Хуванцар

Хуванцар буюу Пластмасс —синтетик болон байгалийн өндөр молекулын нэгдлээс гаргаж авсан органик материалыг хэлдэг байна.

Уян хуванцар нь химийн гарал үүслийн хувьд нейлон суурьтай термопластик полимер нэгдэл юм. Хатуу хуванцар нь Акрилийн төрлийн хуванцар буюу химийн нэршил нь полиметилметакрилат юм.

Түүх[засварлах | кодоор засварлах]

Эрдэмтэн Александр Паркес анхны нийлэг хуванцрыг бүтээж Лондонгийн 1862 оны олон улсын үзэсгэлэн дээр олон нийтэд үзүүлсэн байна. Паркесин хэмээх материал нь целлюлозоос гарган авсан органик материал бөгөөд халаах үед янз бүрийн хэлбэрт орох боломжтой, харин хөргөсөн үед хэлбэрээ хэвээр хадгалж үлддэг шинж чанартай.

1868 онд, Жон Уэсли Хиат гэх эрдэмтэн биллиардын бөмбөг хийдэг зааны ясыг орлох материал бий болгохоор ажилласаар целлюлойдыг целлюлоз болон спиртжүүлсэн гаварнаас гарган авж байжээ.

Тэрбээр анх коллодион хэмээх байгалийн гаралтай бодисыг газар асгахад хатуу бөгөөд уян хатан хальс болж тогтож байгааг анзаарч түүнийг сайжруулж бат бөх болгох арга замыг хайсаар модны гаврыг коллодион хольцод нэмэхэд Целлюлойд үүсэв. Целлюлойд нь биллиардын бөмбөгнөөс гадна анхны уян хатан гэрэл зургийн хальс болж алдаршжээ.

1897 он гэхэд цагаан самбар үйлдвэрлэх хүчин чармайлт нь казеины пластикийг (формальдегидтай хольсон сүүний уураг) үүсгэсэн.

1899 онд Британийн эрдэмтэн Артур Смит “Цахилгаан тусгаарлагчид ашигладаг формальдегидийн давирхайн боловсруулалт” хийх анхны патентыг хүлээн авсан. Гэсэн хэдий ч 1907 онд Лео Хендрик Бэйкэланд фенол-формальдегидын урвалын арга техникийг сайжруулж, Бэйкэлайт хэмээх худалдааны нэрээр арилжааны амжилтад хүрэх анхны 100% нийлэг давирхайг бүтээсэн. Тэрээр мөн хуванцрыг пластик гэж дуудсан анхны хүн юм. Бэйкэландын процесс нь фенол (нүүрсний барагшин) болон формальдегид (модны спирт)-ийг хольж Целлюлойдоос илүү бат бөх сайн чанарын материал Бэйкэлайтыг гаргаж авсан юм.

Полимерийн үйлдвэрлэлийн процесс мөн адил өөрчлөлтөд орсоор хэвэнд шахах (injection molding) процесс нь 20-р зууны эхэнд бий болж, өнөөдөр дэлхий даяар хамгийн их ашиглагддаг үйлдвэрлэлийн арга барил болсон. Нэг ажилчин өдөрт 350 хуванцар сам үйлдвэрлэдэг байсан бол хэвэнд шахах процессоор 10,000 гаруй ширхгийг хийх боломжтой болжээ.

Дэлхийн хоёрдугаар дайны дараа, хуванцар материалын хөгжиж буй зах зээл тогтвортой болох тусам маш их технологийн дэвшил гарч эхэлсэн. Эдгээр дэвшлүүд болох винил, этилен, акрилатын үүсэл нь өмнөх шиг бие даасан эрдэмтдийн ур ухаанаар үүссэнгүй, харин Purity Hall, Du Pont, Dow, Union Carbide, Standard Oil, Монсанто гэх мэт үйлдвэрлэгчдийн лабораториос үүсжээ. Үүн дотроос хуванцрын хөгжлийг хурдасгасан хамгийн том хүчин зүйл бол дэлхийн 2-р дайны үер хуванцрын аж үйлдвэрт АНУ-ын засгийн газар маш их хөрөнгө оруулалт хийж хуванцрын аж үйлдвэрийн хүчтэй дэд бүтцийг байгуулсан хэрэг байв. Хуванцрын үйлдвэрлэл дөнгөж хөгжиж байх үеэр бие биеэсээ өрсөн уралдаж байсан хүмүүс нэгдэж 1937 онд Хуванцрын Үйлдвэрийн Нийгэмлэг (SPI) хэмээх хүчтэй лобби бүлэг үүсгэв.

Дайны дараа хуванцрыг жирийн хэрэглээнд оруулахаар маш олон мэдээллийн хэрэгслээр “хуванцрын хэрэглээг сурталчлах” аян өрнөж, маш олон төрлийн бүтээгдэхүүнүүд бий болгожээ. Жишээ нь, хуванцар хоолны савнууд (Tupperware), эргүүлдэг цагираг, нэг удаагийн балнууд, Мяндаст шилтэй сандлууд (Fiberglass chairs), Хуурамч савхит буйдан (поливинил хлоридоор бүрхэвчтэй сүлжмэл даавуу), нейлонон тирко гэх мэт тоолж баршгүй олон төрлийн хуванцар, олон төрлийн бүтээгдэхүүн бий болжээ.