Хиргисүүр

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

Хиргисүүр буюу чулуун овоот булшны соёл нь Монголын баруун хэсгээр тархсан хүрэл зэвсгийн үе, төмөр зэвсгийн үеийн соёл юм. Энэ соёл 4000-5000 жилийн өмнөх учир киргизүүдтэй холбоогүй.[1] Зүүн тийш Хэнтий аймгийн баруун хилд хүрнэ. Хиргисүүр нь одоогоор сайн судлагдаагүй учир нь хиргисүүр нь голдуу тахилга тайлгын зориулалттай байдагаас эд өлгийн зүйл ховор гардаг. Хиргисүүрүүд нь голдуу дөрвөлжин болон дугуй хүрээтэйгээс гадна газарт 8-9 чулууг дугуйруулан шигтгэсэн дагуул хэсгээс тоггдог. Хиргисүүрүүдийг МЭӨ II мянган жилийн сүүлчээс МЭӨ I мянган жилийн эхэнд буюу хүрэл зэвсгийн үед, гадуураа хүрээтэй нь төмөр зөвсгийн үед холбогдоно гэж үздэг. Хиргисүүрээс хонь адууны буюу халуун хошуут малын яс гардаг. Үхэр ямааны яс ерөөсөө гардаггүй.[2] Дөрвөлжин булшны соёлд талийгаачийг зүүн зүг хандуулан оршуулдаг бол хиргисүүрийнх голдуу баруун зүг хандуулан оршуулдаг. Дөрвөлжин булшны тархсан Монголын төв хэсэгт хиргисүүр цөөн тоогоор илэрдэг.

Хиргисүүрийг цогцлон бүтээхдээ маш их хүч хөдөлмөр зарж, асар олон чулууг овоолон, том дугуй чулуун дараас үүсгэн байгуулсан байдаг учир малтан судлахад их хүч хөдөлмөр, цаг хугацаа шаардагддаг. Хоёрдугаарт хиргисүүрийн ихэнх нь тахилга тайлгын зориулалттай учир шинжилгээний хэрэглэгдэхүүн болохуйц эд өлгийн зүйлс маш ховор гардаг. Эдгээр учир шалтгааны улмаас хиргисүүрийг тэр бүр нарийвчлан судлалгүй явсаар ирсэн байна. Хиргисүүрийг үйлдэгчид нь хүрэл ба төмөр зэвсгийн түрүү үеийн нүүдэлчид байсан гэдэг нь түүний дөрвөлжин булш, буган хөшөөтэй нэг дор нэгэн цогцолбор болон оршин байдгаас илэрхий.[3] Манай орны нутаг дэвсгэр дээр байгаа хиргисүүрүүд нь гаднах хэлбэр төрх зохион байгуулалтын хувьд янз бүр байдаг. Судлаачид Монгол орны Төв болон Баруун бүс нутаг даруй гуч орчим төрлийн хиргисүүр байгааг тэмдэглэсэн байна.[3] Гэхдээ энэ бүгдэд зохион байгуулалтын нэгдмэл арга ажиглагддаг. Энэ нь юуны түрүүнд бүх хиргисүүрүүд том хэмжээний дугуй овгор чулуун дараастай байдагт оршино. Хиргисүүрүүд хэмжээний хувьд харилцан адилгүй байдаг бөгөөд зарим газарт 100 гаруй м голдоч бүхий хиргисүүрүүд ч таараллдаг. Одоогийн байдлаар манай орны нутаг дэвсгэрт цөөн тооны хиргисүүрийг малтан судлаад байна.

Судлаачид хиргисүүрийг МЭӨ II мянган жилийн төгсгөл МЭӨ I мянган жилийн эхэн үед (МЭӨ 1600-800/700 он) холбогдуулан авч үздэг бөгөөд бүтэц зохион байгуулалтыг нь авч үзвэл, нас барагсадаа гол төлөв баруун болон баруун хойд зүг рүү чиглүүлэн тавьдаг байсан нь тодорхой байна.[3] Мөн ихэнх тохиолдолд булшны нүх ухалгүй газрын хөрсөн дээр хүнээ тавин чулуугаар дарж оршуулдаг байсан нь тогтоогдсон.[3]

  • МЭӨII мянганы сүүлч I мянганы эхэнд холбогдоно.[3]
  • Энэүү дурсгал нь Монгол улс, Алтайн бүс нутаг, Шинжаан, Байгаль нуурын хавьд элбэг тохиолдоно.[3]
  • Хиргисүүр нь оршуулгын байгууламжийн болон тахилгын гэсэн хоёр төрөлтэй байна.[3]
  • Хиргисүүрийн оршуулгын байгууламжид хүнээ баруун тийш хандуулан газрын хөрсөн дээр тавьж , чулуугаар овоолон даруулсан байх бөгөөд эд өлгийн зүйл төдийлөн элбэг олддоггүй. [3]

Ном зүй[засварлах | edit source]

Ишлэл[засварлах | edit source]

Мөн үзэх[засварлах | edit source]

Зураг[засварлах | edit source]

Гадаад холбоос[засварлах | edit source]