Jump to content

Франсуа Миттеран

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Франсуа Миттеран (1984)

Франсуа́ Мори́с Адрие́н Мари Миттера́н (франц. François Maurice Adrien Marie Mitterrand; 1916 оны 10 дугаар сарын 26-нд Шаранта мужийн Жарнак хотод төрсөн-1996 оны 1 дүгээр сарын 8-нд Парис хотод нас барсан) -францын төрийн зүтгэлтэн, социалист хөдөлгөөний нэг удирдагч. 1981-1995 онуудад Францын 21 дүгээр Ерөнхийлөгчөөр 14 жил ажиллаж (2 удаа 7 жилээр) Францын түүхэнд хамгийн удаан энэ албыг хашсан хүн юм.

Франсуа Миттеран 1916 оны 10 дугаар сарын 26-нд Жарнак хотод (Шарента муж) Жозеф Миттеран, Ивон Лоррейн нарын гэр бүлд төржээ. Аав нь эхлээд инженер, дараа нь төмөр замын компанид агент, дараа нь цуу үйлдвэрлэл эрхэлдэг байжээ. Франсуа Миттеран 3 ах, 4 эгч дүүтэй байсан.

Тэрээр Сорбонны Их сургууль, Улс төрийн ухааны сургуулийг эрхзүйч мэргэжлээр төгссөн.

Дэлхийн Хоёрдугаар дайн эхлэхээс өмнө 1938 оны 4 дүгээр сард цэрэгт татагдаж байлдагч байсан бөгөөд Парис хот 1940 оны 6 дугаар сард 14-нд бууж өгөхөд дэлбэрсэн минд өртөж шархадаад эмнэлэгт хэвтсэн ажээ. Эмнэлэгт хэвтэж байхдаа германы талд олзлогдоод гурван удаа зугтахыг оролдож байжээ. Дараа нь "Францын эсэргүүцлийн хөдөлгөөнд нэгдсэн байна.

1943 оны 11 дугаар сарын дундуур германы нууц албаныхан Франсуа Морланыг (Миттеран энэ нэрээр нуугдаж байсан) баривчлахаар ажиллаж байхад тэрээр нөхдийнхөө тусламжтайгаар Британийн онгоцоор Лондон руу зугтаж чаджээ. 1943 оны 12 дугаар сард тэрээр Алжирт очиж, Шарль де Голльтой анх танилцсан боловч "Чөлөөт Франц"-д элсэхээс татгалзсан байна.

1944 оны 8 дугаар сард тэрээр Парисыг чөлөөлөх ажиллагаанд оролцсон. Миттеран де Голль генералтай зөрчилдсөний улмаас хуучин фронтын цэргүүдийн яамны Ерөнхий нарийн бичгийн даргын өндөр албан тушаалыг хашиж чадаагүй ч Жак Фоккартай хамт олзлогдогсдыг чөлөөлөх төлөвлөгөөг боловсруулахад оролцож явжээ. Тэрээр 1944 онд зүүний үзэлтэн дайчин эмэгтэй Даниэль Гуз-тай гэрэлсэн байна.

Дайны дараа Миттеран улс төрд буцаж ирэв. Тэрээр "Ардчилсан социалист эсэргүүцлийн холбоо" төв бүлэгт элссэн байна.

Коммунизмын эсрэг кампанит ажил явуулсны дараа тэрээр Ниеврийн тойргоос парламентад сонгогдож, 1947 оны 1 дүгээр сарын 22-нд Засгийн газарт хуучин фронтын цэргүүд болон дайны хохирогчдын асуудал эрхэлсэн сайдаар ажилласан байна.

Тэрээр колончлолын лоббиг эсэргүүцэж, 1953 онд Энэтхэг-Хятадад дахь дайныг энхийн замаар шийдвэрлэхийг дэмжиж, Мароккогийн султан Мохаммед V баривчлагдсаны дараа Умард Африк дахь колоничлолын бодлогыг эсэргүүцэн Жозеф Ланиэлийн танхимаас гарсан байна.

1958 оны 5 дугаар сарын 13-ны төрийн эргэлтийн дараа 5 дугаар сарын 28-нд Бүгд Найрамдах Улсыг Батлан ​​хамгаалах үйл ажиллагааны хорооны уриалгаар зохион байгуулагдсан фашисмын эсрэг жагсаалд оролцов. Де Голль Тав дахь Бүгд Найрамдах Улсыг тунхагласны дараа Миттеран ерөнхийлөгчийн хувийн эрх мэдлийн тогтсон шинэ дэглэм болон 1958 оны Үндсэн хуулийг шүүмжилж, бүх нийтийн санал асуулгаар үүний эсрэг санал өгөхийг уриалж байжээ.

1965 онд тэрээр Ардчилсан ба социалист зүүний хүчний холбоог (АСЗХХ) байгуулж, өөрийгөө генерал де Голлийн зүүний гол өрсөлдөгч гэж үзжээ. 1965 оны арванхоёрдугаар сард тэрээр анх удаа Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож эхний Миттеран бараг 32 хувийн санал авч, хоёр дахь шатны санал хураалт явуулахад 44% авч өрсөлдөгч де Голльд ялагдсан байна.

Гэсэн хэдий ч Миттеранд социалист хөдөлгөөнийг дахин зохион байгуулж, шинэ нам байгуулсан байна. Тэргүүн нарийн бичгийн даргын хувьд тэрээр 1971 оны 6-р сарын 16-наас 1981 он хүртэл Социалист намыг удирдаж байжээ. Социалист нам 1972 оны 6 дугаар сард Социалист Интернационалд элссэний дараа тэрээр тус байгууллагын таван дэд ерөнхийлөгчийн нэгээр сонгогджээ. Энэ хугацаанд социалистууд дэлхийн 2-р дайнаас хойш анх удаа зүүн жигүүрт хүчирхэг Коммунист намыг ардаа орхиж чадсан юм.

1972 онд тэрээр зүүний хүчний хамтарсан Засгийн газрын хөтөлбөрт ФКН-ын Жорж Маршаис, Зүүний радикал хөдөлгөөнөөс Роберт Фабре нартай гарын үсэг зурав. 1974 оны Ерөнхийлөгчийн сонгуульд социалистууд, коммунистууд болон зүүний радикалуудын нэгдсэн нэр дэвшигчийн хувьд тэрээр дахин ялалт байгуулахад ойртож, эхний шатанд 11 сая (43.25%) саналаар нэгдүгээр байр эзэлсэн. Хоёрдугаарт тэрээр 13 сая санал (49.2%) цуглуулсан боловч Жискар д'Эстэнд тун бага саналаар ялагдсан юм.

Ерөнхийлөгчийн анхны хугацаа

[засварлах | кодоор засварлах]

1981 оны 1 дүгээр сарын 24-нд Кретей хотод болсон Социалист намын ээлжит бус их хурлаар түүнийг 110 зүйл бүхий хөтөлбөр хэрэгжүүлэхээр дараагийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэв. Эхний шатанд коммунистууд болон радикал зүүнийхэн өөрсдийн нэр дэвшигчдээ тодруулсан ч Миттеран зүүнийхний дунд социалистуудын манлайлалыг баталгаажуулж, 25.86 хувийн саналаар хоёрдугаарт оржээ. Хоёр дахь шатанд бүх зүүний үзэлтнүүдийн дэмжлэгтэйгээр тэрээр 51.75 хувийн саналаар Ерөнхийлөгчийн сонгуульд тэрээр ялалт байгуулжээ.

Миттераны дор байгуулагдсан Пьер Моруа-гийн анхны социалист Засгийн газар дөрвөн коммунист сайдын оролцоотойгоор төрийн эрх мэдлийг үндэсний болгох, төвлөрлийг сааруулах замаар зүүний хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг оролдсон (Дефферийн хууль), долоо хоногийн ажлын цагийг 39 цаг болгон бууруулах, тэтгэврийн насыг 60 нас хүртэл бууруулах, тансаг хэрэглээ болон 5 долоо хоногийн амралтад татвар ногдуулах, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 15 хувиар нэмэгдүүлэх, хоёр, гурав дахь хүүхдийн нийгмийн халамжийг нэмэгдүүлэх, шинэ технологийг төрөөс дэмжих, цаазаар авах ялыг халах, хэвлэл мэдээллийн хэрэгслийг либералчлах тухай байжээ.

Миттераны үед 1981 оны 10 дугаар сарын 29-нд Франц руу цагаачлахыг ихээхэн хөнгөвчилсөн хууль батлагдсан бөгөөд энэ нь зөвхөн нэг жилээс дээш хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн тохиолдолд цагаачдыг албадан гаргахыг зөвшөөрсөн юм. 1982 онд 100 мянга орчим цагаачид Францад оршин суух зөвшөөрөл, түүнчлэн хэд хэдэн эрх (аж ахуйн нэгжийн ажилчдын зөвлөлд сонгогдох, олон нийтийн байгууллага байгуулах эрх гэх мэт) авсан байна.

1982 онд Польшийн "Эв нэгдэлийн" Үйлдвэрчний Эвлэлийг дэмжих хөтөлбөрт оролцсон байна.

Ерөнхийлөгчийн хоёр дахь хугацаа

[засварлах | кодоор засварлах]

1988 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатанд Социалистууд болон Радикал зүүний хөдөлгөөний дэмжлэг авсан Миттеран 34.11 хувийн саналаар тэргүүлжээ. Хоёр дахь шатанд түүнийг коммунистууд дэмжсэн (өөрийн нэр дэвшигч нь 1981 оныхоос 2 дахин бага санал авсан) бөгөөд 16.7 сая (54.01%) санал авч хоёр дахь долоон жилийн хугацаагаар Жак Ширакийг ардаа орхиж дахин сонгогдсон юм. 5 дугаар сарын 10-нд социалист Мишель Рокардын удирдлаган дор Засгийн газраа байгуулав. Миттеран Үндэсний Ассемблейг хугацаанаас нь өмнө тараасны дараа социалистууд парламентад харьцангуй олонхи болж чадсан. 1991 оны хавар Миттеран тус улсын түүхэнд анх удаа эмэгтэй Эдит Крессоныг Засгийн газрын тэргүүний албан тушаалд томилсон юм.

Нас барахынхаа өмнөхөн 1995 оны Зул сарын баяраар тэрээр охин Мазарины хамт Египетэд айлчилсан. Миттеран 1996 оны 1 дүгээр сарын 8-нд түрүү булчирхайн хорт хавдраар нас баржээ.

Ерөнхийлөгчийг нас барсны дараа тус улсад үндэсний гашуудал зарласан байна. Миттеран ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа өвчнөө нуун дарагдуулсан. Түүнийг нас барсны дараа тэрээр ерөнхийлөгчөөр ажилласан арван дөрвөн жилийн турш түрүү булчирхайн хорт хавдраар өвчилж, сүүлийн саруудад бараг л чадваргүй болсон нь тодорхой болсон. Шаренте мужийн Жарнак хотын оршуулгын газарт нутаглуулжээ.