Jump to content

Хачико (нохой)

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Хачико (япон. ハチ公 Хачико:) - япончуудын дунд үнэнч нөхөрлөлийн бэлгэ тэмдэг болсон акита үүлдрийн нохойн нэр.

Болсон үйл явдал

[засварлах | кодоор засварлах]

Хачико нэртэй нохой 1923 оны 11-р сарын 10-нд Японы Акита мужид хөдөө аж ахуй эрхлэгчийн фермд төржээ. Фермер шинээр төрсөн гөлгийг Токиогийн Их сургуулийн профессор Үэно Хидэсабүрод бэлэглэсэн байна. Профессор гөлгөө Хачико гэж дуудах болжээ. Учир нь энэ бол профессорын найм дахь нохой байсан тул хачи (япон. ハチ, «найм») + дагавар (япон. 公 ко:) гэж нэрлэсэн байна. Хачико өсөж эзэндээ үнэнч болж түүний хаа явсан газар нь дагаж явдаг болжээ.

Профессор багш өдөр бүр хот руу ажилдаа Шибүяа өртөөнөөс явахад Хачико нохой буудлын хаалга хүртэл үдэж өгөөд эзнээ өдрийн 3 цагт ажлаа тараад эргэж ирэхэд нь тэндээ тосож авдаг уламжлалтай байжээ.

1925 оны 5-р сарын 21-нд их сургуулийн профессор ажил дээрээ цус харваж, эмч нар түүний амийг аварч чадаагүй тул дахин гэртээ эргэж ирээгүй юм. Хачико нохой тэр үед арван найман сартай байжээ. Тэр өдөр бүр хайртай эзнээ хүлээж буудал дээр ирж, орой болтол тэвчээртэй хүлээж шөнөдөө эзнийхээ гэрийн өмнө хонодог байжээ.

Нас барсан профессорын найз нөхөд, хамаатан саднууд нохойг гэртээ авч асрах гэж оролдсон ч тэр үргэлж Шибүяа өртөөний үүдэнд буцан ирж хүлээдэг байжээ. Тэр хавийн худалдаачид, төмөр замын ажилчид Хачиког хооллож, түүний тэвчээр, үнэнч байдлыг биширдэг байжээ.

1932 онд Токиогийн томоохон сонинд "Хөгшин нохой долоон жилийн өмнө нас барсан эзнээ эргэж ирэхийг хүлээж байна" гэсэн нийтлэл хэвлэгдсэний дараа энэ нохой Япон даяар алдаршжээ. Энэ түүх япончуудын зүрх сэтгэлийг байлдан дагуулж, сониуч хүмүүс нохойг харахаар Шибүяа өртөөнд ирдэг болжээ.

Хачико нохой 1935 оны 3-р сарын 8-нд хөгширч нас барах хүртлээ Шибүяа өртөөн дээр есөн жилийн турш ирж эзнээ хүлээдэг байсан гэдэг. Хачиког үхсэний дараа өртөөний ойролцоох гудамжнаас олсон байна.

1934 оны 4-р сарын 21-нд Хачико нохойд зориулж алдартай барималч Андо Тэрүгийн хийсэн хүрэл хөшөөг босгож, нээлтэд нь нохой өөрөө оролцсон байдаг. Дэлхийн 2-р дайны үеэр хөшөөг устгаж, төмрийг нь цэргийн хэрэгцээнд зориулжээ. Дайн дууссаны дараа 1948 оны 8-р сарын 15-нд хөшөөг Андо Тэрүгийн хүү Андо Такэши сэргээн босгосон байна.

Өдгөө Шибүяа өртөөний ойролцоох Хачико нохойн хөшөө дурлалт хосуудын болздог алдартай газар болсон бөгөөд Японд нохой харамгүй хайр, үнэнч байдлын үлгэр жишээ болжээ.

Хачико нохойн гайхалтай түүхээр 1987 онд «Хачикогийн түүх» (япон. ハチ公物語) гэдэг нэртэй кино хийжээ.

Мөн 2009 оны 8 сард, Ричард Гир гол дүрд нь тоглосон "Хачи нохойн дууль" хэмээх кино дэлгэцнээ гарсан.