Jump to content

Гэрээ

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Хэлэлцээр-с чиглүүлэгдэв)

Гэрээ гэдэг нь хоёр буюу хэд хэдэн этгээд тодорхой асуудлаар бие биедээ буюу гуравдагч этгээдтэй харилцан ямар нэгэн үүрэг хүлээх талаар тохиролцож, хуулийн дагуу үйлдсэн бичиг баримтыг хэлнэ.

Энэ үгийн гарвал түүхийг ухан үзвээс “Гэрэгэ” буюу элч этгээдийн эрх сүр, хүчин чадлыг илэрхийлэх нэгэн төрлийн дипломат эрх ямбын үүсгэл болсон зүйлийн нэршилтэй угшил ойр байгаа нь харагддаг юм.

Их хаадын түүхэн дунд улирсан Монгол орны “Гэрэгэ” хэмээх пайз нь угтаа давуу байдал, үл маргах журмаар биелүүлэх эрх олгосон болон түүнийг дагалдан биелүүлэх үүрэг болгосон хэм хэмжээний цогц болж байсан нь тухайн цаг үеэс монгол түмэн гэрээ эрхийн харилцааны талууд болж байсан нь харагддаг билээ.

Их бичгийн хүн Бямбын Ринчений зохиол туурвилыг Гадаад хэргийн сайд асан Ц.Гомбосүрэн гуай эмхэтгэн ном болгож гаргахдаа “Монголын за андгаар буй заа” хэмээн нэрлэсэн нь үгийн үнэт чанар монгол хэлний сангийн далай мэт гүн, тэнгэр мэт өргөн утгыг илэрхийлсэн сайхан нэршил болжээ. Дэлхийн бусад орнуудад:

  • За
  • Тийм
  • Тэгье гэсэн зөвшөөрсөн хэлцүүд нэг үгээр илэрхийлэгддэг атал

Монгол хэлэнд тус бүр өөрийн нэршилтэй байгаа төдийгүй ”За” хэмээх богинохон үг Андгайлан амлахуйн төгс утга болохыг сануулсан байна.

Өөрөөр хэлбэл Гэрэгэ хэмээх үгийн угшилтай Гэрээг байгуулахдаа талууд “За” хэмээн зөвшөөрч, мутрын үсэг зурсан л бол тэр нь уг чанартаа энэхүү гэрээний зүйл заалт бүрийг сахин мөрдөж ажиллахаа тангараглан андгайлж байгаа хэрэг юм.

Гэрээ Гэрээний үндсэн тодорхойлолт нь хоёр буюу түүнээс дээш талуудын хоорондийн аливаа зөвшилцөл, хамтын тохиролцоог баталгаажуулахын тулд үйлддэг албан бичиг хэмээн тэмдэглэгдсэн байдаг. Гэрээг заавал бичгээр үйлдэх албагүй бөгөөд аман хэлэлцээр байгуулах тохиолдол байдаг боловч энэ нь төдийлөн албан ёсны гэрээ болж чадахгүй юм. Гэрээ нь үндсэндээ тухайн хамтын үйл ажиллагаанаас үүсэх магадлалтай аливаа гэм хохирлыг нөхөн барагдуулахад чиглэсэн бөгөөд талуудын үүрэг хариуцлага, ямарваа ажлын гүйцэтгэгдэх хэм хэмжээг тодорхойлсон байдаг. Гэвч энэ тодорхойлолт бүх төрлийн гэрээнд хамаарахгүй билээ. Жишээлбэл хүн нас барахдаа эд хөрөнгөө өвлүүлэн үлдээхийн тулд гэрээслэл бичдэг бөгөөд энэ нь дээрх зүйлүүдээс өөр төрөлд хамаарна. Гэрээ нь тухайн улс орны хууль ёсноос гажих ёсгүй бөгөөд ерөнхийдөө тухайн гэрээнд хамаарах аливаа хууль тогтоомжийг дагаж мөрдөхийг давхар баталгаажуулсан баримт гэж үзэж болох юм. Өөрөөр хэлбэл гэрээгээр зохицуулсан харилцаа нь хуулиар зохицуулсан харилцааг илүү нарийвчлан зохицуулсан байдаг. Гэрээний хамгийн чухад шинж чанар нь нэг тал санал гаргаж, нөгөө тал нь тухайн саналыг хүлээн зөвшөөрөхөд оршино. Гэхдээ гэрээ нь дотроо гаргаж буй саналд тулгуурлан нэг талт болон хоёр талт гэсэн хоёр янзын хэлбэртэй байж болно. Жишээлбэл гэрээний нэг тал байшингаа зарж, нөгөө тал тодорхой үнийн дүнгээр тухайн байшинг худалдаж авахаар тохирсон бол нэг тал нь байшин зарах санал гаргаж, нөгөө тал нь мөнгө өгөх санал гаргаж байна гэж үзэн энэ нь хоёр талт гэрээ болж байгаа юм. Харин нэг талт гэрээний нэгэн тод жишээ бол шагнал урамшууллын хэлбэр юм. А тал иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн бөгөөд Б талд тухайн зүйлийг олсон тохиолдолд шагнал өгөхөөр санал гаргана. Энэ тохиолдолд Б тал нь ямарваа хариуцлага хүлээхгүй бөгөөд хэрвээ А талын заасан нөхцлийг биелүүлбэл тус гэрээ үйлчилж А тал үүргээ хүлээж мөнгөн шагналаа гардуулах шаардлагатай болж байгаа юм. Гэрээнд ямарваа заалт дутуу байх тохиолдол гардаг бөгөөд тухайн заалтын дутуугаас үүссэн маргааныг шүүхээр шийдвэрлүүлэх тохиолдол гардаг. Гэрээнд заавал байх шаардлагатай, тогтсон гэж хэлж болохоор хэд хэдэн заалтууд байдаг. Эдгээрээс дурьдвал: аливаа маргааныг хэрхэн шийдвэрлэх, аль улсын хууль үйлчлэх, гэрээ цуцлагдах үндэслэл гэх мэт. Ихэнх гэрээ байгуулж буй талууд эдгээр заалтуудыг төдийлөн чухалчилдаггүй боловч эцсийн дүндээ ямар нэгэн маргаан үүссэн тохиолдолд тус заалтууд хамгийн чухалд тооцогдох бөгөөд үүнийг анхаарч байх нь чухал билээ. Гэрээнд нэмэлт заалт оруулах тохиолдол байдаг бөгөөд энэ тохиолдолд тухайн гэрээг шинээр үйлдэлгүйгээр хавсрах материал болгон шинэ заалтуудыг оруулж болдог. Мөн түүнчлэн гэрээг анх байгуулахдаа хавсрах материал оруулж өгч болох бөгөөд энэ нь санал болгож буй үнэ, гэрээнд тусгагдсан ажлын дэлгэрэнгүй цар хүрээ гэх мэт зүйлсийг агуулж болно.

Гэрээг хариу хангалт байгаа эсэхээс нь хамаарч хариу төлбөртэй гэрээ, хариу төлбөргүй гэрээ гэж ангилна.