Улсын дуурь бүжгийн эрдмийн театр
Энэ өгүүллийг Дуурь Бүжгийн Эрдмийн Театр өгүүлэлтэй нэгтгэх хэрэгтэй байна (Хэлэлц) |
Түүх
[засварлах | кодоор засварлах]1927 онд нээгдсэн Ардын цэнгэлдэх хүрээлэнг өргөтгөн мэргэжлийн түвшинд хүргэх зорилгоор 1931 онд Улсын төв театрыг байгуулжээ. 1934 онд Д.Нацагдоржийн ”Учиртай гурван толгой” дуулалт жүжгийг ард түмний дунд дэлгэрсэн ардын дуунуудын аяар харилцан дуулж, нийтэд үзүүлсэн нь Монголын театрын урлагт хөгжимт, дуулалт жүжиг, дуурь тоглох эхлэл болсон юм. Үүнээс хойш театрын уран бүтээлд хөгжимт драм тоглох болсны зэрэгцээ театрын уран бүтээлчид өөрсдийн дэглэсэн бүжгүүдийг тайзнаа тавьж, ЗХУ-аас уригдан ирсэн бүжгийн мэргэжилтэн Н.В.Кузнецова 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй бүжгийн ангийг зохион байгуулж, анх удаа бүжгийн үдэшлэгийг тоглуулж байжээ. 1924 онд байгуулагдсан Жанжин Сүхбаатарын нэрэмжит клубын дуу хөгжмийн бүлгэмээс бэлтгэгдсэн алдарт дуучин, хөгжимчин М.Дугаржавын шавь нар үндэсний хөгжмийн зэмсэг бүхий найрал хөгжимтэй, хөгжим ангийг Д.Ишдулам багшийн удирдлага дор байгуулав. 1940 - өөд онд театрыг хөгжүүлэхэд засаг төрөөс ихээхэн анхаарал тавьж, ЗХУ-аас мэргэжилтэн урьж ажиллуулав. Театрын боловсон хүчнийг бэлтгэх арга хэмжээг авч хэрэгжүүлэн 1950 –иад оны дунд үеэс залуусыг сонгон ЗХУ-д нарийн мэргэжлээр суралцуулахыг чухалчилжээ. Хөгжмийн зохиолчоор С.Гончисумлаа, Б.Дамдинсүрэн, Л.Мөрдорж, Лха.Дорж, Д.Лувсаншарав, бүжиг дэглээчээр Д.Лхасүрэн, Б.Жамъяндагва, Д.Бэх-Очир, бүжгийн багшаар Ж. Жав, гоцлол дуучнаар Г.Хайдав, Ц.Пүрэвдорж, Ж.Дамиран, А.Загдсүрэн, төгөлдөр хуурчаар Шагдарсүрэн нарын хүмүүсийг тус тусын мэргэжлээр ЗХУ-ын театр, хөгжмийн сургуулиудад суралцуулсан байна. 1955-1956 онуудад ЗХУ-ын Пермь, Ташкент хотуудад бүжгийн сургуульд элссэн бүжигчид 1962 онд төгсч ирсэн нь тус театрт үндэсний болон сонгодог бүжгийн жүжгийг дэглэн найруулах, таатай нөхцлийг бүрдүүлсэн юм. 1960-аад оны Улсын Хөгжимт Драмын театрын найрал дуучдын мэргэжил мэдэгдэхуйц ахисны дээр симфони найрал хөгжим шинэ залуу хөгжимчдөөр бэхжин, хөгжимдөх ур чадвар дээшилжээ. 1963 он гэхэд Б.Дамдинсүрэн Б.Смирнов “Учиртай гурван толгой”, Б.Дамдинсүрэн “Жаргалын зам”, С.Гончигсумлаа “Үнэн”, Л.Мөрдорж ”Хөхөө Намжил” дууриуд, Б.Асафьев “Бахчисарайн оргилолт булаг”, С.Гончигсумлаа “Ганхуяг”, Р.Ярулин ”Шурали” зэрэг үндэсний болон сонгодог балеттай үзэгч олон танил болсон байлаа. Хөгжмийн өндөр боловсрол эзэмшсэн боловсон хүчинтэй болсноор Монголын хөгжмийн театр бий болох нөхцөл бүрдсэн. Ингээд МАХН-ын Төв хороо, Сайд нарын зөвлөлийн 1963 оны 5 сарын 10-ны өдрийн 132/182 тоот тогтоолоор Улсын Хөгжимт Драмын театрыг 1963 оны 5 сарын 15-наас эхлэн Улсын Драмын Театр, Улсын Дуурь Бүжгийн Театр болгон өөрчилж, бие даасан хоёр театрыг байгуулсан түүхтэй. Ийнхүү монголд хөгжмийн мэргэжлийн театр байгуулагдаж 1963 оны 5 сарын 18 нд П.И.Чайковскийн “Евгений Онегин” дууриар нээлтээ хийжээ.
Үндсэн чиглэл
[засварлах | кодоор засварлах]Улсын дуурь бүжгийн театр байгуулагдсан цагаасаа урын сангаа арвижуулах дараахь 2 үндсэн чигийг баримтлан ажиллаж ирсэн.
- Нэгдүгээрт, үндэсний дуурь балетыг шинээр бүтээх
- Хоёрдугаарт, дэлхийн сонгодог дуурь, балетаас сонголт хийж, өөрийн тайзнаа боловсруулан тавихыг чухалчилжээ.
Үйл ажиллагаа
[засварлах | кодоор засварлах]Одоо тус театр Монголын хөгжмийн зохиолч Б.Дамдинсүрэн, С.Гончигсумлаа, Д.Лувсаншарав, Л.Мөрдорж, А.Боролдой, Э.Чойдог, Д.Жанчив, Ц.Нацагдорж, Х.Билэгжаргал, Ж.Мэнд-Амар, З.Хангал, Б.Шарав, А.Батдэлгэр, Г.Пүрэвдорж Х.Алтангэрэл нарын бүтээсэн үндэсний 22 дуурь, 16 балеттай болсноос гадна П.И.Чайковский, А.Адан, Ж.Пуччини, Ж.Верди, Ж.Россини, Л.Минкус, А.Хачатурян, Н.Римский-Корсаков, Ж.Бизе, В.А.Моцарт, Б.Асафьев, Л.Делиб, Ф.Шопен, С.Прокофьев, Ш.Гуно, А.Бородин, И.Штраус зэрэг олон хөгжмийн зохиолчдын дуурь балетын 100 гаруй уран бүтээлүүдээр урын сангаа баяжуулж чадсан юм. Энэ бүхнийг бүтээхэд авьяас билгээ зориулсан удирдаач Ж.Чулуун, Ц.Намсрайжав, М.Санжмятав, Ч.Жамсранжав, Ц.Баатаржав, Ж.Бүрэнбэх, Н.Туулайхүү, Б.Батбаатар, Д.Нямдаш найруулагч Д.Лхасүрэн, Ц.Пүрэвдорж, Л.Эрдэнэбулган, Х.Уртнасан, Ё.Цэрэндолгор, Г.Эрдэнэбаатар, Е.Сарантуяа балетмейстер Б.Жамъяндагва, Х.Гэрэлчимэг, зураач Л.Гаваа, Л.Намхайцэрэн, Д.Сүхбаатар, Ц.Доржпалам, Ч.Гунгаасүх, Г.Ганбаатар, Ц.Ганзориг зэрэг үе үеийн уран бүтээлчдийн хөдөлмөр зүтгэлтэй салшгүй холбоотой. Тус театрын уран бүтээлчид төрийн ёслолын болон түүхт ой, их хурлуудын олон зуун хүндэтгэлийн концертын хөтөлбөрийг боловсруулж, тайзнаа тоглуулжээ. Театрын гадаад харилцаа жил ирэх тутам өргөжин, олон улсын дуурь, балет, хөгжмийн уралдаан тэмцээнд манай уран бүтээлчид тогтмол амжилттай оролцож, тив дэлхийн хэмжээнд зохиогддог Олон улсын уралдаан тэмцээнд дуучин Ц.Пүрэвдорж, Д.Жаргалсайхан, Г.Хайдав, Х.Уртнасан, П.Ганбат, С.Мөнгөнцэцэг, А.Сайнбаяр, Э.Амартүвшин, Ч.Энхтайван, Э.Анхбаяр, Э.Бумхүү, Ж.Бямбажав, О.Хүрэлбаатар, Д.Эрдэнэ-Очир балетын жүжигчин О.Ганбаатар, Ю.Оюун, О.Батсайхан, У.Бат-Эрдэнэ, Б.Түвшинбат, Б.Сэргэлэн, Г.Цолмон, Д.Алтанхуяг, Ч.Ганчимэг, О.Ганцоож, Г.Батчимэг, Б.Саруул нар шагналт байранд шалгарч байсны зэрэгцээ Ц.Пүрэвдорж, Б.Жамъяндагва нар Олон улсын дуурь, балетын тэмцээний шүүгчээр ажилласан нь манай орны сонгодог урлаг дэлхийн хэмжээнд өндөр үнэлэгддэг болсны баталгаа юм.
Шагнал
[засварлах | кодоор засварлах]Монголын хөгжмийн театрын урлагийг хөгжүүлэх, хөдөлмөрчдийг нийгмийн бүтээлч амьдралд идэвхтэй оролцуулахад гүйцэтгэсэн үүрэг, дэлхийн сонгодог бүтээлийн арвин сантай болсон түүхэн ач холбогдлыг өндөр үнэлж, 1981 оны 7 сард Ардын хувьсгалын 60 жилийн ойгоор Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн зарлигаар тус театрт “Академик” цол хүртээсэн юм. Энэ хамт олны дотроос Монгол улсын хөдөлмөрийн баатар Ц.Пүрэвдорж, Д.Лувсаншарав, Г.Хайдав, Л.Цогзолмаа, Г.Жамъяндагва нар, Ардын жүжигчин цолтон 21, Монгол улсын гавъяат цолтон 81, Соёлын тэргүүний ажилтан цолтой 100 гаруй уран бүтээлчид төрсөн юм.