Хорезмын эсрэг цэргийн тагнуул

Хорезмыг байлдан дагуулах үед Их Монгол улсаас зохиосон тагнуулын үйл ажиллагаа нь Тангад, Алтан улсыг байлдан дагуулах үед зохиосон тагнуулын үйл ажиллагаанаас улам боловсронгуй идэвхтэй, чадварлаг болсон байна. Чингис хаан дээрхи хоёр улсыг дайлахдаа тагнуулын үйл ажиллагаандаа худалдаачид, элч, төлөөлөгч, хил залгаа орны иргэд, Монгол Улсад оргон ирэгсдээс ихэвчлэн ашиглаж байсан бол Хорезмын эсрэг тагнуулын үйл ажилллагаандаа дээрхээс гадна тэндээс оргож ирсэн хүмүүс, лалын шашны санваартнуудын дундаас ашиглаж байсан нь уг үйл ажиллагаандаа ашиглах хүмүүсийн хүрээ, бааз суурийг тухайн орны онцлогт тохируулан нэлээд өргөтгөснийг харуулж байна. Чингис хаан өөрийн элчийн халхавчаар Хорезмын иргэн, өөрийн туршуул (Махмуд)- ыг шашин шүтлэг нэгтэй тэр улсынх нь эзэн хаанд тавьж өгөн туршуулаар нэвтэрч, түүний зорилго, эрмэлзлийг олж мэдэх тагнуулын ихээхэн аз туршсан арга хэмжээг амжилттай явуулж чадсан нь тагнуулч, туршуулыг ашиглах ажиллагаа өндөр түвшинд гарсныг харуулдаг юм. Мөн Шах нь эх хатан Туркан болон хамаатан садантайгаа гүнзгий зөрчилтэй байгааг тагнаж мэдсэн Чингис хаан Хорезмын эзэнт улсын овог, аймаг, хараат улсууд Чингисийн хүссэн бүхнийг биелүүлэхэд бэлэн байгааг илэрхийлсэн хуурамч захиаг Туркан хатны хамаатан ноёдын нэрийн өмнөөс зохион бичүүлж, түүнийгээ Хорезмын талд урван очиж буй Чингисийн шадар хүний дүр эсгэсэн туршуулаар Шахад хүргүүлсэн нь Мухаммед султанд сэтгэл санааны хүнд цохилт болсон гэж гадаадын судлаачид тэмдэглэсэн байдаг. Тийм мэдээ авч үнэмшин дотоодоос өөрийнх нь эсрэг гарч болзошгүй бослого тэмцлээс айж эмээсэн Мухаммед султан цэргийн хүчээ улс орныхоо янз бүрийн хэсэгт тараан байрлуулахад хүрсэн аж. Тийнхүү эсрэг талаа хуурч төөрөгдүүлэх ажиллагааны нэлээд ярвигтай хэлбэр болох хуурамч мэдээг бичгээр үйлдэн хүргүүлэх, хуурч төөрөгдүүлэх тагнуулын арга хэмжээг Чингис хаан анх удаа чадварлаг явуулж, стратегийн зорилтыг шийдвэрлэж чадсан нь энэ төрлийн арга хэмжээ зохиоход гарсан томоохон ахиц дэвшил байсан гэж хэлж болно.

Мөн туршуулуудынхаа тусламжтайгаар Хорезмын ард иргэдийн дотор үймээн самуун, эмх замбараагүй байдлыг зориуд үүсгэх зэрэг хорлон бусниулах үйл ажиллагааг ч чадварлаг зохион байгуулж байсан баримт ч бий билээ.

Тийнхүү Хорезмыг байлдан дагуулах дайны өмнө болон дайны үед Монголчууд тагнуулын нөхцөл байдлын онцлогийг харгалзан бүхий л бололцоог бүрэн ашиглаж, тагнуул, хорлон бусниулах үйл ажиллагааг чадварлаг, үр дүнтэй явуулснаар тус орныг байлдан дагуулах чухал нөхцлийг бүрдүүлжээ.

Чингис хаан Хорезмын эзэнт улс олон овог аймаг, хараат улсаас бүрдсэн, дээд удирдлагаасаа эхлэн лалын шашинтны янз бүрийн урсгал, чиглэлүүдийг шүтэж бишрэгчдийн хооронд сөргөлдөөн ихтэй байсныг тагнуулын үйл ажиллагаандаа бааз суурь болгон ашигласан байна. Тиймээс лалын шашинтнуудын санваартнууд хүртэл буруу номтон Чингисийн туршуулаар ажиллах тохиолдол ч байжээ.

Монголын хаад, цэргийн жанжид харь оронд ажиллаж байсан тагнуулч, туршуулуудтайгаа холбоо барихад тухайн улс орны онцлогийг харгалзан янз бүрийн арга, зам суваг, хүмүүсийг ашигладаг байжээ.Чухал суурин тагнуулч, туршуултай холбоо барихад тусгай холбоочинг ашигладаг байсан. Мөн энэ зорилгод мөргөлчдийг ашигладаг байсан тухай баримт ч бий.