Jump to content

Умард Солонгосын дүрвэгсэд

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Умард Солонгосын дүрвэгсэд -(англи. North Korean defectors ) Умард Солонгосоос дүрвэсэн хүмүүсийг хэлнэ.

Солонгосын дайн дууссаны дараа Солонгос улс БНАСАУ, БНСУ гэж хоёр хуваагдсанаас хойш олон тооны умард солонгосчууд улс төр, үзэл суртал, шашин шүтлэг болон эдийн засгийн шалтгаанаар дүрвэсэн байна. Анхны дүрвэсэн хүн Солонгосын дайны хэлэлцээрээс хэдхэн хоногийн дараа буюу 1953 оны 7-р сарын 31-нд БНСУ руу дүрвэсэн Хойд Солонгосын армийн ахмад Ан Чан Сик (안창식, 安昌植) байв. БНАСАУ-ын армийн нэгдүгээр дэслэгч 21 настай Но Геум Сук 1953 оны 9-р сарын 21-нд энхийн хэлэлцээрт гарын үсэг зурсны дараахан дүрвэсэн. Тэрээр "МиГ-15" онгоцоор Өмнөд Солонгосын нутаг дэвсгэр рүү ниссэн ирсэн юм. Но Геум Сукийн онгоц тухайн үеийн Зөвлөлтийн шилдэг сөнөөгч байсан тул тагнуулын асар том асуудал дагуулсан байна. Дүрвэгчийг зуун мянган америк доллараар шагнаж, Америкийн иргэншил өгсөн байна. Сөнөөгч онгоцыг "хууль ёсны эзэнд нь" буцааж өгөх саналыг үл тоомсорлож, дараа нь онгоцыг Райт-Паттерсон нисэх хүчний баазад шилжүүлсэн ажээ.

Умардын анхны удирдагч Ким Ир Сений үед БНХАУ руу оргон зайлах нь улс төрийн ноцтой гэмт хэрэг гэж тооцогддог байв. 1990-ээд оны сүүлчээс нөхцөл байдал өөрчлөгдсөн. БНАСАУ-ын хилээр хууль бусаар нэвтэрч байгаад саатуулагдсан эсвэл БНХАУ-аас буцаан шилжүүлэн өгсөн Умардын иргэдийг эхлээд Өмнөд Солонгосчууд, гадаадын иргэд эсвэл Христийн шашны номлогчидтой холбоо тогтоохыг оролдсон гэж мөрдөн байцаагчид тэднийг шалгаж байуцаадаг байна. Баривчлагдсан хүмүүсийн ихэнх нь бага зэргийн гэмт хэрэг хийсэн хүмүүсийн лагерьт хэдэн сарын турш хорьдог байна. Хамгийн цаад тал нь тэд ихэвчлэн нэгээс гурван жил хүртэл шоронд хоригдож магадгүй байдаг боловч энэ нь Хойд Солонгосын жишгээр нэлээд хөнгөн шийтгэл гэж үздэг юм.

1990-ээд оны Умардад болсон өлсгөлөнгийн дараа дүрвэгсэд олширсон байна. Зугтан дүрвэх зам бол Умард-Хятадын хил давж, Жилин эсвэл Ляонин руу зугтаж, тэндээсээ гуравдагч орнууд руу гарах (БНАСАУ-тай хууль бусаар хил давсан хүмүүст Хятад улс орогнол олгохоос татгалздаг) явдал юм. Өмнөд солонгос болон БНХАУ-д асуулгад хамрагдсан дүрвэгсдийн 76-84 хувь нь хил орчмын нутгаас дүрвэсэн гэж хариулсан байна.

БНАСАУ-ын засгийн газрын мэдээлснээр дүрвэгсэд нь Өмнөд Солонгосын тагнуулын албаны агентууд хулгайлагдсан хүмүүс бөгөөд Өмнөд Солонгост БНАСАУ-ын эсрэг чиглэсэн суртал ухуулгын ажилд албадан, шийтгэл хүлээлгэхээр сүрдүүлдэг гэжээ.

Өмнөд Солонгос дахь дүрвэгсэдийг дэмжих тэтгэлэг

[засварлах | кодоор засварлах]

1962 онд БНСУ-ын засгийн газар Умардаас ирсэн дүрвэгсдийг хамгаалах тусгай хуулийг баталж, 1978 онд нэмэлт, өөрчлөлт оруулсан бөгөөд энэ хүүль 1993 он хүртэл хүчинтэй байсан. Хуулинд зааснаар дүрвэгсэд бүр өгөөмөр тэтгэмж авах эрхтэй байв: мөнгөн тэтгэмж (түүний хэмжээ нь тухайн хүн гурван бүлгийн дүрвэгсдийн аль нь байхаас хамаарна), тагнуулын ажилд онцгой үнэ цэнэтэй мэдээлэл өгсөн эсвэл шилжүүлсэн хүмүүст ихээхэн хэмжээний шагнал өгсөн.

Улсаас зарим дүрвэгсдийг орон сууцаар хангаж, хүссэн хүн бүр аль ч их сургуульд элсэн суралцах эрхтэй болсон. Цэргийнхэн өмнөх цолтойгоор БНСУ-ын Зэвсэгт хүчинд үргэлжлүүлэн алба хаах боломжтой. Хэсэг хугацааны турш дүрвэгсдэд бие хамгаалагч хүртэл өгч байсан.

Сүүлийн үед БНСУ дүрвэгсдийн урсгалыг бууруулахад чиглэсэн хуулиудыг баталж байгаа ажээ.

Сөүл хотоос холгүй Ханавон хэмээх түр оршин суух төв дахь гурван сарын сургалт нь дүрвэгсдийн нийгэм, эдийн засаг, сэтгэл зүйн түгшүүрийг арилгах, соёлын саад бэрхшээлийг даван туулах, мөн хэрхэн орлого олох арга замыг зааж өгөх зорилготой байдаг ажээ. Дүрвэгсдэд Солонгосын түүхийг дахин шинээр зааж өгдөг байна. Мөн тэдэнд АТМ хэрохэн ашиглах, машин барих, латин цагаан толгой уншиж, өмнөдийн аялгуугаар ярихыг заадаг. Тэднийг олон нийтийн газар аваачиж хувцас авч, үсчинд очиж, хоолны газарт хооллодог байна. Олон дүрвэгсэд хоол тэжээлийн дутагдалаас болж шүд муутай; Олон хүмүүс Ханавонд ирэхдээ сэтгэлийн хямрал болон бусад сэтгэлзүйн асуудалтай байдаг байна. Дүрвэгсдийн 30 орчим хувь нь сэтгэл гутралд өртдөг бөгөөд энэ нь бэлгийн хүчирхийллийн шинж тэмдэг гэж шинжээчид үзэж байна.

Ханавон дахь дасан зохицох дамжаагаа дүүргэсний дараа дүрвэгсдэд Засгийн газрын хөнгөлөлттэй байраар хангадаг байна.

Статистик мэдээ

[засварлах | кодоор засварлах]
Дүрвэгсэдийн тооны мэдээ

1953-2023 оны хооронд Өмнгөдөд ирсэн дүвэгсэдийн нийт тоо— 34.078 байна.

2012 онд БНАСАУ-аас БНСУ руу дүрвэгсдийн тоо эрс буурч, 2011 онд 2.7 мянга байсан бол 2012 онд Өмнөдөд ердөө 1500 орчим хүн ирсэн байна. 2013 онд дүрвэгсдийн тоо 1420 хүн байжээ. Үүний байж болох шалтгаануудын дунд Өмнөд Солонгосын "Hankere" сонин "2012, 2013 онд БНАСАУ-ын эдийн засгийн байдал бага зэрэг сайжирсан" гэж нэрлэжээ. Түүнчлэн БНАСАУ нь БНСУ-аас эх орондоо буцах хүсэлтэй иргэдийг эх оронд нь буцаах бодлогыг идэвхтэй явуулж байна. Зөвхөн 2013 онд л гэхэд 13 хүн Хойд Солонгост буцаж иржээ. Тэд капиталист Өмнөд Солонгосын "өрсөлдөөнт уур амьсгалд дасан зохицох" хүсэлгүй байгаа тул буцах хүсэлтэй хүмүүсийн тоо нэмэгдсэн байна. Өмнөд Солонгосын Нэгдлийн яамны албан ёсны мэдээллээр, 2013 онд 1516 хүн өмнөд рүү нүүсэн нь 2012 оныхоос 1%-иар их байна. Дүрвэгсдийн 76% нь эмэгтэйчүүд байжээ. Өмнөд Солонгосын эрх баригчид иргэдийгээ БНАСАУ руу нэвтрэх оролдлогыг хүлээн зөвшөөрдөггүй: жишээлбэл, 2013 оны 9-р сарын 16-нд Өмнөд Солонгосын хилчид Умар руу Имжин голыг гатлан дүрвэх гэж байсан эрэгтэйг буудан хөнөөсөн юм.