Хил хамгаалах ерөнхий газар
Энэ нийтлэл ямар ч эх сурвалжгүй байна. |
Хил хамгаалах ерөнхий газар- (англи.General Authority for Border Protection of Mongolia) Монгол Улсын хилийн талаарх төрийн бодлогыг хэрэгжүүлж, Улс орны хэмжээнд улсын хил хамгаалалтыг удирдан зохион байгуулах Засгийн газрын тохируулагч Агентлаг юм.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Монгол Улсын гадаад, дотоод улс төрийн байдал 1930-аад оны эхээр хурцдаж, төр засгаас улс орноо батлан хамгаалахын тулд 1933 онд Хилийн харуулын цагдааг татан буулгаж, хилийн отрядуудыг байгуулж улсын хилийг мэргэжлийн цэргийн хүчээр хамгаалж эхлэснээр орчин үеийн Хил хамгаалах байгууллага үүссэн гэж үздэг юм.
Монголын хилчид дайны өмнөх жилүүдэд эх орныхоо тусгаар тогтнол, дархан хилийн ариун дээсийг үнэнчээр хамгаалан зогсож, хүч тэнцвэргүй олон тулалдаанд ялалт байгуулж, улмаар 1939 оны Халхын голын дайн, 1945 оны Чөлөөлөх дайн, 1940-1948 оны баруун хилийн тулгаралт, байлдаануудад онц чухал үүргүүдийг биелүүлсэн эх орончид билээ.
Дэлхийн хоёрдугаар дайн дуусаж, улс орнууд эв найрамдлыг эрхэмлэн тунхагласан 1950-иад оны эхээр Хязгаарын цэргийг татан буулгаж, байцаан өнгөрүүлэх, хилийн пунктүүдээр улсын хилийн дэглэм, журмыг сахиулах болов.
Дэлхийн түүхэнд “Хүйтэн дайн"- ны гэж нэрлэгдсэн 1950-аад оноос олон улсын цэрэг, улс төрийн нөхцөл байдал төвөгтэй болж, Хязгаарын цэргийг дахин байгуулах шаардлага гарч, 1967 оноос Нийгмийг Аюулаас Хамгаалах Яамны Хязгаарын ба Дотоодын Цэргийн Хэрэг Эрхлэх Газрыг байгуулж, 1979 оноос Хязгаарын ба Дотоодын Цэргийг Удирдах Ерөнхий Газар хэмээн нэрлэгджээ.
1990 онд Нийгмийг Аюулаас Хамгаалах Яам татан буугдаж, Улсын Аюулгүй Байдлыг Хамгаалах Ерөнхий Газар байгуулагдан түүний харьяанд Хилийн цэрэг үйл ажиллагаагаа явуулав.
Анхны “Хилийн тухай хууль” 1993 онд батлагдаж, Хилийн цэргийг удирдах газар байгуулагдан 1996 он хүртэл Засгийн газрын дэд бүтцийн байгууллага байв.
1996 оноос Батлан Хамгаалах Яамны харьяа Засгийн газрын тохируулагч агентлаг, 2000 оноос Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд шилжиж Засгийн газрын тохируулагч агентлаг, Хилийн цэргийг удирдах газар, 2002 оноос Засгийн газрын тохируулагч Агентлаг, Хил хамгаалах ерөнхий газар нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Хил хамгаалах байгууллагын туулж өнгөрүүлсэн дайчин замнал нь Монголын ард түмний Тусгаар тогтнол газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлын төлөө амь бие үл хайрлан тэмцсэн мятаршгүй эх оронч хилчдийн тэмцэл, ялалтын түүх юм. Эх орныхоо төлөө амь үрэгдсэн зуун зуун зоригт хилчдийг хойч хойчид мөнхөд дурсагдах учиртай.
Хилчдээс төрсөн алдартнууд
[засварлах | кодоор засварлах]Бүгд Найрамдах Монгол Ард Улсын баатар
Бэгзийн Гиваан /1949 он/
Баянбалын Тэгшээ /1949 он/
Самданжамцын Лхагвадорж /1949 он/
Хорлоогийн Дамба /1961 он/
Лхүнрэвийн Даваадорж /1961 он/
Жадамбын Нэхийт /1962 он/
Баясгалангийн Бадам /1968 он/
Пунцагийн Чогдон /1971 он/
Дүгэрийн Гуулин /1973 он/
Батын Дорж /1974 он/
Самдангийн Төмөрбаатар /1979 он/
Норпилын Жамбаа /1979 он/
Дамдины Намнан /1983 он/
Энхийн Шийлэг /1984он/
Монгол Улсын баатар
Ундрахын Доржпалам /2025 он/
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын хөдөлмөрийн баатар
Гомбын Лодойхүү /1966 он/
Шижирийн Түгж /1974 он/
Дэслэгч генерал Жамбын Жамьян /1981 он/
Монгол Улсын хөдөлмөрийн баатар
Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ /1998 он/
Дэслэгч генерал Базарын Цэдэн-Иш /2006 он/
Дэд хурандаа Соронзонболдын Батцэцэг /2017 он/
Хошууч Доржсүрэнгийн Сумъяа /2017 он/
Пунцагийн Бадарч /2025 он/ нарын эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдал, хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулсан олон арван алдар, гавьяатнууд хилчдийн эгнээнээс төрөн гарсан.
Умард хил
[засварлах | кодоор засварлах]Манай улс ЗСБНХУ-тай хилээ 1958, 1976 оны хилийн гэрээнүүдээр шинэчлэн тодотгож тогтоосон бөгөөд одоо 3543 км газраар хиллэдэг.
1958 оны гэрээгээр Асгатын давааны хярын хойд өндрийн оройгоос эхлэн зүүн тийш Монгол Шарын давааны зүүн өндрийн орой хүртэл, 1976 оны гэрээгээр Монгол Шарын давааны зүүн өндрөөс эхлэн зүүн тийш Тарваган дахын хилийн овооны 645 тоот болон Асгатын даваанаас эхлэн баруун тийш Алтай таван богд уул хүртэл хилийг тодотгон тогтоох хэлэлцээ хийгдэж, хилийн гэрээ байгуулагдсан юм.
2019 оны МОНГОЛ-ОРОСЫН УЛСЫН ХИЛИЙН ДЭГЛЭМИЙН ТУХАЙ МОНГОЛ УЛС, ОРОСЫН ХОЛБООНЫ УЛС ХООРОНДЫН ГЭРЭЭ үйлчилж байна.
Өмнөд хил
[засварлах | кодоор засварлах]Монгол Улсын өмнө зүгийн хил нь БНМАУ, БНХАУ-ын хооронд 1962 онд байгуулсан хилийн гэрээгээр тодорхойлон тогтоогдож, 1975 онд НҮБ-д бүртгэгдэж олон улсын хэмжээнд албан ёсоор хүлээн зөвшөөрөгджээ.
Төр засгаас улс орны гадаад, дотоод нөхцөл байдлыг харгалзан 1960-аад оноос өмнөд хилийн, 1990-ээд оноос эхлэн хойд хилийн хамгаалалтыг бэхжүүлэх талаар дэс дараатай арга хэмжээнүүд авч хэрэгжүүлсний үр дүнд Монгол улсын хил эргэн тойрондоо Хил хамгаалах байгууллагын хяналтад бүрэн хамрагдсан юм.
2019 оны МОНГОЛ, ХЯТАДЫН ХИЛИЙН ДЭГЛЭМИЙН ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, БНХАУ-ЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ГЭРЭЭ үйлчилж байна.
Орчин үеийн хил хамгаалалт
[засварлах | кодоор засварлах]Өнөөгийн Хил хамгаалах байгууллага нь албандаа гэрээт хилчдийн албыг төгөлдөржүүлэх, улсын хил хамгаалалтад холбогдох хууль, тогтоомж бусад эрх зүйн актуудыг цаг үеийн шаардлагад нийцүүлэн өөрчлөх, тодотгох, хил хамгаалалтыг байгаль, цаг агаар, газар орон, цагийн байдал, хүч хэрэгсэлдээ тохируулан бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулах, түүнд тохирсон хангалт, үйлчилгээг явуулах зэрэг төсөл, хөтөлбөрүүдийг улам боловсронгуй болгон алба үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллаж байна.