Уран хас
«Уран хас» нь Монголын хөгжмийн зохиолч, удирдаач, хийлч Жамъянгийн Чулууны 1973 онд туурвисан 2 бүлэг, 3 (зарим тавилтаар 5) үзэгдэлт үндэсний сонгодог балет юм. Анх 1973 оны 12 дугаар сарын 30-нд Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын (УДБЭТ) тайзнаа тоглогдсон бөгөөд Монголын сонгодог бүжгэн жүжгийн сор бүтээлүүдийн нэгт тооцогддог.
Балетын хөгжмийг Ж.Чулуун зохиож, анхны тавилтыг Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Б.Жамъяндагва дэглэн, удирдаачаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Жамсранжав, зураачаар Ардын зураач Ч.Гунгаасүх (Гунгаажав), цомнолыг академич Б.Ширэндэв бичсэн.
Түүх
[засварлах | кодоор засварлах]«Уран хас» балет нь анх 1973 онд тайзнаа тавигдсанаас хойш 50 гаруй жилийн турш УДБЭТ-ын урын санд тасралтгүй тоглогдож буй үндэсний сонгодог бүтээл юм.
Бүтээлийг бодит амьдралаас сэдэвлэсэн гэж үздэг. Хөвсгөл аймгийн Жаргалант сумын иргэн Н.Гэлэнхүү хадан цохионоос үсэрч амьд үлдсэн тухай яриа нь зохиомжийн үндсэн санаанд нөлөөлсөн гэж дурдагддаг.
2008 онд балетыг шинэчилж зарим хэсгийг хассан тавилтаар тоглосон бол 2013 онд 40 жилийн ойн хүрээнд анхны бүтцээр нь сэргээн тавьсан. 2020-аад онд балетын нот, партитурыг дижитал хэлбэрт бүрэн шилжүүлсэн. 2025 онд «Уран хас» балет пянз (vinyl) хэлбэрээр хэвлэгдсэн.
Зохиомж
[засварлах | кодоор засварлах]Балетын үйл явдал Хангайн бүс нутагт өрнөнө. Гол дүр Хас нь уран гартан залуу бөгөөд шувуу мэт нисэх мөрөөдөлтэй. Тэрээр далавч урлан хадан хясаанаас үсэрч амьд үлдэнэ.
Хасын авьяасыг сонссон ноён түүнийг хүрээнд авчирч, ур чадварыг нь ашиглахыг оролддог. Хас мухар сүсэг, эрх мэдлийн эсрэг уран бүтээлээрээ тэмцэн, нутагтаа буцаж ирж “Эрдэнийн цаг” хэмээх 12 жилийн амьтдыг дүрсэлсэн бүтээлээ олонд толилуулна.
Балетын төгсгөлд 12 жилийн багт наадам бүжиглэн эв нэгдэл, энх тайвныг бэлгэдэн өндөрлөдөг.
Дүрүүд
[засварлах | кодоор засварлах]- Хас
- Хандармаа
- Ханд (Хасын эх)
- Хошуу ноён / Цорж лам (зарим тавилтад)
- Тарган банди
- Лүд
- Арван хоёр жилийн амьтад
Анхны гол дүрүүдэд Д.Батхүрэл, Ю.Цэрмаа, Э.Оюунбат, Ю.Оюун, Н.Эрдэнэцэцэг нар тоглож байжээ.
Хөгжим
[засварлах | кодоор засварлах]«Уран хас» нь үндэсний аялгуу, симфони найруулгын арга барилыг хослуулсан бүтээл юм. Найрал хөгжим, дүрийн сэдэвчилсэн хөгжмийн хэллэг, ардын өнгө аяс бүхий аялгуугаар онцлог.
Балетын вальс хэсэг нь Монголд шинэ жилийн баярын үеэр түгээмэл эгшиглэдэг хөгжмийн бүтээл болсон.
1974 онд БНМАУ-ын Соёлын яамны шагнал хүртсэн. Ж.Чулууны “Ардын хоёр дууны найруулга” зэрэг бүтээлүүдийг ЮНЕСКО хөгжмийн үнэт бүтээлд бүртгэж байсан нь түүний хөгжмийн ур чадварыг олон улсад үнэлснийг илтгэнэ.
Дижитал хадгалалт
[засварлах | кодоор засварлах]Балетын 40 жилийн ойгоор «Уран хас» бүжгэн жүжгийн нот, клавир, партитурыг бүрэн дижитал хэлбэрт шилжүүлсэн. Энэхүү ажлыг үндэсний компаниудын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлсэн бөгөөд сонгодог бүтээлийг урт хугацаанд хадгалах нөхцөлийг бүрдүүлсэн гэж үздэг.
Ач холбогдол
[засварлах | кодоор засварлах]«Уран хас» нь Монголын үндэсний сонгодог балетын хөгжилд чухал байр суурь эзэлдэг. Үндэсний домог, ардын сэтгэлгээ, орчин үеийн симфони хэлбэрийг хослуулсан бүтээл гэж судлаачид үнэлдэг.
Балет нь хүүхэд, залуучуудад сонгодог урлагийг таниулах, үндэсний өв соёлыг түгээн дэлгэрүүлэхэд нөлөө үзүүлсэн гэж үздэг.