Хот төлөвлөлт, судалгааны институт
Appearance
Нийслэлийн Засаг даргын харьяа Хот төлөвлөлт, судалгааны институт нь Нийслэл хотыг шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлэх зорилгоор бүс нутгийн хөгжлийн төсөл, Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, хот байгуулалтын судалгаа, эрдэм шинжилгээний ажил, барилга байгууламж, инженерийн дэд бүтцийн зураг төсөл, авто зам гүүрийн зураг төсөл боловсруулах, тэдгээрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд оролцох, зохиогчийн хяналт тавих ажлыг эрхлэн гүйцэтгэхээр байгуулагдсан чиг үүрэг бүхий мэргэжлийн байгууллага юм.
Түүхэн замнал
[засварлах | кодоор засварлах]- Улаанбаатар хотын анхны Ерөнхий төлөвлөгөөг 1961 онд баталснаар хотын төлөвлөлт барилгажилтын үндсэн асуудлыг шийдвэрлэн зураг төслийн даалгавар боловсруулах, барилга байгууламжуудад газар олгох, геодезийн зураглал хийлгэх, улаан шугам тавих зэрэг ажлуудыг гүйцэтгэх хөгжлийн шинэ үе эхэлж, улмаар 1964 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор тус хүрээлэн нь анх “Барилга засвар, шугам сүлжээний зураг төсвийн групп” нэртэйгээр байгуулагджээ.
- БНМАУ-ын СнЗөвлөлийн 1968 оны тогтоолоор “Зураг төслийн товчоо” болгон өргөжүүлсэн.
- 1976-1990 онуудад Барилга архитектурын газартай нэгдсэн. Хотын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, орон сууц, иргэний барилгын зураг төсөл, барилгын засвар, өөрчлөлт тохижилтын зураг төсөл, төсвийг нийслэл хот түүний харьяа байгууллагын захиалгаар боловсруулж байв.
- 1990 онд Улаанбаатар хотын АДХГЗ-ны тогтоолоор “Улаанбаатар хотын зураг төслийн товчоо”-г биеэ даасан УҮГазрын статустай ажиллуулахаар өөрчлөн зохион байгуулсан.
- 1997 онд Монгол Улсын Засгийн газрын тогтоолыг үндэслэн НЗД- ын захирамжаар Улаанбаатар хотын Захирагчийн эрхэлсэн ажлын хүрээнд “Улаанбаатар хотын зураг төсөл” компани болгон өөрчлөн нэрлэсэн.
- Хот байгуулалтын үзэл баримтлал, бодлогыг хэрэгжүүлэх Нийслэл хотыг шинжлэх ухааны үндэстэйгээр хөгжүүлэх зорилгоор 1998 онд НЗД-ын захирамжаар Нийслэлийн хот байгуулалт, бүс нутгийн зохион байгуулалт, Улаанбаатар хот болон түүний дагуул хаяа болон алслагдсан хот тосгодын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний тодотгол, шинэчлэлийн зураг төсөл ба дүүргүүдийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах чиглэлээр “Хот байгуулалтын хүрээлэн” болгон зохион байгуулж аж ахуйн тооцоон дээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.
- 2001 онд НЗД-ын захирамжаар эрдэм шинжилгээний үүргийг нэмж Нийслэлийн Засаг даргын дэргэдэх “Хот төлөвлөлт, эрдэм шинжилгээ, зураг төслийн хүрээлэн” болгож өөрчилсөн. Монгол улсын Засгийн газрын 2004 оны 182 дугаар тогтоол, НЗД-ын 2004 оны 370 дугаар захирамжийн дагуу тус хүрээлэнгийн бүтэц зохион байгуулалт өөрчлөгдөж үйл ажиллагааны хувьд өргөжин мэдээлэл технологийн төвтэй, Нийслэлийн Засаг Даргын хэрэгжүүлэгч агентлаг бөгөөд орон нутгийн өмчит үйлдвэрийн газар болж 47 ажилтны орон тоотойгоор ажиллаж ирсэн.
- 2009 онд НИТХурлын тэргүүлэгчдийн 13 дугаар тогтоолоор БХБТГазартай нэгдсэн.
- 2010 онд НЗД-ын захирамжаар Нийслэлийн Засаг даргын дэргэдэх “Нийслэлийн Зураг төслийн хүрээлэн” ОНӨААТҮГ болж тус тус өөрчлөгдөн зохион байгуулагдаж байсан байна.
- Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 07 дугаар сарын 04-ны 116 тоот тогтоолоор “Нийслэлийн Зураг Төслийн Хүрээлэн” ОНӨААТҮГ-ыг “Хот төлөвлөлт, судалгааны институт” ОНӨААТҮГ болгон өөрчлөн байгуулж, Нийслэлийн Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн А/07 тоот захирамжаар зохион байгуулалтын бүтэц орон тооны хязгаарыг шинэчлэн баталсан.