Jump to content

Ургамал, амьтны аймагт үзүүлэх нөлөөлөл

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Ургамал бүрхэвч нь аливаа экосистемийн тогтвортой байдлыг хангагч, идэш тэжээлийн гинжин хэлхээний эхлэх суурийг бүрдүүлэгч бүрэлдэхүүн хэсэг юм.

Сээр нуруугүйтэн болон сээртэн амьтдын тархац байршилт, популяцийн тоо толгойг тодорхойлогч нь тухайн газар нутгийн ургамалжилт байдаг. Учир нь ургамлан бүрхэвч амьтдын идэш тэжээл, орогнох орчинг бүрдүүлэгч юм. Жишээлбэл, ой мод нь бор гөрөөс, халиун буга, бараан хэрэм, самарч шаазгай зэрэг ойн амьтдын хувьд амьдралыг тодорхойлогч хүчин зүйл болно.

Монгол орны ургамлан бүрхэвч нутгийн умардаас өмнөдрүү шилжих тусам тачир сийрэг, зүйлийн бүрдэл нь цөөрдөг зүй тогтолтой. Энэ нь байгалийн бүс бүслүүрийн уур амьсгалын нөхцөл болон хөрсний үржил шимтэй холбоотой. Иймээс цөлөрхөг хээр, говь цөлийн бүсэд ургамлан бүрхэвчийг хамгаалах, нөхөн сэргээх нь хүч хөрөнгө, цаг хугацаа шаардсан төвөгтэй ажил байдаг. Цөлийн бүсэд ургамлын зүйл бүр экосистемийн өндөр ач холбогдолтой.

Ургамлан бүрхэвчийн доройтол, ундны усны хомсдол, орчны бохирдол, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, уурхайн барилга байгууламж, техникийн хөдөлгөөн, дуу чимээний нөлөөлөл дор мөн тухайн орчны амьтдын зүйлийн бүрдэл, тоо толгойд өөрчлөлт орох, ан амьтад дайжих, тэдгээрийн байршилт өөрчлөгдөх зэрэг үр дагавартай.

Амьтны зүйл бүр өөрийн гэсэн өвөрмөц амьдрах орчинг шаарддаг. Олон зүйлийн шавж болон мэрэгч амьтдын хувьд хөрс, ургамлан бүрхэвч амьдралд нь чухал ач холбогдолтой байдаг. Хөрсөн бүрхүүлийг хуулах явцад шавж, мэрэгч амьтдын амьдрах орчин устаж үгүй болно.

Монгол оронд төдийгүй дэлхий дахинд ховордсон, тоо толгой нь цөөрсөн зарим зүйлийн амьтад уурхайн эдэлбэр талбай, түүний орчны бүсэд оршин амьдарч, уурхайн үйл ажиллагаа тэдгээрийн оршин амьдрахад ноцтой нөлөө үзүүлж байгаа тохиолдолд ховор амьтдыг хамгаалах асуудал хурцаар тавигдана.