Хийморийн дарцаг
Хийморийн дарцаг Буддын гүн ухаанд хүний сүнсийг хөдөлгөж байдаг 10 төрлийн хий оршдог гэж үздэг. Энэхүү хүний сүнсний хөлөглөдөг хийг морь лугаа адилтгаж “хийморь” хэмээдэг ажээ. Тэдгээр нь та бидний үзэж харах, санаж, сэрэх, идэж уух, уусан идсэнээ боловсруулах зэрэг бүх л зүйлийг зохицуулж байдаг нэг ёсны хөдөлгөгч хүч гэнэ. Энэ хийний хүчээр хүмүүс амьдралаа тэтгэж, сүнсний хөдөлгөөнөө зохицуулдаг аж. Хийморь муудахаар сүнсний чадал муудаж аливааг санаж сэтгэх нь мууддаг гэж үздэг учраас хийморио үе үе сэргээдэг байна.
Хийморийн дарцаг гэдэг -дорно дахины болон Монгол зурхайн амьдын зурхайн зурлагат хийморийн дарцаг хийсгэх гэдэг нэгэн зурлага ёс бий. Энэ нь хүний нарийн бие болох таван хий мах бодь нь гадны элдэв зохисгүй үйл, элдэв бузар жатага, хэл ам (хар, цагаан), зарга зэргээс бохирдон доройтож хүний өнгө зүс, цог золбоо хүч доройтдог хэмнэлт үеийг Дорно дахины болон Монгол зурхайн амьдын зурлагат хийморь унах буюу доройтох гэдэг. Ингэж хийморь доройтсон үеийн хариулга засал нь хийморийн дарцаг хийсгэх зан үйл юм. Хүний нарийн биеийн илэрхийлэл болох хийморийн дарцаг нь 12 жилтнүүдиин хийморь мах бодитой шүтэлцэн өөр өөр өнгийн зохицолыг агуулсан байдаг.
Энэ хийг сэргээхэд эм уугаад бариа засал хийлгээд сайжирдаггүй тул тусгайлсан зан үйлийн дагуу сэргээдэг. Хийморийг сэргээхдээ гүн ухааны үүднээс сүслэж өндөр уулын оройд гарах, номын хүчийг шингээх, зөв сэтгэл өвөрлөх, сайхан үнэртэн тэргүүтнийг ашигладаг ажээ.
Хийморь сүлд босоо, уруугаа, хэвтээ, гэдэргээ гэж дөрөв байдаг. Сүлд гэдэг тухайн хүний бие махбодид оршиж гүйдгээс гадна зарим тохиолдолд гадагшилдаг зүйл гэж анагаах ухааны сударт тэмдэглэгджээ. Сүлд нь гадагшилснаас тухайн хүний хийморь доройтдог учраас хийморь лундаагаа засахаар хийморийн дарцаг хийсгэдэг байна. Хийморийн дарцагийг “гахай хонь туулай”, “бар морь нохой”, “хулгана луу бич”, “тахиа үхэр могой” гэж ивээл жилүүдээр нь ангилсан байдаг.
Хийморийн дарцаг хийсгэх зүг буюу хийморь гүйх өдөр
Ивээл жилтнүүд | Дарцагны өнгө,дэвсгэр | Гариг | Дарцаг хийсгэх зүг,жил,өдөр |
Бар,морь,нохой | Дэвсгэр шар,морь хөх,хэл улаан,иш цагаан,эмжээр ногоон,уяа цагаан урих ном нь:махгал,лхам,найман гэгээн | Баасан | Төмөр бич өдөр баруун зүгт хийсгэнэ |
Туулай, хонь, гахай | Дэвсгэр ногоон,морь шар,хэл нь хөх,иш нь улаан,эмжээр цагаан,уяа нь улаан урих ном нь жамсран догжир,лхам,норжсүн,дашзэвэг | Ням | Улаагчин могой өдөр өмнө зүгт хийсгэнэ |
Луу,хулгана,бич | Дэвсгэр хөх,морь улаан,хэл цагаан,иш ногоон,эмжээр шар,уяа ногоон урих ном нь:нанжид,лхам,чилхсан,норжсүн | Пүрэв | Модон бар өдөр зүүн зүгт хийсгэнэ |
Могой,үхэр,тахиа | Дэвсгэр цагаан,морь ногоон,хэл нь шар,эмжээр нь улаан,уяа нь хөх урих ном нь :цагаан шүхэрт,довжир,гомболхам | Даваа | Харагчин үхэр өдөр хойд зүгт хийсгэнэ |