Jump to content

Фиделио

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Фиделио (Op. 72) — Германы хөгжмийн зохиолч Людвиг ван Бетховены цорын ганц дуурь. Энэхүү дуурь нь хоёр бүлэгтэй. Цомнол зохиолыг Иозеф Зоннлейтнер, Г. Ф. Трейчке нар Жана Николя Буйны «Леонора буюу эхнэр нөхрийн дурлал» жүжгээс сэдэвлэн бүтээжээ.

Бүтээл туурвисан түүх

[засварлах | кодоор засварлах]

Бетховен 1803 оноос эхлэн энэхүү дуурь дээрээ ажиллаж эхэлжээ. 1805 оны 11-р сарын 20-нд “Леонора” гэсэн нэрээр анх олон түмэнд хүргэсэн боловч амжилтад хүрч чадаагүй юм. Харин 8 жилийн дараа 1814 оны 5-р сарын 23-нд хоёр дахь засвар хийснээр Венийн “Theater Karntner” (Кернтнертор-театр) театрт амжилттай тоглогджээ.

  • Флорестан, хоригдол — тенор
  • Леонора, Фиделио нэрийн дор нуугдаж буй түүний эхнэр — сопрано
  • Дон Фернандо, сайд — басс
  • Дон Пизарро, шоронгийн дарга — бас-баритон
  • Рокко, харгалзагч — бас-профундо
  • Марселина, түүний охин — сопрано
  • Жакино, Роккогийн туслах — тенор
  • Хоригдлууд, офицерууд, харгалзагч, ардууд

Үйл явдал XVII зууны Испанид өрнөнө.

Нэгдүгээр бүлэг

[засварлах | кодоор засварлах]

Жакино гэх хаалгач Рокко харгалзагчийн охин Марселинад дурлажээ. Харин Марселина нь эцгийнхээ туслах залуу хархүү Фиделиотой уулзахыг хүсэмжилнэ. Үнэн хэрэг дээрээ Фиделио нэрийн дор (“Үнэнч зүтгэл”) хоригдол Флорестаны эхнэр Леонора нуугдаж байв. Түүний нөхөр Флорестан нь Пизаррогийн дэглэмийн эсрэг тэмцсэний улмаас шүүхгүйгээр газрын гүнд хоригдсон нэгэн ажээ. Леонора нөхрийнхөө тухай олж мэдэх, түүнийгээ суллуулах талаар санаа тавьж буй бүсгүй юм.

Пизарро ноёнтон Севиль хот руу улс төрийн хоригдлуудыг шалгахаар сайд Дон Фернандо өөрийн биеэр морилж байгаа тухай мэдээ авна. Өөрийнхөө харгис үйлдлээ нуухын тулд Пизарро, хаалгач Роккод энэ шөнийн дотор хамгийн аюултай гэмт этгээд Флорестаныг устгах даалгавар өгөхөд тэрээр цаазын ялыг гүйцэлдүүлэх эрхгүй хэмээн татгалзах аж. Ингэхэд нь тэрээр Флорестанд шарилын нүх ухах үүрэг өгөх ба өөрийн биеэр Флорестаныг устгахаар болно.

Тэдний хооронд болсон энэхүү яриаг Леонора сонсох ба чухам хэн гэдэг нэрийг нь сонсоогүй боловч Леонора тэрхүү азгүй хоригдлыг аврахаар санаа шулууджээ.

Марселина харгалзагч эцгээсээ хоригдлуудыг Вангийн нэрийн өмнөөс бага ч гэсэн салхинд гаргахыг хүснэ. Хоригдлуудыг цэвэр агаар амьсгалж амарч байх үед Леонора өөрийн нөхрийг хайх боловч түүнийгээ олж харсангүй. Гэвч Пизарро яаралтайгаар хоригдлуудыг дотогш орохыг анхааруулан сандаргав.

Хоёрдугаар бүлэг

[засварлах | кодоор засварлах]

Флорестан газрын гүнд тарчилна. Тэрээр шударга ёсны төлөө зөв зүйл хийн тэмцэж байсандаа сэтгэл амар байх ажээ. Шөнө дунд хар дарсан зүүдэн дундаа ид шид, бурхны авралаар түүнийг аврахаар Леонора ирж байна гэж зүүдэллээ.

Рокко ба Леонора нар газрын гүн рүү очиж шарилын нүх ухахаар орно. Леонора тэнд буй хоригдлуудыг өрөвдөхийн эрхэнд талх, ус өгөх боловч хаана хэн байгааг олж үл харна. Пизарро хутга барьсаар гарч ирлээ. Флорестан сүүлчийнхээ хүчийг шавхан байж Пизаррод үнэнийг хэлэх тэр үед л Леонора тэнд хэн байгааг мэдэв. Яг л энэхүү чухал мөчид Леонора өөрийнхөө жинхэнэ нэрийг хэлэн гар буугаа барин Пизарро болон хоригдол хоёрын дундуур гүйж орно.

Энэ үед гадаа ноён сайд цайзад хүрэлцэн ирж байгаа тухай бүрээ дуудлага сонсогдоно. Пизарро өөрийн бурууг далдлах гэсэн оролдлого бүтэлгүйтсэнд дээш гарахаар яарлаа. Леонора болон Флорестан нар дахин амьд мэнд уулзсандаа баярлацгаан дээш гарч баярласан ард түмний дунд орно. Пизаррогийн гэмт явдал ил болж улс төрийн хоригдлуудыг суллан эрх чөлөөтэй болголоо. Рокко сайдад хандан эр нөхрийнхөө төлөө Леонорагийн зориг, сэтгэлийн тэнхээг магтана. Дон Фернандо тэднийг хараад өөрийн танил анд найз Флорестан мөн болохыг хараад баярлах ажээ. Леонора нөхрийнхөө гараас гав гинжийг тайлан авлаа. Ардууд тэднийг магтан дуулцгаана.