Jump to content

Урианхан

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Урианхан гэж Монголын нэгэн овог.

Түүхийн баримтуудаас үзвэл Урианхай нар 10-12 зуунд Дарлигины бүрэлдэхүүнд орж явсан 18 Монгол аймгийн нэг. "Монголын нууц товчоо"-нд Урианхай нар Бурхан Халдунд нутаглаж байгаад хожим Бутанцарын эзэмшилд шилжсэн гэж гардаг. Чингисийн үед Урианхай овогтноос Зэлмэ, Сүбэдэй зэрэг баатар тодрон гарчээ. Чингисээс хойш Урианхай нь Тулуй, Элжигдэй ноёны мэдэлд очиж тэдний хувь болсон. Сүүлдээ Халхын долоон хошууны нэг болжээ.

Урианхан гэдэг нь нэрийн эхний "уриан" нь овгийн уриа дуудлагын уриа, "хан" нь эзэн гэсэн санааг илтгэдэг бөгөөд нийлээд "Уриан эзэн", "Онгодын эзэн" гэсэн санаа илтгэжээ. Энэ нь Монголжин урианхад эрт цагаас овгийн тахилга тайлгыг эрхлэн үйлддэг байсны гэрч юм хэмээн А.Очир бичжээ. Мөн Өвөрмонголын судалгааны зарим номд "урианхай" гэдэг нь ух-а гэсэн үгээс гаралтай ба ух-а гэдэг нь уран аргатай, эрэлхэг, баатарлаг гэсэн утгатай үг гэж тайлбарласан байдаг. Түүнээс гадна янз бүрийн домгууд байдаг. Жишээлбэл 1. Урианхайчууд Чингисийн дайн тулаанд "уриа"-лан тэргүүлэн байснаас урианхай нэртэй болсон гэдэг. 2. Чингис хаан нэгэн хотыг эзлэх гээд бүтэлгүй, цэргүүд нь ухрахад хэсэг нь урианхадад (нурсан байшингийн хонгилыг хэлнэ) нуугдан хоцорч, хотынхон Чингисийн цэрэг ухарлаа хэмээн найр хийж байхад нь хонгилоосоо гарч хотынхныг эзэлжээ. Үүнээс хойш тэднийг урианхад хэмээн нэрлэх болсон гэдэг.