Монгол улс

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
— «Монгол» гээд холбогдов —
Харайх: Удирдах, Хайлт
«Монгол» үгийг энд холбон амарчлав. «Монгол үндэстэн»-д мөн хамаарна.
Монгол Улс
Monggol ulus.svg
тусгаар тогтносон орон, бүрэн эрхт улс
Төрийн далбаа Төрийн сүлд
Төрийн дууллын нэр:
«Монгол улсын төрийн дуулал»


Дэлхийн тал бөмбөрцөгт Монголыг улаанаар
Дэлхийн тал бөмбөрцөгт Монголыг улаанаар
Нийслэл Mn coa ulaanbaatar.png Улаанбаатар
Том хот Эрдэнэт, Дархан,Сайншанд
Албан хэл монгол хэл [1]
Албан үсэг кирил үсэг (1941 оноос)
монгол үсэг (сэргээн)
Ард түмэн 
(2010 он)
Монголын ард түмэн →
95.1% – монгол үндэстэн
  3.9% – хасаг үндэстэн
  1.0% – бусад ард түмэн
 -  Нутгийн олон 100% – Монголынхон
(Монгол улсынхан)
Төр засаг Ардчилсан дэглэм, нэгдмэл
байгууламж
, парламентийн
бүгд найрамдах засагтай
 -  Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж (АН)
 -  Ерөнхий сайд Чимэдийн Сайханбилэг (АН)
 -  Улсын хурал «Улсын Их Хурал» (УИХ)
 -  УИХ-ын дарга Зандаахүүгийн Энхболд (АН)
Түүхэн үйл явдал
 -  НТӨ 209 он Монгол орны анхны төрт
улс Хүннү улс байгуулагдав. 
 -  1206 он Монгол үндэстэн мандсан Их
Монгол улс
байгуулагдав. 
 -  1911-12-29 Харь улс мөхөж, орчин үеийн
Монгол улс тусгаар тогтнов. 
Нутаг дэвсгэр
 -  Бүх талбай 1,566,600 км2 (19)
 -  Гадаргын ус (%) 0.43 хувь[2]
Хүн ам
 -  Тооцоо (2015) 3,000,000 хүн[3] 
 -  Тооллого (2010) 2,654,685 хүн [4] (140)
 -  Нягт сийрэг 1.84 хүн/км2 
ДНБ (ХАЧТ) 2013 оны тооцоо
 -  Нийт дүн 26.8 тэрбум $[5] 
 -  Нэг хүнд 15,293 $ 
ДНБ (Нэрлэсэн) 2013 оны тооцоо
 -  Нийт дүн 11.516 тэрбум $[5] 
 -  Нэг хүнд 3,996 $[5] 
ОТББИ (2008) 36.5[6] (дундаж
ХХИ (2013) 0.675[7] (дунд) (108)
Мөнгөний нэгж төгрөг (₮) (MNT)
Цагийн бүс ГЦ+8, ГЦ+7
Утас, домэйн +976 / .mn
Нэр томъёо MN, MNG / МУ
Монгол улсын газрын зураг  (англ.)
Монгол улсын газрын зураг  (англ.)

Монгол (1992 оноос хойших үеийг Монгол Улс) — дорно болон төв Азид оршсон бүрэн эрхт улс.

Хойд талаараа Орос, бусад талаараа Хятад улстай хиллэдэг далайд гарцгүй орон. Нийслэл — Улаанбаатар.

Орчин үеийн торгоны зам нь одоо Пак хятад , эдийн засгийн коридорын нэрээр эхэлсэн

Алтайн нуруунаас Хянган, Соёноос Говь хүрсэн дэлхийд 19-р том гэдэг 1 сая 566 мянган км2 уудам нутагтай. 2015 оны эхэнд 3 сая хүнтэй болсон (135-р олон). Үндсэндээ монгол үндэстэн (95 хувь), мөн хасаг, тува хүн байна. 16-р зуунаас нааш буддын шашин, 20-р зуунаас шашингүй байдал дэлгэрсэн ба албан хэрэгт монгол хэлээр харилцана.

Монголд НТӨ 209 онд Хүннү улс нэгдсэнээс монгол, түрэг угсаатан халалцсаар 1206 онд Чингис хаан Их Монгол улсыг байгуулан Евразийг эзэлсэн гүрэн үүсгэжээ. 17-р зуунд манж Чин улсын мэдэлд орсон ч 1911 онд тусгаар тогтносон бөгөөд 1924 онд байгуулагдсан Бүгд Найрамдах Монгол Ард Улс 1961 онд НҮБ-ын гишүүн болсон. 20-р зуунд ЗХУ-тай дотно байж, нийгэм, эдийн засгийн бат суурь тавигдан 1990 онд ардчилсан дэглэм, зах зээлийн эдийн засагт шилжин оров. Одоо парламентын бүгд найрамдах засагтай, хорин нэгэн аймаг, нэг нийслэлд хуваагддаг нэгдмэл улс юм.

Хөгжиж буй орон. Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээгээр (26.8 тэрбум ам.доллар) дэлхийд 111-т жагсаж, нэг хүнд ноогдох хэмжээ 11,882 $ байна. ХАА, малчин уламжлалтай. Зэс экспортлодог. Мөнгөний нэгж — төгрөг.

Дэлхийн 184 улстай дипломат харилцаа тогтоосон. НҮБ, ДХБ, ОУВС, ЕАБХАБ-ын гишүүн.

Хадмал толь
Монгол нэрийдэл
монгол үсгээр бичсэн
худам ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ (mongɣul ulus)
ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠣᠷᠤᠨ (mongɣul orun)
кирилл үсгээр бичсэн
буриад Монгол гүрэн
Монгол улас
Монгол орон
монгол Монгол улс (Mongol uls)
Монгол орон (Mongol oron)
халимаг Моңһл орн
Гадаад нэрийдэл
тува Моол күрүне
хасаг Моңғолия
Тайлбар: 《ᠮᠣᠩᠭᠣᠯ》 гэдэг хоёр үетэй. Эхний үе хэлний угийн «н» (нг)-ээр төгсдөг. «гүрэн», «күрүне» хоёр нэг үгийн хувилбар. «моол» хэзээ, яаж «нг»-ийг хассан нь тодорхойгүй.
ᠤᠯᠤᠰ》, «улас» нь балархай эгшигтэй, «улс» нь балархай эгшгийг гээсэн үг.


Нэр[засварлах | edit source]

Үндсэн хүн амын нэрээс улсын оноосон нэрийг «Монгол» хэмээжээ. Үгийн гарлын хэдэн янз таамаг бий. Монгол улсын урьд үеийг Их Монгол улс, Олноо өргөгдсөн Монгол улс, Бүгд Найрамдах Монгол Ард Улс (БНМАУ) гэх мэтээр ялган нэрийдэх ба 1992 оноос хойших шинэ үеийг албан бичигт «Монгол Улс» (МУ) гэх болсон.

Газар зүй[засварлах | edit source]

Хиймэл дагуулаас харсан зураг
Физик газар зүйн зураг

Монгол орон 1,566,600 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай, Перугээс том буюу дэлхийн 19-р том орон болно. Азид наймдугаар, далайд гарцгүй орнуудаас Хасагийн дараа хоёрдугаарт жагсана. Нутаг дэвсгэрийн 0.43 хувийг гадаргын ус бүрхсэн.

Байрлал[засварлах | edit source]

Хойд өргөргийн 41° — 52°, зүүн уртрагийн 87° — 120° дотор уламжлал болон ЮНЕСКО-гийн ангиллаар Төв Ази, НҮБ-ийн шинэ ангиллаар Дорно Азид хамааран байна. Газрын байрлалаар хоёуланд нь, соёлын хувьд Төв Ази, эдийн засгийн хувьд Дорно Азитай илүү дотно. Саяхнаас Дорно Умар Азийн бүсийн хурал зөвлөгөөнд оролцох болсон.

Өмнөд, дорнод, өрнөд гурван талаараа Хятад улстай 4677 км, умард талаараа Орос улстай 3543 км зурвасаар хиллэнэ. Далайд гарцгүй. Хилийн нийт урт — 8220 км. Хэдий хиллэдэггүй ч баруун хил Хасаг улсаас 38-хан километр зайтай.

Хөндлөн 2392 км, гулд 1259 км сунасан «дэлгэсэн тэрлэг шиг»[8] хэлбэртэй. Захын цэг:[9][10]

  • Баруун цэг — Монгол Алтайн нурууны Мааньт уул
  • Хойд цэг — Их Соёны нурууны Монгол шарын даваа
  • Зүүн цэг — Соёлз уулын модот хамар
  • Урд цэг — Орвог гашууны бор толгой
  • Төв цэг (хүйс) — Бүрд сумын Өвөр хөшөөтийн булгийн эх

Газрын гадарга[засварлах | edit source]

Монголын байгаль
Гол өгүүлэл: Монгол орны уулс

Монгол харьцангуй өндөрлөг орон. Үндсэндээ Монголын тэгш өндөрлөг (далайн түвшнээс дээш 900-1500 м) дээр байна. Нутгийн баруун талаар 900 км урт Монгол Алтай, түүний үргэлжлэл Говь Алтайн нуруу байна. Нутгийн төв хэсгээр Хангай, Хөвсгөлийн уулархаг муж (хойш Соён хүрнэ), дорно умард нутгаар Хэнтийн нуруу байна. Зүүн, зүүн өмнөд зүг рүү өндрийн хэмжээ буусан байдаг. Уулсын өндрөөс дурдвал Монгол Алтайн нурууны ноён оргил Таван богд хөвчийн Хүйтэн оргил (4374 м), Хангайн Отгонтэнгэр (4008 м), Соёны Мөнх сарьдаг (3491 м), Хэнтийн Асралт хайрхан (2799 м) юм. Дорнод нутгаар Шилийн богд (1778 м) зэрэг унтарсан галт уулстай.

Томоохон гол, мөрний сав газраар харьцангуй нам доор байна. Нутгийн баруунтаа Их нууруудын хотгор, Дэлхийн байгалийн өвд бүртгэгдсэн Увс нуурын хотгор байгаа бол Дорнод аймагт хамгийн нам доор цэг буюу Хөх нуурын хотгор (560 м) бий.

Усны зүй[засварлах | edit source]

Монголд нийлээд 67,000 км урт болох 3811 гол горхи, 500 м³ эзлэхүүнтэй 3500 гаруй нуур, 7000 орчим булаг шанд, 540 м² талбай бүхий 190 гаруй мөсөн гол,250 гаруй рашаан, газрын доорх усны 139 орд газар байна. Улаанбаатар хот бол хот дотроо рашаантай байдаг дэлхийн хоёрхон нийслэлийн нэг юм.

Монголын гол мөрнийг Умард мөсөн далайн, Номхон далайн, Төв азийн гадагшаа урсгалгүй гэсэн гурван ай савд хуваан үзнэ. Орхон бол Монголын хамгийн урт гол юм (1124 км, усаа цуглуулах талбай 133000 км²). Харин Хятадад урсдаг уртыг нь оруулж тооцвол Хэрлэн гол Монголын хамгийн урт гол /1200 км/ юм. Хамгийн ус ихтэй нь Сэлэнгэ мөрөн юм. Жилийн дундаж урсац нь 300 м3/сек байдаг. Монгол орны хамгийн том мөсөн гол бол Алтай Таван богд дахь Потанины мөсөн гол бөгөөд 20 км орчим урттай.

Хамгийн том нуур нь Увс (3350 км²), хамгийн гүн нуур нь Хөвсгөл (238 м) юм.

Бүс, хөрс[засварлах | edit source]

Монгол хойноосоо урагш ойт хээр, хээр, говь, цөлийн гэсэн өргөргийн дөрвөн бүс, өндөр уулс, ялангуяа ойт хээрийн бүсийн уулс өөд авирахад тайгын болон тагийн бүслүүр ажиглагддаг. Монголын байгалийн бүс, бүслүүр, гадаргын байдлыг харгалзан Хангай, Хэнтийн, Алтайн уулархаг, Дорнодын талархаг, Говийн гэж дөрвөн их мужид хуваадаг. Ойт бүслүүр нь тогтмол дулаан, тааламжтай уур амьсгалтай, үржил шим сайтай, ялзмаг ихтэй.

Хүрэн, хар хүрэн, цайвар хүрэн, хар шороон, нугын хүрэн, говийн бор, цөлийн бор саарал, нуга намгийн болон мараалаг, давсархаг зэрэг олон төрлийн хөрс байдаг. Үүний дотор үржил шимт хүрэн хөрс тавь орчим хувийг эзэлдэг. Газар тариалан эрхэлж болох газар нь газар нутгийн 0.76%-г эзэлдэг. Усжуулалттай газар 840 км² байна.

Хустайн нурууны тахь

Ургамал, амьтан[засварлах | edit source]

Монгол оронд нэг ба олон наст, модлог, бутлаг, хагас бутлаг зэрэг 4000-аад зүйлийн ургамал, ногоо ургадаг.

7 баг, 24 овог, 70 гаруй төрөлд хамаарагдах 140 гаруй зүйлийн хөхтөн, 390-ээд зүйлийн жигүүртэн оршино.

Түүний дотор тахь, хавтгай, мазаалай зэрэг амьтан, монгол алтан хундага, тарваган шийр, дорогостойн вансэмбэрүү зэрэг дэлхийд өөр аль ч газарт байхгүй ургамал бий.

Хүн ам зүй[засварлах | edit source]

Он Хүн ам
(мян.)[11]
1918 647.5
1935 738.2
1956 845.5
1969 1197.6
1989 2044.0
2010 2,754.7
2015 3,000.0
Хүн амын тоо (1961-2003)

Монгол улс 1918 онд хүн ардаа тоолоход 647.5 мянга байв.[12] Дайны дараах цагт хүн амын тоо түргэн өсч 1962 онд 1 сая, 1988 онд 2 сая хүнтэй болжээ. Нийгмийн шилжилтийн үед хүн амын өсөлт буурч 2010 оны тооллогоор 2.75 сая хүнтэй байсан бол 2015 оны эхэнд 3 сая дахь иргэнээ өлгийдөн авсан.[13]

Хүн амын олноор дэлхийн 194 улсаас Армен, Литватай зэрэгцээд 135-р байранд байна.

Хүн амын нягт — 1.8 хүн/км² буюу хүн амын хамгийн сийрэг суурьшилтай орон болно.

1000 хүн тутамд 20 хүн төрж, 6 хүн нас бардаг, жилийн дундаж өсөлт — 1.46% (2010 он). Хүн амын 27.1 хувь 0–14 насны багачууд, 68.9% нь 15–64 насны хөдөлмөрийн чадвартан, 4% нь 65-ээс дээш өндөр настан юм. хүйсийн харьцаа жигд, дундаж наслалт — 68.6 жил.[14]

Ард түмэн[засварлах | edit source]

Яс үндэс Хүн ам
(2010 он)[15]
Хувь
Халх ястан 2,168,141 82.4 %
Хасаг үндэстэн 101,526 3.9 %
Дөрвөд ястан 72,403 2.8 %
Баяд ястан 56,573 2.2 %
Буриад ястан 45,087 1.7 %
бусад ястан 187,387 7.1 %
гадаадын иргэн 16,320 0.6 %

Монгол улс үндсэндээ нэгэн төрлийн ард түмнээс бүрдэнэ. Хүн амын 95 хувь монгол үндэстэн байна.

Ястнаар салган бүртгэдэг уламжлалтай. 2010 оны хүн амын тооллогыг үндэслэвэл халх ястан (‍82%) зонхилж хасаг (4%), дөрвөд (2.8%), баяд (2.2%), буриад (1.8%), захчин (1.3%), дарьганга (1%), урианхай (1%), дархад, хотгойд, торгууд, хотон, мянгад, тува, барга, үзэмчин, элжигин, сартуул, хамниган, цаатан, чантуу, харчин, цахар зэрэг хориод нэрээр бүртгэж байна. Хятад, Орос, Солонгос зэрэг гадаадын иргэн 0.6 хувийг бүрдүүлж байна.[16]

Буриад, ойрд монгол нь халхжих, тува, хотон, чантуу зэрэг түрэг угсаатан, хамниган тунгус угсаатан нь монголжих үйл явц явагдсаар байгаа. Хасагууд Баян-Өлгийд 88% эзэлж байгаа болохоор харьцангуй өөрийнхөөрөө байна.

БНМАУ-ын үед БНХАУ-тай харьцаа муудан 1963-1966 онд хужаа нарыг үлдэн хөөж, ЗХУ бутрахад 1990-1992 онд Монголд байсан Зөвлөлтийн цэргийн анги, мэргэжилтнүүдийг гаргажээ.[17][18] Ардчилсан Монголд хуулийн хязгаарыг (нийт 3%, нэг улсаас 1%) давахгүйгээр гадаадын иргэд орж гардаг болсон.[19]

Хэл бичиг[засварлах | edit source]

Улсын албан ёсны хэл нь монгол хэл байна. Монгол хэл алтай язгуурын монгол бүлгийн гол хэл юм. Монгол улсад халх аялгуу голчлох ба буриад аялгуу, ойрд аялгуу, дархад аялгуу тодорхой ялгардаг. 1941 оноос хойш кирил үсгээр бичдэг болсон. Кирил монгол бичгийн дүрмийг 1-р ангиас хүүхдүүдэд заадаг. 35 үсэгтэй. Чингис хааны үеэс уламжилсан монгол үсэг 1990 оноос сэргэж, дунд сургуулийн 5-р ангиас заадаг болсон. Компьютер, гар утаснаа латин үсэг хэрэглэх нь түгээмэл.

Мөн алтай язгуурын түрэг төрлийн хасаг, тува хэлээр ярина. 1-4-р ангид эх хэлийг хүүхдүүдэд зааж, 5-р ангиас монгол хэл сургадаг.

Англи (сүүлийн үе), орос (Зөвлөлтийн үеэс), солонгос, герман, хятад, япон зэрэг харь хэлийг хүүхэд залуус сурч эзэмшдэг.

Шашин шүтлэг[засварлах | edit source]

Монголын шашин шүтлэг (2010)[20]
будда
  
53.0%
бурхангүй
  
38.6%
лал
  
3.0%
бөө
  
2.9%
христ
  
2.1%

Монголын ард түмний ихэнх нь буддын шашинтан (53%). Буддын шашны гэлүгва буюу шарын шашин гэсэн ёсыг дагадаг. Мөн шашин, бурхны сүжиг алдрах хүний тоо (38%) өссөн. Хүн амын цөөн хувьд лал, бөө, христийн шүтлэг байна.[21]

Эрт дээр үеэс Монголд бөө, тэнгэр шүтлэг байсан бөгөөд 16-р зуунаас буддын шашин Монголд гурав дахь удаагаа хүчтэй дэлгэрсэн. Жавзандамба нарын олон хутагт хувилгаан тодорсон. БНМАУ-ын эхэн үед шашныг хориглож, сүм хийдийг шатааж, лам нарыг хороож байв. Хожим суларч 1990 оноос хойш шашин шүтэх эрх чөлөөлөгдсөн.

2010 онд буддын 127, христийн 96, лалын 6, бүгд 234 сүм хийд байв.[22] Том нь Гандантэгчэнлин хийд.

Хот суурин[засварлах | edit source]

Гол өгүүлэл: Монголын хотууд

Монголын хүн амын 71 хувь хот газар амьдарч байна.[23] Гэхдээ хот дотроо гэр хороолол их.

Засаг захиргааны хот суурин байхгүй. Уламжлал болон хууль харвал 22-26 хот бий:

2010 оны хүн амын тоогоор:

Түүх[засварлах | edit source]

Гол өгүүлэл: Монголын түүх

Эртний улс[засварлах | edit source]

Монгол оронд 850,000 жилийн тэртээ «босоо хүн» амьдарч байсан[24] ба балар эртний хүний хадны сүг зураг эд олдвор Хойд цэнхэрийн агуйгаас олддог.[25] Чулуун зэвсэг, хүрэл зэвсэг, төмөр зэвсгийн үеийг дамжсаар эртний улсуудын үетэй золгожээ.

Монгол орон эртнээс анчин, малчин, нүүдэлчин ард түмний өлгий байсаар ирсэн бөгөөд тэдгээр нь монгол, түрэг, зөрчин аль ч угсаа байсан үргэлж өмнөд газрын нанхиадтай зууралдан байлдах ба түмэн газрын их цагаан хэрмээр хил тогтдог байв.

Хүннү (НТӨ 209 – НТ 48)

Сурвалж бичигт гуйфань, шаньжун, ицюй, ху, линь ху, дунху (дорнод ху), хуньюй, шюжун зэрэг олон нэрээр тэмдэглэгдэж явсаар МЭӨ 209 онд Модун шаньюй Хүннү улсыг (НТӨ 209 – НТ 48) нэгтгэн байгуулжээ. Ноён уулнаас Хүннүгийн ноёны бүлэг булш олсон ба хүннүгийн мал адуулах, нум сум, жад, охор илдээр зэвсэглэх нь монголоос ялгаагүй юм. Хүннүгийн зүүн этгээдийн Сяньби хүчирхэгжин Монголыг эзэгнэсэн нь 93–234 он бөгөөд Таньшихуайн үед нэр мандсан.

Дараа нь бас нэгэн монгол угсаат Жужан улсыг (330–555) Шэлүнь хэмээх сайн эр алдаршуулж яваад Түрэг улсад (555–745) зай тавьжээ. Уйгур улсын (745–840) нийслэл Хар балгасыг бас нэг түрэг угсаатан болох Енисейн хиргис галдан шатаасан боловч удалгүй монголын Хятан улсад (907–1125) түрэгджээ. Хятан улсыг зөрчидийн Алтан улс мөхөөсний дараа Монголын тал нутагт олон аймаг зэрэгцэн оршиж, олзлон булаалдаж байсан ба хамтатгаад зүбү аймгийн холбоо гэж байв.

Эзэнт гүрэн[засварлах | edit source]

Гол өгүүлэл: Их Монгол Улс ба Юань улс
Монголын эзэнт гүрэн

Олон аймгийн дотроос хамаг монголын хиад аймгийн боржигон овогт Тэмүүжин буюу Чингис хаан (1162-1227) тодорч татар, мэргид, хэрэйд, найманыг ээлж дараалан дагуулсаар 1206 онд Хэрлэний хөдөө арлын хуралдайгаар нэгдсэн Их монгол улсыг байгуулжээ. Чингис хаан «мөнх тэнгэрийн хүчинд» Тангуд, Алтан, Хар хятан, Сартуул (Хорезм) улсыг дайлан дагуулсан ба найманы Тататунга багшаар монгол үсэг (эхэндээ уйгуржин), татарын Шихихутуг заргачаар Их засаг хуулийг зохиолгон улсаа засчээ.

Чингис хааны өндөр төрийг Өгөөдэй хаан залган Хархорумыг нийслэл болгон хөгжүүлж, МНТ-г бичүүлж, Алтан улсыг мөхөөж, дорно Европыг байлдан дагуулсан бол Гүюг, дараа нь Мөнх хаан залгаж Багдадын халифыг буулган Ираныг эзэлжээ. Хубилай хаан 1260 онд Монголын хаан болоод 1271 онд Юань улс (1271-1368) хэмээх үеийг эхлүүлэн Дайдуг (одоо Бээжин) нийслэл болгон сууж, 1279 онд өмнөд Сүнг мөхөөн Хятад орныг бүрэн эзлэсэн ба буддын шашныг шүтэж, дөрвөлжин үсэг хэрэглэжээ.

Монголын байлдан дагуулал өрнө зүгт Адриатын тэнгис, Египет, дорно зүгт Япон, өмнө зүгт Индонезийн Ява арал хүрч 33 сая км2 газарт ноёрхож байв.[26] «Дэлхийн талыг эзэлсэн» гэж ярих бөгөөд түүхэн дэх хоёрдугаар (Британийн дараа) их нутагтай гүрэн байжээ. Луужин, өртөө, энх тайван, цэргийн арга ухаан, өрнө-дорныг холбосон зэрэг дэвшил, нээлт авчирсан юм. Нүсэрдээд ирэхийн цагт Юань, Зүчи, Цагаадай, Хүлэгүгийн улс болон бутарчээ.

Тогоонтөмөр хаан 1368 онд Хятадыг Мин улсад алдан «Давааны арын орон» буюу монгол нутагтаа эргэн суусан.

Хаант улс[засварлах | edit source]

Хархорины Эрдэнэ зуу

Тогоонтөмөр хааныг Аюушридар залгаж Хархорумд суусан ч Хархорумыг Мингийн цэрэг 1380, 1388 онд довтлон галдан шатаажээ. 1634 онд Лигдэн хаан нас барж улсгүй болох хүртэл Чингисээс эхлэн тоолвол 37 хаан суусан. Улсын нэрийг эхэндээ «Ар Юань» хэмээсэн ч замхраад хожмоо түүхчид «Бага хаадын үе», «Монголын хаант улс», «Дөчин дөрвөн хоёр» зэргээр нэрийджээ. Улс төрийн эв бутарсан буюу алтан ургийн ноёнтой дөчин монгол (зүүн монгол)-дөрвөн ойрд (баруун монгол) болон талцаж, хаад нэгнээ хороон солигддог байв. Мин улсын Жөнтун хааныг олзолж байсан Эсэн хаан (1453-1454) алтан ургийн дундуур ганцаар шургасан байдаг. Мандухай сэцэн хатны авчирсан Батмөнх даян хаан (1480-1517) улсаа хурааж «хөл хөсөр, гар газар» амаржуулж байв.

Зүүн монгол нь халх, цахар, урианхай зүүн гурван түмэн, ордос, түмэд, юншээбүү баруун гурван түмэн, баруун монгол нь цорос, дөрвөд, торгууд, хошууд дөрвөн аймагт хуваагдаж байв. Сүүлчийн хаад цахар нутагт (хожмын Өвөр Монгол орон) сууж байсан ба түмэдийн Алтан хан 1577 онд төвөдийн Содномжамцыг урин залж «Далай лам» өргөмжилсөнөөс эхлээд монголчууд нийтээрээ шарын шашинд орсон нь буддын шашин Монголд гурав дахиа дэлгэрсэн явдал юм. Ар халхад 1585 онд Эрдэнэ зуу хийд баригдсан.

1634 онд манжууд Лигдэн хааныг дарж өвөр монголыг дагуулснаар Монголын хаант улс (1368-1634) мөхсөн юм. Гэхдээ ар Монголд халхын Түшээт, Засагт, Сэцэн ханы гурван аймаг, хотгойд, Шиньжянд дөрвөн ойрд аймаг тусгаар оршин байв. 1688 онд Зүүнгарын Галданд ялагдан дайжсан Өндөр гэгээн, Чахундорж нар халхаа аван 1691 онд манж Чин улсад дагаар оржээ.

Гадаад Монгол[засварлах | edit source]

1908 он. Монгол хатан
Гол өгүүлэл: Манжийн үе ба Ар Монгол

Манж Чин улс монголчуудыг 1634-1755 оны хооронд гурван хэсэг үед дагаар оруулж эзэрхээд олон хошуу, аймаг, чуулган болгон захирсан бөгөөд өнөөгийн Монгол орныг сүүлийн жилүүддээ «Гадаад (манжаар түлэрги) Монгол» хэмээж байв. Үүнд Сэцэн, Түшээт, Сайн ноён, Засагт ханы халх дөрвөн аймаг, Ховдын хязгаар, Тагны Урианхайн хязгаар (одоо Тува орон) орж байв. Хожим Богдын шавь нутаг нэмэгдсэн. Гадаад Монголын төрийг засах явдлын яам байгуулагдаж, Улиастай (төв), Хүрээ, Ховдод амбан жанжин суудаг байлаа.

1755 онд хотгойдын Чингүнжав Зүүнгарын Амарсанаатай зэрэг манжийн цэргийн эсрэг босоод дарагджээ.

Чин улс монгол ноёдыг ван, бэйл, бэйс, гүн гэж зэрэглэн алба гувчуур авч, цалин пүнлүү өгч, ардыг дарлах шат тогтолцоог бий болгосон бөгөөд «хятад хүн монгол нутагт сууж болохгүй», «хятад хүн монгол эхнэр авч болохгүй» зэрэг үндэстний шинжийг хамгаалах цааз гаргасан байсан. 1907 онд Ховдын хязгаараас Алтайн хязгаарыг салган байгуулж, мөн онд «Шинэ засгийн бодлого» гэдэг хятаджуулах түрэмгий бодлого явуулж эхэлснээр ар Монголын ноёдын үндэсний ухамсар сэргэн, тусгаар тогтнох эв санаа нэгджээ.

Тусгаар тогтнол[засварлах | edit source]

Чин улс хэзээ мөдгүй мөхөх нь тодорхой болсон цагт халхын ноёд Их хүрээнд нууцаар зөвлөлдөх болж, 1911 оны 12 сарын 29-нд Богд гэгээн, 8-р Жавзандамба хутагтыг Богд хаанаар өргөмжлөн Монгол улс сэргэснийг зарлан тунхаглаж, оны цолыг «Олноо өргөгдсөн» гээд улсын нийслэлийг Нийслэл хүрээ хэмээжээ. Монгол улс сэргэн мандахад барга, харчин, өөлд зэрэг олон газрын монголчууд ирж хүчээ өргөж, талархан сайшааж байв. Олноо өргөгдсөн Монгол улс таван яам бүхий засгийн газар байгуулаад Хүрээ, Улиастай, Ховдын манж амбан, дарангуй цэргийг хөөн гаргажээ. Тухайлбал 1912 оны зун Дамдинсүрэн, Магсаржав нарын удирдсан 5000 монгол цэрэг Ховдыг чөлөөлж, 1913-1914 онд Өвөр Монголыг чөлөөлөхөөр 10000 цэрэг таван замаар байлдаж Хаалган хүртэл давшсан байна.

Олон улсаар хүлээн зөвшөөрүүлэх, ДИУ-ын нэхэлтийг сөрөхөөр Хаант Орос руу элч зарж тусламж гуйж байв. 1914-1915 оны Хятад-Монгол-Орос гурван улсын Хиагтын гэрээгээр тусгаар тогтносон бодит байдлаа баталж чадалгүй Гадаад Монгол нь Хятадын доор «өөртөө эзэрхэх» гэгджээ. 1919 онд хятадын Сю Шүжаны гамин цэрэг Нийслэл хүрээг эзэлж, автономийг устган дарангуйлсан ч 1920 онд Барон Унгернээр удирдуулсан Хаант Оросын үлдэгдэл цагаан цэрэг нэвтэрч гаминг Хүрээнээс хөөхөд Хиагт руу бүгсэн. Богдыг дахин хаан ширээнд өргөмжиллөө. 1921 оны 3 сарын 18-нд Зөвлөлтийн улаан цэргээр дэмжүүлж Сүхбаатарын удирдсан ардын журамт цэрэг Хиагтыг гамингаас чөлөөлж, 7-р сард Нийслэл хүрээнд орж ирсэнээс хойш Монгол улс дахин тусгаар тогтнолоо алдаагүй юм.

ЗХУ шинэ тутам коммунист ертөнцдөө Монголыг багтааж, Хятадаас өмгөөлөгч ар тал болжээ. Богдыг эхлээд хэмжээт эрхт болгоод Ардын засаг байгуулагдав. Богд нас барснаар хаант засгаас татгалзаж, 1924 оны 11 сарын 26-нд Бүгд Найрамдах Монгол Ард Улс (БНМАУ)-ыг тунхаглан анхны үндсэн хууль баталж, нийслэлийг Улаанбаатар хэмээсэн. Харц ардыг тэтгэж, харин язгууртан, ламыг хавчих болсон бөгөөд 1932 онд шамбалын дайн дэгдэн дарагдаж, 1937 оны үед лам, сэхээтэн, феодал зэрэг 20,000 хүнийг хилсээр буудан хороожээ.

1936 оны Харилцан туслалцах протоколын дагуу 1939 онд Япон Монгол руу дайрахад ЗХУ цэрэг зэвсгээр тусалж, 1941 онд Герман Зөвлөлт рүү дайрахад БНМАУ агт, хувцас, аль байдгаараа тусалжээ. 1945 оны чөлөөлөх дайнд Монгол ардын хувьсгалт цэрэг Жанчхүүгийн даваа хүртэл Японоос чөлөөлж Дэлхийн хоёрдугаар дайны төгсгөлд болсон Яалтын бага хурлаар үнэлэгдэн, ард иргэдийн нэгэн үзүүрт сэтгэл биелж ЗХУ (Орос) ДИУ (Хятад) хоёр Монгол улсыг олсон тусгаар тогтнолоо хадгалахыг хүлээн зөвшөөрчээ.[27]

Хорлоогийн Чойбалсан Өвөр Монголыг нэгтгэхийг санаархсан ч Хятадыг коммунист улс болгосондоо ханасан Сталин дэмжээгүй.

1949 онд БНХАУ-тай дипломат харилцаа тогтоож, 1961 онд Монгол улс Нэгдсэн Үндэстний Байгууллагын бүрэн эрхт гишүүн болсон.[28]

Социалист орон[засварлах | edit source]

Социалист БНМАУ-ын нийгэм, эдийн засаг онц дэвшиж, тогтвортой суурь тавигджээ. Засаг захиргааны хуваарийг 1925, 1931, 1957 онд ихээр өөрчилж,[29] аймаг, сумын төв хот сууриныг барьж босгож, улсын болоод орон нутгийн байгууллага, эмнэлэг, цэцэрлэг, сургууль, тээвэр, урлаг, спортын байгууллага, холбоо, их сургууль гээд олон зүйл бий болжээ. 1941 оноос худам үсгийг «хуучин монгол» хэмээн халж кирил үсгийг «шинэ үсэг» хэмээн хэрэглэх болж, 1960-аад онд бүх нийтээр бичиг үсэгтэн болжээ. 1930-аад онд хамтрал, 1960-аад онд нэгдэлжих хөдөлгөөн, соёлын довтолгоо, атрын аян явагдаж залуус илгээлтээр малчны хот, сангийн аж ахуйг зорьж ажилладаг байв. Дулааны цахилгаан станц, Налайхын уурхай, Багануурын нүүрсний уурхай, Шарынголын уурхай, Эрдэнэтийн зэс молибдений үйлдвэр, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Говь, Улаанбаатар хивс, Эрдэнэт хивс, Талх чихэр, Мах импекс зэрэг хүнд болоод хөнгөн аж үйлдвэр бий болж хөгжсөн байна.

Жамсрангийн Самбуу (1954-1972), Юмжаагийн Цэдэнбал (1940-1984), Жамбын Батмөнх (1984-1990) нар нам, төрийг олон жил тогтвортой тэргүүлж байв.

Ардчилсан Монгол[засварлах | edit source]

ЗХУ-ын өөрчлөн байгуулалт, дорно Европын тэмцлийн салхи Монголд итгэл төрүүлж 1989 оны 12 сарын 10-нд ардчиллын төлөө анхны цуглаан болж Монголын Ардчилсан Холбоо (МоАХ) байгуулагджээ.[30] 1990 оны 3 сарын 7-нд улс төрийн өлсгөлөн зарлаж 3 сарын 9-нд МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцров.[31] Талууд харилцан ойлголцож «оготны хамраас дусал цус гаргаагүй» ардчилсан хувьсгал Монгол улсад олон намын тогтолцоо, хүний эрх, хувийн өмч зэрэг олон зөв зүйлийг авчирсан юм.

1990 онд УБХ, дараа нь АИХ байгуулагдан Монгол Улсын үндсэн хуулийг батлав. Үндсэн хууль ёсоор төрийн эрх ард түмний гарт, түүний төлөөлөл Улсын Их Хуралд шилжсэн.[32] 1992 оноос 2016 он хүртэл МАХН харьцангуй давамгай, заримдаа АН төр барьжээ. 2003 оноос иргэний хөдөлгөөн идэвхжиж, жагсаал цуглаан хэвийн үзэгдэл, Оюутолгой, Тавантолгой байнгын ярианы сэдэв болсон.

Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжихэд бусад орны адил хямарсан бөгөөд үнийн өсөлт, мөнгөний ханш уналт, банкны дампуурал, барааны хомсдол зэрэг олон бэрхшээл үзсэн ч 2000-аад он гарснаар байдал дээрдэж Монгол улсын нийгэм, эдийн засгийн амьдрал улам олон төрлөөр салбарлан хөгжиж байна. Хувийн хэвшил баялгыг бүтээж, төр татвараар дахин хуваарилах болов.

Төр засаг[засварлах | edit source]

Монгол Улс (1992 оноос хойш) ардчилсан дэглэм, парламентийн бүгд найрамдах засагтай.

Ерөнхийлөгч[засварлах | edit source]

Үндсэн хуульд зааснаар ерөнхийлөгч Монгол улсын төрийн тэргүүн бөгөөд эв нэгдлийн илэрхийлэл, зэвсэгт хүчний ерөнхий командлагч болно. Ерөнхийлөгч 45 нас хүрсэн, Монгол улсын иргэн байх ба дөрвөн жил тутам парламентат суудалтай намаас нэр дэвшин ард түмний шууд сонгуулиар сонгогдож, нэг удаа улирах эрхтэй. Тус хугацаанд Пунсалмаагийн Очирбат (1990-1997), Нацагийн Багабанди (1997-2005), Намбарын Энхбаяр (2005-2009), Цахиагийн Элбэгдорж (2009-одоо) нар ажиллажээ.

Улсын хурал[засварлах | edit source]

Улсын Их Хуралын танхим

Монгол улсын хууль тогтоох хурал нь Улсын Их Хурал (УИХ) юм. УИХ-ын нэг танхимийн 76 суудлыг дөрвөн жилийн хугацаатай сонгоно. Сүүлийн сонгуульд аймаг, дүүргийн олон мандаттай 26 тойргоос 48, намын жагсаалтаар 28 гэсэн холимог аргаар сонгогджээ.

1992 оны УИХ-ын сонгуулиар Монгол Ардын Хувьсгалт Нам (72 суудал), 1996 онд Ардчилсан холбоо эвсэл (50), 2000 онд МАХН (72) дийлэнх олонх суудал авч байсан бол 2004 онд 38-38-аар тэнцэж анх удаа «эвслийн» тодотголтой засгийн газар байгуулагдаж байв. 2008 онд МАХН (45), 2012 онд Ардчилсан Нам (34) олонхийн санал авч засгийн газраа тэргүүлжээ.

Одоо УИХ-ын даргаар Зандаахүүгийн Энхболд ажиллаж байна.

Засгийн газар[засварлах | edit source]

Есөн хөлт
Их цагаан туг

Монгол улсын төрийн бодлогыг хэрэгжүүлэх байгууллага нь Монгол Улсын Засгийн Газар (ЗГ) юм. УИХ-ын сонгуульд олонх суудал авсан нам ерөнхий сайдыг тодруулах боломжтой ба ерөнхий сайд сайд нарын багаа бүрдүүлдэг. Засгийн газрын яамны тоо, бүтэц үргэлж өөрчлөгддөг. Яам үүргээрээ ерөнхий чиглэлийн (Сангийн яам шиг), чиг үүргийн (зам тээврийн гэх мэт) гэж хоёр янз байдаг.

2012 оны ЗГ 16 яам, 20 сайдтай байгуулагдаж байв.[33] 2014 онд Чимэдийн Сайханбилэг шинэ ерөнхий сайдаар томилогдсон.[34]

Шүүх байгууллага[засварлах | edit source]

Монгол улсын шүүх байгууллага төрийн хараа хяналтаас ангид ажиллана.

  1. Улсын дээд шүүх (хяналтын шатны шүүх),
  2. Аймаг, нийслэлийн шүүх (давж заалдах шатны шүүх),
  3. Сум буюу сум дундын, дүүргийн шүүх (анхан шатны шүүх)-ээс бүрдэнэ.

Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр 2010 оноос хойш Цэвэгмидийн Зориг ажиллаж байна.

Гадаад харилцаа[засварлах | edit source]

Монгол улс 1961 онд НҮБ-д элсэж, түүний түүний төрөлжсөн байгууллагуудтай хамтын ажиллагаа өрнүүлж ирсэн.[35] БНМАУ-ын үед Зөвлөлттэй ах дүүгийн ёсоор дотно харилцаатай байсан ба МУ-ын үед «Гуравдагч хөршийн бодлого» хэрэгжүүлсэн. Олон улстай найрсаг, төвийг сахисан, эдийн засаг, соёлын харилцааг хөгжүүлдэг. 1921 онд ЗХУ (одоо ОХУ залгамжилсан), 1948 онд БНАСАУ, 1949 онд БНХАУ-тай харилцаа тогтоосноос эхлээд 184 оронтой дипломат харилцаа тогтоогоод байна.[36]

Монгол улс Астана, Анкара, Бангкок, Берлин, Бразилиа, Брюссель, Будапешт, Бээжин, Варшав, Вашингтон, Вена, Вьентьян, Хавана, Дели, Жакарта, Каир, Канберра, Кувейт, Лондон, Москва, Ром, Оттава, Парис, Пхеньян, Прага, Софи, Сөүл, Сингапур, Токио, Ханой, Стокхольмд элчин сайдын яамтай бөгөөд Алматы, Эрхүү, Улаан-Үд, Хөх хот, Эрээн, Кызыл, Хонкон, Осака, Сан-Францискод албан ёсны Консулын газартай юм. Нью-Йорк ба Женев хотуудад НҮБ-ын дэргэдэх төлөөлөгч суудаг.

АХБ, ДХБ, ОУВС, ЕАБХАБ зэрэг олон улсын эдийн засгийн байгууллагуудад гишүүнээр элссэн.

Цэрэг зэвсэг[засварлах | edit source]

Цэрэг дайчид

Монгол улс нь НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд идэвхтэй оролцдог. Үүний хүрээнд Монголын цэргийн баг Сьерра-Леонед НҮБ-ийн тусгай шүүхийг хамгаалах үүрэг гүйцэтгэж байсан. 2005-аас 2006 онуудад Бельги ба Люксембургийн цэргүүдтэй хамт Косово руу цэргийн баг илгээжээ. Мөн Африкийн Чад улс уруу зэвсэгт хүчний 800 гаруй албан хаагч бүхий бие бүрэлдэхүүнтэй багийг илгээхээр зэхэж байна. Монгол улс 2003 онд Иракын эрх чөлөө ажиллагааг дэмжиж Ирак руу, Талибан дэглэмийн эсрэг ажиллагааг дэмжиж Афганистан руу цэргийн багуудаа илгээсэн. 2012 оноос Өмнөд Судан улс руу нэг ээлжиндээ 850 гаруй хүний бүрэлдхүүнтэй цэргийн багуудыг удаа дараалан илгээгээд байна.

Монгол Улс нь цөмийн зэвсгээс ангид бүс нутаг хэмээн НҮБ-ээр баталгаажсан.

Орон нутаг[засварлах | edit source]

Засаг захиргааны хуваарь[засварлах | edit source]

Зэрэг Засаг захиргааны нэгж Тоон
нийлбэр
нутгийн тоо
Нэгдүгээр аймаг — 21 нийслэл — 1 22
Хоёрдугаар сум — 330 дүүрэг — 9 339
Гуравдугаар баг — 1568 хороо — 152 1720
Нийлбэр Гурван түвшний зургаан зүйлийн 2081 нутаг

Монгол улсын нутаг дэвсгэрийг 1992 оны үндсэн хуулийн IV бүлэгт зааснаар гурван түвшний зургаан нэгжээр хуваасан. 1994 онд гурван аймаг нэмэгдэж 21 аймаг, 1 нийслэл байдаг болжээ.

Аймаг нь суманд, сум нь багт хуваагдана. 2013 оны байдлаар Монгол улсад 330 сум, 1568 баг байна. Нийслэл нь 9 дүүрэг болж задардаг бол дүүргийн доторх хороо жил ирэх тусам олширсоор байгаа. 2011 оны байдлаар 152 хороо тэмдэглэгджээ.[37][38]

Аймаг, нийслэл[засварлах | edit source]

Монгол улсын аймаг, нийслэлийг харуулсан газрын зураг

Нэр бүхий хорин нэгэн аймаг, нэг нийслэл (Улаанбаатар)-ийн товч хүснэгт:

Д/д Нутгийн нэр Хүн ам
(2010 он)[4]
1 Arhangai.png Архангай ᠠᠷᠤᠬᠠᠩᠭ᠋᠋ᠠᠢ 84,583
2 Bayanulgii logo.jpg Баян-Өлгий ᠪᠠᠶᠠᠨ ᠥᠯᠦᠭᠡᠢ 88,056
3 Mn coa bayankhongor aymag.png Баянхонгор ᠪᠠᠶ᠋ᠠᠩᠬᠣᠩᠭ᠋᠋ᠤᠷ 76,085
4 Bulgan.png Булган ᠪᠣᠯᠠᠭᠠᠨ 53,653
5 Govi-Altai COA 2011.png Говь-Алтай ᠭᠤᠪᠢ ᠠᠯᠲᠠᠢ 53,591
6  Govsumber.gif Говьсүмбэр ᠭᠤᠪᠢᠰᠦᠢᠮᠪᠦᠷ 13,239
7 Mn coa of darkhan aymag.svg Дархан-Уул ᠳᠠᠷᠬᠠᠨ ᠠᠭᠤᠯᠠ 94,620
8 Dornogovi COA.jpg Дорноговь ᠳᠣᠷᠤᠨᠠᠭᠣᠪᠢ 58,612
9 Dornod.png Дорнод ᠳᠣᠷᠤᠨᠠᠳᠤ 69,552
10 Dundgov.png Дундговь ᠳᠤᠮᠳᠠᠭᠣᠪᠢ 38,820
11 Zavchan.gif Завхан ᠵᠠᠪᠬᠠᠨ 65,481
Д/д Нутгийн нэр Хүн ам
(2010 он)[4]
12 Mn coa erdenet.png Орхон ᠣᠷᠬᠣᠨ 90,699
13 Mn coa uvurkhangay aymag.png Өвөрхангай ᠥᠪᠦᠷᠬᠠᠩᠭ᠋᠋ᠠᠢ 101,314
14       Өмнөговь ᠡᠮᠦᠨᠡᠭᠣᠪᠢ 61,314
15 Mn coa sukhbaatar aymag.png Сүхбаатар ᠰᠦᠬᠡᠪᠠᠭᠠᠲᠤᠷ 51,334
16 Selenge.gif Сэлэнгэ ᠰᠡᠯᠡᠩᠭᠡ 97,584
17 Tov.gif Төв ᠲᠥᠪ 85,168
18 Uvs.gif Увс ᠤᠪᠰᠤ 73,328
19 Mn coa ulaanbaatar.png Улаанбаатар ᠤᠯᠠᠭᠠᠨᠪᠠᠭᠠᠲᠤᠷ 1,240,048
20 Mn coa khovd aymag.png Ховд ᠬᠣᠪᠳᠤ 76,869
21 Mn coa khuvsgul aymag.png Хөвсгөл ᠬᠥᠪᠰᠦᠭᠦᠯ 114,924
22 Hentiy.gif Хэнтий ᠬᠡᠨᠲᠡᠢ 65,811

Нутгийн удирдлага[засварлах | edit source]

Бүх түвшний засаг захиргаат нутаг өөрийн гэсэн хилтэй бөгөөд нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулна. Эхний хоёр түвшний нутгийн өөрөө удирдах байгууллагыг иргэдийн Төлөөлөгчдийн хурал (ИТХ), баг, хорооныхыг иргэдийн Нийтийн хурал (ИНХ) гэнэ. Төрийн шийдвэрийг нутгийн Засаг дарга хэрэгжүүлнэ.[37]

Бүсчлэл[засварлах | edit source]

Монгол улсын газар нутаг уудам болохоор бүсчлэх, мужлах болсон. Нэгдсэн бүсчлэл байхгүй. Статистикийн (тоо бүртгэлийн) газрын хэрэглэдэг бүсчлэлийг жишээлвэл:

  1. Баруун бүс (Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд)
  2. Зүүн бүс (Дорнод, Сүхбаатар, Хэнтий)
  3. Төвийн бүс (Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Сэлэнгэ, Төв)
  4. Хангайн бүс (Архангай, Баянхонгор, Булган, Орхон, Өвөрхангай, Хөвсгөл)
  5. Улаанбаатар (Улаанбаатар) гэж тав хуваасан байна.[39]

Монгол улсыг бүсчлэн хөгжүүлэх үзэл баримтлал, шуудангийн нэгдсэн томъёолборт дээрх бүсчлэлийг ашигласан байдаг.[40]

Эдийн засаг[засварлах | edit source]

Монголын эдийн засаг нь хөдөө аж ахуй ба уул уурхайд тулгуурладаг. Монголд ашигт малтмал элбэг байдаг бөгөөд монголын эдийн засагт зэс, нүүрс, молибден, цагаан тугалга, вольфрам, алтны олборлолт ихэд ач холбогдолтой.

Одоогийн байдлаар Улаанбаатар хотод төвлөрч 30,000 гаруй хувийн бизнес үйл ажиллагаа эрхэлдэг. Харин хотоос гадуурх хүн ам нь мал аж ахуйг (хонины, ямааны, үхрийн, морины, тэмээний аж ахуй) голчлон эрхэлдэг. Газар тариаланд голдуу улаан буудай, арвай, хүнсний ногоо, улаан лооль, тарвас, чацаргана, малын тэжээл ургамал тариалдаг. 2006 онд 1 хүнд оногдох ДНБ нь $2,100 байв[41]. ДНБ нь 2002 оноос хойш тогтвортой өсөж (2006 оны албан ёсны тооцоогоор жилд 7.5%-р) байгаа ч гэсэн том хэмжээний импорт, экспортын тэнцвэргүй байдлыг нөхөж амжаагүй л байна. ОХУ-д өгөх $11 тэрбум долларын өрийг 2004 онд $250 сая доллараар Монголын засгийн газар хэлэлцээрээр төлжээ.

Монголын эдийн засаг хэдийгээр өсөж байгаа ч гэсэн 2006 оны байдлаар хүн амын ядуурлын хэмжээ нь 32.2%[42], ажилгүйдэл ба инфляцийн түвшин нь тус тус 3.3% ба 9.5% байна. Монголын хамгийн гол худалдааны түнш нь Хятад орон. 2006 оны байдлаар Монголын нийт экспортын 68.4% нь, импортын 29.8% нь Хятадад ногджээ.[43]

1991 онд Улаанбаатар хотод байгуулагдсан Монголын хөрөнгийн бирж нь нийт хувьцааны хэмжээгээрээ дэлхийд хамгийн жижигт тооцогддог байна.[44][45]

Аж үйлдвэр[засварлах | edit source]

ДНБ-ий 21.4%-г аж үйлдвэр хангадаг ба хөдөө аж ахуйн салбартай тэнцүүхэн байна (20.4%). Аж үйлдвэрлэлд барилгын материал, уул уурхай (нүүрс, зэс, молибден, хайлуур жонш, цагаан тугалга, вольфрам, алт), газрын тос, хүнс ба ундааны бүтээгдэхүүн, малын гаралтай бүтээгдэхүүн боловсруулалт, ноолуур, байгалийн нэхмэл үйлдвэрлэл зэрэг орно. Аж үйлдвэрлэлийн өсөлт нь 2002 онд жилд 4.1% байв. Уул уурхайн салбар нь Монголын хамгийн гол чухал аж үйлдвэрлэлийн салбаруудын нэг болж хөгжсөөр байна. Энэ нь Хятад, Орос, Канадын уул уурхайн компаниуд Монголд үйл ажиллагаагаа эрхлэх болсонтойгоор харагдаж байна. Дотоодын хоол хүнсний үйлдвэрлэл гадаадын хөрөнгө оруулалтын тусламжтайгаар хурдацтайгаар өсөж байна.

Шинжлэх ухаан, технологи[засварлах | edit source]

1990-ээд оноос ардчилал хөгжснөөр Монгол улс нь технологийн салбараа хөгжүүлж эхэлжээ. Үүний үр дүнд нилээд олон тооны технологийн компаниуд үүсгэгджээ. Мөн Өмнөд Солонгос, Хятад зэрэг ойр орчмын орнуудын технологийн компаниуд Монголд салбараа нээж эхэлж байна. Мэдээлэл харилцааны ба интернетийн үйлчилгээ олгогч компаниуд ихэссэнээр интернет ба утасны салбарыг өрсөлдөөнтэй болгожээ. Үүнээс хамгийн өрсөлдөөнтэй нь үүрэн телефон утасны салбар бөгөөд одоо Монголын ихэнх нутгийг хамарч байна. Электроник ба механик аж үйлдвэрлэлтэй харьцуулахад программ хангамж нь Монголд үйл ажиллагаагаа эрхэлдэг Монголын ба гадаадын компаниудад түлхүү хөгжиж байна.

Соёл[засварлах | edit source]

Гол өгүүлэл: Монголын соёл

Боловсрол[засварлах | edit source]

Монгол улсын сургуулийн өмнөх насныхан хүүхдийн цэцэрлэг, гэрээр хүмүүжих ба 6 нас хүрээд сурагч болно. Бага боловсрол (5 жил), суурь боловсрол (‍9 жил), бүрэн дунд боловсрол (ерөнхий боловсрол, 12 жил)-ыг дунд сургуульд олж авна. Анх 10 жил байсан.

Дээд боловсрол бакалавр, магистр, докторын зэрэг гээд шатлах ба их сургууль (ИС), дээд сургууль (ДС), хүрээлэнд сурч эзэмшинэ. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв (МСҮТ) гэж бий. Бакалавр 4-6 жил, магистр 2 жил суралцдаг.

Монгол улсын их дээд сургуулиудын заримыг дурдвал:

Баяр ёслол[засварлах | edit source]

Улс даяар бүх нийтээр амардаг баяр:[46]

Улсын наадмын Хүй
долоон худгийн дэнж
Сар, өдөр Баяр Тайлбар
1 сарын 1 Шинэ жил 12 сарын 31-ны үдэш баярлаад 1 сарын 1-нд амарна.
1-2 сар (тайлбар →) Цагаан сар Билгийн тооллын шинэ жил. Хоёр хоног амарна.
3 сарын 8 Эмэгтэйчүүдийн баяр Мартын 8 гэж бас хэлнэ. Саяхнаас амардаг болсон.
6 сарын 1 Хүүхдийн баяр Эх үрсийн баяр гэж хэлдэг байсан. Саяхнаас амардаг болсон.
7 сарын 11-13 Үндэсний их баяр наадам Улс, аймаг, сумын наадам болно. 1-3 өдөр амарна.
11 сар (тайлбар →) Монгол бахархлын өдөр Билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн.
Чингис хааны төрсөн өдөр. Саяхан нэмэгдсэн.
12 сарын 29 Тусгаар тогтнолын өдөр 1911 онд Монгол улс сэргэсэн өдөр.
11 сарын 26-ны Улс (БНМАУ) тунхагласан өдрийн
бүх нийтийн амралтыг ийш шилжүүлсэн.

Эдийн соёл[засварлах | edit source]

Монгол болон Төв Азийн нүүдэлчин ард түмний уламжлалт сууц гэр юм. Мод, эсгийг ашиглан 4-6 хана тойруулж, тоононд унь тулган босгодог, эсгийгээр туурга хийх дугуй хэлбэртэй, оньсон бүтээцтэй, нүүж суухад тохирох эд юм. Сүм хийд, орд өргөө ч болдог байв.

16-17-р зуунаас буддын сүм хийд чулуу, шавраар барьдаг болсон ба монгол, төвөд, хятад хийцийг хослуулж байлаа.

Дээр үеэс Уянгын модон гэр, Дарьганга хийц алдартай. Мөнгөн аяга, хэт хутга гээд дарханы үйл үнэлэгддэг байсан.[47]

Дээл, малгай, гутал монголын олон ястанд өвөрмөц бөгөөд улирал, нас, хүйсэнд тохируулж олон янз хийдэг байв.[48]

Идээ унд[засварлах | edit source]

Монголд уламжлал шинэчлэл хосолж байна. Монголчууд эртнээс таван хушуу малын мах, цагаан идээ зооглож ирсэн. Махаар хорхог, боодог, шорлог хийх ба дулаан цагт айраг, тараг, ээзгий, өрөм, бяслаг, аарц, ааруул зэрэг цагаан идээ бэлтгэн хэрэглэдэг. Архи нэрнэ. Хасаг үндэстний казы, бешбармак зэрэг хоол бий.

20-р зуунаас гурил, цагаан будаатай хоол зонхилж, хүнсний ногоо, тахиа, гахайны мах нэмэгдсэн. Гурилтай шөл, цуйван, будаатай хуурга, хуушуур, бууз үндэсний хоол болов. Монгол Улсад зоогийн газар ихээр үүсч хятад, солонгос, европ хоол хаа саагүй хийдэг болжээ. Цагаан хоолтон, зөв хооллолт бий болсон.

Урлаг[засварлах | edit source]

Морин хуур

Монголын утга зохиол их хөгжсөн. Нацагдоржийн «Миний нутаг», Явуухулангийн «Би хаана төрөө вэ», Пүрэвдоржийн «Сэгс цагаан богд», Ринчений «Монгол хэл», Лодойдамбын «Тунгалаг тамир» гээд олон зохиолчийн шүлэг, найраглал, тууж, өгүүллэг, роман 108 боть болсон.

Монголчууд эртнээс дуу бүжигтээ сайн. МНТ-д «..хавирга газрыг халцартал, өвдөг газрыг өлтөртөл дэвхцэн бүжиглэж хуримлав..» гэсэн нь бий. Уламжлалт уртын дуу, богино дуу, ардын дуунаас гадна орчин үеийн дуурь, рок, поп, хип хоп, зохиолын дуу дуулдаг. Хөөмий, исгэрээ зэрэг хоолойн өвөрмөц урлаг, биелгээ, аягатай бүжиг, ёохор гэсэн өөрийн дэг төрөл байна. Сэвжидийн дэглэсэн «Жалам хар» бүжиг алдартай.

Морин хуур, аман хуур, төгөлдөр хуур, хуучир, ёочин, бүрээ, ятга, гитар, хийл зэрэг хөгжмийн зэмсэг хэрэглэнэ.

1938 оны «Норжмаагийн зам»-аас эхлээд Монгол кино үйлдвэр ганцаар кино бүтээх болсон. Хувьсгал, хөдөө хотын амьдрал, ажил хөдөлмөрийн сайхныг, шашны мууг гаргадаг байв. 1970-аад оноос баримтат кино хийдэг болсон. Шилжилтийн үед унасан кино урлаг 2000-аад оны сүүлээс илт сайжирч олон студи жилдээ 20-30 уран сайхны кино, мөн телевизийн олон ангит кино хийдэг болсон. Бямбасүрэнгийн найруулсан «Ингэн нулимс» кино нь 2005 оны Оскарын шагналын шилдэг гадаад баримтат кинонд дэвшиж байсан удаатай.

Норовбанзад уртын дууч, Гончигсумлаа хөгжмийн зохиолч, Норовсамбуу уран нугараач, Цэвээнжав жүжигчин зэрэг олон авьяастан төржээ.

Спорт[засварлах | edit source]

Сур харваа

«Эрийн гурван наадам» хэмээх хурдан морь, сур харваа, үндэсний бөх гурав Монголд спорт маягаар хөгжсөн. Бөхчүүдээс дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ улсын наадамд 11, Хорлоогийн Баянмөнх 10 түрүүлсэн ба харваачдаас гарамгай мэргэн Аюушийн Цэвээн үлгэр дуурайлал болж явдаг. Хэдий адгуус ч гэсэн морины уралдаан монголчуудад онцгой бахдалтай бөгөөд 2000-аад оны Эрдэнэчулууны шарга, 1950-аад оны Шийтэрийн зээрд азаргад төрөөс онцгой цол хайрласан удаатай.

20-р зууны дунд үеэс Монголд их спорт хөгжиж, 1964 оны Токиогийн олимпоос хойш өвөл, зуны олимпод оролцдог болсон. 1968-2012 оны хугацаанд бокс, буудлага, жүдо, чөлөөт бөх (топ 4)-өөр олимпоос 2 алт, 9 мөнгө, 13 хүрэл, бүгд 24 медаль хүртээд байна. 2008 оны Бээжингийн олимпоос Найданы Түвшинбаяр жүдоч, Энхбатын Бадар-Ууган боксчин хоёр анхны алтыг хослуулан авчирсан бөгөөд мөн жилийн паралимпад байт харваач Дамбадондогийн Баатаржав аварга болжээ.

Спортын төв ордон. 2012 оны олимпийн багийн зар.

1971 онд Должингийн Дэмбэрэл байт харваач анхны дэлхийн аварга болсон бол дэлхийн аварга болсон анхны чөлөөт бөх Зэвэгийн Ойдов (1974), анхны жүдоч Хашбаатарын Цагаанбаатар (2009), анхны боксчин Пүрэвдоржийн Сэрдамба (2009) байлаа.

Монголын эмэгтэй буудлагын тамирчин Доржсүрэнгийн Мөнхбаяр (гавьяат тамирчин), Отрядын Гүндэгмаа (хөдөлмөрийн баатар) нар 1990-ээд оноос хориод жил тив, дэлхий, олимпод амжилт гаргасаар олимпийн аваргаас бусад бүх цолыг авсан.

Монгол улсынхан Японд сүмо барилддаг болсон. Асашорю Дагвадорж анх 2003 онд ёкозүна (аварга) болсоноос хойш Хакүхо Даваажаргал (2007), Харүмафүжи Бямбадорж (2012), Какүрю Ананд (2014) нар залган сүмогийн дэвжээг эзэгнэсээр байна.

Хүүхэд залуус хөлбөмбөг, сагсан бөмбөг, ширээний теннисийг түгээмэл тоглодог, сонирхдог.

Зургийн цомог[засварлах | edit source]

Зүүлт, тайлбар[засварлах | edit source]

  1. Төрийн албан ёсны хэлний тухай. Монгол улсын хууль. legalinfo.mn.
  2. Official landuse balanse data (2007)Загвар:Dead link
  3. Үндэсний статистикийн газрын цахим хуудас. 2015-1-28-ны өдрий тооцоо.
  4. 4.0 4.1 4.2 Монгол Улсын хүн амын 2010 оны улсын тооллогын дүн (аймаг, нийслэлээр)
  5. 5.0 5.1 5.2 Mongolia. International Monetary Fund. 2014-10-08-д хандсан.
  6. Gini Index. World Bank. 2 March 2011-д хандсан.
  7. International Human Development Indicators - UNDP. Hdrstats.undp.org. 2013-09-14-д хандсан.
  8. Ш.Гүрбазар бичиж, Хурд хамтлаг дуулсан «Би Монголоороо гоёдог» дуунаас.
  9. МОНГОЛ ОРНЫ ТӨВ БУЮУ “ХҮЙС ЦЭГ” ХААНА БАЙДАГ ВЭ?
  10. Монгол улсынхаа хамгийн хамгийнийг мэдэж байхад илvvдэхгvй болов уу?
  11. ВЕСТНИК. (2012)
  12. https://burtgel.gov.mn/index.php?option=com_content&view=article&id=726:civilregister&catid=178:history&Itemid=374
  13. Монгол Улсын гурван сая дахь иргэнээр охин хүүхэд тодорлоо (2015)
  14. CIA World Factbook". CIA. 2012.]
  15. Монгол улсын хүн амын 2010 оны тооллогын дүн
  16. Монгол улсын хүн амын 2010 оны тооллогын дүн
  17. http://www.mglradio.com/main/640744
  18. Орос-Хятадын харилцаа ба Монгол улсын аюулгүй байдал (2011)
  19. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай (2010)
  20. Монгол улсын хүн амын 2010 оны тооллогын дүн
  21. Монгол улсын хүн амын 2010 оны тооллогын дүн
  22. Монгол улсын статистикийн эмхтгэл-2010.
  23. URBANIZATION
  24. Хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажлын ололт амжилт. Institute of Mongolian Archaeology (2013-06-24).
  25. Eleanora Novgorodova, Archäologische Funde, Ausgrabungsstätten und Skulpturen, in Mongolen (catalogue), pp. 14–20
  26. http://www.hostkingdom.net/earthrul.html
  27. Ахмад дипломатчын дурсамж: Монголын статус кво (2011)
  28. НҮБ-д элсэхийн тулд найман удаа санал дэвшүүлжээ (2011)
  29. Засаг захиргааны нэгжийн үүсэл хөгжил (2014)
  30. Монголын ардчилсан хувьсгалын хроник (2009)
  31. Анхны улстөрийн өлсгөлөн (2015)
  32. Монгол Улсын Үндсэн Хууль (1992)
  33. Шинэ Засгийн газрын яамдуудыг танилцуулъя (2012)
  34. Монгол улсын ерөнхий сайдаар Ч.Сайханбилэг томилогдлоо.
  35. Гадаад харилцаа, хамтын ажиллагаа
  36. Дипломат харилцаатай орнууд (2014)
  37. 37.0 37.1 МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ. Дөрөвдүгээр бүлэг. Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага.
  38. Нийслэлийн Статистикийн газар.Нийслэлийн хороо - 2012 он.
  39. Монгол улсын Үндэсний статистикийн хороо. Статистикийн бюллютень. 2011-12
  40. Монгол Улсын Их Хурлын 2001 оны 57 дугаар тогтоолын хавсралт. МОНГОЛ УЛСЫН БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ
  41. CIA World Factbook: Mongolia
  42. Statistical Yearbook of Mongolia 2006, National Statistical Office, Ulaanbaatar, 2007
  43. Morris Rossabi, Beijing's growing politico-economic leverage over Ulaanbaatar, The Jamestown Foundation, 2005-05-05, (retrieved 2007-05-29)
  44. Jeffs, Luke. "Mongolia earns a sporting chance with fledgling operation", Dow Jones Financial News Online, 2007-02-12. 2007-09-11-нд авсан. 
  45. Cheng, Patricia. "Mongolian bourse seeks foreign investment", International Herald-Tribune, 2006-09-19. 2007-09-11-нд авсан. Archived from the original on 2007-04-20. 
  46. НИЙТЭЭР ТЭМДЭГЛЭХ БАЯРЫН БОЛОН ТЭМДЭГЛЭЛТ ӨДРҮҮДИЙН ТУХАЙ
  47. Д.Сүхээ: “Уянга”-ын гэх хийц нь цуулбар модоор унь болон ханаа хийдэгт л байгаа юм
  48. Миний блогт тавтай морилно уу.Дараагийн удаа үнээс илүү гоё мэдээ уншмаар байвал сэтгэгдэл үлдээгээрэй.Tа бүхэн ФБ холбогдож биднийг like даран дэмжээрэй

Гадаад холбоос[засварлах | edit source]

Викимедиа зургийн сан:
«Монгол улс»