Ханддорж вангийн өргөө
Монгол Улсын төрийн нэрт зүтгэлтэн Эрдэн дайчин Чин ван Ханддоржийн үйл ажиллагаатай холбоотой нэгэн дурсгалт байшин Улаанбаатар хотод байдаг.
Чин ван Ханддорж 1913-1915 онд энэ байшинд амьдарч байжээ. 1915 оноос хойш энэ байшинг түүний хүү Жамбалцэрэн эзэмшиж байгаад ардын засгийн эхний жилүүдэд 1922 оныг хүртэл хичээнгүй сайд Цэрэндорж сууж байв.
1923 онд уг байшинг судар бичгийн хүрээлэнд шилжүүлсэн бөгөөд 1941-1948 онд тус улсын нутаг дэвсгэр дээрх түүх соёлын дурсгалт барилга байшинг хамгаалах, сэргээн засахтай холбогдуулж гаргасан удаа дараагийн тогтоол шийдвэрийн дагуу улсын II зэргийн хамгаалалтад авчээ. Чин ван Ханддоржийн байшин нь Монголын орон сууцны барилгын нэгэн чухал дурсгал бөгөөд төлөвлөлт, чимэглэлийн хувьд сүм дуганы барилгаас ялгаатай юм.
Байшин нь 7.5м x 16.0м-ийн хэмжээтэй, тоосго, модон ханатай, модон дээвэртэй сууцны зориулалттай хоёр давхар, байшингийн нэгдүгээр давхар нь тоосгон ханатай өвөл суухад зориулагдсан, хоёрдугаар давхар нь эргэн тойрон цонхтой зун суухад зориулагдсан ажээ. 1973 онд Дүрслэх урлагийн музейн харъяа Театрын музей болгон байгуулахаар шийдвэрлэсний дагуу 1975-1977 онд сэргээн засварласан боловч 1991 онд тухай үеийн Хүүхэд залуучуудын театрын "Саран хөхөө" гэр театр болсон.