Jump to content

Уурхайн хаалт

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Нөхөн сэргээлтийг амжилттай гүйцэтгэсний дараа уурхайг хаах арга хэмжээг хэрэгжүүлэх нөхцөл бүрдэнэ. Уурхайг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн хаах боломжтой. Эдэлбэр талбай ихтэй томоохон орд газрыг эзэмшин олборлолт явуулж байгаа уул уурхайн төслүүд ихэвчлэн хэсэгчлэн хаах арга хэмжээг хэрэгжүүлдэг.

Уурхайг хаахын өмнө нь:

• Уурхайг хаасны дараа уг газрыг аж ахуйн болон байгаль хамгааллын зориулалтаар ашиглах боломжтой, үр өгөөжтэй болгож нөхөн сэргээх.

• Хаагдсан талбай нь орчны бүсийн экологийн аюулгүй байдлыг хангах.

• Хаагдсан талбай нь орчны бүсийн нийгэм, эдийн засагт сөрөг үр дагавар учруулахгүй байх зорилтуудыг шийдвэрлэсэн байх учиртай.

Олон улсын жишгээр бол уурхай эхлэхээс өмнө хаалтын төлөвлөгөөг боловсруулсан байх учиртай. “Уурхайн хаалтын менежментийн төлөвлөгөө”-г боловсруулахдаа уурхайн техник-эдийн засгийн үндэслэл, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний үр дүн, инженер-геологийн судалгаа, нөхөн сэргээлтийн ажилд ашиглах техник технологи, зураг төсөл, нөхөн сэргээлтийн төлөвлөгөө, зардлын тооцоо зэрэг судалгааны мэдээ баримтыг ашигладаг.

Уурхайн хаалтын менежментийн төлөвлөгөөнд уурхайг хаах үйл ажиллагаатай холбойтойгоор хүний эрүүл мэнд, байгаль орчин, нийгэм эдийн засагт учруулж болзошгүй сөрөг үр дагаврыг арилгах арга хэмжээг нэг бүрчлэн нарийвчлан тусгана. Мөн уг төлөвлөгөөнд уурхайг түр болон бүрмөсөн хаах арга хэмжээг иж бүрэн хамруулах бөгөөд уурхайг хугацаанаас нь өмнө хаах тохиолдолд ч уурхайн эрхлэгч нь хаалтын үйл ажиллагаа, түүнд шаардагдах зардлыг бүрэн хариуцна.