэдийнхээ дараад байрлуулсан аж. Гэтэл Анагуй хаан Сяоцзун хаанд хандан-Хааны найрсаг хүлээн авч байгаад талархаж байна. Харин миний хамт үеэл ах маань ирээд байна. Тэр болбоос умард нутаг (өөрийн улс )-таа байхдаа хоёр авгаас минь тушаалаар дээгүүр тул түүнийг хаанд бараалуулахыг хүснэ гэсэнд, Сяоцзун хаан түүний үгийг хүлээн авч, үеэл ахыг нь Анагуйн дүүгийнх нь доод талд, хоёр авгынх нь дээд талд суулгасан ажээ. Энэхүү жишээ нь Жужан нар дипломат харилцааны ёс, зэрэг тушаалын учрыг мэддэг, түүнийг нь зэргэлдээ улс орон нь хүндэтгэдэг агсаныг харуулж байна. Бас Жужан нар тухайн үедээ Тоба улстай эн тэнцүү харилцаж явсныг ч эндээс харж болно.
Жужан улсын гадаад бодлогын үндсэн чиглэл нь: тухайн харилцаж буй орны баримталж буй бодлого, үйл ажиллагаа, тэр үеийн бодит нөхцөл байдал зэрэгтэй уялдаатай байв. Тухайлбал Вэй улсын талаарх Жужаны бодлого нь нэг талаар түүний шахалт түрэмгийллээс тусгаар тогтнолоо хамгаалах, бусад орноор үүнийгээ дэмжүүлэх, найрсаг харилцаатай байхад, нөгөө талаар түүний өрсөлдөгч улсууд болох Сүн, Умард Ци, Лянь, Солонгос зэрэг улсуудтай харилцаагаа бэхжүүлэн шаардлагатай үед тэдний хүч анхаарлыг Вэй улсын эсрэг хандуулхад чиглэгдэж байжээ. Түүнчлэн Жужан нар Дорнод Туркестан, Дундад азийн орнуудыг болж өгвөл Вэй улстай ойртуулахгүй байж, өөрийн улсын нөлөөнд байлгахыг эрмэлздэг байсан ажээ.
Жужаны аж ахуй Эртний Хятад сурвалж бичигт, Жужан нарыг хүн нь олон болоод хүчирхэг, өвс усны аяыг даган нүүдэллэж, мал адгуулан аж төрдөг, дуртай газраа сонгон нүүдэллэхдээ зөөж авч явдаг бөмбөгөр эсгий гэрт суудаг. Тэдний нутаг зундаа ч цастай байдаг өндөр уулстай, олон мянган газар үргэлжилсэн нүд алдам тал нутагтай. Цаг уур нь хүйтэн, өвс ногоо тачир, адуу, үхэр нь хатсан өвс зулгаан, цас иддаг боловч хур тарган байдаг гэх зэргээр өгүүлжээ. Жужан нарын аж ахуйгаа эрхлэн хөтлөх үндсэн арга хэлбэр нь нүүдэллэхүй ёс байв. Өөрөөр хэлбэл, дэлхийн бөмбөрцөгийн уртрагийн чиглэлээр улирал, цаг агаарын байдалд нийцүүлэн нүүдэллэн нутагладаг байсан аж. Түүхч Ц.Хандсүрэн Хятад сурвалжийн мэдээг үндэслэн "Жужаны нутагладаг говийн умард газар өндөрлөг бөгөөд сэрүүн, шумуул батганагүй, бэлчээр усны чанар сайн, тэд зуны улиралд умард газраар нутаглаж мал малладаг, малаа энд тэнд тус тусад нь суурилан бэлчээрлүүлдэг. Намар адуу таргалсан хойно хуран цуглаж, улмаар хүйтнээс зайлан дулаан нутаг руу очдог" хэмээн бичжээ. Энд Жужан нарын нүүдэл амьдралын гол нурууг үндсэнд нь тодорхойлсон байна. Жужан нарын дунд хэдийгээр бог мал тоогоороо давамгайлж байсан боловч таван хошуу малын алиныг ч үржүүлдэг байв. Тэдгээрийн тоогоор нь үзвэл, хонь, адуу, үхэр, тэмээ гэх дараалалтай байв. Жужан нар малын тоо толгойгоор баялаг байжээ. Түүхэнд 449 оны 9 сард Тобагийн 3 замын их цэрэг 1 сая гаруй мал дээрэмдэн одсон, 547 онд баруун Вэй улс 200 000 тэмээ, адуу, үхэр, хонь олзолсон, 555 оны 7 сард Умард Ци улс хэдэн буман үхэр, хонь дээрэмдсэн зэргээр өгүүлсэнээс үзэхэд, Жужанчууд олон сая толгой малтай, сүргийн бүтэц бүрэлдэхүүнд таван хошуу малын аль аль нь багтаж байсан нь харагдана. Судлаачид Жужаны мал сүргийн дотор тэмээг бусдаасаа хамгийн цөөн байсан гэж үздэг. Гэхдээ 538 онд Баруун Вэй улсад Анагуй өөрийн охиноо өгөхдөө, сүргээсээ 1000 тэмээ инжинд нь өгч байснаас харахад бас ч тэмээ тийм цөөн байгаагүй бололтой. Харин аж ахуйн хийгээд уналга эдэлгээ, цэрэг стратегийн чухал ач холбогдолтой сүрэг болох адуу нүүдэлчдийн хувьд гол байр эзэлдэг байсан нь Жужанд ч адил юм. Тэгээд ч сурвалжид адуу, агт морины талаар олонтаа дурдагддаг. Тэдгээрт заримдаа зуу, бүр саяар нь агт морьдыг харилцан бэлэглэсэн буюу уулгалан булаасан тухай өгүүлнэ. Энд нэг баримтыг жишээ болгоход 429 онд Табгачийн Шицзу хан Жужанаас нэг сая орчим цэргийн агт, 443 онд Вэй улсын цэрэг Жужаныг довтлохдоо 200 000 гаруй адууг тус тус дээрэмджээ. Энэ нь Жужан нар олон саяар тоологдох адуутай байсны гэрч
Кидан улсын засаг захиргааны тогтолцоо
[засварлах | кодоор засварлах]Кидан нар нь эртний дунху нараас гаралтай бөгөөд монголчуудтай нийтлэг нэг гаралтай юм. Кидан хэмээх угсаатны нэр анх МӨ IV зууны сүүл үеэс түүхэнд нэр тэмдэглэгдэх болсон ажээ. 917 онд Киданы тэргүүлэгч Амбагян 3 жил тутам тэргүүлэгчийг сонгодог журмыг зөрчин, Киданы хаан ширээг үе улиран залгамжлах болгов. Мөн Киданы хуучин 8 аймгийг үндэс болгож, Кидан улсыг байгуулжээ. Улмаар Амбагян болон түүнийт залгамжлагчид хөрш зэргэлдээ нүүдэлчид болон Хойд Хятадын 16 муж улсыг эзлэн авчээ. Тэр үеэс Кидан улс их гүрний зиндаанд хүрч, улсаа Их Ляо улс хэмээн нэрлэх болов. Кидан гүрэнд нийт 50 гаруй аймаг, улс багтсан бөгөөд тэдгээр нь өмнөд, умард, гадаад гэж хуваагддаг байжээ. Улсын нутаг дэвсгэр нь дорнод далайгаас Алтайн уулс хүртэл, Туул голоос Хятадын цагаан хэрэм хүртэл өргөжижээ. Гэвч Кидан гүрэнд эзлэгдсэн зүрчид аймгийнхан 1118-1125 онд Хятадын Сүн улстай хүч хавсран Кидан гүрнийг мөхөөжээ. Киданы нэг хэсэг Монгол, Манжуур, умард Хятадад шинээр тогтсон Алтан улсад багтаж, Елюй Да-ши жанжин тэргүүтэй нөгөө нэг хэсэг нь Алтан улсыг дагалгүй баруун зүг одон Дундад азид Си Ляо /Баруун Ляо/ буюу Хар Кидан хэмээх нэрээр тэмдэглэгдэх болсон улсыг байгуулжээ.
Кидан гүрний хүн ам нь нийгэм, эдийн засгийн хөгжлийн түвшин, соёлын хөгжлөөр харилцан адилгүй, нүүдлийн болоод суурьшмал хоёр янзын амьдралтай иргэдээс бүрэлдэж байв. Тиймээс Кидан гүрэнд мал аж ахуй, газар тариалан, худалдаа арилжаа, гар үйлдвэр нь бүс нутаг бүрийн онцлогтой хөгжиж байжээ. Кидан нарын эдийн болон оюуны боловсрол нь урьдах нүүдэлчин аймаг, улсуудаас нэлээд урагш ахисан байжээ. Киданы соёл нь нүүдэлчдийн соёлыг суурьшсан тариаланчдын соёлтой холбосон нэлээд содон шинжтэй байсан аж. Киданы нутгийн төв, өмнөд, зүүн өмнөд хэсэгт оршин суугсдын дунд хот балгад, сүм дуган, суврага, чулуун гүүр зэргийг барих арга ухаан нэлээд хөгжиж байв. VIII-Х зууны үед газар тариалан, гар урлалын хөгжлийг дагаад нэхмэл сургалт, тариалангийн арга ухаан, ялам ургуулах, хүр үржүүлэх зэрэг мэдлэг дэлгэрч байжээ.
Киданы соёл боловсролын хөгжилд гарсан том ололт нь Их, бага бичгүүдийг зохион хэрэглэсэн явдал болно. Киданы Их бичгийг 920 онд Амбагяны ач хүү Лубугу, эрдэмтэн Тулюйбу хоёр хятад бичгээс үлгэр авч зохиожээ. Харин Амбагяны хүү Елюй Тэла (Жүңдүхүн) уйгур бичгээс үлгэрлэн зохиосон бичиг нь Киданы Бага бичиг хэмээн алдаршжээ. X зуунаас Киданд шүлэг магтаал, дуу, тэмдэглэл зэрэг утга зохиолын олон төрөл хөгжиж байв. Кидан гүрэнд кидан, хятад гэсэн эрдмийн хоёр хүрээлэн байсан ажээ. Кидан гүрний үед улсын албан түүх, шастир зохиох ажил амжилттай хөгжиж, олон алдартай түүхчид төрөн гарч байв. Бас киданчууд нутгийнхаа газрын зургийг зохиож, тайлбарыг хийсэн явдал нь газар зүйн ухааны хувьд чухал зүйл болжээ. Кидан нарын үндсэн шүтлэг нь бөө мөргөл байсан боловч будда, күнз, даосын сургаалтнууд бий болж байв. Кидан гүрний гадаад харилцааңд соёлын харилцаа чухал байр эзэлж байжээ. Кидан нар гадаад орнуудад ном судраар бэлэг явуулж, гаднаас мөн бичиг судрын зүйлсийг хүлээн авдаг байсан ажээ. Кидан гүрэн Төв Ази, Дорнод Азийн уудам нутагт амьдран суусан монгол, хамниган зэрэг аймаг угсаатны нийгэм, соёлын хөгжилд чухал нөлөө үзүүлсэн билээ.
Их Монгол Улсын засаг захиргааны зохион байгуулалт
[засварлах | кодоор засварлах]Их Монгол Улсын засаг захиргааны зохион байгуулалт
[засварлах | кодоор засварлах]Чингис хаан Их Монгол Улсыг байгуулаад юуны өмнө төр захиргааны болон цэргийн зохион байгуулалтын оновчтой тогтолцоог бүрдүүлжээ. Өмнөх үеийн төр ёсны уламжлалд тулгуурлан цэрэг, иргэний шинж бүхий олон шатны зэрэг дэвт, засаг захиргааны зохион байгуулалтай болов. Энэ нь аливаа асуудлыг чирэгдүүлэлгүй, шуурхай шийдвэрлэхэд чиглэгдэж байсан юм.
Их Монгол Улсын төрийн бүх дээд эрхийг баригч нь Чингис хаан байв. Монгол улсын газар нутаг, харъяат иргэд бүгд Их хааны өмч байсан. Монголчууд Их хаадыг тэнгэр язгуурт хэмээн өргөмжлөн хүндэлж, хууль зарлигийг нь ёсчлон гүйцэтгэж байлаа. Хаан төрийг үе залгамжлан захирах бөгөөд Их хааны нэр заан гэрээслэсэн хүнийг их хуралдайгаар баталгаажууж хаан өргөмжилдөг байв. Хаан өргөмжлөх, харь оронтой найрамдах, дайтах зэрэг төрийн онц чухал хэргийг Их хуралдайгаар шийдэж байжээ, Тиймээс хуралдай нь төрийн дээд шийдвэр гаргах байгууллага болж байв. Их хуралдайд алтан ургийнхан, төрийн түшээд, гавьяатан сайдууд, бичгийн мэргэд, өрлөг жанжид оролцоно. Асуудлыг олонхийг саналаар голчтой шийдэж байснаараа ардчилсан шинжтэй. Тиймээс Их хуралдайг өнөөгийн парлөментын анхны хэлбэр гэж судлаачид үздэг. Төрийн хэргийг хөтлөн явуулахад Сэцдийн зөвлөл чухал үүрэгтэй. Сэцдийн зөвлөл нь алсын хараатай, зөв мэргэн төрийн бодлого боловсруулахад нөлөөтэй байжээ. Чингис хааны байгуулсан Сэцдийн зөвлөлд олон орны бичгийн мэргэд багтаж байсан нь дэлхийн хэмжээний төрийн бодлого явуулахад ач тусаа үзүүлжээ. Их хааны томилсон төрийн шадар сайд гүйцэтгэх засаглалыг хэрэгжүүлнэ. Их Монголын улсын анхны шадар сайд Го ван Мухулай байлаа. Монгол улсын өдөр тутмын хэргийг шадар сайд удирдан явуулж өөрийн эрх хэмжээнээс хэтэрсэн онц чухал тулгамдсан асуудлыг Их хаан болон Их хуралдайгаар шийдвэрлүүлдэг журамтай байв. Улс орны нийгмийн амьдралын олон асуудлыг шийдвэрлэх Их заргач чухал үүрэг гүйцэтгэж байв. Чингис хааны анхны Их заргач нь Шихихутаг байв. Их Монгол улсын төрийн үндсэн гол хууль нь “Их засаг ” байв. Уг хууль бидний үед бүрэн эхээрээ уламжлагдан ирсэнгүй. “Их засагт”-т хаан өргөмжлөх, их хуралдайг зарлан хуралдуулах, гадаад улс оронтой харилцах ёс, цэргийн болон иргэний үүрэг, алба татвар, эрүүгийн ба иргэний шинж чанартай олон асуудлыг хэрхэн зохицуулахыг хуульчлан заажээ. Төрийн хэргийг явуулахад чухал үүрэгтэй хүний нэг нь Төрийн бэхи байв. Төрийн бэхи нь цагаан морь унаж, цагаан хувцас өмсч, Их хуралдайг хуралдуулах, хаан өргөмжлөх, аян дайнд мордох зэрэг төрийн чухал үйл хэрэг өлзийт өдрийг сонгон цаг, зүг чигийг зааж өгөх үүрэг хүлээнэ. Төрийн анхны бэхи нь Усун өвгөн байв. Их Монгол улсын төрийн гол шүтлэг нь бөө мөргөл. Олонд алдартай Хөхөчү бөө буюу Тэв тэнгэр нь хааны итгэлийг олж бусад зайран удганаас дээгүүр байр суурь эзэлж байжээ.
Цэргийн зохион байгуулалт
[засварлах | кодоор засварлах]Их Монгол улсыг байгуулахад амь хайргүй зүтгэсэн Чингис хааны онцгой гавьяат нөхөд нь 9 өрлөг, дархад, цэргийн жанжид, хөлөг баатрууд байв. Тэд хаан эзний алтан амийг сахиж, төр улсыг бататгахад онц үүрэг гүйцэтгэн, хаан эзэнд зөвлөх, сануулах зэрэг бусдаас давуу эрх эдлэж байсан юм. Чингис хаан 4 их баатар жанжинтай, тэднийгээ үнэнч сайн нохойтой зүйрлэн хамгийн чухал хэрэг, хүнд бэрх дайнд илгээдэг байв. Их Монгол улсыг байгуулахад амь бие хайрлалгүй зүтгэсэн Боорчи, Зэлмэ, Сорхан шар нарын зэрэг гавьяат хүмүүсийг дархан болгожээ. Тэдэнд соёрхол газар олгож, эзэмшил нутгаа үе улиран захирах, дайны ба ав хомрогын олзоо хэнтэй ч хуваалцахгүй өөртөө авах, алив алба татвараас бүрэн чөлөөлөгдөх, хүссэн цагтаа хаанд бараалхах, есөн удаагийн осол эндэгдлийг нь хэтрүүлэх зэрэг онцгой эрх олгов. Монгол төрийн аюулгүй байдлыг хангах гол түшиг тулгуур нь шадар хишигтэн байжээ. Шадар хишигтэн нь хаан төрийн аюулгүй байдлыг хамгаалах, төрд үйлчлэх үүрэг гүйцэтгэн, онц чухал үед цэргийн гол хүч болдог, байлдааны байнгын бэлтгэлтэй, зэвсэгт хүчний гол цөм байлаа, Их Монгол улс 10 000 хишигтэнтэй байв. Чингис хаан өмнөх үеэс уламжилж ирсэн мянганы зохион байгуулалтыг боловсронгуй болгож улсаа 95 мянгатад хуваав. Мянганы систем нь алба татвар татах, дайн байлдааны үед тодорхой тооны цэрэг гаргах үүрэг бүхий засаг захиргааны нэгж юм. Засаг захиргааны нэг нэгжээс нөгөө рүү дураар шилжихийг Их засаг хуулиар хатуу хоригложээ. Байнгын армийг бий болгосон төдийгүй цэргийн бодлого боловсруулах Илдэч хэмээх газрыг байгуулжээ. Их Монгол улсын нутаг дэвсгэрийг бүхэлд нь Баруун, Зүүн, Төвийн гэсэн гурван том түмэнд хувааж, Төвийн түмнийг Наяа ноён захирч түүний мэдэлд Гурван голоор савласан төвийн нутаг хамрагджээ. Баруун түмнийг Боорчи захирч Алтай нуруу орчмын нутаг түүнд харьяалагджээ. Монголын зүүн хэсэг Хянган нуруу орчим нутаг Зүүн түмэнд харьяалагдаж Мухулайн захиргаанд байв. Их түмэн нь дотроо хэд хэдэн бага түмэнд, бага түмэн нь мянгат, зуут, аравтад тус тус хуваагдаж байв. Тэдгээр нь байлдааны үед 10-10 000 цэрэг гаргах, тайван цагт тогтоосон хэмжээний татвар төлөх үүрэгтэй. Чингис хааны төр, захиргааны зохион байгуулалт нь нүүдэлчдийг захирах хамгийн оновчтой хэлбэр байсан юм.
Их Монгол Улсын гадаад бодлого
[засварлах | кодоор засварлах]Их Монгол Улсын эргэн тойронд нийгмийн хөгжлийн түвшингээр харилцан адилгүй улс орнууд олширч байв. Чингис хаан Их Монгол улсаа байгуулаад, хөрш орнуудтай эрх тэгш найрсаг харилцаа тогтоож тэднээр улсаа хүлээн зөвшөөрүүлэх, чөлөөт худалдааг хөгжүүлэх, гадаад аюулгүй байдлаа баталгаажуулахыг эрхэмлэв. Үүний тулд Умард Алтан улс, Тангуд, Хорезм зэрэг улс оронд элч илгээж байв. Умард Алтан улсын эрх баригчид Монгол улсыг хүлээн зөвшөөрөх нь байтугай алба өгөхийг хариу шаардав. Хорезмын шах элч, худалдаачдыг алж, эд барааг нь дээрэмдэн авчээ. Ийм нөхцөлд асуудлыг тайван замаар шийдвэрлэх боломжгүй болов. Чингис маан 1205 онд Тангудыг анх довтолжээ. Энэ нь Тангуд, Умард Алтан улстай хүч хавсрахаас сэргийлэх, Алтан улсыг дайлах түшиц газар болгох, гадаад байдлаа бэхжүүлэх стратегийн зорилготой холбоотой. 1207, 1210 онд дахин довтолж хот сууринг нь эзлэн, эд баялаг, тэмээ малыг нь үлэмж хэмжээгээр олзлон авчээ. Тангудыг жил бүр алба барих, аян дайнд цэрэг нийлүүлж байхыг тулган зөвшөөрүүлсэн байна. Тангуд улсыг байлдсанаар суурин орныг байлдах анхны туршлага олжээ. Умард Алтан улс нь Монголчуудыг Хятадтай худалдаа арилжаа хийх явдлыг хаан боогдуулж, нүүдэлчдийг хооронд нь эвдрэлцүүлж нэгдэн нягтрахад нь ямагт саад болж иржээ. 1211 онд эцэг өвгөдийг гэрээсийг биелүүлж олон жилийн “өшил өшин хясал хясахаар” Чингис хаан их цэргийн хүчээр довтлон орсон нь Алтан улстай хийсэн 23 жилийн дайны эхлэл болов. Хоёр замаар их цэрэг хөдөлгөн, нэгийг нь Чингис хаан, нөгөөг нь Мухулай, Зэв нар удирджээ. Монгол цэргүүд Алтан улсын зарим мужийг эзлэн авч их хэмжээний эд баялаг олзлон аваад буцжээ. Гэвч Алтан улс амалсан ам, хэлсэн үгэндээ хүрээгүй тул 1213, 1214 онд Чингис хаан Алтан улсад дахин их цэрэг оруулж, 1215 онд Нийслэл Жүндү /Бээжин/ хот болон зарим чухал газрыг эзлэв. 1217 оны 8 сард үлдсэн газар нутгийг эзлэх үүргийг Мухулайд даалгаж, нутагтаа буцаж ирэв. Хорезм улсыг байлдан эзэлсэн нь Хорезм нь Хятад-Газар дундын тэнгис, Энэтхэг-Орос зэрэг худалдааны замын гол зангилаа газар буюу Баруун Туркестаны нутаг Аму-дарьяа мөрний адагт орших хагас суурьшмал орон. Худалдааны төв байсан учир хөгжлөөр илүү, эдийн засаг нь хүчирхэг байв. 1217 онд Хорезм улсаас Монголд худалдаа хийхээр ирсэн элчийг буцахад нь Чингис хаан Ухуна тэргүүтэй 450 хүнийг дагуулан илгээжээ. Чингис хаан Хорезмын шаханд захидал илгээж худалдаа хийлгэхээр тэднийг явуулснаа дурьдаад цаашид худалдааг хоёр талаас дэмжин явуулж байхыг хүсчээ. Худалдаачдыг Отрар хотод очиход холын дарга Иналчуг тэднийг хөнөөжээ. Чингис хаан энэ тухай сонсоод маш их хилэгнэсэн боловч 1218 онд Хорезмын шахад дахин элч илгээн буруугаа хүлээхийг шаардав. Хорезм шах элч нараас хоёрыг нь алж, нэгийг нь доромжлон буцаажээ. Тиймээс Чингис хаан Хорезмыг дайлах шийдвэр гаргаснаар өрнө, дорнодод монголын цэрэг зэрэг байлдах болов. Алтан улсыг монголчууд эзэлсэн дуулианд итгэж ядан, Монголд хоёр ч элч илгээн лавлаж байсан Хорезмын шах тийнхүү монголчуудтай нүүр тулжээ. 1218 онд Чингис хаан Их хуралдайг хуралдуулж өөрийн эзгүйд төрийн хэргийг Отчигин ноёнд, говиос өмнөх хатан гол хүртэлхийг гүнж Алагбэхид хариуцуулав. Хорезм улсыг байлдахдаа Чингис хаан мэргэн зөвлөгч Елюй-чу-цай, дөрвөн хүү, жанжнуудаас Боорчи, Шихихутаг, Зэв, Сүбээдэй, хатадаас Хуланг дагуулж мордов. Зарим мэдээгээр Чингис хааны цэргийн тоо 150-200 мянга орчим байсан гэдэг. 1218 онд Чингис хаан өөрийн цэргийн хүчийг зам гүүр тавих, хотын хэрэм эвдэх харвуур зэрэг оньсон хэрэгсэл, тос бүхий шатаагч вааран сум, харвах оньс зэрэг байлдааны шилдэг зэвсэг техникээр хангажээ. Чингис хаан Алтан улстай байлдахдаа шинэ зэр зэвсэг олзолсон төдийгүй, суурьшмал улс орныг дайлах арга ухаанд суралцсан нь амжилт олоход нөлөөлсөн байна. Чингис их цэргээ хоёр хувааж элчийг нь хөнөөсөн Отрар хотыг эзлэн, Иналчукийг алж, хотыг үнэсэн торвог болгов. Чингис хааны цэргийн нөгөө хэсэг нь 1218 онд долоон мөрөн, 1219-1221 онд эртний соёлт Бухар, Самарканд, Ургенч хотыг эзлэн авчээ. 1221 онд Зэв, Сүбээдэйн удирдсан цэрэг Хорезм шах Мухамедийг мөрдөн хөөхийн хамт Азербайджан, Гүржийг эзлэв. Шемиха хотыг эзлээд умард Кавказын уулсыг давж тэндээс Крым хүрч Судакийг авав. 1223 онд Калка голын хөвөөн дээр Оросын вангуудын цэргийг бут цохив. Тийнхүү Чингис хааны их цэрэг олон улс, хот, асар уудам газар нутгийг эзлэн авч Монголын эзэнт гүрний үндсийг тавив. Тангудыг эзэлсэн нь 1225 оны эхээр Чингис хаан цэргээ аван эх нутагтаа буцаж иржээ. Энэ нь хэд хэдэн шалтгаантай: • Алтан улсыг дайлж Мухулай жанжин нас барсан. • Алтан улсын зарим хот монголчуудын эсрэг боссон. • Тангууд улс хүчин хавсраагүй, харин эсрэг зогссон. Чингис хаан богино хугацаанд 100 000 цэрэгтэй, мөн оны намар Тангуд руу хөдөлжээ. Чингис хаан Тангудад элч довтолгон, бид Сартуулыг дайлахдаа чамайг баруун гар болж морд гэхэд чи хэлсэндээ хүрсэнгүй үгээр дайрсан билээ. Бид Сартуулыг эрхэндээ оруулаад ирлээ. Одоо чамтай дайтна хэмээн мэдэгдэж дайн зарлажээ. 1226 оны хаврын тэргүүн сард цэргээ 2 хуваан Зүүн гарыг Чингис хаан өөрөө удирдан Силян хотод хүрэв. Силян нь Тангудын нийслэлийн дараа орох хоёр дахь том хот, Худалдааны чухал төв төдийгүй Төвдийн өндөрлөгт нэвтрэн орох байлдааны чухал түшиц газар байв. Силян хот байлдалгүйгээр бууж өгчээ. Баруун нарын цэрэг нь Түрэмгий балгасыг эзлэн авч 1227 оны 1 сард Яргай хотод төхөж очив. Гол хүч нь Түрэмгий балгасанд нэгэнд цохигдсон, нийслэлээ бага хүчээр хамгаалж байсан тул Тангуд улс ялагдав.
Их Монгол Улсын эдийн засаг
[засварлах | кодоор засварлах]Чингис хаан төрөө төвхнүүлээд, улс тусгаар оршихын үндэс эдийн засгийг онцгой анхаарчээ. Улсын эдийн засгийн үндэс-мал аж ахуйг хөгжүүлэхийг чухалчлав. Тиймээс малаа өсгөх үндэс болсон байгаль хамгаалах асуудлыг төрийн бодлогодоо онцгойлон үзэж байлаа. Адуу нь улс орноо хамгаалах, өргөн уудам нутагт харилцаа холбоо залгуулах, нүүдлийн мал аж ахуйгаа хөтлөх, баяр наадам, ав хомрого зэрэгт чухал үүрэгтэй байжээ. Өнчдийг тэтгэх сан байгуулж, төр улс байгуулахад тууштай зүтгэж амь эрсэдсэн баатруудын ар гэрт тэтгэлэг олгох, мөн нийгмийн доод давхрагынхныг алба татвараас хөнгөлөх, чөлөөлөх зэрэг арга хэмжээ авчээ. Гадаад худалдаа хөгжүүлэх талаар олон чухал арга хэмжээ авчээ. Монголчуудын худалдаанд Алтан улс ямагт хориг саад тавьж байсан зарим үед дайн байлдаанаар асуудлыг шийдвэрлэж байв. Нүүдэлчдийн дайны нэлээд хувь нь эдийн засгийн шалтгаантай. Дундад азитай худалдаа хөгжүүлэх, Монголд худалдаа хийж буй гадаадын худалдаачдыг урамшуулан хөхүүлэх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх бодлого явуулж байсан нь үүнд онцгой анхаарч байсны илрэл юм. Чингис болон түүнийг залгамжлагч хаад Торгоны замыг мэдэлдээ авч, аян зам, аюулгүй байдлыг нь хангахад чиглэгдсэн дорвитой цогц арга хэмжээ авчээ. Гадаад худалдаа өмнөх үеэс эрс өсөв. Монголын Их хаадаас санхүүгийн дэмжлаг авч тэдний нэрийн өмнөөс худалдаа хийдэг Дундад Азийн уртаг хэмээх худалдаачид тэр үед олширчээ.