Хорчины Шигүшидэй манлай баатар
Монгол улсын түүхэнд нэрд гарсан олон баатар байсны нэг нь арван тавдугаар зууны эхний хагаст амьдарч төрийн нэгдмэл байдлын төлөө тэмцэж явсан Хорчины Шигүшидэй баатар ван юм. Сурвалж бичигт түүнийг "баатар" гэхийн зэрэгцээ ван хэмээсэн буй. Лувсанданзангийн "Алтан товч" зэрэг бүтээлд өгүүлснээр Шигүшидэй нь нэгэн үед хамгийн үед хамгийн хариуцлагатай чухал тулалдаан бүхэнд Монголын цэргийн манлайд явж эрүүлчин туршуулчныг толгойлдог байсан тул тухайн үедээ манлай баатар байжээ.
Дашрамд хэлэхэд "Мандухай цэцэн хатан" кинонд гардаг Мандухайн хайр сэтгэлт хүн Өнөболд ван ч эгэл нэгэн бус, тухайн үедээ төр улсын хэрэгт ихээхэн нөлөөтэй эрмэг зоригт баатар эр байсан аж. Хожим нь 1911-1914 оны үндэсний эрх чөлөөний төлөө тэмцэлд тодорсон Магсаржавт "Хатанбаатар", Дамдинсүрэнд "Манлайбаатар" цол өгч, ван болгосноор баатар ван гэлцсэн нь бүр эрт Шигүшидэй баатрын үеэс уламжлалтай цол юм. Урьд Ойрадын Тогтун Эсэн тайш Монголын төрийн нэгдмэл байдлыг удаа дараа дайсагнаж, Чингисийн удмын хаад ноёдод халдаж, олон шилдэг баатар, зүтгэлтнийг хөнөөсний учир Монголын Адай хааныхан могой жил цэрэглэн морджээ. Их цэрэг Ойрадын нутгийн захад очоод тэдний цэрэгтэй тулгарахын цагт цэргийн тэргүүнд хэнийг гаргах тухай яриа болж Онигудын Цагаан, Түмэн зэрэг шилдэг баатрын нэр гарсан боловч Адай хаан:
- "Үрээ морь хурдан боловч, Хөгшин морь холч буй. Шигүшидэй баатар ванг гаргая" гэжээ. Байлдах болоход Монголын цэргийн манлайд Хорчины их баатар Шигүшидэй, Ойрадын цэргийн манлайд хүчирхэг мэргэн Гоолинчи баатар гарчээ. Хоёр их баатар урьд анд байгаад салахдаа - "Хожим Монгол, Ойрад хоёр байлдах болбол хоёулаа манлайд гарамз" гэлцсэн аж. Тэгэхэд Гоолинчи - "Миний харвахад хуяг эс өмсөвч гайгүй" гэжээ. Харин Шигүшидэй баатар - "Миний цавчихад дуулга эс өмсөвч гайгүй" гэжээ.
Ийнхүү байлдах болоход Ойрадын Гоолинчи баатар хоёр давхар дуулга өмсөж, хөх халзан морь унасан байв гэнэ. Харин Шигүшидэй баатар гурван давхар хуяг өмсөөд элгэн тушаагаа хүрз бүсэлж, хонгор халзан морио унаж, хотгор их илдээ барьжээ. Тэр хоёр "Бор нохойн" зоон дээр гарч байлджээ. Гоолинчи баатар Шигүшидэйн эмээлийн урд бүүргийг давхар хуягтай нь хойд бүүргэн дээрээ суутал нэвт харважээ. Давхар хуягныхаа завсар элгэндээ хүрз бүслээгүй бол өнгөрөх байж. Анд агсан атлаа хуурах гэсэнд нь Шигүшидэй машид хилэгнэж "Хонгор морины минь хошуу мэдтүгэй! Төрд тэрсэлснийг тал бүү хар гэлээ" гэж хашгираад дайран орж Гоолинчийн найман талт давхар дуулгыг толгойтой нь хамт цавчин хаяжээ. Түүнийг харж байсан Ойрад цэргүүд тэргүүн баатраа ойчмогц замбараа алдан үймэхэд Шигүшидэй баатар дайран орж, олхиогүй үгт уршигт Таюугийн хүү төрд тэрслэгч Батулай Чинсанг алж, эхнэрийг нь Адай хаан авч, хөвгүүн Тогуныг олзлон авч Аругдай тайшийнд хоньчин болгожээ.
Энэ Тогун хожим Ойрадад очиж тайш болоод эргэж Монголд дайсагнасан ба түүний хүү Эсэн бух Монголыг эзэлж байсан ажээ. Ийнхүү Шигүшидэй баатар манлайлж, нэгдсэн төрд тэрсэлсэн Ойрадыг нэгэн удаа авсан билээ.
Энэ явдлаас олон жилийн дараа Ойрадын Эсэн тайш урьдын өшөөг цагаатгаж "эв эе нэгдье" хэмээн Шигүшидэй баатар, Улхуй мэргэн тэргүүтэй Монголын баатруудыг урьжээ. Шигүшидэй 32 нөхөдтэйгөө очиход зөвхөн арван хүнийг Шигүшидэйн хамт өргөөнд оруулжээ. Тэгээд Эсэн тайш Шигүшидэй баатраас - "Гоолинчийг цавчсан болд илдээ өг!" гэж хяхуутайгаар үг өдөхөд хуучин хонзонгоо авах гэж мэхлэн ирүүлснийг нь мэдэж хуйт илдээрээ хамгийн ойр байсан нэгэн хүнийг дэлдэн унагаагаад цааш хөдлөх гэтэл дэргэд нь байсан Улхуй мэргэн гарах газаргүй болсныг мэдээд арга ая эвийг нь олох санаатай болд илдээ сугалан авч өмнөх хүндээ өгчээ. Тэр хүн - "Энэ илд Гоолинчийг цавчсан илд мөн үү? биш үү?" гэхэд Шигүшидэй - "Эд нь мөн эзэн нь биш" гэжээ. Энэ үед Эсэн тайш дохио өгч Шигүшидэй баатар, Улхуй мэргэнийг нөхдийн хамт барьж уяад өнөөх болд илдээр Шигүшидэйг эхлээд, Улхуй мэргэнийг дараалан бүгдийг цавчин алжээ. Ингэж Монголын нэгэн үеийн их баатар Шигүшидэй хорсолтойгоор хөнөөгдсөн юм. Их баатар гэгч хэдий эрэмгэг боловч, шулуун шударга, гүдэсхэн, цагаан санаатайгаас энддэг гэнэм.