Jump to content

Финландын боловсрол

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Финландын боловсрол - Финланд улсын боловсролын тогтолцоо юм.

Финландын хүн ам маш өндөр боловсролтой байдаг байна. 2020 оны эцэс гэхэд Финландын 15 ба түүнээс дээш насны хүн амын 74% буюу 3,469,000 хүн суурь боловсролоос дээш боловсрол эзэмшсэн байна. Эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллагын (англи. Organisation for Economic Co-operation and Development, OECD) 2013 онд хийсэн судалгаагаар Финландын насанд хүрэгчдийн мэдлэгийн түвшин, ялангуяа унших, арифметик, янз бүрийн асуудалд компьютер ашиглах чадвараараа дэлхийд хоёрдугаарт (Швед, Японы дараа) оржээ.

Финландын хууль тогтоомж нь иргэддээ бүх нийтийн дунд боловсролыг баталгаажуулж өгдөг (сургуульд хамрагдах нь заавал биш бөгөөд 500 орчим хүүхэд гэрээр болон зайнаас сурдаг).

Ерөнхий боловсролын дунд сургууль нь есөн жилийн боловсролын хөтөлбөртэй бөгөөд хүүхдүүд 7 настайгаасаа суралцаж эхэлдэг. Хичээлийн жил 188 хоног үргэлжилдэг бөгөөд хотын захиргаа үүнийг намар, хаврын улирлын хооронд бие даан хуваарилах эрхтэй. Ихэвчлэн жилийн эхний хагаст 89 хичээлийн өдөр, хавар - 98 өдөр байдаг. Хичээл 8-р сард эхэлж, 5-р сарын сүүлээр дуусдаг байна. Сургуулиуд хүүхдийн аюулгүй байдал, сургалтын үйл явцад түлхүү анхаардаг.

Хүүхэд гэрт хамгийн ойрхон сургуульд сурдаг ч эцэг эхчүүд илүү нэр хүндтэй боловсролын байгууллагад хүүхдээ сургах хандлагатай болж байна. Хэрэв сургууль гэрээс нь 2,5 километрээс илүү хол зайд байгаа бол хуулийн дагуу сурагчийг (6-р анги хүртэл) хотын захиргаанаас таксигаар тээвэрлэх ёстой ажээ. Дунд сургуулиуд сурах бичиг, бичгийн хэрэгслээр хүүхдүүдийг үнэ төлбөргүй хангадаг бөгөөд фин хэл, математик, байгалийн түүх, гэрийн эдийн засгийг заадаг. Шашны үндсийг (Лютеранизм эсвэл Ортодокс) заах нь зөвхөн эцэг эхийн зөвшөөрлөөр, өөрийн гэсэн шашны урсгалын хичээл сонголтоор ордог байна.

Бага ангиудад дүн тавьж үнэлгээ өгдөггүй; зэрэглэлийг: маш сайн, сайн, янз бүр, "давтлага хэрэгтэй" зэрэг амаар үнэлгээ өгдөг. 4-р ангиас эхлэн 4-10 онооны хооронд үнэлгээ өгдөг. Мөн зан үйлийн үнэлгээ байдаг. Үүнд: багаар болон бие дааж ажиллах чадвар, сайхан сэтгэл, бусдад сайнаар нөлөөлөх хүсэл зэрэг юм.

3-р ангиас эхлээд анхны гадаад хэл болох англи хэл үзэж эхэлдэг. 5-р ангиас (герман, франц) сонголтоор нэмж авдаг. Хэрвээ хүүхдийн төрлөх хэл нь фин биш бол (цагаач гэр бүлээс гаралтай) нэгдүгээр ангиасаа эх хэлээ сурах эрхтэй байдаг. 7-р ангиасаа эхлэн тэд Финландын хоёр дахь албан ёсны хэл болох швед хэлийг сурч эхэлдэг.

Бага ангид хичээлийг хослуулан (химийг физик, биологитой хамт, фин хэл финий уран зохиолтой), гэр ахуйн хичээлийг хүйс ялгалгүй сурагч бүрд заадаг.

Финландын сургуулиудад бичих хичээл их ордог: Үүнд бүх төрлийн эссэ нь хүүхдэд асуудал бүрд өөрийн гэсэн үзэл бодолтой байх, түүнийг бичгийн хэлээр илэрхийлэх чадвартай болгох зорилготой байдаг ажээ.

Сургуулиа төгссөний дараа 18 нас хүрээгүй хүн гимназид үргэлжлүүлэн суралцах шаардлагатай бөгөөд энэ нь төгсөлтийн шалгалтад тэнцсэнээр төгсөх, эсвэл дунд мэргэжлийн боловсролын байгууллагад элсэх шаардлагатай болдог байна.

2013 оны байдлаар Финландад 25 дээд боловсролын байгууллага байсан: 10 Их сургууль, 14 төрөлжсөн дээд сургууль (технологи, бизнес, эдийн засаг, урлагийн чиглэлээр), цэргийн академи ч Их сургуульд багтдаг байна. 2014 онд Финландын Боловсролын яам их дээд сургуулиудын квотыг 3 мянган орон тооны багшийн орон тоогоор нэмэгдүүлсэн ч 2015 оноос хойш их сургуулийн санхүүжилтийг жил бүр 280 сая еврогоор бууруулснаар их сургуулийн багш нарын тоо 5200 хүнээр цөөрсөн байна.

Их сургуулиудын дотроос хамгийн эртний бөгөөд хамгийн алдартай нь Хельсинкийн Их сургууль юм.

Финландад бакалавр болон дараагийн түвшинд суралцахаар төлөвлөж буй хүмүүст зориулсан маш олон тооны сургалтын хөтөлбөр байдаг. Эдгээр хөтөлбөрийг фин, швед, англи хэлээр явуулдаг.

Дээд боловсрол нь бага дунд боловсролын нэгэн адил тус улсын иргэд, ЕХ болон Европын эдийн засгийн бүсийн орнуудын иргэд, бусад орны оюутан солилцооны хувьд бүрэн үнэ төлбөргүй байдаг. Үүнд хамаарахгүй оюутнуудын хувьд 2016 оноос эхлэн төлбөртэй сургалтын төлбөрийг нэвтрүүлж, зөвхөн сургалтын төлбөр нь жилд 4 мянга орчим евро байгаа ажээ.