Jump to content

Химийн кинетик

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Химийн кинетик буюу урвалын кинетик нь химийн урвалын хурдыг ойлгоход чиглэсэн физик химийн салбар юм. Энэ нь химийн термодинамикаас ялгаатай, учир нь химийн термодинамик нь урвал ямар чиглэлд явагдахыг авч үздэг боловч хурдны талаар мэдээлэл өгдөггүй. Химийн кинетик нь туршилтын нөхцөл урвалын хурданд хэрхэн нөлөөлж байгааг судалдаг бөгөөд урвалын механизм, шилжилтийн төлөвийн талаарх мэдээллийг гаргаж өгдөг, мөн химийн урвалын шинж чанарыг тайлбарлах математик загваруудыг бүтээхийг багтаадаг.

Түүх

Химийн кинетикийн анхны судалгааг 1850 онд Германы химич Людвиг Вильхелми хийсэн. Тэрээр сахарозын урвалыг судалж, энэ урвалын кинетикийг тодорхойлоход интегралдсан хурдны хуулийг ашигласан. Түүний ажлыг 34 жилийн дараа Вильхелм Оствальд анзаарчээ. Вильхелмигийн дараа Петер Вааге ба Като Гульдберг нар 1864 онд химийн урвалын хурд нь урвалд оролцож буй бодисын хэмжээнээс хамаардаг хэмээх массын үйлчлэлийн хуулийг нийтэлсэн.

Вант Хофф химийн динамикийг судалж, 1884 онд "Etudes de dynamique chimique" хэмээх алдартай номоо хэвлүүлсэн. Тэрээр 1901 онд химийн динамик ба уусмал дахь осмосын даралтын хуулийг нээсэн хэмээн анхны химийн салбар дахь Нобелийн шагнал хүртсэн.